| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03688/и |
| Дугаар | 183/ШШ2020/02851 |
| Огноо | 2020-10-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2020/02851
| 2020 10 21 | 183/ШШ2020/02851 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...................... оршин суух О овогт Д-гийн Д /РД:............/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..................оршин суух Б овогт М-ийн О /РД:................./-т холбогдох
хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, хариуцагч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2018 онд М.О-тай танилцаж, 2019 оны намраас хамтран амьдарч эхэлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд бидний дундаас 0000 0 дугаар сарын 0-ны өдөр охин О.М төрсөн. Сүүлийн гурван жил зан харьцаа болон гэр бүлээс гадуурх харьцаа, бусад тааламжгүй байдлын улмаас гэр бүлийн маргаантай амьдарч байна. 2019 оны 9 дүгээр сард гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснийг уучлаад хамт амьдарсан боловч дахин давтагдсан. Ийм учраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдрах болсон. Цаашид би М.О-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М.О шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О би Д.Д-тэй 2018 онд танилцаж, 2019 оны намраас хамтран амьдарч бидний дундаас охин О.М 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Хамтран амьдрагч Д.Д нь өдөр болгон уурлаж, хэрүүл маргаан үүсгэж, байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байсан. Миний бие гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь үнэн. Тэгээд уучлал гуйж, ойлголцоод хамт амьдарсан. Гэтэл сүүлд ажлаас буугаад ирэхэд үндэслэлгүй хардаад маргалдсан. Би цагдаагийн байгууллагад нэг жил хагас хугацаанд ажиллаж байгаа. Бид одоо тусдаа байгаа. Д.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч М.О нар 2018 онд танилцаж, улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин О.М төрсөн болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч М.О нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас зохигчдын хооронд таарамжгүй байдал үүсэж, улмаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөө хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Д нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр охин О.М-ийг өөрийн асрамжид авч эцгээс нь хуульд заасан тэтгэлэг тогтоолгохоор шаардсан бол хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Бага насны хүүхдэд эхийн хайр халамж нэн чухал байдаг бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин О.М-ийг эх Д.Д-гийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч М.Оаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, охин О.М олгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин О.М-ийг эх Д.Д-гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин О.М-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.О нь тэжээн тэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР