Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/02919

 

2020  оны  10 дугаар сарын 28              183/ШШ2020/02919

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ............... тоотод байрлах “Х ”ХХК /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байрлах “Н ”ХХК /РД:................/-д холбогдох,

     түрээсийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн барьцаа мөнгөний үлдэгдэл 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгч байрлах “Х ”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “Т ”ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, хуулийн этгээдийн нэрээ “Х ”ХХК болгон өөрчилсөн бөгөөд “Т ”ХХК нэртэй байхдаа Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Ажилчны гудамж, 0 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 2 давхарт байрлах ажлын байрыг түрээслэхээр 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс “Н ХХК-тай харилцан тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан. “Т ХХК нь түрээсийн байрыг түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлахаар болсон тул түрээсийн гэрээний  2.1, 5.1.7-д заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн юм. Ингээд гэрээний талууд харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлын байрыг чөлөөлж, түлхүүрийг нь хүлээлгэн өгч түрээсийн гэрээ дуусгавар болсон. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 2-т түрээслэгч нь гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөр /1 сарын төлбөрийн барьцаа, 2 сарын төлбөрийг урьдчилан/ тооцоо буюу 9.000.000 төгрөгийг түрээслэгч тал төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээг хугацаанаас нь өмнө харилцан тохиролцож цуцалсан тул түрээслүүлэгч тал болох “Н ХХК нь түрээсийн гэрээний 3.5-т түрээсийн байрыг хүлээлгэн өгснөөс хойш 14-20 хоногийн дотор нэг сарын түрээсийн барьцаа мөнгө 3.000.000 төгрөгийг буцаан олгохоор заасан. Түрээслүүлэгч тал барьцаа 3.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч удахгүй төлнө гэж хэлээд өнөөдрийг хүрээд байна. Иймд “Н ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн барьцаа мөнгөний үлдэгдэл болох 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч “Н ХХК-ийн захирал С.О-т мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч “Х   ХХК нь хариуцагч “Н ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн барьцаа мөнгөний үлдэгдэл 1.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

“Т ХХКнь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс оноосон нэрээ өөрчилж, “Х   ХХКболгон өөрчилсөн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул хуулийн этгээдийн нэрээ өөрчлөхөөс өмнө “Н ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.   

“Т ХХКнь хариуцагч “Н ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Ажилчны гудамж, 0 тоотод байрлах үйлдвэрийн байрны зориулалттай 2 давхарт байрлах шууд ашиглах 180 м.кв, дараа ашиглагдах 100 м.кв талбай бүхий өрөөг 1 жилийн хугацаатай, сарын 3.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон байна. /хх-17-18/

            Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх боловч талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж байсан, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Ажилчны гудамж, 0  тоотод байрлах үйлдвэрийн байрны зориулалттай 0 давхарт байрлах шууд ашиглах 180 м.кв, дараа ашиглагдах 100 м.кв талбай бүхий өрөө нь тухайн үйлдвэрийн байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зөвхөн нэг хэсэг байх тул тухайлан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байх тул тэдний хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

            Түрээслэгч “Т ХХК нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт гаргасныг хариуцагч “Н ХХК хүлээн зөвшөөрч,  “Т ”ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлын байрыг чөлөөлж, түлхүүрийг нь хүлээлгэн өгснөөр талууд түрээсийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-13-14/

            Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т түрээслэгч нь гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөр /1 сарын барьцаа, 2 сарын төлбөр/ тооцоо буюу 9.000.000 төгрөгийг түрээслүүлэгч “Н ХХК-ийн 000000000 тоот дансанд хийж гэрээ байгуулна гэж тохиролцсоны дагуу “Т ”ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 9.000.000 төгрөгийг хариуцагч “Н ХХК-д шилжүүлсэн байна. /хх-15/

            Түрээсийн гэрээ 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд түрээсийн төлбөртэй холбоотой маргаан талуудын хооронд байхгүй байна.

            Харин нэхэмжлэгч “Х   ХХКнь хариуцагч “Н ХХК-иас түрээсийн гэрээний 3.2-т зааснаар шилжүүлэн авсан барьцаа 3.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буцаан авсан учир  үлдэгдэл 1.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг  хангах үндэслэлтэй.

            Учир нь талууд харилцан тохиролцож, түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул хариуцагч “Н ХХК нь түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т зааснаар барьцааны мөнгийг тухайн компани гарснаас хойш 14-20 хоногийн дотор буцаан олгох үүрэгтэй.

            Гэвч хариуцагч “Н ХХК-иас  2020 оны 05 дугаар сарын 13-ний өдөр түрээсийн байрыг хүлээн авснаас хойш 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр барьцаа мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

            Мөн хариуцагч “Н ХХК нь “Т ”ХХК-иас түрээсийн байрыг хүлээн авах болон авсны дараа чанар болон эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2-т зааснаар барьцаа мөнгийг саатуулан барих эрх дуусгавар болно.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.     

            Иймд хариуцагч “Н ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн барьцаа мөнгөний үлдэгдэл болох 1.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ”ХХК-д олгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.    

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                     

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н ХХК-иас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ”ХХК-д олгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ”ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.МӨНХБАЯР