| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0178/З |
| Дугаар | 221/МА2026/0592 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0592
| Дугаар 221/МА2026/0592 | Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0357 дугаар шийдвэр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХХК,
Хариуцагч Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нар,
Гуравдагч этгээд “Э” ХК, “Т” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085/А0160093-ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын аудиторуудын өөрчилсөн акт болох 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085/А0160093-ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулах,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М,
гуравдагч этгээд “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,
гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.У, Б.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан,
Хэргийн индекс: 128/2024/0178/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас анх шүүхэд хандан “Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085/А0160093-ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын аудиторуудын өөрчилсөн акт болох 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085/А0160093-ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0357 дугаар шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-иас Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарт холбогдуулан гаргасан “Үндэсний Аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын аудиторуудын өөрчилсөн акт болох 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай №1085(A0160093 ГНАГ-2022/23-ШТА-ГА) албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
3.1. ... Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан баримттай нэг бүрчлэн харьцуулж, хэргийн бодит үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ алдаатай дүгнэлт хийж, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн нь шийдвэрт нөлөөлсөн байх бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд илтэд үндэслэл муутай болсон төдийгүй шүүхээс энэхүү дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй.
3.2. Маргаан бүхий актаар “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж баталгаажуулаагүй 2.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг хууль журмын дагуу баталгаажуулах гэсэн заалт нь илтэд үндэслэлгүй, давхар нэхэмжлэгчид чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн, заавал биелэгдэх шинжийг агуулж байгаа тул энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
3.3. Мөн актын 2 дахь заалтаар магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2.6 тэрбум төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төвлөрүүлэх гэсэн заалт нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авч актаар баталгаажуулаагүй, гэрээг бүрэн дүгнээгүй байгаа тохиолдолд үлдэгдэл төлбөрийг буцаан төвлөрүүлэх агуулгатай гаргасан акт байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
3.4 Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.3.8-д заасныг үндэслэн төлбөрийн акт тогтоосон агуулгатай албан шаардлага гаргасан нь үндэслэлгүй, шүүх Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан ямар албан шаардлага гаргасныг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчаас чанарын баталгаажуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/23 дугаар албан бичгээр албан шаардлагад өөрчлөлт оруулсан ба ингэхдээ утга агуулга, төлбөрийн акт тогтоох албан шаардлага өгөх журмын 4.2.1.8, 4.2.11, Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан өөрчилсөн гэх боловч өмнөх актаа хүчингүй болгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байхад шүүх ихэсгэсэн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага бүрээр эрх зүйн дүгнэлт хийгээгүй.
3.5 Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу өмнө гаргасан болон өөрчилсөн гэх актыг огт мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Энэ утгаараа “Б” ХХК-д мэдэгдэх үүрэгтэй байхад нэхэмжлэгчид шууд чиглээгүй, хаяглагдаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдаагүй, гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт хууль бус байна.
3.6 Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ерөнхий аудиторын 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/77 дугаар тушаалаар "Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян" нотлох чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн" сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланг баталгаажуулсан бөгөөд энэхүү тайланг ерөнхий аудитор баталгаажуулах үед уг аудитын тайланд "Б" ХХК-тай холбоотой магадалшгүй ажлын зардалтай холбоотой асуудал тусгагдаагүй байсан ба актыг өөрчилсний дараа гаргаж өгсөн аудитын тайланд нэхэмжлэгчтэй холбоотой асуудал тусгагдсан бөгөөд дээрх тушаалаар баталгаажуулсан тайланд хэрхэн өөрчлөлт оруулж байгаа эрх зүйн үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй болжээ.
3.7 Хариуцагч тал маргаан бүхий акт буюу албан шаардлагыг Төрийн аудитын тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцааны хүрээнд гаргаж байгаа ба уг хуулийн хамрах хүрээ нь аудитын байгууллага болон шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч этгээдийн хооронд үүсэх харилцаа /2020 онд батлагдсан төрийн аудитын тухай хуулиар/ байхаас гадна тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага болон нэхэмжлэгч “Б" ХХК, "Э" ХК, "Т" ХХК-ийн үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүгийн тайланд аудит хийх үйл ажиллагаагаар энэхүү харилцаа хязгаарлагдахаар байгаа ба энэхүү үйл ажиллагааны хүрээнд гарсан аудитын тайланг үндэслэж хариуцагч захиргааны байгууллага албан шаардлага гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, цаашлаад зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд шууд хүргэж байна. Анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллага актын алдааг засахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, өмнөх актыг хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй, анхны гаргасан актад засвар оруулж, огноо дугаар нэг байдлаар алдаагаа зассан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлтийнхээ эсрэг агуулгатай актын үндсэн зохицуулалт, утга агуулга өөрчлөгдөөгүй байх тул уг актаар өмнө гаргасан актын үйлчлэл дуусгавар болсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.8 Маргаан бүхий актаар "Т" ХХК-д үүрэг хүлээлгэсэн ба энэхүү хүлээлгэсэн үүргийн дагуу нэхэмжлэгч "Б" ХХК-иас магадалшгүй ажлын зардалд авсан болон магадалшгүй ажлын үлдэгдэл төлбөрийг буцаан төвлөрүүлэх агуулга нь нэхэмжлэгч талын эрхийг зөрчсөн ба аудитын байгууллагын өмнө нэхэмжлэгч давхар үүрэг хүлээж байгаа гэж бид үзэж байгаа болно. Энэ агуулгаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан юм.
3.9 Гуравдагч этгээд "Э" ХК-ийн хувьд ч тэр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулж нөхцөлөө тохирсон атлаа, нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон ажлаа бүрэн хийж гүйцэтгэн дуусган хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ хууль зөрчсөн, аудитын албан шаардлага үндэслэлтэй, зөв гарсан гэх утга агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргаж байгааг бид бүхэн гайхаж байна.
3.10 Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт (анхны болон өөрчилсөн акт) нь Төрийн аудитын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн хуулийн холбогдох заалтуудыг болон төлбөрийн акт тогтоох, албан шаардлага өгөх журмын холбогдох заалтуудыг зөрчиж гарсан байх ба хариуцагч талаас албан шаардлага гаргахдаа баримталсан эрх зүйн акт, дүрэм, журмын зохицуулалт нь илтэд үндэслэлгүй болсон байх тул тус актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох боломжтой. Хариуцагч маргаан бүхий уг актыг гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн (гэрээгээр хийж гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй холбоотой) ба шүүхээс уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэнэ гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2021 оны 06, 2022 оны 09 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны А/12, 2023 оны А/04 дүгээр тушаалуудаар баталсан Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг үндэслэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд гүйцэтгэлийн аудитыг Засгийн газрын Хэрэг Эрхлэх газар, Засгийн газрын харьяалах яамдууд, төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит хувьцаат компаниудаас гадна зураг төсвийг зохиогч, магадлал хийсэн, хянан баталгаажуулсан хуулийн этгээд ЕРС гэрээний оролцогч талууд, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон аудитын сэдэвт хамаарал бүхий бусад холбогдох байгууллагын 2019-2022 оны үйл ажиллагааны үр дүнг хамруулан хийсэн.
3.2 Улмаар аудитын тайлангийн 3.98-д “Аудитаар холболтын төмөр замын магадалшгүй ажлын зардалд олгох 5.1 тэрбум төгрөгөөс 2.4 тэрбум төгрөгийн зардлыг хянаж, баталгаажуулалгүй олгосон, 2.7 тэрбум төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлээгүй зөрчилд албан шаардлага хүргүүллээ” хэмээн дүгнэж,
Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагаар “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм дүрмийн дагуу баталгаажуулж, магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,6 тэрбум төгрөгийг “Э” ХК-ийн дансанд төвлөрүүлж, биелэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг “Т” ХХК-д үүрэг болгосон.
3.3 Тус албан шаардлагыг эс зөвшөөрч “Б” ХХК-иас Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/320 дугаар албан бичгээр гомдол гаргасан.
Энэ дагуу Үндэсний аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/83 дугаар албан бичгээр “...Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “1085..., 1086..., 1087...,” дугаар бүхий албан шаардлагуудын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 98 дугаар зүйлийн 98.1.4-т заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг засаж, өөрчлөн баталгаажуулж хүргүүлэх болно” гэх хариуг өгч,
улмаар Үндэсний аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/174 дугаартай “Албан шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр “Т” ХХК-д “...Аудитад чанарын баталгаажуулалт хийсэн тус газрын Чанарын баталгаажуулалтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу дээрх албан шаардлагуудад Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 98 дугаар зүйлийн 98.1.4-т заасны дагуу илэрхий алдааг засаж, зарим найруулга, бичвэрийн өөрчлөлт оруулж, баталгаажуулан” хүргүүлсэн.
3.4. Ийнхүү өөрчлөн зассан 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагын “Шаардах нь” хэсгийн
1 дэх заалтад “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм дүрмийн дагуу баталгаажуулах,
2 дахь заалтад магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,6 тэрбум төгрөгийг “Э” ХК-д буцаан олгох,
3 дахь заалтад биелэлтийг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт нотлох баримтын хамт ирүүлэхийг “Т” ХХК /гүйцэтгэх захирал Н.Б, Ерөнхий нягтлан П.А, Төсөл хөгжлийн газрын захирал Ч.О/-д хариуцуулсан өөрчлөлтийг оруулсан үйл баримт тус тус тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Аудитын үйл ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр аудитын багаас нэг удаа сонсох ажиллагааг зохион байгуулсан бөгөөд уг ажиллагаагаар аудитын үйл ажиллагааны явцад илрүүлсэн гэх зөрчлүүдийн талаар шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч этгээдүүдэд огт мэдэгдээгүй бөгөөд ийнхүү мэдэгдээгүй нь дээр дурдсан сонсох ажиллагааны тэмдэглэлд байхгүй,
Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь заалтад заасан хэлбэртэй буюу албан шаардлага хэлбэрээр гарсан атлаа “Шаардах нь” хэсгийн 2 дахь заалтын агуулга нь төлбөрийн акт тогтоосон шинжтэй, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг үндэслэн гарсан, “Шаардах нь” хэсгийн 1 дахь заалтын агуулга нь албан шаардлага өгөх шинжтэй боловч Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь заалт буюу албан шаардлага өгөхтэй холбоотой заалтыг үндэслээгүй байгаа нь Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь заалтын зохицуулалтад нийцээгүй, утга агуулгын илэрхий алдаатай, албан шаардлагаар төлбөрийн акт тогтоосон шинжтэй буюу хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон,
“Б” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хүрээнд цаашид гарч болох боломжтой магадалшгүй ажлын зардлыг буцаан төвлөрүүлэх агуулгатай тул “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа...” гэх зэргээр тайлбарлаж, анх гаргасан болон хожим дахин зассан албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулахаар маргасан.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв ч Үндэсний аудитын газрын анхны болон дахин засварласан 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА “Зөрчил арилгах, төлбөр барагдуулах тухай” албан шаардлагыг эрх зүйн үйлчлэлийн хувьд хоёр тусдаа мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг;
Тайлбар:-Энэ заалтын "аливаа этгээд" гэснийг шалгагдагч этгээд тэдгээрийн холбогдох албан тушаалтныг ойлгоно.”, 4.1.5-д "аудитад хамрагдагч" гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг” гэж заасан.
7. Тухайн тохиолдолд, маргаан бүхий захиргааны акт болох Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай албан шаардлага нь “Э” ХК болон “Т” ХХК-уудын хооронд байгуулагдсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд гүйцэтгэлийн аудитыг хийж, гарсан зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг “Э” ХК болон “Т” ХХК -д үүрэг болгосон агуулгатай.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам”-ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх ТТЗ-21/01 BI-TTZB-CONT-0001 дугаар гэрээний ерөнхий хэлэлцээрийг “Т” ХХК-тай байгуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө хүртэл үргэлжлэх төмөр замын суурь бүтцийг шинээр барьж, ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын цогт ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэхээр тохиролцсон.
Ингэснээр тус компани нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэгчийн хувьд шалгагдагч этгээдэд хамаарах хэдий ч маргаан бүхий захиргааны акт болох Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай албан шаардлага нь нэхэмжлэгч “Б” ХХК-д чиглээгүй, түүнд эрх зүйн ямар нэгэн үр дагаврыг шууд үүсгээгүй.
Харин гуравдагч этгээд “Т” ХХК-д хаяглагдаж, түүнд үүрэг хүлээлгэсэн байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлын үүднээс Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2020/0394 дугаар тогтоолд хийсэн дүгнэлт энэхүү маргааны хувьд нэгэн адил хамаарна хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2020/0394 дугаар тогтоолд “...хариуцагч нь маргаан бүхий актаар “Э” ТӨҮГ-т үүрэг хүлээлгэснээс бус нэхэмжлэгч “А” ХХК-д үүрэг хүлээлгээгүй. Хэдийгээр актад ...дутуу төлсөн борлуулалтын орлогыг “А” ХХК-иас нөхөн төлүүлэн авч “Э”-ийн орлого болгох гэж заасан ч уг үүрэг нь гуравдагч этгээдэд хамааралтай буюу “А” ХХК нь аудитын байгууллагын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй”, “... Аудитын актыг үндэслэн “Э” ТӨҮГ нь “А” ХХК-иас төлбөрийг нэмж шаардаж байгаагаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа гэх үндэслэл нь энэхүү маргааныг шийдвэрлэх үндэслэл болохгүй.
Учир нь, нэхэмжлэгч “А” ХХК нь гуравдагч этгээд “Э” ТӨҮГ-ын өмнө түүнтэй байгуулсан иргэний гэрээний үндсэн дээр л хүдрийн овоолго ашигласны төлбөр төлөх үүрэгтэй болохоос бус маргаан бүхий актаар шууд үүрэг хүлээхгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь талуудын байгуулсан гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчээс төлбөр шаардахаас бус маргаан бүхий актын хэрэгжилтийг шаардах эрхгүй. Харин тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш”, “Нэгэнт нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий акт нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, иймд уг актыг гаргахад нэхэмжлэгчийг гуравдагч этгээдээр заавал оролцуулж, сонсох ажиллагаа явуулах байсан, энэ журмыг зөрчсөн учраас алдааг засаж дахин акт гаргах ёстой гэх үндэслэл алга байна.
Үндсэндээ аудитын акт хууль ёсны эсэх, хүчин төгөлдөр болох эсэх, гуравдагч этгээд тухайн актыг үндэслэн нэхэмжлэгчээс төлбөр шаардах эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь иргэний журмаар эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой...” хэмээн дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Ингэснээр төрийн аудитын байгууллагын актаар төрийн өмчит компанид үүрэг хүлээлгэсэн нь түүнтэй хувийн эрх зүйн харилцаанд оролцож буй гүйцэтгэгч компанийн эрхийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй талаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоосон гэж үзнэ.
9. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” хэмээн заасан.
10. Магадлалын “Хянавал” хэсгийн 7-д дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь “...Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэгчийн хувьд шалгагдагч этгээдэд хамаарах” этгээд болохын хувьд маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаар албан шаардлагад холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/320 дугаар албан бичгээр гомдол гаргасан.
Гомдлын дагуу Үндэсний аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/174 дугаартай “Албан шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр “Т” ХХК-д “...Аудитад чанарын баталгаажуулалт хийсэн тус газрын Чанарын баталгаажуулалтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу дээрх албан шаардлагуудад Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 98 дугаар зүйлийн 98.1.4-т заасны дагуу илэрхий алдааг засаж, зарим найруулга, бичвэрийн өөрчлөлт оруулж, баталгаажуулан” хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.
11. Үүнтэй холбогдуулан, маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаар албан шаардлага нь бодит байдалд нэг л захиргааны акт бөгөөд хариуцагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд анх гаргасан албан шаардлага дахь алдааг засварласан үйл баримт нь тухайн акттай холбогдуулан хоёр тусдаа нэхэмжлэлийн шаардлага гарган маргах үндэслэл болохгүй.
12. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0357 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус үндэслэн “Б ХХК-иас Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын аудиторуудын өөрчилсөн акт болох 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай” №1085(A0160093 ГНАГ-2022/23-ШТА-ГА) албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг үндэслэн “Б” ХХК-ийн “Үндэсний Аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ-2022/23-ШТА-ГА дугаартай зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” болгон өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА