| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0107/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Г.Янжиндулам,
шүүгдэгч О.Л/өөрөө өөрийгөө өмгөөлсөн/
хохирогч **** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* О.Л/регистрийн дугаар: *******/,
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21/721 дугаартай тогтоолоор бүрэн төлж дууссан,
2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг бүрэн төлж Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22/950 дугаартай тогтоолоор тус тус дуусгавар болгосон.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Лнь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр шөнийн захын орчим 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн ****ийн эзэмшлийн ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг "худалдаж авна" гэж итгүүлэн хуурч, төлбөрийг шилжүүлсэн мэтээр гүйлгээний хуулга үзүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, авч явсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч О.Лнь дүгээр хорооны нутаг дэвсгэр шөнийн захын орчим иргэн ****ийн эзэмшлийн ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг "худалдаж авна" гэж итгүүлэн хуурч, төлбөрийг шилжүүлсэн мэтээр гүйлгээний хуулга үзүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, авч явсан буюу залилан авч, хохирогчид 5,000,000 төгрөгийг хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Иргэн ****ийн цагдаагийн байгууллагад ирүүлсэн, гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4 дэх тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
- Хохирогч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* улсын дугаартай тоyota brevis G10 загварын автомашинтай юм. Тус авто машинаа зарах гэж фэйсбуков 5 сая дотор машин зарна гэх нэршилтэй групп дээр өөрийн гэх дугаарыг байршуулж, нөхрийнхөө "Salhivch Agaarjuulalt" гэх нэртэй фэйсбүүк хаягнаас зар бруулсан юм. Тэгсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчим миний дугаарруу гэх дугаараас эрэгтэй хүн холбогдож машин узье гэж хэлсэн. Тэгээд утсаар риилцаж байгаад содон хорооллын замын баруун хойне байрлалтай Сод монгол нэртэй шатахуун түгээх станц дээр уулзахаар болсон. Тэгээд надтай уулзаж машин үзэхээр 25-30 орчим насны эрэгтэй хүн ганцаараа алхаж ирсэн. Тэгээд миний машиныг үзэж байгаад 3,100,000 төгрөгөөр худалдаж авахаар би тэр хүнтэй тохиролцсон. Надад тэр хүн машиныг маань худалдаж авах мөнгөний урьдчилгаа 1,500,000 төгрөг өөрийн Голомт банкны гэх дугаартай данснаас шилжүүлсэн гэх баримт гар утсан дээрээ харуулчихаад машиныг маань аваад явсан. Тэгсэн манай нөхрийн дансанд ямар нэгэн менге ороогүй байхаар нь миний автомашиныг худалдаж авсан хүний дугаарруу залгаж ярихад "миний данснаас мөнгө гарсан" банк дундын дансанд үлдсэн байна, манай аавын бие муудаад Дундговь аймаг явчихлаа, манай аав нас барчихлаа ажил явдалтай байна, машиныг чинь содон хорооллын 106 дугаар байрны 4 давхар 68 тоотод төрсөн эгчид маань байгаа гэх мэтээр ярих болгонд худлаа хэлж байгаад өнөөдрөөс гар утас нь холбогдох боломжгүй болчихсон. Мен надад манай эгчийн дугаар гэж 99113050 гэх дугаар өгсөн бөгөөд тухайн гар утасны дугаарруу би залгаж ярихад миний автомашиныг худалдаж авсан хүнийг танихгүй гэж хэлсэн. тэгээд би залилуулсан байна гэж бодоод цагдаад хандсан..."...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,
-Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкийн зараас “машин худалдана” гэх зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн Сод Монгол ШТС-д уулзсан. Уулзаад тухайн машиныг 3,100,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгтэл тухайн машины эзэн гэх хүн урьдчилгаа 1,500,000 төгрөг миний данс руу шилжүүлээд машинаа аваад яв гэхээр нь би “тэгье” гэж хэлээд дансыг нь авахад нөхрийнх нь данс гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө данснаас нөгөө данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн гэх хуулга харуулаад машиныг нь аваад явсан. Гэхдээ тухайн үед мөнгө шилжүүлээгүй. Машинаа авч яваад хадам аавын бие муудаад Дундговь аймаг руу 2 хоног явчихаад ирсэн. Тэгэхэд гэх хүн миний машиныг аваад явчихлаа гээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би машиныг нь унаж явж байгаад Баянбүрдийн тойрог дээр приус 30 маркийн автомашинтай мөргөлдсөн...” гэж /хавтаст хэргийн 66 дахь тал/ мэдүүлж байсан.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 10 дугаар сарын 02-нд холбогдож “Содон хорооллын энд байна таны машиныг үзэх гэсэн юмаа” гэж хэлээд хүрээд ирээч гэхээр нь би очсон. Та машинаа бариад явчих гээд би шөнийн зах руу явсан. Би урьдчилгаа мөнгө өгье гэхээр нь би нөхрийнхөө дансыг өгтөл шилжүүлсэн баримт үзүүлсэн. Би гүйлгээ орсон эсэхийг шалгах гэтэл яараад байна гээд явчихсан. Би Содон хорооллын тэр хавиар 4 өдөр хайсан ч байгаагүй. Би хаяг дээр нь очиж үзэхэд байгаагүй. Шөнө нь мессеж бичсэн байсан ба манай аавын бие муудчихлаа гэсэн. Тухайн үед би ийм зүйл ярина гэж бодоогүй. Манай аав өнгөрчихлөө гэж худлаа ярьсан би гомдолтой байна. Машины хохирол төлбөр болох 450,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Машинаа биет байдлаар цагдаагаас хүлээж авсан. Тухайн машин миний нэр дээр байсан...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Лнь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Лнь шунахайн сэдэлтээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон буюу “хуурамч гүйлгээний утга харуулан” ****ийг хуурч залилан, өөртөө ашигласан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу машиныг өөртөө шилжүүлэн авах зорилгоор, зохиомол байдал болох гүйлгээ хийсэн мэтээр дансны баримт үзүүлэх аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг юм.
Шүүхээс тогтоосон хууль зүйн дүгнэлтээр шүүгдэгч О.Лнь дээрх арга үйлдлээр хууль бус буюу хуурамч гүйлгээний утга харуулан хуурч хохирогчийн машиныг нь өөртөө шилжүүлэн авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байна.
Тиймээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогч **** 5,000,000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд машинаа хүлээн авахдаа эвдрэлтэй гэмтэлтэй байсан нь үнэлгээгээр тогтоогдсон 450,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.Лнь шүүхийн хэлэлцүүлэгт 360,000 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан үндэслэлээр шүүгдэгч *******ээс 90,000 төгрөг гаргуулан, хохирогч ****т олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр шөнийн захын орчим 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн ****ийн эзэмшлийн ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг "худалдаж авна" гэж итгүүлэн хуурч, төлбөрийг шилжүүлсэн мэтээр гүйлгээний хуулга үзүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, авч явсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь шүүхийн шатанд 360,000 төгрөг төлсөн ба 90.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэв.
Хохирогч: “...Хохирол төлбөрөө барагдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлнө...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Харин хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэг байдал баримтаар тогтоогдоогүй, өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирогчид төлөх төлбөртэй байгаа зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь дүгнэн үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Лхагвадэмбэрэлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******ээс 90,000 төгрөгийг гаргуулан хохирогч ****т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА