| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
2024 01 09 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч А.Дэлгэрмөнх,
Шүүгдэгч Н.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн 2311 00000 1610 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Н.Э, 2001 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ..... эмнэлэгт засварчин ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүтэй, найз охины хамт Чингэлтэй дүүрэг 9 хороо .........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:Й..................../,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тойрог орчимд иргэн Т.Ныг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, цээжинд зулгаралт , баруун доод зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт, доод уруулийн салстад язарсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Өмнө нь ярьсан зүйл үнэн, нэмж ярих зүйлгүй..” гэсэн бол мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Б.Д, Ч.Д гэх 2 найзтайгаа Минт бааранд ороод бид хэд 6-7 шилтэй сэнгүр пиво аваад би тэрнээс 3 шил пиво уусан ба 3 дахь нь арай дуусаагүй үлдсэн. Тэгээд бид 3 Баянбүрдийн тойргоос ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаад М клонкын орчимд 2 залуу таараад нэг нь Б.Дтай нэг залуу нь мөрлөөд гал байна уу гэж асуусан. Тэгээд би гал асаах гэж өгсөн чинь гал нь асахгүй байхаар нь толгой хагархай залуугых нь халаасанд хийж өгсөн чинь тухайн залуу “Муусайн оюутнууд гэх утгатай үг хэлсэн” тэгэхээр нь би тэр залууг нь цамцнаас нь барьж байгаад доош дараад унагаагаад тэндээс нь холдоод байж байсан чинь тэр залуу (П) нь цамцаа тайлаад байсан ба тэр үед нь Б.Д очсон чинь шууд нүүр лүү нь 2 цохиод цаашаа яваад газраас хэдэн чулуу аваад шидээд байсан. Тэгээд Б.Д уурлаад тэр залуугийн араас хөөсөн ба Ч.Д араас нь яваад холдчихсон байсан тул би тэнд болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Харин нөгөө хар куртиктэй(Н) нь надтай хамт үлдсэн. Тэр залуу “Одоо ингээд больцгоочихвол яаасы” гэхээр нь би нүүр лүү нь мөргөсөн чинь тэр залуу газар суусан..” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
Хохирогч Т.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед П гэх найзтайгаа уулзаад бид 2 их бүрд нэртэй караокед найз бид хоёр 4, 4 лааз пиав уусан. Тэгээд бид 2 Баянбүрдийн тойргоос ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаад М клонкын гадаа тамхи асаах гэсэн боловч гал байхгүй байсан тул замд таарсан 3 залуутай таараад гал асуусан чинь “Нэг залуу нь бид нар та нарт гал өгдөг хэн бэ” гээд галаа шидчихсэн байна. Би тэр үед нь “Жоохон хүүхдүүд байна болъё” гээд галыг нь аваад тамхиа асаагаад байж байсан чинь тухайн гурван залуугийн өндөр нь манай найзыг давхар ачаад унагаасан ба босож ирээд манай найз зугтаагаад явчихсан. Араас нь манай найзыг 2 нь хөөгөөд Баянбүрдээс Гандан хоёрын хооронд тэгээд нэг намхан залуу нь найздаа гомдоорой гээд миний шүд рүү мөргөхөд нь унасан...Э гэдэг залуу нь намайг нэг удаа мөргөж миний биед гэмтэл учруулсан. Өөрөөр бол миний биед халдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-3-5/,
Гэрч Ш.Паас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Эргээд харсан чинь манай найз Н газраас арай хийн босож байгаа харагдсан. Би яг хэн нь Ныг цохисон гэдгийг яг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хх-8-9/,
Гэрч Б.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хар куртиктай залуу (Н) нь одоо хэдүүлээ болъё гээд байж байсан чинь нөгөө залуу (П) нь хувцасаа тайлаад байхаар нь би очсон чинь намайг нүүр лүү 3 цохиод газраас чулуу аваад шидээд миний толгойг хагалсан. Ч.Д тухайн залууг араас нь хөөгөөд хойноос өшиглөж унагаад би дээрээс нь 2-3 удаа нуруу руу нь цохисон. Харин тэр үед хар куртиктай залуу нь ард Этай үлдсэн байсан ба яасныг нь мэдэхгүй байна. Харин тэр хар куртиктай залууд нь би огт гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-10-11/,
Гэрч Ч.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16-17/ “...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Б.Д, Н.Э гэх 2 найзтайгаа Минт бааранд ороод бид хэд 8 шилтэй сэнгүр пиав аваад би тэрнээс 3 шил пиав уусан. Тэгээд бид 3 Баянбүрдийн тойргоос ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаад М клонкын орчимд 2 залуу таараад нэг нь Б.Дтай нэг залуу нь мөрлөөд гал байна уу гэж асуусан. Тэгээд Э гал асааж өгөх гэж байсан чинь гал нь асахгүй байхаар нь ьолгой хагархай залуугых нь халаасанд хийж өгсөн чинь тухайн залуу “Муусайн оюутнууд гэх утгатай үг хэлсэн” тэгэхээр нь Э тэр залууг нь барьж байгаад татаад унагаасан чинь унасан залуу (П) нь Б.Дыг толгой уу нь 2-3 удаа цохиод нөгөө цуг явсан найзыгаа наашир гэж дуудаж байгаад газраас чулуу аваад бид 3 руу шидсэн ба тэр чулуу нь Б.Дыг оносон байсан. Тэгээд Б.Д бид 2 араас нь хөөгөөд би араас нь дэгээдэж унагаасан..” гэсэн мэдүүлэг, /хх-16-17/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13578 дугаар шинжээчийн дүгнэлтэл: “..Т.Нын биед баруун хацар, цээжинд зулгаралт , баруун доод зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт, доод уруулийн салстад язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-18-20/, шүүгдэгч Н.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Э нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Эын нь дээрхи үйлдлийн улмаас Т.Нын биед баруун хацар, цээжинд зулгаралт, баруун доод зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд цус хуралт, доод уруулийн салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Эын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Э нь 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Т.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч Н.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР