| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай бус дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын ********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/
Шүүгдэгч Т.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 12 сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******** тоот хашааны гадна талд өөрийн эхнэр болох хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үснээс нь зулгаан машинаас чирч унаган биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын *********** тоот хашааны гадна талд өөрийн эхнэр буюу хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс нь зулгаан машинаас чирч унаган хохирогчийн биед “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2023 оны 12 сарын 24-ны өдөр манай ангийн шинэ жил Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг Саммит гэх караокед болсон юм. Нөхөр бид нэг анги бөгөөд шинэ жилийн арга хэмжээндээ хамт оролцсон юм. Арга хэмжээ 24-ний орой 18 цагт эхэлсэн бөгөөд орой 21 цаг өнгөрөөгөөд тус газраасаа гарч Вет бааранд орсон. Ингээд 23 цаг өнгөрч байхад нөхөр ******* баарнаас гарсан тэгэхэд ангийн охин араас нь гарахаар нь би дагаад гарсан. Тэгсэн нөхөр зам дээрээс такси зогсоогоод суух гэж байхаар нь болиулаад бид хэд ангийнхаа хүүхэд болох машинтай 10 баг Ялалт хороолол руу гэрийнх нь гадаа очсон. Тэгсэн хүүхдээ хөхүүлье гээд гэр лүүгээ орсон. Тэгсэн нөхөр гэнэт сэрээд би хаана байгаа юм ийшээ оръё гэсэн тэгэхээр нь би жоохон хүүхэд айлгачих байх ороод хэрэггүй гэж хэлсэн. Улмаар нөхөр энд хэнийг нуугаад байгаа юм орж харъя гээд машинаас буусан, тэгснээ миний үснээс татаж нүүрээр минь газар унагаахад миний зүүн хацар хэсгийн арьс зулгарч цус гарсан бөгөөд дахиад намайг цохих гэхэд 10 настай хүүхэд мөн нөхрийнх нь дүү хамт гарч ирээд голоор орж болиулсан... Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,
гэрч : “... нь миний төрсөн дүү байгаа юм. нь нөхөр 2 хүүхдийн хамтаар Чойбалсан суманд амьдардаг юм. Би 2023 оны 12 сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад өглөө 09 цаг 30 минутын үед дүү залгаад би ийм болчихлоо гээд фейсбүүк хаягаар зургаа явуулсан. Тэгэхээр нь юу болсон юм гэхэд нөхөр ******* өчигдөр орой аймагт гэрийн гадаа машинд байхад үснээс чирч буулгаад ийм болгосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/
гэрч Д.: “...Бет бааранд 23 цаг хүртэл байж байхад ******* нь таксинд суугаад машин руугаа явна гээд гарахаар нь бид 2 араас нь гараад бид хэд миний машинтай Хэрлэн сумын ********** тоот манай гэрийн гадаа очсон. Ингээд би хүүхдээ хөхүүлэхээр гэр рүүгээ ороод хүүхдээ хөхүүлж байхад гадаа чанга чанга дуу гараад байхаар нь хүүхдээ юу болж байна, чи гараад харчих гээд гаргасан. Тэгсэн хүү...удаагүй орж ирээд “ээжээ ******* ах эхнэрээ зодоод байна” гэж хэлсэн бөгөөд би гарах гэсэн чинь ороод ирсэн бөгөөд нүүр ам нь цус болсон байдалтай ******* намайг үсдээд зодоод байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 40 тоот дүгнэлтэд: “... биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ