Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч  Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Жаргалсайхан

Шүүгдэгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэмжээ овогт Жаргалсайханы Гантулгад холбогдох эрүүгийн 201610010264 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 17 нас 9 сар 26 хоногтой, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Замын-Үүд сумын 2-р баг Мобикомын гудамж 1-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Сэмжээ овогт Жаргалсайханы Гантулга /РД: ЕО99052410/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ж.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед М.Эрхэмбаярыг Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын гудамжины 1-33 тоот хашаан дотор явж байхад нь хүч хэрэглэн хавирч унагаан өмсөж явсан хантаазны баруун талын халааснаас 150.000 төгрөгтэй хүрэн өнгийн түрүүвчийг дээрэмдэн авсан гэмт хэргийг хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 12-р сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд намайг Замын-Үүд сум 2-р баг Мобикомын 1-27 тоот буюу гэртээ ганцаараа гал түлж сууж байхад гаднаас Эрхэмбаяр ах аав Жаргалсайханыг асууж орж ирсэн. Тухайн үед аав гэртээ байхгүй Бор өндөрт байсан болохоор аав байхгүй хөдөө явсан гэж хэлсэн. Тэгээд Эрхэмбаяр ах манай гэрт 30 гаран минут суусан. Би өдөр 15 цагийн орчимд Төрөө гэх найзтайгаа Замын-Үүд сум 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Булган дэлгүүрийн гадаа уулзаад орой уулзахаар болсон байсан юм. Эрхэмбаяр ах гэрээс гарахгүй танай гэрт хононо гээд байхаар нь би гэрээс Эрхэмбаяр ахыг гаргасан. Тухайн үед би Эрхэмбаяр ахаас 1000 төгрөг гуйхад Эрхэмбаяр ах өмсөж явсан хантаазныхаа баруун талын халааснаасаа хүрэн өнгийн түрүүвчээ гаргаж ирээд надад 1000 төгрөг өгсөн. Энэ үед түрүүвчинд нь 10.000, 20.000-тын дэвсгэрт харагдаж байсан. Би Эрхэмбаяр ахыг гэрээс гаргачихаад араас нь гарсан. Намайг гэрээс гарч явахыг бол Эрхэмбаяр ах харсан. Би Эрхэмбаяр ахыг Мобикомын 1-33 тоот буюу Лутбаярых руу явж байгааг мэдээд урд талын гудамж болох Эрүүл мэндийн гудамжаар гүйж Эрхэмбаярын урдаас амдаж очиход Эрхэмбаяр ах яг хашааруугаа орж байхаар нь араас нь дагаж тэвэрч, хөлөөрөө хавирч газар унагааж хантаазных нь баруун талын халааснаас хүрэн өнгийн түрүүвчийг нь авах гээд тэр ахтай зууралдсан ба газар унахад нь би түрүүвчийг нь аваад Орентал хотхоныг чиглэн зугтаасан. Тэгээд би тэр түрүүвчинд байсан 150.000 төгрөгөөр хоолонд орж, РС тоглоом тоглож, идэж уух зүйл авч дуусгаад төрсөн ээж Нарангэрэлийн гэрт очиж хоносон гэв.

- Хохирогч М.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумаас өөрийн эзэмшлийн 36-45 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Замын-Үүд сум орох санаатай хөдлөөд орой 20 цаг өнгөрч байхад Замын-Үүд суманд найз Баярын гэрт очсон юм. Тэгэхэд манай найз Баяр гэртээ байхгүй, хүүхдүүд нь байсан. Баярын гэрээс гараад өөрийн таньдаг айлдаа очиж байж байгаад миний машиныг манай найз Өлзийбаярын дүү бариад би хажууд нь суугаад Мобикомын гудамжинд байдаг төрсөн ах Лутбаярын гэрийн гадаа буугаад, орох гэж байгаад болиод таньдаг ах /онгорхой хочтой Жагаа/ айлын гэрт ороход Жагаа байхгүй, ганц хүү нь байж байсан. Би тэгээд хүүгээс нь аав чинь байгаа юу гэж асуухад аав байхгүй гэж хэлсэн. Тэгээд хүүтэй нь ярьж сууж байгаад гэрээс нь гарахдаа уг хүүхдэд 1000 төгрөг авч өгөөд гарсан. Лутбаяр ахын хашаан дотор орж ирээд гэр лүү орох гээд явж байтал араас нүүрэндээ нүд, ам нь ил гарсан хар ноосон маск зүүсэн 15-16 орчим насны, 170-175 см өндөртэй залуу ирээд миний ногоон хантаазны зүүн гар талын халааснаас хүрэн өнгийн эрэгтэй хүний түрүүвч аваад гараад зугатаасан. Тэгээд би ах Лутбаярыг дуудсан. Би тэгээд уг залууг цаашаа гүйгээд явж байхад Жагаагийн хүүхэд байна гэдгийг бие, хаагаар нь таньсан. Миний түрүүвчин дотор өөрийн маань цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан виза карт, МТ колонкын виза карт, Сод монгол бензин колонкын виза карт, скайтел, мобикомын сим карт байсан. Мөн бэлэн 150.000 төгрөг байсан.  Би бэлэн 150.000 төгрөгөө олж аваагүй. Харин бусад бүх эд зүйлийг маань нэг настай хүн Замын-Үүд сумын Хаан банкны АТМ-н өмнө байдаг хогийн савнаас олж өгсөн гэжээ.  /хх-ийн 18-19/

- Гэрч М.Лутбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед гэртээ эхнэртэйгээ байж байхад хашаанд хэн нэгэн хүн Лутаа ахаа гэж орилохоор нь би гэрээс гарахад миний төрсөн дүү Эрхэмбаяр хашааны зүүн урд талд жорлонгийн хажууд зогсож байхаар нь юу болсон талаар асуухад Жагаагийн хүүхэд миний түрүүвчийг дээрэмдчихлээ гэхээр нь би тухайн үед Жагаагийн хүү Улаанааг дээрэмдсэн гэж бодсон. Тэгээд Эрхэмбаяр бид 2 шууд Жагаагийн гэрт очиход хаалга нь цоожтой байсан. Тэгээд хүн ирэхгүй болохоор нь Эрхэмбаярыг цагдаад мэдэгд гэж хэлээд цагдаа руу явуулсан. Тухайн үед Эрхэмбаярын биед ил харагдах шарх сорви байгаагүй, хантаазны зүүн талын халаас нь урагдсан байсан. /хх-ийн 21-22/

-Гэрч Т.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Гантулга ганцаараа манайд ирсэн. Тухайн үед гаднаас орж ирэхдээ Коло барьж орж ирсэн ба зодоон цохион хийсэн шинжгүй байсан. Гантулгыг бусдын эд зүйл булаасан талаар мэдээгүй. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Жаргалсайханаас мэдсэн гэжээ. /хх-ийн 29/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-15/

- Шинжээчийн 15 тоот дүгнэлт /хх-ийн 34/

-Шүүх сэтгэц гэм судлалын 03 дугаар магадлагаа  /хх-ийн 38-39/

- Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан магадлагаа /хх-ийн 45/

- Насанд хүрээгүй сэжигтэн яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тогтоол  /хх-ийн 48/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/

- Шүүгдэгчийн цахим иргэний лавлагаа /хх-ийн 55/

-Шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57/

- Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /58/

-Шүүгдэгчийн суурь боловсролын сурлагын үнэлгээ /хх-ийн 61/

- Шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/

- Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 64-66/

- Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 69-70/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ж.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед М.Эрхэмбаярыг Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын гудамжины 1-33 тоот хашаан дотор явж байхад нь хүч хэрэглэн хавирч унагаан өмсөж явсан хантаазны баруун талын халааснаас 150.000 төгрөгтэй хүрэн өнгийн түрүүвчийг дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Эрхэмбаярын “...Тэгээд хүүтэй нь ярьж сууж байгаад гэрээс нь гарахдаа уг хүүхдэд 1000 төгрөг авч өгөөд гарсан. Лутбаяр ахын хашаан дотор орж ирээд гэр лүү орох гээд явж байтал араас нүүрэндээ нүд, ам нь ил гарсан хар ноосон маск зүүсэн 15-16 орчим насны, 170-175 см өндөртэй залуу ирээд миний ногоон хантаазны зүүн гар талын халааснаас хүрэн өнгийн эрэгтэй хүний түрүүвч аваад гараад зугатаасан” гэх мэдүүлэг, гэрч М.Лутбаярын “...Эрхэмбаяр хашааны зүүн урд талд жорлонгийн хажууд зогсож байхаар нь юу болсон талаар асуухад Жагаагийн хүүхэд миний түрүүвчийг дээрэмдчихлээ гэхээр нь би тухайн үед Жагаагийн хүү Улаанааг дээрэмдсэн гэж бодсон” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нь тогтоогдож байна гэж үзлээ.

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч М.Эрхэмбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн гэж мэдүүлж байгааг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Ж.Гантулга нь анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлуудыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн болон насны байдал зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Гантулгын хөх өнгийн малгайтай цамцыг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэмжээ овогт Жаргалсайханы Гантулгыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргалсайханы Гантулгыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гантулгад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Гантулгын хөх өнгийн малгайтай цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Ж.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дүгээр зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гантулгад 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг түүний төрсөн эцэг Л.Жаргалсайханд үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гантулгад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүсүгэй.                                                         

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА