| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0029/э |
| Дугаар | 2024/ШЦТ/23 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Моотгон харгана овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000011 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Моотгон харгана овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод нөхөр ******* маргалдах үед нь “маргалдаа боль явцгаа” гэж хэлсэн хадам ээж ******* руу нүүрс шидэж түүний биед духанд шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Моотгон харгана овогт ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод нөхөр ******* маргалдах үедээ хохирогч ******* руу нүүрс шидэж түүний биед духанд шарх, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нөхрийн ажил дээр очоод цалингаас нь болоод маргалдсан. Нөхөр бид хоёр хадам ээжийн гэр болох ******* сумын 4 дүгээр баг, тоот руу очоод цалингаа нуулаа гээд үргэлжлүүлж маргалдсан. Тэгсэн хадам ээжийн хашаанд цуг амьдардаг бид хоёрын дундуур орж намайг “дандаа эгчийн гэрт ирж хэрүүл хийдэг, яв зайл гичий” гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод хараагаад байсан. Тухайн үед манай хадам ээж нь битгий хэрэлдээд бай гээд хэлж байсан. намайг гэрээс “яв зайл” гээд хөөгөөд байхаар нь би явахгүй гэсэн чинь намайг чирээд миний толгой руу цохиод гаргасан. Миний уур хүрээд үүдэнд байсан нүүрс аваад руу шидсэн чинь онолгүй хадам ээж гийн толгойг оноод хагалчихсан. Уг нь хадам ээж рүү нүүрс шидье гэсэн бодол санаа байгаагүй, г ононо гэж бодоод шидсэн боловч андуураад ээжийг оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байтал 15 цагийн үед төрсөн хүү ганцаараа ирсэн. Араас нь удалгүй эхнэр нь буюу манай бэр болох ирсэн. Манай бэр нь хүүгийн ажил дээр очоод цалинг нь асуугаад 200,000 төгрөг дутуу өгсөн байна, хэндээ аваачиж өгдөг юм бэ гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би “битгий хэрэлдээд бай, залхуутай юм аа, хоорондоо хэрэлдээд байх юм бол явцгаа” гэсэн чинь “намайг гэрээсээ хөөгөөд байгаа юм уу” гэснээ манай бэр нь галзуураад хамаг юм авч шидээд орилж бахирч байтал гэнэтхэн л нүүрс олж ирээд миний толгойг хагалчихсан. Манай бэр нь галзуурч байгаад над руу нүүрс шидсэн үү эсвэл нүүрсээр толгой руу цохисон уу сайн мэдэхгүй, нэг мэдсэн чинь миний толгойноос их хэмжээний цус гараад явчихсан. Тэр дор нь түргэн дуудаад эмнэлэгт очиж үзүүлсэн. Манай бэр нь хүү хэрэлдэж бахирч галзуурч байхдаа уурлаад байсан. Тэгээд “битгий хэрүүл хийгээд бай, хэрэлдээд байх юм явцгаа" гэж хэлсэн чинь "намайг гэрээсээ хөөдөг хэн бэ" гэснээ хамаг юм авч шидэж байсан уурандаа над руу нүүрс шидсэн байх гэж бодож байна. Би бэртэйгээ маргалдаж муудсан зүйл байхгүй. Манай бэр нь миний дух руу нүүрс шидээд толгой дух хагалсан, тухайн үедээ оёдол тавих шаардлагагүй бооход болчих юм байна гээд боочихсон байгаа. ...Миний хувьд ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
гэрч “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймагт байдаг ээжийн хашаанд амьдардаг ахын эхнэр нь над руу залгаад "танай бэр чинь ээжийн чинь гэрт ирж хэрэлдэж маргалдаад толгойг нь хөлдүү нүүрсээр цохиод хагалчихлаа, сая түргэн ирээд аваад явлаа, энэ асуудлыг ирж хууль хяналтын дагуу шийдүүлэхгүй бол арай хэтэрч байна" гэхээр нь би Улаанбаатар хотоос өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өглөө гараад орой Дорнод аймаг ирээд ээжтэй уулзсан. Тэгэхэд манай ээжийн дух нь хагарсан байсан. Юу болсон талаар асуухад бэр , манай ах нар нь хоорондоо хэрэлдэж байгаад нөгөө нь галзуурч орилж бахирч байгаад хамаг юм авч шидэж байснаа нүүрс толгой руу шидчихсэн гэж байсан. Одоо манай ээжийн толгой дух нь хагараад боолт хийлгэчихсэн явж байна. Манай бэр гэж улаан галзуу хүн байдаг юм, ахтай хэрэлдэж маргалдаад байхаар нь ээж "битгий хэрэлдээд бай, явцгаа" гэсэн чинь гэрээсээ хөөлөө гэж уурлаад хамаг юм авч шидэлж байснаа хөлдүү нүүрс ээжийн толгой руу шидчихсэн юм шиг байгаа юм. Манай ээж бэр тай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
гэрч Д.гийн “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед 00 орох гээд гэрээсээ гарсан чинь эгчийнд хэрүүл шуугиан гараад байсан. Тэгээд юу болоод байгаа юм бол гэж бодоод гэрт нь ороход эгчийн хүү түүний эхнэр болох нар хэрэлдээд тэр хавиар хашгичиж орилоод бахираад байж байсан. Би тэр ******* хандаж "Та нар наад хөгшин настай хүнийг тайван амар амгалан амьдруулж болохгүй юу, тусдаа амьдардаг хүмүүс байж дандаа энд ирж хэрүүл маргаан хийх юм, г эгчийг тайван байлга, өдий 70 хүрч байгаа хөгшний даралт нь ихсэх юм бол яах болж байна, эндээс явцгаа" гээд г гэрээс нь гар гээд хэлсэн чинь "чи намайг хөөдөг хэн бэ" гээд намайг самардаад, заамдаад орилж бахираад элдэв янзаар доромжлоод байхаар нь би нэг удаа алгадаад авсан. Тухайн үед эгч бид нарыг салгах гээд "одоо больцгоо, битгий хэрэлдээд бай" гээд хажуугаар орж ирж байсан. Тэгсэн чинь нөгөө бүүр галзуураад юм авч шидээд орилж бахирч байгаад над руу нүүрс шидсэн чинь намайг онолгүй миний хажууд байсан эгчийн толгойг оноод хагалчихсан. эгчийн толгойноос цус гараад тогтохгүй нэлээн удсан. Тэгж байтал түргэн ирээд эгч эмнэлэг рүү явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9 тоот “...*******гийн биед духанд шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх духны шарх, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Моотгон харгана овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА