Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02730

 

2020 10 09 183/ШШ2020/02730

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ........... барилгад байрлах Ө ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг ............... тоотод байрлах З ХХК /РД:000000/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 256 168 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З ХХК нь Хан-Уул дүүргийн ........ D блокийн 1,2 давхрын 1007.2 м.кв талбайг нийт 1.208.640 ам доллароор худалдан авахаар захиалж 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг манай компанитай байгуулсан. Энэхүү гэрээний 4.1-т захиалагчийн орон сууцны үнийг төлөх үе шатыг тодорхой заасан боловч хариуцагч З ХХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөлд улмаар манай компанид төлөх ёстой гэрээний үлдэгдэл төлбөрөөс зарим хэсгийг өмнө нь манай компанийн захирлаар ажиллаж байсан Н.Тд бэлнээр өгсөн гэх баримт нотолгоогүй, үндэслэлгүй худал тайлбарыг бидэнд ирүүлсэн юм. Тодруулбал хариуцагч З ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн 19/114 тоот албан бичигт дурдсанаар тус компани нь 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан OST10D1 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Хан-Уул дүүрэг................ хотхоны D блок, 1,2 дугаар давхруудын нийт 1006.12 м.кв талбайг нийт 1.208.640 ам доллар гэрээний төлбөртэй түлхүүр гардуулах нөхцөлөөр байгуулсан байдаг. Тооцоо үлдэгдлийн баталгааг үндэслэн 2016.12.13-ны байдлаар үлдэгдэл 275.020.11 ам долларын өглөгтэй, 2017.08.09-ны байдлаар 234.173.11 ам долларын өглөгтэй хөөрөг, 50.000 ам долларыг бэлнээр тус тус өгсөн байдаг гэж үндэслэлгүй, баримт нотолгоогүй тайлбарыг бидэнд ирүүлсэн юм. Хэдийгээр З ХХК-ийн зүгээс дээрх 40.000 ам долларыг бартераар хөөрөг, 50.000 долларыг бэлнээр гэрээний төлбөрт өгсөн гэх боловч энэ талаарх санхүүгийн бүртгэл болон холбогдох баримт манай компанид байхгүй байна. Бид энэ талаар З ХХК-ийн зүгээс албан бичгээр мэдэгдэж, дээрх төлбөрийг төлсөн талаарх баримтыг эх хувиар нь ирүүлэхийг шаардсан боловч холбогдох баримт, нотолгоог ирүүлэхгүй юм. Нөгөөтэйгүүр н.Т нь 2015 оны 06 сард гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд аливаа төлбөр компанийн нэрийн өмнөөс бусдаас авах эрхгүй юм. З ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрт 40.000 ам долларт бартераар хөөрөг, 50.000 ам долларыг бэлнээр өгсөн гэх боловч энэ талаарх санхүүгийн бүртгэл манай компанид байхгүй, хариуцагч З ХХК-ийн зүгээс холбогдох баримт, нотолгоог ирүүлээгүй тул гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч З ХХК-аас гэрээний төлбөрт 90.000 ам доллар буюу Монгол банкны 2020.08.10-ны өдрийн ам долларын ханш 1 ам доллар 2.846,32 төгрөг байх тул 2.846,32*90.000=256.168.800 төгрөгийг гаргуулж манай компанид олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч З ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай З ХХКомпани нь Ө ХХКомпанитай 2010 оны 11 сарын 03-ны өдөр ОЗТ10Э1 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус компанийн гүйцэтгэж буй Хан-Уул дүүргийн ........... хотхоны барилгын D блокны 1, 2 дугаар давхрын тус бүр 503.6 мкв нийт 1007.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцны барилгын захиалагч болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш манай З ХХКомпанийн зүгээс 2010 оны 11 сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тодруулбал: Талуудын дунд байгуулагдсан 05ТЮ01 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний нийт үнийн дүн 1.208.640 ам доллар бөгөөд манай компанийн зүгээс: 2010 оны 11 сарын 03-ны өдөр 150.000 доллар буюу 192.300.000 төгрөг, 2010 оны 11 сарын 04-ны өдөр 100.000 доллар буюу 128.050.000 төгрөг, 2010 оны 11 сарын 25-ны өдөр 100.000 доллар буюу 124.840.000 төгрөг, 2010 оны 12 сарын 07-ны өдөр 82.307.31 доллар буюу 100.000.000 төгрөг, 2010 оны 12 сарын 07-ны өдөр 123.460.97 доллар буюу 150.000.000 төгрөг, 2010 оны 12 сарын 07-ны өдөр 48.511.72 доллар буюу 58.988.350 төгрөг, 2013 оны 08 сарын 28-ны өдөр 200.000 доллар буюу 318.000.000 төгрөг, 2014 оны 09 сарын 27-ны өдөр 50.000 доллар буюу 92.728.000 төгрөг, 2014 оны 10 сарын 13-ны өдөр 54.179.69 доллар буюу 100.000.000 төгрөг, 2015 оны 10 сарын 29-ны өдөр 25.120.20 доллар буюу 50.000.000 төгрөг, 2017 оны 08 сарын 09-ны өдөр 234.173.11 доллар буюу 156.325.650 төгрөг, 2017 оны 09 сарын 05-ны өдөр 40.847 доллар буюу 100.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд төлбөр төлөгдсөн дээрх байдлыг Ө ХХКомпанийн санхүүгийн баримтаас тодруулан харж болно. Үлдэгдэл төлбөрийн талаар талууд тухай бүр харилцан тохиролцож санхүүгийн акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулж ирсэн бөгөөд төлбөрийн тооцоолол дээр гарах маргаан байхгүй. Гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөлөөс гадуур Ө ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.Т нь үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцуулахаар шүрэн толгойтой, цагаан хаш хөөргийг 40.000 ам долларт тооцон З ХХКомпаниас хүлээн авсан бөгөөд мөн 50.000 ам долларыг бэлнээр гардаж авсан. Талууд 2017 оны 08 сарын 10-ны өдөр №17/0810-01 дугаартай Гэрээний нэмэлт, өөрчлөлт хийх гэрээг тодотгон байгуулж, талуудын дунд байгуулсан 05ТЮ01 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээг дүгнэж дуусгавар болгосон. 2017 оны 08 сарын 10-ны өдрийн №17/0810-01 дугаартай Гэрээний нэмэлт, өөрчлөлт хийх гэрээ-нд талуудын зүгээс компанийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдүүд оролцож баталгаажуулсан бөгөөд тухайн нэмэлт өөрчлөлтөөр З ХХКомпанийн зүгээс Ө ХХКомпанид гэрээний үүрэгт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг төлж, барилгын үлдэгдэл дотоод заслын ажлыг З ХХКомпани хариуцан гүйцэтгэж дуусгахаар тохиролцсон. Гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу З ХХКомпанийн зүгээс 2017 оны 09 сарын 05-ны өдөр Ө ХХКомпанийн санхүүгийн албанд 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг бэлнээр төлж хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх төлбөрийг төлж барагдуулснаар талуудын дунд байгуулагдсан гэрээний эрх, үүрэгтэй холбогдох харилцаа дуусгавар болсон. Дээрх байдлыг тодруулан тайлбарлаж талуудын дунд байгуулагдсан 05ТЮ01 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-нд заасан үүргийн дагуу гэрээний зүйл болох ............ хотхоны D блокны 1, 2 дугаар давхрын тус бүр 503.6 м.кв нийт 1007.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг З ХХКомпанид шилжүүлж өгөхийг Ө ХХКомпаниас удаа дараа хүсэж шаардсан боловч хүлээн авч шийдвэрлэж өгөлгүй орхигдуулсаар ирсэн. Хэрэгт авагдсан гэрээний нэмэлт өөрчлөлт болон санхүүгийн баримтуудаас үзэхэд Ө ХХКомпани нь талуудын дунд байгуулагдсан 05ТЮ01 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.2 дахь хэсэгт заасан ...Гэрээний зүйл орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх... нөхцөл байдал хангалттай тогтоогдож, гэрээг талууд дүгнэж, захиалагч тал орон сууцны төлбөрийг №17/0810-10 дугаартай Гэрээний нэмэлт, өөрчлөлт хийх гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан байдаг. Дээрх нөхцөл байдлын дагуу З ХХКомпанийн зүгээс 2020 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Хан-Уул дүүргийн ............. хотхоны барилгын D блокны 1, 2 дугаар давхрын тус бүр 503.6 м.кв, нийт 1007.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч З ХХКомпанид шилжүүлэхийг, мөн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч З ХХКомпанийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Ө ХХКомпанид тус тус даалгаж өгнө үү... гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд Ө ХХКомпанийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч шаардлагыг хүлээн авч эвлэрэх санал гаргасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 181/ШШ2020/01387 дугаартай Зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тухай захирамж гарч талуудын дунд үүссэн маргаан бүхий бүхий асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт Нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай байна. Нэхэмжлэгч Ө ХХКомпанийн зүгээс гэрээний үүрэгт нэхэмжилж буй 256.168.800 төгрөгийг хариуцагч З ХХКомпанийн зүгээс гэрээний нийт үнийн дүнд нэгтгэн бүрэн төлж барагдуулсан, төлбөрийн талаарх маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд төлбөр бүрэн төлөгдөж дуусгавар болсон талаарх үйл баримтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргадаггүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэлийн шаардлага илтэд үндэслэлгүй болох нь тодорхой харагдана гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нь 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр OST 10D1 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хөлсөнд 90 000 ам долларыг хариуцагч төлөөгүй байгаа талаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмждэг бол хариуцагч талаас ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж мэтгэлцдэг.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З ХХК нь Ө ХХК -тай 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр OST 10D1 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд зааснаар гүйцэтгэгч Хан-Уул дүүргийн ............ хотхоны D блокын 1, 2 давхрын 1007,2 метр квадрат талбай бүхий барилгыг 2013 оны 1 дүгээр улиралд барьж дуусгахаар, захиалагч тал ажлын хөлсөнд 1 208 640 ам доллар төлөхөөр тохиролцжээ.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дуусган гүйцэтгэсэн болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2014/379 тоот актаар тус тогтоогдож байна.

Улмаар талууд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 17/0810-01 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 100 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан дүгнэж, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчаас 100 000 000 төгрөгийг төлсөн байгаа нь 3266 дугаартай Ө ХХК-ийн орлогын баримтын тасалбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал эдгээр баримтуудтай маргадаггүй.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасны дагуу ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Гэвч ажлын хөлсний үлдэгдлийг дүгнэсэн гэрээний нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан төлбөрийн үлдэгдэл 100 000 000 төгрөг төлөгдсөн байх тул З ХХК-ийг үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 181/ШШ2020/01387 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Зохигчд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ө ХХК нь Хан-Уул дүүргийн ......... D блокын 1, 2 давхрын 1007,2 метр квадрат талбай бүхий барилгын өмчлөх эрхийг З ХХК-д шилжүүлэхийг, мөн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарган өгөх үүргийг, З ХХК нь гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн .......... хотхоны D блокын 1, 2 давхрын 1007,2 метр квадрат талбай бүхий барилгын ашиглалтын зардал болох 27 929 900 төгрөгийг Ө ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснөөр талууд эвлэрчээ.

Улмаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20/16 дугаартай Ө ХХК-ийн Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт явуулсан ...гэрээний үүрэг биелэгдэж, төлбөр тооцоо дууссан талаар шийдвэрлэсэн тул дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг уг компанийн нэр дээр гаргаж өгнө үү гэх утга бүхий албан бичгийг үндэслэж 00000000000 дугаартай Хан-Уул дүүргийн ............. D блокын 1, 2 давхрын 1007,2 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З ХХК нь Ү-00000000 дугаарт өмчлөгчөөр бүртгэгджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 206 дугаар зүйлийн 206.1 , 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Ө ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр OST 10D1 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүрэг 256 168 800 төгрөгийг З ХХК-иас гаргуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 439 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          О. ЧУЛУУНЧИМЭГ