Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

хохирогч Б.Ш,

шүүгдэгч З.Иийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т,

шүүгдэгч С.Хийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Алтай,

шүүгдэгч З.И, С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт Зы И, Т овогт Сы Х нарт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, Ш  овогт Зы И, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн У суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, 000, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Б аймгийн У сумын Е сургуульд багш ажилтай, ам бүл 6, эхнэр,  хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн У сумын 08 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000.

1.2. Монгол Улсын иргэн, Т овогт Сы Х, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн У суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, 000, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн У сумын 07 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000.

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч З.И, С.Х нар нь бүлэглэж, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Б аймгийн У сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр, “00000000” тоот хашаанд байрлах иргэн Ж.С, Б.Ш нарын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хулгайлж, 160.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч З.И мэдүүлэхдээ: “...Замдаа Хтэй тааралдсан маань үнэн. Сн гэрт ороод мөнгө аваад гарна гэж орсон. Эхлээд бид хоёр хамт орсон. Би өөрөө тэр ааруулыг авч гарсан. Гэхдээ ааруул нь өөр газарт байсан” гэв.

1.2. Шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ: “Шүүгдэгч З.И худал зүйл хэлж байна. Би хэн нэгний ямар нэгэн хашаа, байшинд орж хулгай хийгээгүй. И өөрөө надад Сн гэрээс ийм зүйл авч гарлаа гэж хэлсэн” гэв.

1.3. Хохирогч Б.Ш мэдүүлэхдээ: “Шүүгдэгч З.И 200.000 төгрөгийг төлж өгсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06, 45-48 дахь тал/,

2.2. Хохирогч С.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09, 52-54 дэх тал/,

2.3. Гэрч Ж.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 61-62 дахь тал/,

2.4. Гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдуүлэг /хавтаст хэргийн 14-15, 57-58 дахь тал/,

2.5. Гэрч С.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 65-67 дахь тал/,

2.6. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-23-0197 дугаартай “...2023 оны 08 дугаар сарын байдлаар 1 кг ааруул нь 40.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-28 дахь тал/,

2.7. Яллагдагч З.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

2.8. Яллагдагч С.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

2.9. Шүүгдэгч З.И, С.Х нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

3. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нараас гаргасан дүгнэлт.

3.1. Улсын яллагчаас “...шүүгдэгч З.И, С.Х нар нь бүлэглэж, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн өглөө иргэн Б.Шгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хулгайлж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

3.2. Шүүгдэгч С.Хийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч С.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нотлох баримт хангалттай байхгүй. Мөн шүүгдэгч нарыг хүндрүүлэх байдлаар яллаж байгаа яллах дүгнэлт нь ч хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй. Яллах дүгнэлтэд “хохирогчийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн” гэж бичиж байна. Шүүгдэгч нар нь хохирогчийн өвлийн байшинд хууль бусаар нэвтрээгүй. Хохирогч мэдүүлэгтээ “үүдний өрөөний амбаарын хаалга онгорхой байсан, байнга онгорхой байдаг. Мөн шүүгдэгч нар нь бидний өвлийн байшингийн байнга амьдардаг өрөөнд ороогүй” талаар мэдүүлдэг. Үүнээс харвал яллах дүгнэлтэд дурдсан “хохирогчийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Хаалга нь онгорхой байсан, найзынхаа гэрт хэн ч гэсэн орох боломжтой. Хууль бусаар хаалгыг нь эвдэж, гөнжиж, хүчээр орох үндэслэл байхгүй. Шүүгдэгчийн үйлдэлд хууль бусаар хулгай хийх санаатай, бүлэглэсэн гэх шинж байхгүй.

Шүүгдэгч З.И ааруулыг өөрөө авч гараад, архи авсан. Мөн гарсан хохирлыг өөрөө төлсөн гэж хэлж байгаа. Шүүгдэгч С.Хийн хувьд “ааруул хулгайлсан болохыг нь би мэдээгүй, уг гэмт хэрэгт миний буруу байгаагүй. Сумын хэсгийн төлөөлөгч бид нарын эрх зүйн байдлыг дордуулж байцаалт, мэдүүлэг авсан болохоос хулгай хийгээгүй” гэж мэдүүлж байгаа.

Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбарт “цонх, хаалга, түгжээг эвдэх байдлаар орсон бол хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ” гэж тайлбарласан.

Харин манай тохиолдолд дээрх шинж тогтоогдохгүй байгаа. Өөрийн авлагатай хүний гэрт нь орсон. Уг үйлдлийг бүлэглэж, санаатай хулгай хийхээр орсон гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч С.Хийн гэм буруугийн байдал нь нотлогдоогүй, эргэлзээтэй байгаа. Шүүгдэгч З.Иийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдох ёстой. Иймд миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

3.3. Шүүгдэгч З.Иийн өмгөөлөгчөөс “...тухайн байр нь хохирогчийн байнга амьдрах зориулалттай орон байр биш тайлбарлаж байна. Шүүгдэгч С.Хийн мэдүүлэг тогтвортой байгаа бол шүүгдэгч З.Иийн хувьд буруу зөрүү мэдүүлэг өгсөн тохиолдол байгаа. Мөн шүүгдэгч З.И нь С.Хтэй хамтран тухайн үүдний амбаарт ороогүй гэж мэдүүлж байгаа юм байна. Тиймээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх бүрэн боломжтой. Шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэн орон байранд нэвтэрсэн гэж үзэх боломжгүй. Улсын дээд шүүхийн тогтоолд “хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү хэмжээнд хүндрүүлэн зүйлчилнэ” гэж заасан. Дээрх шинж нь манай тохиолдолд харагдахгүй байна. Мөн шүүгдэгч нарт хулгай хийх санаа, зорилго байгаагүй. Иймд зүйлчлэлийг өөрчлөх” дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.И, С.Х нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

4.1. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч З.И, С.Х нар нь бүлэглэж, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Б аймгийн У сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр, “00000000” тоот хашаанд байрлах иргэн Ж.С, Б.Ш нарын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хулгайлж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06, 45-48 дахь тал/,

4.1.2. Хохирогч С.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өглөө 05 цагийн үед миний нөхөр болох Ж.С өмнөх орой нь бэлчээрт үлдсэн үхрийг тууж ирэхээр явах үед байшингийн хаалгыг онгорхой үлдээсэн байна.

Миний бие өглөө 08 цагийн үед босож цайгаа ууж, дараа нь хотод байгаа хүүхдүүдэд хоол хүнс явуулахаар болж байшингийн үүдний хэсэгт тавьсан ууттай ааруулыг авах гэхэд тавьсан газарт байгаагүй юм. Уг ааруулыг урьд өдөр нь сумын төвд хөдөөгөөс ирсэн үл таних хүнээс 50.000 төгрөгөөр 4 кг ааруул худалдаж авсан байсан. Уг ааруулыг өглөө нөхөр маань гарч явсны дараа хэн нэгэн хаалга онгорхой байх үед орж авч явсан болов уу гэж бодож хөрш зэргэлдээ айлуудаас асуусан юм. Тэгээд хөрш болох Р.Б хэлэхдээ өглөө эрт Х, И гэх хоёр залуу манай гэрийн цонхыг тогшсон, бид нар хаалга тайлаагүй. Тэгээд доошилж явсан гэж хэлсэн юм.

...2023 оны 09 дүгээр сарын эхээр байсан байх манай сумын иргэн И нь ирж нөхөр бид хоёртой уулзаад “2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн орчимд архи уусан согтуу явж байх үедээ хамт явсан Х бид хоёр танай гэрлүү орж үүдний амбаарт тавьсан байсан ааруулыг авч гараад дэлгүүрт аваачиж өгөөд архи авч уусан нь үнэн, тийм болохоор намайг уучлаарай” гээд 120.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд би Итэй нэг сумын хүн болохоор түүнийг уучилсан. Харин Х гэх хүн огт ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй.

...И, Х нар нь манай сумын иргэд гэдгээр нь танина. И сургуульд багшилдаг, Х нь гудамжинд явж байхад нь тааралддаг. Эдгээр хоёр иргэн манай гэрт өмнө нь ирж байгаагүй, нөхөр бид хоёр И, Х нартай төрөл садны холбоо байхгүй, тэгээд ч нөхөр маань хүн болгонтой нийлээд архи уугаад байдаггүй болохоор тэдгээр хүмүүстэй нийлээд байдаггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

4.1.3. Гэрч Ж.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие сумын төв дээр хэдэн тооны үхэртэй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө бэлчээрээс ирээгүй болохоор өглөө 05 цагийн үед босоод үхрээ хайхаар гэрээсээ гараад явсан. Тэгээд үхрээ туугаад 07 цагийн үед байсан байх гэртээ ирэхэд эхнэр Ш надад “чамайг өглөө эрт гараад явсны дараа хотод байгаад хүүхдэд явуулах гэж хүнээс худалдан авч, үүдний амбаарт тавьсан 4 кг ааруулыг хулгайч ирээд аваад явсан байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ойр хавиас сураглаад олдоогүй болохоор нь цагдаад гомдол гаргасан.

Удалгүй тухайн өдөр манай гэрт И, Х нар ороод ууттай ааруулыг хулгайлаад аваад явсныг мэдсэн ба И, Х нар ч гэсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн юм.

...манай үүдний амбаар гэртэй залгаа бөгөөд зуны улиралд ор, гал тогооны зүйлсийг тавьж, хоол ундыг бэлдэж амардаг өрөө байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

4.1.4. Гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 05-06 цагийн орчимд байсан байх би гэрийнхээ том өрөөний цонх доор зурагт үзээд хэвтэж байтал манай гэрийн цонхыг хүн цохих шиг болсон. Тэгээд хэн юм бол гээд босоод цонхоор харахад манай гэрийн гудамжаар доошоо чиглээд иргэн И, Х нар хамт яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

4.1.5. Гэрч С.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 07 цагт боссон ба эхнэр маань үхэр сааж байсан. Тэгээд 08 цагийн орчим болж байсан байх хашаан дээгүүр манай сумын иргэн И нь “танай дэлгүүрээс архи авъя” гэж хэлсэн, тэгээд би очоод “мөнгөөр нь архи авах юм бол ав” гэж хэлсэн.

Тэгэхэд И надад “одоохондоо мөнгө алга байна, би хадланд явах гээд ганц хоёр шил архи аваад явдаг юм уу гэж бодоод энэ ууттай ааруулыг аваад оронд нь 2 шил архи өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж “ааруул авахгүй, мөнгөөр зарна шүү дээ” гэхэд И нь надаас дахин дахин гуйгаад “тэг л дээ, би ядаж байхад өчигдөр жаахан архи уусан чинь толгой бас өвдөөд байна, 2 шил архинд өгчих” гэсэн. Тэгээд би “таны наад авчирсан ааруул чинь хулгайн зүйл бол би авч чадахгүй, дараа нь хулгайн зүйл болоод ямар нэгэн асуудал үүсвэл яах юм, хэрэггүй, би наад ааруулд чинь архи өгч чадахгүй” гэж хэлсэн. И нь надаас гуйгаад “энэ хулгайн ааруул биш ээ, би өөрөө гэрээсээ авчирсан ааруул байгаа юм аа, чи оронд нь архи өгөөч” гээд явахгүй гуйгаад байхаар нь би “тэгвэл 1 шил архинд авъя” гэж хэлсэн. Тэгээд И нь ууттай ааруулаа надад өгч оронд нь 1 шил 0.5 литрийн “Чанар” нэртэй архи аваад явсан юм.

Түүний дараа 15-20 минутын дараа И нь дахиад хүрч ирээд “ахиад нэг шил архи өгөөч” гэхэд нь би архи өгөөгүй.

...Хамгийн эхлээд И ирэх үед манай хашааны цаад талд нь И зогсож байсан ба манай гудамжны цаад айлын хашаан дээгүүр нэг хүний толгой нь харагдаж байсан бөгөөд тэр үед Иээс “тэр ямар хүн юм бэ” гэж асуухад “тэр танд хамаагүй, архи өгөөч” гэж хэлээд тухайн хүнийг хэлээгүй юм. Миний бодлоор И нь тэр үед хажуудаа нэг хүнтэй явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

4.1.6. Яллагдагч З.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 08-ны орой би танил хүнтэйгээ хамт гэрт архи уусан юм. Тэгээд өглөө нь буюу 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө үүрээр уусан архи гарахгүй, жаахан толгой өвдөөд байхаар нь гэрээс гарсан бөгөөд толгой засах санаатай хадам дүүгийн гэрлүү явж байх замд Хтэй тааралдсан. Тухайн үед 06 цаг болж байсан ба гэгээ орсон үе байсан. Тэгээд Х бид хоёр хамтдаа хүнээс зээлээр ч болтугай толгой засах архи авч ууя гэж ярилцаад хамгийн эхлээд Бын гэрийн гадна очсон. Бын байшингийн цонх нь гудамж талдаа байдаг болохоор шууд тэдний цонхыг хэсэг цохисон. Тэр үед Б цонхоор харахгүй болохоор нь Х бид хоёр цаашаа эргээд гудамж уруудаад явж байх үеэр Ж.Сн гэрийн гадна ирэхэд тэдний гэрийн хашааны хаалга нь онгорхой байсан.

Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад эднийх мах зардаг юм чинь ороод мах авья гэж Сн гэр рүү Х бид хоёр хамтдаа тэдний хаалгыг татах үед хаалга нь цоожгүй онгойсон. Тэгээд гэрийн үүдний хэсэгт очиж дотор гэр рүү нь орох хэсгийн хаалгыг нь татаж үзэхэд хаалга нь цоожтой байсан болохоор Х бид хоёр гэрээс гарсан.

Тэгээд гэрийн гадна гарч зогсоод Х бид хоёр ярилцсан. Тэр үед Х надад хандаж “сая Сьезбекийн байшингийн үүдний хэсэгт угаалгын машин дээр ууттай мах байгаа юм шиг байна, түүнийг аваад гараад ир” гэж надад хэлсэн. Тэр үед би Хт “яах юм бэ, тэр мах мөн ч юм уу, биш ч юм уу мэдэхгүй шүү дээ” гэхэд Х надад “чи ямар ч байсан түүнийг аваад гараад ир, ганц архи болгочих байлгүй дээ” гэж хэлэхээр нь би “за тэгвэл чи энд зогсож бай” гэж хэлээд би өөрөө Сн байшин руу орж үүдний амбаарт байсан угаалгын машин дээр алаг тортой ааруул байхаар нь түүнийг аваад өвөртөө хийгээд гарч ирсэн. Намайг Сн гэрээс гарч ирэх үед Х хашааны гадна зогсож байсан.

Тэгээд Х бид хоёр нөгөө ууттай ааруулыг аваад манай сумын төвд дэлгүүр ажиллуулдаг С гэх хүний гэрт нь очсон. Тэр үед С хашаан дотор явж байсан болохоор уг ууттай ааруулыг Сд өгч оронд нь 0.5 литрийн, 1 шил архи авч Х бид хоёр хамт уусан юм.

...Хамгийн анх Х надад хэлэхдээ “Сн үүдний хэсэгт ууттай мах байгаа юм шиг байна түүнийг нууцаар авчих” гэж надад хэлсэн. Тэгээд би Сн гэр рүү орж тухайн ууттай ааруулыг би нууцаар хулгайлж авсан нь үнэн. Жижиг алаг гялгар ууттай ааруул байсан, уг ааруулыг хэмжиж үзээгүй миний бодлоор 2.5 кг ааруул байсан байх.

...Х бид хоёрын хийсэн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэж байсан. Тухайн үед өмнө уусан архи гараагүй, дээрээс нь толгой засах ганц шил архи авч ууя гэсэн бодолтой л ийм асуудалд орчихлоо, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

4.1.7. Яллагдагч С.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 08-ны орой би өөрийн танил найзтайгаа хамт гэрт нь хэдэн шил архи уугаад гэртээ ирж хоноод өглөө үүрээр толгой өвдөөд байхаар нь толгой засах санаатай найзын гэрт очихоор гэрээс гарсан юм. Тухайн үед цаг яг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна, 06-07 цагийн орчим байсан байх. Тэгээд гудамжаар явж байхад манай сумын сургуульд багш ажилтай И надтай тааралдсан бөгөөд хоёулаа толгой өвдөөд шартсан байдалтай байсан.

...Сы гэрт очих үед С нь хашаан дотор байсан ба би наана үлдсэн бөгөөд И нь Стай уулзсан ба ирэхдээ 1 шил 0.5 литрийн архи авч ирсэн бөгөөд тухайн архийг бид хоёр уугаад тэгээд би тэр өдөр нь хадланд явах ёстой байсан болохоор Иээс салаад шууд гэр рүүгээ харьсан, дахиж Итэй уулзаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-115 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.И нь “тухайн ааруулыг ганцаараа, өөр газарт байхад нь авсан”, шүүгдэгч С.Х нь “шүүгдэгч З.Итэй хамт хэн нэгний хашаа байшинд ороод хулгай хийгээгүй, И өөрөө авч гарсан”, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “шүүгдэгч З.И, С.Х нар нь бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, ааруул байсан газар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр биш, З.И нь гэрч Ж.Сгаас авах авлагатай байсан, шүүгдэгч нарын гэм буруутай байдалд эргэлзээ гарсан тул ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй” гэх тайлбар, дүгнэлтээ тус тус гаргажээ. 

6. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ш, гэрч Ж.С, Р.Б, С.С, яллагдагч З.И, С.Х нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч З.И, С.Х нар нь Б аймгийн У сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө гэрээсээ гараад явж байхдаа тааралдсан байх ба өмнөх өдөр нь архи уусан, толгой нь өвдөөд байхаар нь архи олж уухаар санаа нийлж, айлуудын цонхыг тогшиж явсаар хохирогч Б.Ш, гэрч Ж.С нарын амьдардаг “00000000” тоот хашаанд байрлалтай тэдний өвлийн байшингийн хаалгыг татаж үзэхэд түгжээгүй байхаар нь дотогш орж гарсан, улмаар шүүгдэгч С.Х нь шүүгдэгч З.Ит хандаж “байшингийн үүдний өрөөнд байсан угаалгын машины дээр тавьсан ууттай юмыг аваад гарах”-ыг санал болгоход шүүгдэгч З.И зөвшөөрч, буцаж өвлийн байшинд нэвтэрч үүдний амбаарт байсан ууттай зүйлийг авч гарахад нь ааруул байсныг мэдээд иргэн С.Сы гэрт аваачиж 1 шил архинд зарсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийж, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.3 дахь зүйлд заасан “Үзлэг хийх”, “Хэргийн газрын үзлэг” хийх журамд тус тус нийцсэн байна. 

8. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

9. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр... тодорхойлжээ.

10. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

11. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

12. Б аймгийн У сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр, “00000000” тоот хашаанд байрлах иргэн Ж.С, Б.Ш нарын өвлийн байшин нь хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хамаарч байх ба шүүгдэгч З.И, С.Х нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, хохирогч Б.Ш, гэрч Ж.С болон шүүгдэгч нар хоорондоо гэр бүл, төрөл садан, найз нөхдийн холбоогүй, өр авлагагүй болох нь тогтоогджээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, ...3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ.

14. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч З.И, С.Х нар бүлэглэж, иргэн Ж.С, Б.Ш нарын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хулгайлж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч З.И, С.Х нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.

15. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан “зүйлчлэлийг хөнгөрүүлэх, гэм буруугүйд тооцох, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх” тайлбар, дүгнэлт нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хүлээн авах боломжгүй байна.

16. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч З.И, С.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч З.И, С.Х нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

17. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч З.И, С.Х нарын амар хялбар аргаар хөрөнгөтэй болж, архи олж уух гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

19. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

20. Шүүгдэгч З.И, С.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Шд 160.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч З.И нь хохирогч Б.Шд гэмт хэргийн хохиролд 200.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаагүй. Тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хэрэгт холбогдуулан эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болно” гэх дүгнэлтийг,

22. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг харгалзаж, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.  

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.И, С.Х нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

24. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

25. Шүүгдэгч З.И, С.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

26. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.И нь 1981 онд төрсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,  багш ажилтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч С.Х нь 1984 онд төрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байдал тус тус тогтоогджээ.

27. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан “шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг хүлээн авах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд  шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзнэ.

29. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

30. Шүүгдэгч З.И, С.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.И, С.Х нарын тус бүрд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч З.И, С.Х нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

32. Шүүгдэгч З.И, С.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноогүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

33. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.И, С.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарт өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч З.И, С.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш  овогт Зы И, Т овогт Сы Х нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.И, С.Х нарын тус бүрд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.И, С.Х нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч З.И, С.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.И, С.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарт өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч З.И, С.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.Т