| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
хохирогч Х.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Сгийн Аад холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Сгийн А, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг эх, ах дүү нарын хамт амьдардаг, Б аймгийн А сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.А нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Б аймгийн А сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Аыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Х.Ат гэмт хэргийн хор уршигт 3.000.000 төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлж байна” гэв.
1.2. Хохирогч Х.А мэдүүлэхдээ: “...шүүгдэгч С.Аын зүгээс надад учирсан хохирол болох 6 сая төгрөгийг төлж өгвөл гомдолгүй” гэв.
2. Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Х.Аоос 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-08 дахь тал/,
2.3. Хохирогч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 21 дэх тал/,
2.4. Гэрч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
2.5. Гэрч Т.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
2.6. Гэрч Ш.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
2.7. Гэрч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
2.8. Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
2.9. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/,
2.10. Шинжээч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
2.11. Яллагдагч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/,
2.12. Шүүгдэгч С.Аын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч С.А нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний орой Б аймгийн А сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Аыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Х.Аоос 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд А сумын 04 дүгээр багт С.А хажуудаа үл таних нэг залуугийн хамт намайг зодож, миний эрх чөлөөнд халдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-08 дахь тал/,
3.1.3. Хохирогч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө өөрийн жолоодож буй тээврийн хэрэгслээр зам тавьж буй газарт ажиллаж байгаад орой нь 19 цаг өнгөрч 20 цаг болж байхад тээврийн хэрэгслийн ус шахдаг моторыг асааж өгөөд тээврийн хэрэгслийн хажууд очиход А гэх залуу ирээд миний зүүн талын мөрнөөс болон цээж хэсэгт нэг цохихоор нь би “чамд юу болсон бэ, яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл хажууд нь үл таних бас нэг залуу ирээд намайг барьж аваад намайг газар унагаасан. Тэгээд тэр хоёр залуу хоёулаа намайг тал талаас өшиглөж эхлэхээр нь би хөл хугарчихлаа гээд орилж хашхирахад А болон хажууд нь хамт байсан залуу зугтаад яваад өгсөн ба миний ажиллаж буй компанийн инженер хийдэг Д, туслах хийдэг Б, аймгаас хар тос ачиж авч ирсэн Жахсылых нар гүйгээд ирсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж үзүүлээд дараа цагдаад дуудлага өгөөд би аймаг руу яваад өсгөн. Намайг зодсон гэх 2 залуугийн нэг болох А нь байнга ажил хийж байгаа манай хүмүүст өдөр бүр ирээд тамхи, архи авч өг гээд дээрэлхээд яваад байдаг байсан. Харин хажууд нь байсан залууг нэг их хараагүй бөгөөд ганц нэг удаа гаднаас нь харж байсан учир царайг нь харвал танина. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Огт танихгүй.
...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг зодсон үед ямар байсан эсэхийн мэдэхгүй гэхдээ тухайн өдөр тэр хоёр залуу архи уугаад явж байсныг харсан. Миний баруун талын хөлийн шагай хугарсан байна. Цээж хэсэг бага зэрэг хорсож өвдөөд байна. Мөн нуруу хэсэг хөхөрсөн байна. Манай гэрийн хүмүүс надаас бусад нь ажилгүй, ганц орлого олоод гэр бүлээ тэжээж байгаа хүн бол ганцхан би байгаа. Энэхүү асуудлаас болоод биедээ гэмтэл аваад хөдөлмөрлөж чадахгүй хэцүү байна. Иймд намайг зодсон гэх залуусаас хуулийн дагуу арга хэмжээ авч, миний хохирлыг барагдуулж, эмчилгээний мөнгийг гаргуулан эмчлүүлж өгөхийг хүсэж байна.
...Энэ асуудалд иргэн Еийн ямар нэгэн оролцоо байхгүй, зөвхөн А л намайг газар унагааж өшиглөж зодсон. Тэр үед А, Е хоёр хамт явж байсан болохоор уусан архины халуундаа юмны учир байдлыг сайн ойлгоогүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хоёулаа намайг өшиглөж зодсон гэж мэдүүлсэн байна. Одоо бол би бүх болсон явдлыг сайн санаж байна. Дээрх асуудал болсон үед миний хажууд манай ажилтан Б гэх залуу харж байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би тэр хоёрт хөлний үе мултардаг талаар хэлээгүй. Миний зүүн талын хөлний үе хүүхэд байхдаа гэмтэл авсны улмаас мултардаг болсон. Тухайн өдөр миний зүүн хөлний үе мултраагүй, баруун хөлний тахилзуур яс хугарсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ би согтоогүй, жоохон халсан байдалтай байсан юм. Тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөв, бодитоор хүлээж авах, ойлгох чадвартай байсан.
Би энэ гэмт хэргийн улмаас ажилдаа явж чадаагүй 38 хоног болж байна. Би энэ хугацааны цалингаа нэхэмжилж байна. Миний бие ГХХК-аас сарын 2.400.000 төгрөгийн цалин авдаг. Мөн эм тариа авсан баримтуудаа танд гаргаж өгөх болно. Хөл маань бүрэн эдгэрээгүй байгаа учраас эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаалж хохирлоо жич нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 21 дэх тал/,
3.1.4. Гэрч Ш.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед манай компанийн замын хар тос ачсан машин аймгийн төвөөс 19 цаг 30 минутад ирж хар замын цутгалтын ажил эхлэх гэж байсан. Тэгээд би өөрийн барьж байсан зам өнгөлөх машинд ус хийх зорилгоор Х.Аын 3ил-130 загварын ёмкостой машины хажууд яваад очсон. Тухайн үед Х.А машины хажууд ганцаараа байсан. Тэгээд би Х.Ат хэлээд машины ёмкоснаас ус авч байхад А сумын иргэн болох С.А болон Ж.Е нарын мотоциклоор ирж зогсоход С.А нь ямар нэгэн шалтгаангүйгээр шууд Х.А руу очиж түүнийг хавирч унагааж, хөлөөрөө өшиглөж зодож байсан. Тэгээд би гүйж очоод тэр хоёрыг салгаж авсан боловч тухайн үед С.А миний хувцасны захнаас заамдаж авч “танай инженер хаана байна” гэж асуусан. Тэгээд би “манай инженер замын дээд хэсэгт ажиллаж байгаа” гэж хэлсэн.
Тухайн үед би Х.Аыг босгох гэсэн боловч “хөл өвдөж байна” гэж босож чадахгүй орилоод хашхирч байсан. Тэгээд С.А, Ж.Е нар нь Х.Аын хөл нь хугарсныг мэдэж дээшээ яваад өгсөн. Тэгээд би тэдний араас дээшээ явж манай инженер болох Т.Дт болсон асуудлын талаар хэлсэн юм аа. Тэгээд манай инженер болох Т.Д, Х.А бид хэд Х.Ат ирээд түүнийг өргөж машинд суулгаж өгсөн. Тэгээд манай хамт ажилдаг хүн болох Х.А сумын эрүүл мэндийн төвд Х.Аыг хүргэж өгч эмчид үзүүлэхээр авч явсан юм аа. Дараа нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ийм л зүйл болсон.
Тухайн үед С.А болон Ж.Е тэр хоёр мотоциклоор ирж зогсож С.А нь шууд Х.Аыг хавирч унагааж хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж зодож байсан нь үнэн. Тэгээд би тэр хооронд Зил-130 машины ёмкоснаас авч байсан усаа зогсож тойроод очоод салгаж авсан юм аа. Тухайн үед гадаа нийлэн харанхуй гэрэл муутай байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
3.1.5. Гэрч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутад иргэн Х.А гэх хүн манай эмнэлэгт ирсэн нь үнэн. Х.Аыг хамт ажилладаг нэг залуу авч ирсэн тэгээд бид хүлээн авах өрөөнд үзэж харахад түүний хөл нь хугарсан байж болзошгүй хавантай байхаар нь бид тэр хүнд тайвшруулах тариа хийж эмнэлгийн анхны тусламж үзүүлж манай түргэний машинаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
3.1.6. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаартай “1. Иргэн Х.Аын биед тахилзуур ясны хугаралтай, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ болон эдгэрэлтээс шалтгаална. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/,
3.1.7. Шинжээч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Дээрх гэмтлүүд нь хүчтэй хавирч унгасан болон унасан үед хатуу мохоо зүйлээр эсхүл хөлөөрөө өшиглөж зодсон аль аль тохиолдолд үүсэх боломжтой юм.
...Иргэн Х.Аын биед учирсан гэмтлүүдийн нурууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин тахилзуур ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Ааас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
7. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй... байх эрхтэй”” гэж тус тус баталгаажуулжээ.
8. Шүүгдэгч С.А нь хохирогч Х.Аын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “...тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
9. Улсын яллагчаас шүүгдэгч С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн”-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
10. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Аын зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
13. Шүүх хуралдаанд хохирогч Х.А нь шүүгдэгч С.Ааас гэмт хэргийн хор уршигт 6.139.150 төгрөг нэхэмжилсэн байна.
14. Хавтаст хэргийн 142-150 дахь талд авагдсан нотлох баримтуудаар хохирогч Х.Аын эмчилгээний зардалд нийт 139.150 төгрөг гарсан болох нь тогтоогдож байна.
15. Хохирогч Х.А нь ажилгүй байсан хугацааны цалинд 6.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч иргэний нэхэмжлэлийн энэхүү хэсгийг нотлох баримтыг хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй байна.
16. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.А нь хохирогч Х.Ат ажилгүй байсан хугацааны цалинд 3.000.000 төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ааас эмчилгээний зардалд 139.150 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зарим хэсэг болох 3.000.000 төгрөг, нийт 3.139.500 төгрөг гаргуулан хохирогч Х.Ат олгохоор шийдвэрлэв.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Аын ажилгүй байсан хугацааны зарим сарын цалин, эмчилгээний зардал зэрэг нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
19. Хохирогч Х.Ааас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,
20. Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс “хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд санал гомдолгүй гэдгээ илэрхийлээд байгаа, хохирогч ялыг хөнгөрүүлэх саналтай байгааг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Хохирол, хор уршиг нэхэмжилж байгаа боловч тогтмол цалинтай байсан эсэх нь эргэлзээтэй байна. С.А нь бодит хохирол 3.000.000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
22. Шүүгдэгч С.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
23. Шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
24. Шүүгдэгч С.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 1.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
26. Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
27. Шүүгдэгч С.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Сгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 1.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ааас эмчилгээний зардалд 139.150 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зарим хэсэг болох 3.000.000 төгрөг, нийт 3.139.150 төгрөг гаргуулан хохирогч Х.Ат олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Аын ажилгүй байсан хугацааны зарим сарын цалин, эмчилгээний зардал зэрэг нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т