Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

 

 

 

 

 

   2024         01         22                                   2024/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч К.Чимгээ нарыг оролцуулан эрүүгийн 2306 00084 3624 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *******, 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 38а байрны 2- 29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлтэй,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Патрон зээлийн төв" гэх хуурамч цахим хаяг үүсгэж, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.Хүрэлбаатартай харилцаж барьцаагүй зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний виза картны мэдээллийг авч М.Хүрэлбаатарын эзэмшлийн Хаан банкны 5035097891 дугаартай данснаас 2.700.000 төгрөгийг Монгол чатаар дамжуулан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаж оролцов. Үүнд:

Хохирогч М.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 12 сарын 03-ны өдөр 15 цаг Баянзүрх дүүгийн 4 дүгээр хороо, 118-21 тоотод гэртээ байхдаа Патрон зээлийн Төв гэх фейсбүүкийн цахим хуудастай мессенжерээр чатлаж зээл авах эж байсан зээлийн түүх харна гээд миний хаан банкны картны нүүр хэсгийн зургийг явуулнуу гэж хэлхээр нь явуулсан. Тэгээд миний интернэт банкны гүйлгээний түүхийн зургийг харна гээд өөрийн интернэт банкны зургаа скрийншот хийж аваад явуулсан. Надруу мессенжер чатаар залгаж ярьсан. Тэгээд намайг 3-4 сая төгрөг явуулбал шууд зээл гаргах боломжтой гэсэн. Тэгээд байж байхад орой 17 цагт гэртээ байхад миний 5035097891 дугаартай миний хаан банкны дансанд орлого орж ирсэн. 19 цаг 44 минутад миний данснаас зарлага гарлаа гэж мессеж ирсэн. Тэгээд гайхаад хартал гүйлгээний утга дээр монгол чат ком гэж бичигдсэн байсан. Тэгээд хаан банкны лавлах руу ярьж картаа хаалгасан. Тэгээд ажлын 8 цагийн дотор хариу өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18/,

Гэрч Т.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Патрон зээлийн төв гэсэн хаягнаас миний фейсбүүк хаяг руу зээл гаргаж өгнө гээд миний Хаан банкны виза карт дээр байсан дугаар болон иргэний үнэмлэхийн ард болон урд талын зургийг авсан. Тэгээд дахин дахин надруу залгаад байхаар нь надад сонин санагдаад болиод дансан дахь мөнгөө өөр данс руугаа шилжүүлж авсан. Бүр надруу та дансанд их хэмжээний мөнгө байрлуулсан байх тусмаа их мөнгөний зээл гарна. Болохгүй бол би таны данс руу их хэмжээний мөнгө байршуулъя гэхээр нь эргэлзээд больсон. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Гэрч Л.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Арван жилийн ангийн найз ******* нь тухайн өдөр над руу найз нь чамд юм хадгалуулах уу яаж ч гуйсан өгч болохгүй шүү 12-р сарын 18-ны өдөр авна гэж чат бичихээр нь юу гэсэн чинь 400,000 төгрөг хадгалуулчихуу тэгэхгүй бол манин үрэх гээд байна гэхээр нь зөвшөөрөөд өөрийн хаан банкны 5237110496 тоот дансыг чатаар явуулсан. Тэгээд миний 400,000 төгрөг орж ирсэн. Тухайн 400,000 төгрөгөөсөө нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 25-ны өдөр 300,000 төгрөгийг 5168053910 гэсэн данс руу хийлгэсэн. Тухайн данс нь Балдандорж Б гэсэн данс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Гэрч Х.Дэлгэрдалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би цуг цэрэгт явж байсан найз Б надаас Хаан банкны чинь дансыг ашиглаад өгье гэж хэлээд миний 5248088658 тоот данстай интернэт банкны мэдээллийг авсан. Тэрнээс хойш би интернэт банк руугаа орсон чинь миний нэр хэд хэдэн данс нээсэн байсан. Тэр дансан дунд 5167924175 тоот дансыг нээсэн байсан. Би тухайн дансыг мэдэхгүй Б нээсэн байхаа, уг тоот дансыг би ашиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч Т.Ариунтуяагийн цагаан өнгийн хаягтай Самсунг А52 маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 42/,

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 15/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24/,

Гэрч Л.Ичинхорлоо, Х.Дэлгэрдалай нарын ******* гэсэн цахим харилцсан захидлын хуулбар /хх-ийн 47/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтыг шинжлэн судлаж оролцов.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “гэм буруу дээр маргахгүй хэргээ хүлээж байгаа” гэх санал.  

Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж их хэмжээний зээл барьцаагүй өгнө гэх мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэхийг ойлгоно.

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсч үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

Иймд шүүгдэгч ******* нь “Патрон зээлийн төв" гэх хуурамч цахим хаяг үүсгэж, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.Хүрэлбаатартай харилцаж барьцаагүй зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний виза картны мэдээллийг авч М.Хүрэлбаатарын эзэмшлийн Хаан банкны 5035097891 дугаартай данснаас 2.700.000 төгрөгийг авч залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хохиролоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон баримталлаа.

Улсын яллагч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийг эдлүүлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй санал шүүх хуралдаанд гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан саналдаа миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд өмнө нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг. Тэгэхдээ уг гэмт хэргийн үйлдлүүд нь 2022 оны 01 дүгээр сарын 30, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд холбогдолтой үйлдлүүд байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцэж байгаа гэмт хэргийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн үйлдлээс өмнө үйлдэл байх тул эрүүгийн хуульд зааснаар өмнө гэмт хэргийн үйлдлүүд нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн үйлдлүүд байна. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Миний үйлчлүүлэгч нь хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгаа цаашид өөрийн хөдөлмөрөөр шударгаа ажиллаж амьдрахаа илэрхийлж байгаа. Мөн хохирогч гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэЗн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.гэж заасан зарчмыг баримтлан,

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаж цагдан хоригдсон 20 хоногийг  буюу 160 цагийг хасч нийт биечлэн эдлэх ялыг 340 цаг байхаар шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ийг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *******ийг бусдад төлөх төлбөргүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БАТМАНДАХ