| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 110/2026/0037/З |
| Дугаар | 221/МА2026/0618 |
| Огноо | 2026-09-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0618
Т.Еын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0076 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Е
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хх дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: Б.Ж
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Е.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө
Хэргийн индекс: 110/2026/0037/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0076 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Еын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хх дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 02 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээд Б.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлаж, санал хураалтын олонхын хувийг тооцохдоо хүчингүй саналын хуудсыг нийт оролцогчдын тоонд оруулсан алдааны тухай.
Анхан шатны шүүх маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгохдоо "Б.Жын авсан 625 санал нь хуралдаанд оролцсон 1273 иргэний 50 хувьд хүрэхгүй тул олонхын санал авсан гэх шаардлагыг хангахгүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т "Хуралд оролцсон иргэдийн... болон сонгуулийн эрх зүйн онол, Монгол Улсын шүүхийн нэгдмэл практикт "олонхын санал"-ыг тооцохдоо хүчингүй саналын хуудсыг нийт санал хураалтын дүнгээс хасаж, зөвхөн хүчинтэй саналын хуудасны тооноос хувийг тооцдог жишиг тогтсон байдаг.
Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн үзлэгээр тогтоогдсон тоон үзүүлэлтүүд
• Санал хураалтын хуудас авсан нийт иргэн: 1274 санал
• Санал хураалтаас гарсан хүчингүй саналын хуудас: 36 санал
• Нэхэмжлэгч Т.Еын авсан хүчинтэй санал: 613 санал
• Гуравдагч этгээд Б.Жын авсан хүчинтэй санал: 625 санал
Анхан шатны шүүх Нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь "олонхын санал" гэсэн ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. "...хүчингүй саналын хуудсыг нийт санал хураалтад оруулан тооцохгүй. Хүчингүй саналын хуудсыг нийт иргэдийн тоонд оруулан тооцсоноор нэр дэвшигчийн хэн аль нь олонхын санал авч чадаагүй гэх үр дагавар үүсгэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна" гэж шууд дүгнэсэн байдаг.
Иймд Б.Ж нь хуралд оролцсон иргэдийн хууль ёсны олонхын саналыг авч багийн Засаг даргад нэр дэвших шаардлагыг бүрэн хангасан байна.
2.2. Ирц бүрдүүлэлт ба өрхийн төлөөллийн квотыг буруу тайлбарлаж дүгнэсэн тухай.
Нэхэмжлэгч Т.Е нь Нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 (хуучин хуулийн заалт)-ийг үндэслэн багийн хуралдааныг "өрх бүрээс нэг төлөөлөл" оролцуулж, өрхийн төлөөллийн зарчмаар явуулах ёстой байтал нэг өрхөөс олон хүн оролцуулсан нь хууль бус гэж маргадаг. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь өрхийн төлөөллийн хатуу хязгаарлалтаас татгалзаж, иргэдийн шууд ардчиллыг дэмжсэн билээ. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар аймгийн төвийн багийн (үүнд Өлгий сумын хх дугаар баг шууд хамаарна) иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ирцийн квотыг "50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн" хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцохоор хуульчилсан.
Өлгий сумын хх дугаар баг нь 700 орчим өрхтэй гэж үзвэл хуралдааны ирц хүчин төгөлдөр байх хамгийн бага хязгаар нь ердөө 12 иргэн байна. Хэрэв томоохон багийн квот болох 5 өрх тутмаас 1 хүн гэсэн хамгийн хатуу шалгуураар бодсон ч 1200 өрхтэй тус багийн хувьд хурал хүчинтэй болох доод хязгаар нь 240 хүн байна.
Гэтэл санал хураалтад 1274 иргэн биечлэн оролцсон нь хуульд заасан ирцийн доод шаардлагыг хэд дахин давуулан биелүүлснийг баталж байна. Хууль нь ирцийн зөвхөн доод хязгаарыг л тогтоодог бөгөөд тухайн багийн бусад эрх зүйн бүрэн чадамжтай иргэдийн хуралд оролцох, санал өгөх Үндсэн хуулийн эрхийг хязгаарладаггүй. Иймд нэг өрхөөс олон гишүүн оролцсон нь ямар нэгэн процедурын зөрчил болохгүй.
2.3. Тогтоол албажуулсан процессын хууль ёсны байдлыг буруу үнэлсэн тухай.
Нэхэмжлэгч нь "хуралдааныг анх Х.Н нээж удирдсан тул тогтоолд тэрээр гарын үсэг зурах ёстой байсан, харин шинээр сонгогдсон Х.Д нь ажлаа хүлээн аваагүй байсан тул тогтоолд гарын үсэг зурсан нь хууль бус" гэж маргадаг. Энэхүү дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл болон Хурлын дотоод дэг, зохион байгуулалтын зарчимтай зөрчилдөж байна. Хуралдааны бодит үйл явц дараах хууль ёсны дарааллаар явагдсан :
1. Хуралдааныг түр даргалагч Х.Н нээж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн.
2. Хурлын эхний асуудлаар тухайн өдрийн иргэдийн Нийтийн Хурлын байнгын даргалагчаар Х.Д олонхын саналаар сонгосон.
3. Сонгогдсон мөчөөс эхлэн хуралдааныг удирдах, шийдвэрийг баталгаажуулах бүрэн эрх Х.Дад хууль ёсны дагуу шилжсэн.
4. Б.Жыг Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг шинээр сонгогдсон даргалагч Х.Д удирдаж явуулсан.
5. Маргаан бүхий 02 дугаар тогтоолыг хууль ёсны эрх бүхий этгээд болох Х.Д гарын үсэг зурж албажуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д зааснаар бичгээр гаргасан захиргааны акт нь эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байх ёстой. Хэрэв тухайн тогтоолд хурлыг даргалахаа зогсоосон Х.Н гарын үсэг зурсан бол энэ нь харин "эрх бүхий бус этгээд захиргааны актад гарын үсэг зурсан" гэх үндэслэлээр актыг хүчингүй болгох бодит эрсдэлийг үүсгэх байв. Иймд тогтоолыг Х.Д гарын үсэг зурж албажуулсан хуулийн шаардлагыг чанд сахисан үйлдэл мөн.
2.4. Оршин суугчдын бүртгэл ба санал өгөх эрхийн талаарх дүгнэлт
Нэхэмжлэгч нь "өөр багийн иргэн М.Б, С.Ал, С.Т нарыг хуралд оролцуулсан" гэж маргасан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримтыг тогтоосон:
• Иргэн С., С.Та нар нь хх дугаар багийн хууль ёсны оршин суугчид мөн бөгөөд санал өгөх эрхтэй байсан.
• Иргэн С.Т нь хурал болсон өдөр (2026 оны 02 дугаар сарын 13) Монгол Улсад байсан бөгөөд дараа нь 2026 оны 03 дугаар сарын 27-нд хилээр гарсан нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдсон.
• Өөр багийн иргэн М.Б санал хураалтад оролцсон нь хууль бус боловч шүүх өөрөө шийдвэртээ "нэг хүний санал нь нэр дэвшигчдийн авсан саналын дүнд нөлөөлөхөөргүй байна" гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.
Захиргааны эрх зүйн ерөнхий онолоор "захиргааны шийдвэрийн үр дүнд нөлөөлөхөөргүй үл ялиг алдаа” нь актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд нэг иргэний саналаар нийт 1200 гаруй иргэдийн сонголтыг хүчингүй болгох нь пропорциональ байдлын зарчимд нийцэхгүй юм.
2.5. Төрийн захиргааны байгууллагын залгамж чанар ба хууль ёсны хүлээлт.
Б.Жыг багийн Засаг даргаар томилох процесс нь БИНХ-ын тогтоолыг үндэслэн төрийн захиргааны уламжлалт хяналтын дагуу явагдсан.
• Өлгий сумын Засаг дарга Х.Болатбек хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх материалыг хүлээн авч, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт (АТГ) хүргүүлсэн.
• АТГ-аас 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05/4109 тоот бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй талаар урьдчилсан хяналтын эерэг дүгнэлтийг ирүүлсэн.
• Үүний үндсэн дээр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Б.Жыг хх дугаар багийн Засаг даргаар албан ёсоор томилсон байна.
Маргаан бүхий 02 дугаар тогтоол шүүхийн шийдвэрээр хүчингүй болоогүй, түдгэлзээгүй байх хугацаанд төрийн захиргааны байгууллагаас гаргасан Б/16 дугаар томилгооны шийдвэр нь захиргааны актын хууль ёсны байх презумпцид бүрэн нийцсэн бөгөөд үүнийг шүүх үгүйсгэсэн нь төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдлыг алдагдуулж байна.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, бодит тооцоолол болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 -д заасныг баримтлан дараах шаардлагыг гаргаж байна: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0076 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, нэхэмжлэгч Т-ийн Еын Өлгий сумын хх дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 02 дугаартай "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол"-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх” гэжээ.
3. Гомдолдоо нэмж 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:
“... Гомдлын гол санаа: Хуралдаанд оролцсон 1,273 иргэний тоо нь зөвхөн хуралдааны ирцийг тогтоох үзүүлэлт юм. Харин санал хураалтын үр дүнгээр 36 санал хүчингүй болж, 1,237 хүчинтэй санал үлдсэн. Энэхүү 1,237 хүчинтэй санал нь өөрөө багийн нийт 1,767 оршин суугчийн 70.01 хувийг эзэлж, нийт оршин суугчдын 50 хувиас давсан байна. Ийм нөхцөлд нэр дэвшигч олонхын санал авсан эсэхийг хуралдаанд оролцсон 1,273 иргэний тооноос бус. санал хураалтын хүчинтэй үр дүн болох 1,237 саналаас тооцох нь зөв юм.
... Хуралдааны ирцийн асуудал.
Нийт 1.767 иргэнээс 1,273 иргэн оролцсон тул хуралдааны ирц 72.04 хувь байна. Энэ тооцоонд 1,273 гэсэн тоог ашиглах нь зөв бөгөөд энэ нь зөвхөн хуралдаан хүчинтэй ирцтэй болсон эсэхтэй холбоотой.
Санал хураалтын хүчинтэй үр дүн.
Хуралдаанд оролцсон 1,273 иргэнээс 36 саналын хуудас хүчингүй болсон тул санал хураалтын хүчинтэй санал 1,237 байна. Нэр дэвшигчдийн бодит саналын харьцааг энэхүү хүчинтэй саналын хүрээнд тогтооно.
Хүчинтэй санал өөрөө нийт оршин суугчдын олонхоос давсан.
1.237 хүчинтэй санал нь нийт 1,767 оршин суугчийн 70.01 хувьтай тэнцэнэ. Иймээс хүчинтэй саналын хэмжээ өөрөө нийт оршин суугчдын 50 хувийн босгыг давсан байна Энэ нь санал хураалтын хүчинтэй үр дүн нийт иргэдийн талаас илүү хувийг хамарсныг тоон утгаар харуулж байна.
Олонхын саналыг оролцогчдын тооноос бус хүчинтэй саналаас тооцох үндэслэл.
1,273 гэдэг нь хуралдаанд биечлэн оролцсон иргэдийн тоо бөгөөд тэдгээрийн 36 санал санал хураалтын үр дүнд хүчин төгөлдөр бус болсон. Иймд нэр дэвшигчийн авсан хүчинтэй 625 саналыг хүчингүй санал оролцуулсан 1,273 гэсэн тоонд бус. хүчинтэй саналын нийт хэмжээ болох 1.237-д харьцуулах нь санал хураалтын бодит үр дүнг илэрхийлнэ.
Гуравдагч этгээд Б.Жын олонхын санал.
237 хүчинтэй саналын олонхын доод босго 619 санал байна. Б.Ж 625 санал авсан тул уг босгоос 6 саналаар давсан бөгөөд 625 + 1,237 х 100 = 50.53 хувь болж байна.
Анхан шатны шүүхийн 49.10 хувийн тооцоонд тавих тайлбар.
625 саналыг 1,273 оролцогчид харьцуулбал 49.10 хувь гарна Гэвч 1,273 гэсэн суурьт санал хураалтаар хүчингүй болсон 36 санал багтаж байгаа тул энэ нь хүчинтэй санал дотор Б.Жын эзлэх хувийг бус, нийт оролцогчдод эзлэх хувийг харуулсан өөр үзүүлэлт юм.
Ирц болон саналын олонх нь ялгаатай хоёр асуудал юм. Хуралдааны ирцийг нийт 1.767 оршин суугчид 1,273 оролцогчийг харьцуулан 72.04 хувь гэж тогтооно. Харин санал хураалтын дараа 36 санал хүчингүй болсон учраас нэр дэвшигчийн олонхыг 1,237 хүчинтэй саналын хүрээнд тогтоох нь зүйтэй. Ялангуяа 1,237 хүчинтэй санал нь өөрөө нийт 1,767 оршин суугчийн 70.01 хувь буюу 50 хувиас давсан байгаа нь энэхүү үндэслэлийг улам тодорхой болгож байна Б Ж миний зүгээс 625 хүчинтэй санал буюу 50.53 хувь авч, олонхын доод босго болох 619 саналаас 6 саналаар илүү санал авсан байна. Иймд гуравдагч этгээдийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Т.Е “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хх дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 02 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хх дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хамтад нь явуулж, Багийн Засаг даргад Т.Е, Б.Ж нар дэвшиж, санал хураалтад нийт 1276 иргэн санал өгснөөс 38 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Т.Е 613 санал буюу 48.1 хувь, Б.Ж 625 санал буюу 49.1 хувийн саналыг (1 хавтас-72-р хуудас) тус тус авсан байна.
Улмаар маргаан бүхий 02 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн, Өлгий сумын хх дугаар багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдаанаас 625 сонгогчийн санал авсан Жыг олонхын санал авсанд тооцож, Өлгий сумын хх дугаар багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлэх”-ээр тус тус шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх “... Өлгий сумын хх дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн нэхэмжлэгч Т.Е, гуравдагч этгээд Б.Ж нарын хэн аль нь хуралд оролцсон иргэдийн олонхын санал аваагүй байхад гуравдагч этгээд Б.Жыг олонхын санал авсан гэж үзэж, Өлгий сумын хх дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас 02 дугаартай тогтоол гаргаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-т заасантай тус тус нийцээгүй, дахин санал хураалтад оролцох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж дүгнэн бүхэлд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
5. Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо “... Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь "олонхын санал" гэсэн ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. "...хүчингүй саналын хуудсыг нийт санал хураалтад оруулан тооцохгүй. Хүчингүй саналын хуудсыг нийт иргэдийн тоонд оруулан тооцсоноор нэр дэвшигчийн хэн аль нь олонхын санал авч чадаагүй гэх үр дагавар үүсгэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна" гэж шууд дүгнэсэн байдаг. Иймд Б.Ж нь хуралд оролцсон иргэдийн хууль ёсны олонхын саналыг авч багийн Засаг даргад нэр дэвших шаардлагыг бүрэн хангасан байна...” гэжээ.
6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: ... 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх; 56.5.3.хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заажээ.
6.1. Энэ хуульд заасан олонхын саналыг хэрхэн ойлгох талаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоосон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 001/ХТ2026/0044 дүгээр тогтоолд “... 56.5.3-т олонхын санал гэж заасныг нийт санал өгсөн иргэдийн талаас илүү хүний санал авсан байхыг шаардана ...” гэж хуулийг хэрэглэх нь зөв гэж үзсэн байна.
6.2. Хариуцагчаас “хуралдаанд оролцсон 1274 иргэний саналаас хүчингүйд тооцсон 38 саналыг хасаж, 1236 хүний саналаас саналын хувийг гуравдагч этгээд Б.Жын хүчинтэй 1236 саналаар тооцоход, саналын 50 хувь нь 618 бөгөөд 625 санал авсан нь хуульд заасан олонхын санал авсан байх шаардлагыг хангана” гэж тайлбарласан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-д заасан зохицуулалтад нийцээгүй, хуулийн зохицуулалтыг буруу хэрэгжүүлсэн, энэ талаарх гуравдагч этгээдийн “... хүчингүй саналын хуудсыг нийт санал хураалтад оруулан тооцохгүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.
8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШШ2026/0076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Жын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ