Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 518

 

                                                                                   

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Баясгалан,   

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнхзул,  

хохирогч Н.Тэмүүжин, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 19 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 1905049860045 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны 52 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ маргааны улмаас ахуйн хэрэглээний эвхэгддэг хутгаар Н.Тэмүүжингийн хэвлий рүү хатгаж, хэвлийн хөндий нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хурц цус алдалт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч нямыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Быг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлэх 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Н.Тэмүүжин нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон мараль 1 ширхэг, бор модон бариултай эвхэгддэг хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.  

 

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь прокуророос шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Шүүгдэгч Хонгодор овогт Батхуягийн Бямбанямыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”

мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Быг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж заасан нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.  

 

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолоор Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хүндрүүлэх шинжийг тусгаагүй нь зөрүүтэй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би найзыгаа гэмтээсэндээ үнэхээр их харамсаж байна. Оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг тул анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэй орсон. Прокурорын зүгээс ялыг хүндрүүлэх санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь, хүндрүүлэн зүйлчлэх ямар шалтгаан байгаа юм бэ. Зэвсэг хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна. Прокурор А.Баясгаланд өөрөө эсэргүүцэл бичих цаг, хугацаа байсан. Гэтэл прокурор Г.Билгүүжин өмнөөс нь эсэргүүцэл бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Хохирогч Н.Тэмүүжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны 52 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ маргааны улмаас ахуйн хэрэглээний эвхэгддэг хутгаар Н.Тэмүүжингийн хэвлий тус газарт хутгалж, хэвлийн хөндий нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хурц цус алдалт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:  

 

хохирогч Н.Тэмүүжингийн “...Б.Б гэртээ байсан шүүгээнээс хутга хайгаад байсан. ...Б.Б эхлээд шүүгээнээс нэг заазуур авсан, тэрийг нь Б.Даваасүрэн салгаад хаяулсан бөгөөд би Б.Быг дахиад хутга авсан гэж бодолгүй дөхөөд очтол бид хоёрын дундуур Б.Даваасүрэн ороод Б.Быг хориглох үед Б.Б баруун гартаа барьсан жижигхэн эвхэгддэг, бор иштэй хутгаар миний хэвлийн зүүн хэсэг орчим нэг удаа хутгалчихсан. ...”  /хх 31-32/,

 

гэрч Х.Долгорын: “...Н.Тэмүүжин Б.Б нар хоорондоо маргалдаж, Б.Б нь Тэмүүжинг шургуулганд байсан эвхэгддэг тонгорог хутгыг авч гэдсэнд нь нэг удаа хутгалсан. ...Тухайн үед Н.Тэмүүжин нь найз охин Б.Даваасүрэнтэйгээ бага зэрэг ам мурийсан. Гэтэл Тэмүүжин Даваасүрэнд “чи намайг өмнөх хүмүүс шигээ битгий зүйрлээд байгаарай” гэх зэрэг зүйл хэлсэн. Тэгтэл түүний төрсөн дүү Ням нь “эгчийг маань юу гээд байгаа юм бэ” гээд маргасан. Эхлээд Бямбаням Тэмүүжинг заамдаад авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдсон...” /хх 7-8/,

 

гэрч Б.Даваасүрэнгийн: “...Бямбаням шүүгээнд байсан заазуур авахаар нь би заазуурыг нь цохиж унагаад хөлөөрөө дараад байтал заазуурны цаана байсан жижигхэн бор өнгийн бариултай, бариулан дээрээ дарж нээдэг хутга гартаа барьсан байсан. Тэгээд тэр хутгаа нээх гээд хоёр тийш нь салгануулаад байсан бөгөөд би булаагаад авах гэсэн боловч гартаа барьсан хутгаа салгануулаад байсан болохоор нь нээхээр нь булааж авъя гэж бодоод харж байтал манай дүү гартаа барьсан хутгаа нээсэн. Тэр үед нь Тэмүүжин бид хоёр дүүгийн хутга барьсан гарнаас бариад зогсож байхад Тэмүүжин гараа тавьчихсан юм шиг байгаа юм. Тэр үед манай дүү намайг түлхээд Тэмүүжин рүү нэг удаа хатгах шиг болсон бөгөөд би арай хүрээгүй байх гэж бодсон чинь Тэмүүжин гэдэснийхээ зүүн тал руу дарж үзээд цус гарсан болохоор гэрээс гараад явсан. ...” /хх 13-14/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 639 дугаартай “Н.Тэмүүжингийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн цадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх 45/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /хх 18/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /хх 19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Б.Бын хохирогч Н.Тэмүүжингийн хэвлий тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд “...хэвлийн хөндийн нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хурц цус алдалт...” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...зэвсэг ... хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.   

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Бд холбогдох эрүүгийн 1905049860045 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Б.Бын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Прокурор Г.Билгүүжингийн бичсэн “...шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Шүүгдэгч Хонгодор овогт Батхуягийн Бямбанямыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж түүний үйлдсэн гэмт хэргийн зэвсэг хэрэглэсэн болохыг заагаагүйг зөвтгөсөн зохих өөрчлөлтийг хийлгүүлэх...” эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хангаж, энэ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг хэргийн бодит байдалд нийцүүлж дүгнэлт хийсэн байх тул энэхүү өөрчлөлтийг хийхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Хонгодор овогт Батхуягийн Бямбанямыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцосугай...” гэснийг “...Шүүгдэгч Хонгодор овогт Батхуягийн Бямбанямыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ      

                      ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ