Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/03070

 

    2020         11             10

                     183/ШШ2020/03070

                    

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....................... оршин суух Б овогт Ж-гийн Б /РД:..............3/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................. оршин суух О овогт М-гийн Б /РД:...........д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие М.Бтай ажил, мэргэжлийн хүрээнд таньдаг байж байгаад 2015 оноос нэг газар ажиллах болсон. 2017 оноос дотно харьцаатай байж байгаад хүүхэдтэй болохоор ярилцаж тохиролцоод 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр бидний хүү Б.Э төрсөн. Хүүгээ төрөхөд бид Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны улсны бүртгэлийн мэргэжилтнээс төрсний гэрчилгээг нь авч, хүү маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа, зарим төрлийн хэрүүл маргаанаас болж 2019 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Нус нь байнга гоождог мөртлөө хүүхдийн аманд хамраа хийгээд байдаг. Б.Б нь тусдаа байх үеэс эхлэн фэйсбүүкийн мессенжер ашиглан байнга хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх оролдлогууд хийдэг байсан. Хүүхэдтэй уулзах талаар болон тусламж дэмжлэг үзүүлэх талаар огт ярьдаггүй тул шүүхээр албан ёсоор хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Иймд 0000  оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн хүү Б.Э-т эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оноос нэг байгууллагад хамт ажиллаж байгаад 2017 оноос дотносон 2018 оны 08 дугаар сарын 22-нд хүүхэдтэй болж хамт амьдарсан. Анхнаасаа хайр сэтгэл байгаагүй, хүүхэдтэй болсон учир хамт амьдаръя гэж шийдсэн боловч таарч тохирохгүй болоод 20 орчим хоног хамт амьдраад хоёр тийш болсон. Өөртөө арчаатай бай, өөрийгөө арчил, гоё бай, гэртээ битгий тамхи тат гэж хэлсэн чинь  уурлаад явсан, ахиж ирээгүй. Тэрнээс бидний хооронд хэрүүл маргаан болоогүй. Би уушгины бронхиттой учир өвөлдөө хамраас нус гоожоод байдаг. Эргэж нийлэх талаар хэлж үзсэн ч хүлээж аваагүй. Ж.Б-гийн гаргасан хүсэлтийн дагуу би хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч М.Б нар 2015 онд танилцаж, улмаар дотно харьцаатай болсон байх ба тэдний дундаас 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүү Б.Э төрсөн болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

         Гэвч талууд хоорондын таарамжгүй байдлын улмаас 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч, хүү Б.Э-ыг эх М.Б асран хүмүүжүүлж ирсэн бөгөөд  цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр эцэг М.Б-аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч М.Б-аар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг төлүүлэх үндэслэлтэй байна.

         Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

         Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн хүү Б.Э-ыг эх Ж.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Э-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б нь тэжээн тэтгэсүгэй.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Ж.Б-д олгосугай.

           

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                            

 

 

                                                   

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР