Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00781

 

2020 оны 03 сарын 31 өдөр          Дугаар 183/ШШ2020/00781          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00-р хороо, 0 хэсэг, Блуй скай 00а байр, 00 тоотод оршин суух, Б овогт Ч.Б, /РД:ХЗ00000000/,

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00-р хороо, 0 хэсэг, Блуй скай 00а байр, 00 тоотод оршин суух, Т овогт Д. А /РД:ХН00000000/-нарын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0 өөрийн байранд байрлах, Н. Ш. Ш. Г.Г холбогдох,

          Хан-уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж 00А дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 148,4м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 тоот дугаартай 4 өрөө орон сууцыг Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ, цэнийг 336,917,490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлалгүй дүгнэлт гаргасан. Хан-уул дүүрэг, 00-р хороо, 0 дугаар хэсэг, Блуй Скай 00а байр, 00 тоот хаягт байрлах, 148 А м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 144 тоот гэрээгээр м.кв-ийн үнийг нь 1350 ам.доллараар тооцон 216,340 ам.доллар төлөн нэхэмжлэгч нар худалдан авсан. Орон сууцны чанар үнэлгээ муудаагүй, байршил сайтай, цэвэр агаартай, орчин тойрны тохижилт, сайтай аюулгүй байдал хангагдсан, үнэ цэнэ нь буураагүй ба 216,340 доллар нь өнөөдрийн ханшаар 592,771,600 төгрөгийн үнэтэй тул орон сууцыг 336,917,490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 онь 4 дүгээр сарын 27-ны өдөр үүсэж шүүхийн шийдвэрт заасан төлбөр барагдуулах хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ч.Б, Д.А нарт удаа дараа гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй. Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар орон сууцны үнэлгээг тохиролцож чадаагүй тул "Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хуульд заасан ажиллагааг хийсэн. Хан-уул дүүрэг, 00-р хороо, 0 дугаар хэсэг, Блуй Скай 00а байр, 00 тоот хаягт байрлах, 148А м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 336,917,490 төгрөг гэж шинжээч үнэлсэн. Нэхэмжлэгч Ч.Б, Д.Анар нь төлбөрийг барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Хан-уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44А дугаар байр, 22 тоот хаягт байрлах, 148,4м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 тоот дугаартай 4 өрөө орон сууцны үнэлгээг 336,917,490 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч Ч.Б, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

         Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/0000 дугаар шүүхийн шийдвэрээр Д.А, Ч.Б нараас 130,000 ам.доллар, 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Г олгохоор шийдвэрлэжээ. /хх 60-62/

         Н. Ш. Ш. Г.Г төлбөр төлөгч Д.А өмчлөлийн Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 00А дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 148,4м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 тоот дугаартай 4 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00000000/000 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор хураажээ./хх 65-68 /

         Хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4/29507 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.А, Ч.Б нарт Хан-уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж 00А дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 148,4м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-00000000 тоот дугаартай 4 өрөө орон сууцны үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдэж, шуудангаар хүргүүлжээ. /хх 69/

         Дээр дурдсан орон сууцны хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүйгээс төлбөр авагч уг орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагчид гаргасан байна. /хх 71/

           Төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Хан-уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж 00А дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 148,4м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-00000000 тоот дугаартай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх 72/

      33 дугаар тогтоолын 2-т Шинжээч .... д Шүүх шинжилгээний тухай хуулийн 9,13, дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2019 оны ... дугаар сарын ...-ны дотор гаргахыг шинжээчид даалгасугай., 3-т Шинжээч дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээчид сануулсугай гэж заасан байна./хх 73/

         Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу дээрх орон сууцны үнэлгээг тогтоох, үнэлгээний тайлан болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах эрхийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 тоот итгэмжлэлээр Г.О олгожээ. /хх 73/

       Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна., 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж хуульчилсан байна.   

        Үнэлгээчин Г овогтой О нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй болох нь 000000000 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 92/

        Гэвч хариуцагч нь үнэлгээчин буюу шинжээч Г.О дээрх орон сууцны үнэлгээг тогтоолгохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-д заасан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, харшлах шалтгаан байхгүй зэргийг тодруулж, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулалгүйгээр үнэлгээ тогтоолгуулсан ба хариуцагч Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

       Иймд Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчиж, шинжээчээр дүгнэлт гаргуулж, үнэлгээ тогтоосон шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй байх тул Хан-уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж 00А дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 148,4м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 тоот дугаартай 4 өрөө орон сууцыг Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ, цэнийг 336,917,490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангасан болно.

          Нэхэмжлэгч Д.А 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, нэхэмжлэгч Ч.Б 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тус тус А.Э итгэмжлэл олгосон /хх 6,7/, хариуцагч Н. Ш. Ш. Г.Г 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Б /хх 48/, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б.З /хх 58/ тус тус итгэмжлэл олгосон байна.

            Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн хувийг 2020 оны 2 дугаар сарын 11-нд гардуулж /хх 49/, хэргийн оролцогчдод эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тус тус тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэж /хх 50,51,111,112/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан болно.

           Нэхэмжлэгч Д.А өмгөөлөгч Г.Г хууль зүйн туслалцаа авахаар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 10.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Г... өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй... гэх хүсэлтийг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э... өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ... гэх хүсэлтийг тус шүүх хуралдаанд гаргаж байх тул шүүх тэдгээрийн хүсэлтээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж 00А дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 148,4м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 тоот дугаартай 4 өрөө орон сууцыг Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ, цэнийг 336,917,490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                   Ц.ОЮУНБИЛЭГ