| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Д.*********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310016871030 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ********* 20-501 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3 сар, 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, ********* овогт *********ийн ********* /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.********* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, *********гийн 21 дүгээр гудамж 714 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.*********тэй маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа, нуруу хэсэг рүү нь сандлаар цохих, хутгаар хүзүүний хойд хэсэгт зүсэх зэргээр зодож биед баруун дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.*********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би өөрийн төрсөн эгч Төгсжаргалын хүү ********* болон түүний эхнэрийн хамт 0,75 литртэй Их монгол гэх нэртэй хоёр шил архийг гурвуулаа хувааж уугаад би тасарч ухаан мэдрэлээ алдсан. Тэгээд гэрээс гарах гэж байхад миний ар нуруу руу ********* сандлаар цохисон. Би эргээд харахад сандлаараа далайгаад цохих үед би гараараа хаасан. Тэгээд сандлаа газарт тавиад миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би газарт ухаан алдаад унасан. Тэгээд хэвтэж байгаад сэрэх үед ********* эхнэртэйгээ хамт яваад эхнэр маань ирсэн...” /хавтас хэргийн 15-17 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, ********* 20-714 тоот гэртээ очиход манай гэр эмх цэгцгүй ундуй, сундуй болчихсон, манай нөхөр ********* нь байшингийн хойморт хүзүү хэсгээс нь цус гарчихсан, нүүр нь хавдсан байхаар нь би юу болсон талаар асуухад өнөөдөр тэтгэвэр буугаад 20,000 төгрөгөөр хоёр шил архи авч *********той хувааж ууж байхад ...********* эхнэрээ өмөөрч сандлаар миний нүүрэнд цохиж, хутгаар хүзүүг зүссэн гэхээр нь ...дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, *********гийн 21-714 тоот буюу Р.*********ийн гэрт очиход Р.********* ах надад мөнгө байна, чи архи аваад ир гэхээр нь за гэхэд ********* ах манай эхнэр Ариунзаяатай хамт дэлгүүр орж 0,75 литрийн Хараа архи 1 шилийг авчирч ********* ахын гэрт бид гурав хувааж уусан. Миний хувьд бол Р.********* ахаар 6 настай Цэцэнхулан охиноо харуулж байсан. Тухайн үед охиныг маань дахиж би харахгүй гэхээр нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон...” /хавтаст хэргийн 31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5069 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Р.*********ийн биед баруун дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-10 дахь тал/,
- Шүүгдэгч Д.*********ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 38 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 54-56 дахь тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.********* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, *********гийн 21 дүгээр гудамж 714 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.*********тэй маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа, нуруу хэсэг рүү нь сандлаар цохих, хутгаар хүзүүний хойд хэсэгт зүсэх зэргээр зодож биед баруун дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.*********ийн: “...Тухайн өдөр би өөрийн төрсөн эгч Төгсжаргалын хүү ********* болон түүний эхнэрийн хамт 0,75 литртэй Их монгол гэх нэртэй хоёр шил архийг гурвуулаа хувааж уугаад би тасарч ухаан мэдрэлээ алдсан. Тэгээд гэрээс гарах гэж байхад миний ар нуруу руу ********* сандлаар цохисон. Би эргээд харахад сандлаараа далайгаад цохих үед би гараараа хаасан. Тэгээд сандлаа газарт тавиад миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би газарт ухаан алдаад унасан. Тэгээд хэвтэж байгаад сэрэх үед ********* эхнэртэйгээ хамт яваад эхнэр маань ирсэн...” /хавтас хэргийн 15-17 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.*********гийн: “...2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо ********* 20-714 тоот гэртээ очиход манай гэр эмх цэгцгүй ундуй, сундуй болчихсон манай нөхөр ********* нь байшингийн хойморт хүзүү хэсгээс нь цус гарчихсан нүүр нь хавдсан байхаар нь би юу болсон талаар асуухад өнөөдөр тэтгэвэр буугаад 20,000 төгрөгөөр хоёр шил архи авч *********той хувааж ууж байхад ...********* эхнэрээ өмөөрч сандлаар миний нүүрэнд цохиж, хутгаар хүзүүг зүссэн гэхээр нь ...дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.*********ийг: “...Тухайн үед охиныг маань дахиж би харахгүй гэхээр нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон...” /хавтаст хэргийн 31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5069 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Р.*********ийн биед баруун дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-10 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Р.*********ийн эрүүл мэндэд учирсан баруун дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.*********ийн түүний цохисон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.*********ийн хохирогч Р.*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Д.*********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх шатанд шүүгдэгч Д.********* нь шүүх хуралдаанд согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож нийт 75,000 төгрөгийг түүнд шийтгэсэн 600,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 525 /таван зуун хорин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 525,000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Р.*********ийн эрүүл мэндэд “дээд зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэвэл зохих хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2310016871030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.*********ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********ийн цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 75 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 75,000 /далан таван мянга/ төгрөгийг түүнд шийтгэсэн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 525 /таван зуун хорин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 525,000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.*********т шийтгэсэн 525 /таван зуун хорин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 525,000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2310016871030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.*********ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.********* гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*********т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР