| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Даас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Хийн Мд холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Хийн М, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: 0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.М нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, тус аймаг дахь Цагдаагийн газрын байранд хүргэн ах Е.Аийг “эгч Х.Мийг зодсон” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан” гэв.
2. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Е.Хээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Б аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2.3. Хохирогч Е.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,
2.4. Гэрч Е.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
2.5. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
2.6. Яллагдагч Х.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Мы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Х.М нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, тус аймаг дахь Цагдаагийн газрын байранд хүргэн ах Е.Аийг “эгч Х.Мийг зодсон” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Е.Хээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Б аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
3.1.3. Хохирогч Е.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2023 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байгаад эхнэрээс гар утсыг нь булааж авах үедээ түүний нүүр хэсэгт нэг удаа гар хүрсэн. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгөөд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд эхнэр бид хоёрыг Цагдаагийн газарт аваад ирсэн. Тэгээд эхнэр маань мэдүүлэг өгөх гээд мөрдөгчийн өрөө рүү орсон. Би тэр хооронд цагдаагийн газрын коридорт сандал дээр суугаад хүлээгээд байж байхад эхнэрийн төрсөн дүү Х.М нь, эхнэртэйгээ, мөн хажуудаа хамаатны нэг ахтайгаа ирсэн. Тэгээд би Мы эхнэр болон хамт ирсэн ахтай нь уулзаад “миний буруу, эхнэртээ гар хүрлээ” гэж ярилцаад зогсож байхад хадам дүү Х.М миний зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед нүдэнд оч манараад явсан.
...Эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, гаргаж өгөх баримт байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,
3.1.4. Гэрч Е.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр батлагдсан томилгооны дагуу жижүүрийн жолоочоор ажиллаж байсан ба шөнийн 00 цаг өнгөрч байх үед цагдаагийн газрын хүлээлгийн өрөөний баруун талын сандал дээр хар куртиктэй залуу болон ногоон куртиктэй залуу хоёр хоорондоо заамдалцсан. Тэр үед нь би тэр хоёрыг зодолдож магадгүй гэж бодоод очих үед ногоон куртиктэй залуу нь хар куртиктэй залууг заамдчихсан тэгээд намайг салгах гэж байхад түүний зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Харин хар куртиктэй залуу нөгөө залууг цохих гэсэн ч оноогүй, тэгээд тэр хоёрыг салгах гэж байхад ногоон куртиктэй залуу дахиад нөгөө хар куртиктэй залуугийн зүүн нүд хэсэгт гараа атгаж байгаад цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
3.1.5. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай “1. Е.Аийн биед тархины доргилт, зүүн талын ухархайн дотор хана элхгийн хөндий рүү цөмөрсөн хугаралттай, зүүн нүд битүү хавантай, дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Иргэн Е.Аийн биед хамрын яс хуучин хугаралттай, мурийлттай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
3.1.6. Яллагдагч Х.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Мы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.М “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.Мы гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
7. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
8.Шүүгдэгч Х.М нь хохирогч Е.Аийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж түүний эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн талын ухархайн дотор хана элхгийн хөндий рүү цөмөрсөн хугаралттай, зүүн нүд битүү хавантай, дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хаван” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
9. Шүүгдэгч Х.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
10. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Мы зүй бус үйлдэл нь шууд нөлөөлсөн байх ба хохирогч Е.Аын эхнэр нь Х.Мийг зодсон гэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
12. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.
13. Шүүгдэгч Х.Мы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Е.Аээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
14. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
15. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс “Торгуулийн доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Мы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
17. Шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
18. Шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
19. Шүүгдэгч Х.М нь хувийн байдлын хувьд 1991 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
20. Шүүгдэгч Х.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
22. Энэ хэрэгт шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.
23. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Хийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Айболатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ