Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., А., шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336003370371 дугаартай,178/2024/0009/Э индекстэй  хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *******-******* аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” караокед ресепшинтэй өмнөх өрийг нэхсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар Хаан банкны эзэмшлийн А930 загварын пос машиныг болон Голомт банкын эзэмшлийн И910 про загварын карт уншигч пос машинуудыг тус тус бусдын эд хөрөнгө устгах  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-р хуудас);

-Үзлэг хийсэн тухай “...Хаан банкны цэнхэр өнгийн пос машины дэлгэц хэсэг нь хагарч 2 хэсэг салсан, дээд хэсгийн баримт хийдэг таг нь хагарч унасан.SN:NAA600741180 гэсэн сериал дугаартай №910 Pro маркийн машин байх бөгөөд асаах гэхэд ажиллахгүй байв. Голомт банкны багаан өнгийн пос машин байх бөгөөд дэлгэц нь хагарсан А930-OAW-RD5-06EU S/N:1171796619 гэсэн сериал дугаартай пос машин байх бөгөөд асааж үзэхэд дэлгэцэн дээр олон тоонй зураас гарч хасаг асаж байгаад унтарч байв ...” гэх тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-17-р хуудас);

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл  (хавтаст хэргийн 21-р хуудас)

 -Камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн...******* караокены хяналтын камерийн дүрс бичлэг бүхий CD-г үзэхэд 1 минут 40 секунтын бичлэг байх бөгөөд Н.******* нь караокены хүлээн авах /тек/ хэсэгт зогсож байгаад Б. луу салаавч гаргаад Хаан банк, Голомт банкны пос машинуудыг шидэж байгаа бичлэг байв... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 22-р хуудас)

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* караокед гэрээний дагуу ашиглагдаж байсан Голомт банкны өмчлөлийн N910 PRO загварын карт уншигч пос машиныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эвдэж гэмтээсэн байна.Хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-р хуудас)

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* караокед гэрээний дагуу ашиглагдаж байсан ХААН банкны өмчлөлийн FAX А930 загварын загварын карт уншигч пос машиныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эвдэж гэмтээсэн байна.Хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-р хуудас)

-Гэрч Б.ы өгсөн:...Н.******* манай караокед 95,000 төгрөгний өртэй байсан учраас “ та өрөө өгөөчээ” гэж хэлэхэд Н.*******гийн эхнэр хүрч ирээд “ манай өрөөний тооцоон дээр бичээд авчихаа” гээд яриад зогсож байтал Н.******* “*******од нар үзүүлэхгүйнээ” гэж хэлээд агсамнаад тек дээр байсан пос машинуудыг над руу шидсэн.Би бултаад оногдоогүй.Тэгээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-р хуудас)

- Вендо ХХК-ийн хөрөнгө үнэлгээний ХЦ23-224 дугаартай “ХААН банкны А930 загварын пос машин-1,425,000 төгрөг, Голомт банкны №910 PRO загварын пос машин-685,494 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас); зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

 1.11. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 10 дугаар сарын 18-ны шөнө ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр “*******” караокений байранд ХААН банк, Голомт банкны пос /карт уншигч/ машинуудыг авч шидэж гэмтээсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэж заасан.

Эд хөрөнгө устгах гэдэгт: тухайн зүйлийг биет байдлын хувьд анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба шүүгдэгч Н.*******гийн банкны пос машинуудыг шидэж эвдэлж дахин ашиглах боломжгүй болгосон нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжид хамаарна.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг

Хэрэгт авагдсан эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр Голомт банкны пос машин-685,494 төгрөг, Хаан банкны пос машин-1,425,000 төгрөгний үнэлгээтэй гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдоно.

Шүүгдэгч Н.*******гийн Хаан болон Голомт банкны пос машинуудыг шидэж гэмтээсэн үйлдэл нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

3.1.Энэхүү гэмт хэргийн улмаас нийт 2,110,494 төгрөгний хохирол учирсан болох нь Вендо хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас) тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Голомт банкны хууль ёсны төлөөлөгч А.:“ манай банкны пос машиныг ******* караоке 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шинээр солиулж авсан.Пос машины үнийг гаргуулж авна” гэх

Хаан банкны хохирогчийн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр авсан. 1,500,000 төгрөгний үнэлгээтэй машин байгаа.Одоо ашиглах ямар ч боломжгүй байгаа.Пос машиныхаа үнийг гаргуулж авна” гэх тайлбарууд өгсөн.

Шүүгдэгч Н.******* “ хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хаан банк болон Голомт банкинд учруулсан хохирлыг төлөхөө зөвшөөрч байна” гэх тайлбар өгсөн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч Н.*******гээс 685,494 төгрөг гаргуулж Голомт банкны ******* аймаг дахь салбарт, 1,425,000 төгрөг гаргуулж Хаан банкны ******* салбарт тус тус олгох нь зүйтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 75-82 дугаар хуудас), шүүгдэгч Н.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 86-р хуудас) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 84-р хуудас), авто тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас),гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эхнэр хүүхдүүдийн  хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...шүүгдэгч Н.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Шинэ *******-Жаргалант орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажил хийлгэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс 685,494 төгрөгийг гаргуулж Голомт банкинд, 1,425,000 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгох ” гэх санал, дүгнэлт

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: “ хохирогч нарт учруулсан хохирлоо төлнө, гэм буруугаа ойлгож байгаа, миний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан  болно.

3.1. Шүүхээс: шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шйдвэрлэв.

3.4. Шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д тайлбарласугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч Н.*******гээс 685,494 төгрөг гаргуулж Голомт банкны ******* аймаг дахь салбарт 1,425,000 төгрөг гаргуулж Хаан банкны ******* аймаг дахь салбарт тус тус олгосугай.

6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7. Шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС