| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03602/и |
| Дугаар | 183/ШШ2020/03032 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2020/03032
| 2020 11 06 | 183/ШШ2020/03032 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .................. тоотод оршин суух Б овогт Ж-ны А /РД:............../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............................оршин суух Ч овогт Д-ын Т /РД:............/-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Д.Т-тэй 2016 оны 12 дугаар сард танилцаж, 2017 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүү Т.Д, Т.Д нар төрсөн. Хүүхдүүдээ төрөхөд бид Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч хүүхдүүд маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа, хэрүүл маргааны улмаас 2018 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Т.Д, Т.Д нар нь энэ жил цэцэрлэгт суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 0000оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн хүү Т.Д, Т.Д нарт эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Т-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Д.Т нар 2016 онд танилцаж, улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас оны 0 дугаар сарын 0-ны өдөр ихэр хүү Т.Д, Т.Д нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэвч талууд хоорондын зан харьцаа болон таарамжгүй байдлын улмаас 2018 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч, хүү Т.Д, Т.Д нарыг эх Ж.А асран хүмүүжүүлж ирсэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг ганцаар хариуцахад хүндрэлтэй болсон гэсэн үндэслэлээр эцэг Д.Т-өөс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Т-өөр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Т.Д, Т.Д нарт тэтгэлэг төлүүлэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн хүү Т.Д, Т.Д нарыг эх Ж.А-гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т.Д, Т.Д нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Д.Т нь тэжээн тэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР