Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар Зүүн богинын аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.28 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/113 тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан. Маргаан бүхий тушаалыг 06 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан. Тус тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн гарсан байдаг. Мөн Засгийн газар болон сайдаас баталсан дүрэм журамд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байсан. Манай компани тухайн газарт ямар нэгэн хориглосон үйл ажиллагаа явуулж, зөрчил гаргаагүй бөгөөд удаа дараа зөрчил гаргасан гэсэн зүйл тогтоогдоогүй. Үйл ажиллагаагаа эрхлэх гэж байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 04 дүгээр сарын 06-ны өдрийн 432 дугаар мэдэгдэлд хориглосон үйл ажиллагааны талаар дурдаад газар ашиглах эрх олгосон нь хор хохирол учруулах эрсдэлтэй байгаа тул газар ашиглах эрх цуцлах талаар дурдсан байна. Ийнхүү хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байхад ирээдүйд явуулах мэтээр урьдчилж дүгнэж, цуцалж байгааг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Манайх хаягаа мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь яамнаас явуулсан мэдэгдлүүд нь сонсох ажиллагаа байсан. Тухайн актыг мэдэгдсэн асуудал биш. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хаягаа мэдэгдээгүйгээс болж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт ...Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасан байдаг. Хариуцагчийн зүгээс хэвлэл мэдээллээр мэдээлсэн зүйл байхгүй. Үүнтэй холбоотой баримт ч авагдаагүй. Тиймээс манайх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичгээр тухайн актыг 06 дугаар сарын 18-ны өдөр компанийн төлөөлөгч н.Анхбаяр очиж авсан гэсэн баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөх шүүх хуралдаан дээр тайлбараа тодорхой хэлсэн. Усны тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, Хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан журам зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Шүүхийн үзлэгээр Туул голын эрэг дээр байгаа нь тогтоогдсон бөгөөд Байгаль орчны яамнаас гаргасан зургаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолын хязгаарлалтын бүсэд орсон нь тогтоогддог. Хуулийн дагуу цуцалсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна.

Ундны усны эх үүсвэрт орсон байгаа газрыг ашиглахыг хуулиараа хориглосон. Бид хуулийн дагуу ажиллагаа хийсэн. Байгаль орчны үнэлгээ хийгээд тухайн газарт аялал жуулчлалын явуулж болох, болохгүй эрсдэлтэй эсэх талаар үнэлгээ хийлгэдэг. Нэхэмжлэгчийн хувьд тэр үнэлгээг хийлгээгүй. Хуулиараа хориглосон зүйлийг бид яаж ч чадахгүй. Хуулийн дагуу ашиглах эрхийг цуцалсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А-222 дугаар тушаалаар[1] М******* ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр Зүүн богины аманд 0.28 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/104 дүгээр[2] гэрчилгээ олгожээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот саналыг тус тус үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх ба /хавсралтын 11-д/[3] М******* ХХК, Залаатын зүүн богины ам, 1,3 га газар гэжээ.

Маргаан бүхий актад нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан 0.28 га газрын хэмжээг 1.3 га гэж заасан талаар хэргийн оролцогчдын зүгээс техникийн алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч М******* ХХК нь маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий актад дурдсан хориглосон үйл ажиллагааг манай компани явуулаагүй, зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, төслөө хэрэгжүүлж эхлээгүй, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байхад хуульд заасан үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар тайлбарладаг ба, харин хариуцагчийн зүгээс ...тус компанид аялал жуулчлалын зориулалтаар олгосон 0.28 га газар нь Усны тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж олгогдсон, усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх эрсдэлтэй, иймээс хуульд нийцүүлэн ашиглах эрхийг дуусгавар болгосон гэх агуулгаар нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа гэх 12 дугаар зүйлийн 1-д газар хагалах, ухах, ... элс хайрга чулуу авах, ... хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх 12 дугаар зүйлийн 5-д энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга, байгууламж барих, 6-д хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах-ыг тус тус хориглоно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж;

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, ... хориглоно, 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах ... зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтооно гэж заасан ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, 3.1.10-т эрүүл ахуйн бүс гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг тус тус ойлгохоор хуульчлан томьёолжээ.

Усны тухай хуулийн 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж, мөн зүйлийн 22.4-т Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж заасанд нийцүүлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.5-д Энгийн хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 2.5.1-д усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд ..., 2.5.2-т улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд, 2.8.2-т хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно гэж тус тус заасан ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холболдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор явуулсан үзлэгээр[4] нэхэмжлэгч М******* ХХК-ийн ашиглах эрхтэй байсан 0.28 га газар нь Туул голоос 20 метрийн зайд /Туул голоос газрын баруун хойд цэг хүртэл 20 метр, газрын баруун хойд цэгээс уулын зам хүртэл 54 метр/ байрлаж байгаа, уг газарт барилга байгууламж баригдаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчдын зүгээс маргаагүй болно.

Дээрхээс дүгнэвэл М******* ХХК-ийн ашиглах эрхтэй байсан 0.28 га газар нь Усны тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-аар 50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд, 100 метрээс доошгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн бүсэд, 200 метрээс доошгүй зайд байхаар тогтоосон энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрлаж байгаа, түүнчлэн хуулиар барилга байгууламж барихыг хориглосон уг хязгаарлалтын бүсэд Байгаль-Төгөл жуулчны баазыг байгуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа буюу хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахаар төлөвлөсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Байгаль-Төгөл жуулчны баазын төслийн баримт бичгээр[5] тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газар нь анхнаасаа аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгогдох боломжгүй байх тул хариуцагчийн зүгээс ...усны нөөцийг бохирдож хомсдох, ... дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчигдөхөөс сэргийлэн.. нэхэмжлэгч М******* ХХК-ийн 0.28 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа-г явуулах, ингэхдээ тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцуулах, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулсан байхаар заажээ.

Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй, учир нь маргаан бүхий захиргааны акт нь дээрх байдлаар хууль зөрчөөгүй, харин ч хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэхүү байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаал нь дээрх дурдсан холбогдох хуулийн заалтуудад нийцсэн бөгөөд уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу ...газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй... гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар

зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 114, 118-р хуудас

[2]. Хавтаст хэргийн 44-р хуудас

[3] Хавтаст хэргийн 53-55-р хуудас

[4] Хавтаст хэргийн 140-146-р хуудас

[5] Хавтаст хэргийн 33-41-р хуудас