Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шувуучин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000392 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шувуучин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед тус сумын 1 дүгээр баг, тоотын хашаанд байх иргэн эзэмшлийн 4 ханатай эсгий гэрийн гадна талын бүрээс, туургыг тамхины цогоор түлж шатаан 585,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Шувуучин овогт ******* ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотын хашаанд байх хохирогч дөрвөн ханатай эсгий гэрийн гадна талын бүрээс, туургыг тамхины цогоор түлж шатаан 585,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн орой Соёлын төвийн гаднаас гэрийнх нь гадаа очиж хэсэг сууж байгаад орой 21 цагийн орчимд , нарын амьдардаг Монгол гэрийн баруун хойд талаас нь татаж байсан тахины цогоор нь бүрээсийг шатаагаад орхиж явсан. Миний хувьд гэр нь шатаад манай гэрт ирж амьдраасай гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би ******* сумын Соёлын төвийн өргөтгөл барьж байгаа газар хүмүүсийн хоол хийж өгөх ажил түр хийж байтал манай охины хамтран амьдрагч ******* нь манай охинтой хэрүүл хийгээд ирсэн. Тэгэхээр нь “чи яах гээд хүүхэд зовоогоод хардаж сэрдээд байдаг юм, таарч тохирохгүй бол болиод яваад өг чи, гэртээ харь” гэж хэлтэл ******* над руу хандан  “чи наад янхан охиноо барилгын залуутай суулгах гээд байгаа юм уу” гээд бархираад байсан. Барилга дээр ажилладаг Мөнхбаяр гэх залуу гарч ирээд “чи болиоч, эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй шүү” гэтэл “чамайг ална” гээд гартаа үзүүртэй богино төмөр барьтал тэр залуу “өө энэ залуу чинь бүтэхгүй хүн байна эгчээ, та цагдаад дуудлага өг” гэж хэлээд тэр залуу явтал ******* над руу хандан “би танай охиыг энэ суманд зүгээр явуулахгүй, та нар харамсана даа, хараарай” гээд урд зүг рүү алхаад явсан. Би охин гэртээ хариад байтал манай найз утсаар залгаад “өнөөдөр манай хүүхдийн төрсөн өдөр, та нар ирж хоол идээч” гэхээр нь охин , түүний охин 4 настай , өөрийн бага охин 6 настай нарыг дагуулан 20 цагийн үед очоод хоол унд идэж дуусаад юм яриад сууж байтал 2 жоохон охин минь унтах гээд байхаар нь “2 охиноо аваад гэртээ хариад амарч бай” гээд 21 цаг 15 минутын орчим явуултал төд удалгүй манай охин миний байгаа айлд орж ирээд “ээж гэр маань хойд талаасаа шатаж байна” гэхээр нь би гэр рүүгээ гүйгээд очтол манай хажуу талын барилгын залуучууд ирээд унтраасан байсан. Би тухайн үед хэнийг шатаасан талаар мэдээгүй. Гэхдээ бол манай гэрийг эзэнгүй байх хооронд *******аас өөр шатаах хүн байхгүй гэж бодож байна. Бид нар гэртээ амарч байтал шөнө 00 цагийн үед ******* гэрийн гадуур алхаад хаалга тогшоод байхаар нь сумын цагдаад утсаар дуудлага өгөхөд сонссон бололтой яваад өгсөн. ...******* нь манай гэрийн хохирлыг бүрэн барагдуулсан. Энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/,

гэрч “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Ч. гэх хүний хүргэн гэх залуу /нэрийг нь мэдэхгүй/ согтуу бололтой манай барилгын гадаа тэй хэрэлдэж байх шиг байснаа явсан. Миний хувьд 2 давхар дээр ажиллаж байсан болохоор сайн сонсоогүй, юу гэж хэрэлдсэн талаар нь мэдээгүй. Орой 21 цагийн үед ажлаасаа буугаад орондоо ороод хэвтэж байтал гаднаас тогоочийн охин хоёр хүүхэд дагуулсан манай ажилчдын гэр рүү орж ирээд “манай гэр шатаж байна” гэхээр нь би гэрийн хаалгаар тэдний гэр рүү хартал шатаж байгаа зүйл харагдаагүй. Би болон надтай хамт ажилладаг гэх залуу бид хоёр 30 литрийн савтай ус аваад тэдний гадаа очиход тэдний гэрийн баруун хойд хэсгээс гал асаж байхаар нь усаараа унтраагаад байтал гэх охин “би сая ээжийг дуудсан” гээд ирж байсан. Бид хоёр буцаад барилгын талбай руугаа явж гэртээ орж амарсан. ...хэн шатаасан талаар би хараагүй, мэдээгүй. ...гэрт нь хүн байгаагүй, гаднаасаа цоожтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

гэрч Ш.ын “...Орой 21 цагийн үед ажлаасаа буугаад орондоо ороод хэвтэж байтал гаднаас тогоочийн охин хоёр хүүхэд дагуулан манай ажилчдын гэр рүү орж ирээд “манай гэр шатаж байна” гэхээр нь би болон надтай хамт ажилладаг ах бид хоёр 30 литрийн савтай ус аваад тэдний гадаа очиход тэдний гэрийн баруун хойд хэсгээс гал асаж байхаар нь усаар унтраагаад байтал гэх охин “би сая ээжийг дуудсан” гээд ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

гэрч “...хоол идээд жоохон сууж байтал манай дүү 6 настай , миний охин 4 настай хоёр унтах гээд нойрмоглоод байхаар нь /21 цагийн орчим гэж санаж байна/ гэр рүүгээ бид гурав явсан. Харин манай ээж ахынд үлдсэн. Гэрийн хойд талд явж байтал гэрийн араас гал асаж шатаж байхаар нь замын зүүн талын барилгын ажилчдын гэр рүү гүйж ороод “манай гэр шатаж байна, туслаарай” гэж хэлэхэд тэнд унтах гэж байсан , хоёр савтай ус аваад явахаар нь тэр гэрт хоёр хүүхдээ үлдээчихээд ээжийг дуудахаар ахын гэр рүү очоод дуудчихаад буцаад гэрт ирэхэд барилгын ажилчин хоёр залуу галыг унтраасан байсан. ...Би шатаасан хүнийг хараагүй. Манай гэрийг санаатай шатаах хүн бол манай хамтран амьдрагч ******* байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бид хоёр 2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөө маргалдаад би гэрээс нь гарсан юм. Би өөрийнхөө ээжийн гэрт очоод байтал ******* манай гадаа ирээд “чи тай унтаа биз дээ” гээд намайг зодох гээд байтал манай ээж ажлынхаа гаднаас бид хоёрыг хараад амдаж ирээд *******ыг загнаад нэг алгадсан чинь ******* “чи охиноо энэ барилгын залуучуудтай суулгах гээд байна уу” гэснээ гэх залууг “алнаа, гараад ир” гэж хашхиртал гэх залуу ажилчдын гэрээс гарч ирээд “наад залуугаа цагдаа дуудаж өгөөд явуулаач, наадах залуу чинь тэнэг юм биш үү” гээд ажилчдынхаа гэр рүү ороод явтал ******* гэр рүүгээ явсан. Манай ээж болон надтай өөр хүн маргалдаж муудаагүй учраас *******ыг шатаасан гэж бодож байгаа. ...Бид хоёр хамтран амьдраад 3 жил гаруй болж байгаа, ямар нэгэн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ДЦ-23-275 тоот дүгнэлт /хх-ийн 37-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь хохирогч дөрвөн ханатай гэрийг шатааж улмаар түүнд 585,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.т 585,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шувуучин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 585,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА