| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2026/0173/З |
| Дугаар | 221/МА2026/0589 |
| Огноо | 2026-08-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0589
Д.Дгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Д,
Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор,
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг актын улмаас учирсан хохирол болох 3 сарын хугацаанд үндсэн цалингаас суутгасан 1,414,285.92 төгрөг, 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллаас хассан 1,354,680 төгрөг, нийт 2,768,965.92 төгрөгийг гаргуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0646 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр.
Хэргийн индекс: 128/2026/0173/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д-гээс Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан анх “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг актын улмаас учирсан хохирол болох 3 сарын хугацаанд үндсэн цалингаас суутгасан 1,414,285.92 төгрөг, 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллаас хассан 1,354,680 төгрөг, нийт 2,768,965.92 төгрөгийг гаргуулах” гэж нэмж, өөрчлөн тодорхойлсон.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0646 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Д.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/373 дугаартай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 3 сарын хугацаанд албан тушаалын цалингаас суутгасан 1,414,285.92 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун наян таван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, үлдэх шаардлага болох Б/373 дугаартай тушаалыг үндэслэн 2026 оны 1-р улирлын үр дүнгийн урамшууллаас хассан 1,354,680.00 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль бус болсон.
3.2. Төрийн аудитын үйл ажиллагааг зөвхөн Төрийн аудитын тухай хуулиар зохицуулдаг. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар тогтооно гэж заасан. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д төрийн аудитын байгууллагын албан хаагч нь төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж зохицуулсан. Түүнчлэн Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, тухайлбал 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "хууль өөрөөр заагаагүй бол" гэж заасан. Харин Төрийн аудитын тухай хуулийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн найруулж баталсан бөгөөд төрийн аудитын байгууллагын албан хаагчийн хараат бус, бие даасан, зарчимч үйл ажиллагаа явуулах эдийн засаг, нийгмийн баталгааг хангахын зэрэгцээ хариуцлага, ёс зүйн асуудлыг тусгайлан зохицуулсан. Иймээс төрийн аудитын байгууллагын албан хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд ёс зүйн дүрмийг мөрдөх үүргийг мөн тусгайлан хуульчилсан.Гэтэл Захиргааны анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
3.3 Анхан шатны шүүх Төрийн аудитын байгууллагын ёс зүйн дэд хорооr Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн ёс зүйн зөрчлийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн боловч тухайн хугацаа хэтэрсэн нь нэхэмжлэгчийн эрхийг бодитоор хэрхэн зөрчсөн талаар огт дүгнэлт хийгээгүй. Мөн Төрийн аудитын байгууллагын ёс зүйн дэд хорооны дүгнэлт, тайлбар, нүүрэлдүүлсэн мэдүүлэг, хуралдааны тэмдэглэлийг бүхэлд нь үнэлэлгүй, зөвхөн гэрч Х.Гын мэдүүлгийг үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Гаас Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “…Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/А/1270470 тоот төлбөр барагдуулах актыг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Төрийн аудитын газрын удирдлагууд болох Р.М, Т.О нарын ёс зүй, харилцаа, хандлагад анхаарч цаашид бусад байгууллагын дарга, нягтлангуудтай зөв боловсон харьцах ёс зүйтэй байх, тус газрын аудиторуудад хууль, журмыг нэг мөр ойлгож нэгдсэн нэг эрх зүйн акт гаргах тал дээр анхаарч өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.
3.2. Гомдлын дагуу Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хороо хянан шалгах ажиллагааг явуулж, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтээр “...Дундговь аймаг дахь ТАГ-ын аудитор Д.Д нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа зохисгүй байдал гаргаж Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Гд өөрийнхөө даргыг Р.М дарга руу яриулж асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан нь албан харилцааны ёс зүйг сахиагүй, албаны нэр хүндэд харшлах үйлдэл гаргаж, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь нотлох зүйлээр батлагдаж байгаа тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан ёс зүйн нийтлэг шаардлагуудыг тус тус зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн.
3.3. Улмаар дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Дд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
3.4. Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлт болон тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 128/ШЗ2026/1099 дүгээр захирамжаар “Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот дүгнэлтийн Д.Дд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай Д.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага “...тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох; Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох 3 сарын хугацаанд үндсэн цалингаас суутгасан 1,414,285.92 төгрөг болон Б/373 дугаар тушаалыг үндэслэн 1-р улирлын үр дүнгийн урамшууллаас хассан 1,354,680 төгрөг нийт 2,768,965.92 төгрөгийг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн тул тус өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно хэмээн тодорхойлсон.
Тус хуульд зааснаар шүүхээс үзүүлэх эрх зүйн хамгаалалт нь нэхэмжлэгчээс мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан журмын дагуу тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд, маргаан бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь эрх зүйн хэм хэмжээ болон бодит байдалд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан үзэж, 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шийдвэрийг аль тохирохыг гаргах замаар хэрэгжих бөгөөд үр нөлөөтэй /хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор хамгаалсан, шударга ёсыг сэргээх тогтоосон/ байх ёстой.
5. Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон ч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 128/ШЗ2026/1099 дүгээр захирамжаар нэхэмжлэгчээс Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “...Хэдийгээр Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот дүгнэлтийг маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий аудитор С.Мгийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай Д.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд үндэслэсэн байх боловч тус дүгнэлтийг бие даасан захиргааны акт гэж дүгнэх боломжгүй …нэхэмжлэгч нь ... тушаалтай маргах явцдаа дээрх дүгнэлт нь хуульд нийцсэн эсэх талаар шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд мэтгэлцэх, тайлбарлах эрхтэй” хэмээн дүгнэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба энэхүү үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлээгүйгээс шийдвэрийн үндсэн дээр бий болсон эрх зүйн хамгаалалт үр нөлөөтэй болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тус хуулиар тусгайлан зохицуулж байна.
Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.3-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж энэ хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг” ойлгоно хэмээн тодорхойлж,
Ёс зүйн дэд хорооны бүрэн эрхийг 13 дугаар зүйлийн 13.3.1-т “энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах” хэмээн,
томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон ёс зүйн шийтгэлтэйд тооцох хугацааг 16 дугаар зүйлийн 16.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна: гээд 16.1.1-д “гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;”, 16.1.2-д “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;”, 16.1.3-д “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;”, 16.1.4-т “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах”, 16.6-д “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно” хэмээн тогтоосон бөгөөд хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” хэмээн тусгайлан заасан.
7. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий аудиторын маргаан бүхий тушаал хуульд нийцээгүй буюу хууль бус байсан болохыг үндэслэлтэй зөв тогтоож,
маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Ёс зүйн дэд хорооны дүгнэлт процедурын хувьд алдаатай буюу Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Гын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Р.М, менежер Т.О нарт холбогдуулан гаргаснаас бус аудитор Д.Дд холбогдуулан гаргаагүй. Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлүүдэд нотлох баримтаар үнэлэх шаардлага хангаагүй болон Ёс зүйн дэд хороо гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн зэрэг үйл баримтыг хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэсэн ч Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар дүгнэлт “хүчин төгөлдөр” байгаа.
Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий үйл баримттай холбогдуулан “шүүхээр хамгаалуулах, сэргээн тогтоолгох ашиг сонирхол байгаа болохоо” илэрхийлэн маргаж буй энэ тохиолдолд маргаан бүхий Ерөнхий аудиторын тушаалыг хууль бус байсан болохыг тогтоосон нь нэхэмжлэгчид үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалт болж бүрэн чадахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч өөрийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх нөхцөл байдлыг дахин нягтлан, эрх зүйн зөрчилтэй Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн гарсан хууль бус тушаалаа нэхэмжлэгчийн эрхийг бүрэн сэргээсэн агуулгаар дахин гаргах хүртэл 1 сарын хугацаанд маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0646 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 1 сарын хугацааг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА