Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0608

 

 

 

 

                                                                                           

 

                                            

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0550 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “Б” ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өр

Хэргийн индекс: 128/2025/0349/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага:

1. “2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Н” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0550 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “1997 Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх заалт, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Н” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. “... Нэхэмжлэгч “А” ХХК нь хөтөл ус нэртэй газарт 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ашигт малтмалын хайгуул хийх дугаар 5976х тоот 3 жилийн хугацаатай хайгуулын тусгай зөвшөөрөл авсан.

Энэхүү зөвшөөрлийн дагуу холбогдох хайгуулын ажиллагааг явуулж, ашигт малтмалын нөөцийг тогтоосон. Улмаар эрдэс баялгийн зөвлөлөөр олж тогтоосон хайгуулын нөөцийг баталгаажуулж, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүсэхээр ажиллаж байсан.

Гэтэл төрийн эрх бүхий байгууллагаас “А” ХХК-ийн хайгуул явуулсан талбайг бусдад олгосон үйл явдал бий болж, манай компанийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын олон жилийн хүч хөдөлмөрөөр олж тогтоосон ашигт малтмалыг ашиглах боломжгүй болсон. Хууль зүйн хувьд ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалын нөөцийг олж тогтоосон бол энэхүү нөөцийг ашиглах бэлтгэх, ашигт малтмал олборлох, ашиглах нөхцөл байдалд бэлтгэх үйл ажиллагаа явуулахад тодорхой хугацаа шаардагдана. Тиймээс хууль тогтоогчоос хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш нэг жилийн ашиглалтын лиценз хүсэх эрхийг хуульчилсан, хайгуулын үйл ажиллагаа явуулсан тул давуу эрхтэй байхаар хуульд заасан.

“А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон боловч хайгуул явуулсан талбайдаа ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаанд бэлтгэх, уг үйл ажиллагаатай холбогдох зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас хүсэх үе шатанд бусдад олгосон нь хуульд нийцэхгүй байгаа.

Хууль зүйн хувьд нэг талын эрх нь нөгөө талын үүргийг үүсгэнэ. Тодруулбал: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 1 жилийн дотор хайгуул явуулсан талбайдаа ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж, авах давуу эрхтэй бол төрийн эрх бүхий байгууллага 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулсан талбайг бусдад олгохгүй байх, хайгуул явуулсан этгээд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бол олгох үүрэгтэй.

Гэтэл “А” ХХК-д хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй, “Н” ХХК-д хууль бусаар давуу байдал олгосон хариуцагчийг үйлдлийг хуульд нийцсэн гэх агуулгатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг өөрийн санаачилгаар бүрдүүлэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх нь ашиглалтын өмнөх гэрээ байгуулагдсан эсэх, маргаан бүхий талбайд уйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдал, “Н" ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа хэзээ эхэлсэн зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэхгүйгээр, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэхээр байна. Тиймээс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 128/ШШ2026/0550 тоот шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Н” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн нөхцөл байдлын талаар:

Анх нэхэмжлэгч “А” ХХК-д 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус-1 нэртэй газарт 107 га талбайд 3 жилийн хугацаатай, ашигт малтмалын хайгуулын 5976Х дугаартай,

2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус сумын с-2 нэртэй газарт                          дээрх 107 га талбайгаас хэсэгчлэн 43 га талбайд 60 жилийн хугацаатай, ашигт малтмал ашиглалтын 6399А дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ тус тус олгосон байна.

Харин нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Өлзийт сумын Хар тойром нэртэй газарт 59424 га талбайд /3 жилийн хугацаатай/, ашигт малтмалын хайгуулын 13544Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Н” ХХК-д олгож,

2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр “Н” ХХК-аас “Говь хурах” ХХК-д

2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр онцгой эрхээр олгосон 14911А тоот ашиглалтын лицензийн талбайг хасаж, 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талбайн хэмжээг 29548 га болгож дахин тооцож,

2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “г” ХХК-аас “Б” ХХК-д шилжүүлэн бүртгэснийг тус тус тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийж бүртгэжээ.

4.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “А” ХХК-ийн зүгээс хайгуулын үйл ажиллагааг гүйцэтгэж эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулах зэрэг ажлыг гүйцэтгэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж болох ба энэ 3 жилийн хугацаанд бусдад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “... тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна. ... Үүний дагуу дээрх хугацаа нь дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн талбайг хамруулан нийтдээ 59,351.66 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Н” ХХК-аас гаргасныг тус газраас хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэж тайлбарлан маргасан байна.

5. Анхан шатны шүүх “... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны дотор буюу 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2/ энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрх гэж зааснаар 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон 107 га талбай бүхий Х лицензийнхээ хүрээнд уг талбайгаас хэсэгчлэн 43 гектар талбайд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болох 3 жилийн хугацааны дотор буюу 2006 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө тухайн үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1. Хайгуулын лицензийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө уг лиценз эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын албанаас гаргасан загварын дагуу тус албанд гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн хавсаргана гэж зааснаар хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй болох нь нотлогдож байна... “ гэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 1 жилийн дотор хайгуул явуулсан талбайдаа ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж, авах давуу эрхтэй бол төрийн эрх бүхий байгууллага 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулсан талбайг бусдад олгохгүй байх, хайгуул явуулсан этгээд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бол олгох үүрэгтэй. Гэтэл “А” ХХК-д хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй, “Н” ХХК-д хууль бусаар давуу байдал олгосон хариуцагчийн үйлдлийг хуульд нийцсэн гэх агуулгатай шийдвэр гаргасанд гомдолтой байна...” гэснийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай (1997) хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Хайгуулын лиценз эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ: 1/хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрх; 2/энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрх; ... 4/энэ хуулийн нөхцөл, болзлыг хангасан бол хайгуулын лицензийн хугацааг 2 жилээр тус бүр 2 удаа сунгуулах” , 17 дугаар зүйлийн 2-т “Хайгуулын лиценз хүчин төгөлдөр байгаа талбайд зөвхөн уг лицензийг эзэмшигч ашигт малтмал ашиглах лиценз авахаар өргөдөл гаргаж болох ба үүнээс бусад тохиолдолд энэ хуулиар тавигдах шаардлагыг хангасан өргөдөл гаргаж эхний ээлжинд бүртгүүлсэн этгээдэд ашигт малтмал ашиглах лицензийг олгоно” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрх нь хайгуулын үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулсан этгээдийн итгэлийг хамгаалж сонгон шалгаруулалтын журмаас ангид байдлаар бусад этгээдээс эн тэргүүнд хуульд заасан хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олж авах агуулгатай. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө хугацаагаа сунгуулж, зохих журмаар эзэмшиж байсан этгээдийн хувьд эдлэх эрх байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй байна.

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр анх хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан, ... нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын үйл ажиллагааг гүйцэтгэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулах зэрэг ажлыг гүйцэтгэж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж болох ба энэ 3 жилийн хугацаанд бусдад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй  ...” гэж маргасан. 

Ашигт малтмалын тухай хууль (2006.07.08)-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна”[1] гэж заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч нь 43 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш тухайн лицензийн талбайд нийтэд нь ашиглалтын өмнөх үйл ажиллагаа буюу нөөц тогтоолгохоор ажиллаж байсан болох нь  2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 26-03 дугаартай дүгнэлт (1 хавтас-169 хуудас)-ийн 1-д “Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “Хөтөл Ус-1” нэртэй 107 га ашигт малтмалын хайгуул хийх 5976Х тоот тусгай зөвшөөрлийг АМХЭГ-ын ГУУКА-наас 2003 оны 6-р сарын 25-ны өдөр 22/333 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “А” ХХК-д анх олгосон бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 43 га талбайд АМГТХЭГ-ын даргын 2007 оны 1-р сарын 20-ны өдрийн шийдвэрээр ашигт ашиглах 6399А тоот тусгай зөвшөөрлийг мөн компанид олгожээ. Тус компани тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил гүйцэтгэж хайлуур жоншны бодитой, боломжтой нөөц болон баялгийг тогтоон хайгуулын ажилд 89 354.5 мян.төгрөг зарцуулсан” гэж тусгасан байдлаар тогтоогдож байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь дээрх хуульд заасан 3 жилийн хугацааг хүлээхгүйгээр маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон нь дээрх хуульд нийцээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2006 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш дээрх хуульд заасан 3 жилийн хугацаанд буюу 2009 онд болон түүнээс хойш ч ашиглах хүсэлтээ гаргаагүй байх тул дээрх хуулиар олгосон “хайгуулын талбайдаа ашиглах эрх олж авах” боломжийг алдсан байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

8. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх нь ашиглалтын өмнөх гэрээ байгуулагдсан эсэх, маргаан бүхий талбайд үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдал, “Н" ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа хэзээ эхэлсэн зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэхгүйгээр, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

             ШҮҮГЧ                                          А.САРАНГЭРЭЛ

 

             ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] /Энэ зүйлийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/