| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Хохирогчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.р овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн 2313003330349 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны ...... дугаар сарын ..........-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ......... сумын ....... дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.р овогт Б-ын Б, регистрийн дугаар БЮ............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Б-н эзэмшлийн хашаанд хохирогч С.Ө-ийг зодож биед нь тархины доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, доод уруулын цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс баримтаар 1,268,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж байгаа. Энэхүү нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Б-ийн хувьд мөрдөн байцаалтын шат, прокурорын шат, шүүхийн шатанд төлж барагдуулаагүй. Төлж барагдуулах талаар ямар нэгэн санал санаачилгаа гаргаагүй. Шүүгдэгч Б.Б-ээс 1,268,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ө-т олгох нь үндэслэлтэй байна. Хохирогчийн зүгээс шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ цаашид өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байгаа тул жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөх саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр харилцаж бие биеэ зодсон ба хохирогчийн биед гэмтэл учирсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 3 удаа очсон. 3 удаа уучлалт гуйж, гарсан хохирлыг төлж өгнө гэдгээ илэрхийлсэн боловч хохирогч надад хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэснээр ийм асуудал болсон. Миний буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг төлж өгнө. Бусад хохирлыг төлж өгөхгүй” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тухайн зүйл ангид зааснаар шүүгдэгчийн үйлдлийг гэм буруутайд тооцуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна. ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бодит байдлаар үнэлж хэргийн бодит хохирлыг тооцон гаргаж төлүүлэх нь зүйтэй” гэв.
4. Хохирогч С.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Цус багатай тул толгой маань өвддөг. Эмчийн дүгнэлтээр миний хамрын яс хугарсан гэх онош гарсан. Гарсан хохирлын талаар баримтуудаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Хамрын яс хугарах үед 7 хоногт эмчлүүлэх ёстой байдаг юм байна. Гэхдээ 7 хоног өнгөрсөн болохоор одоо Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардал байгаа. Шүүгдэгч уучлалт гуйгаагүй” гэв.
5. Хохирогчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Болсон үйл явдлын талаар хохирогч тодорхой хэлсэн. Бусдын хашаанд согтуу байхдаа ёс бус үйлдэл гаргасан байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдалтай байна. Мөрдөн байцаалтын шатанд хүүхдийн эрх зөрчигдсөн тул хэрүүл маргаан гарсан, миний буруу байхгүй гэх байдалтай явж байсан. Хохирогч цаашид хамрын хугаралттай холбоотой Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх гэж байгааг дурдаж байна. Хохирогчийн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна. Хохирогчид учирсан 1,268,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож өгөхийг хүсэж байна. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гарсан байна. Хэл амаар доромжилж, ёс бусаар хандсан. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313003330349 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
6. Хохирогч С.Ө-ээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
7. Хохирогч С.Ө-ээс гаргасан өргөдөл, холбогдох баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-15 дахь тал/,
8. Тус аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 664 дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
9. Тус аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 666 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
10. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
11. Хохирогч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 54 дэх тал/,
12. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 59 дэх тал/,
13. Гэрч У.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
14. Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
15. Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
16. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БӨА-23-0271 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 75-79 дэх тал/,
17. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 749 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
18. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 748 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
19. Хохирогч С.Ө-ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 121-132 дахь тал/,
20. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, орчуулга хийсэн тэмдэглэл /хх- ийн 133, 135 дахь тал/,
21. К.Н-ээс хэрэгт хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 137-143 дахь тал/,
22. Прокурорын зөвшөөрлөөр эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 145-151 дэх тал/,
23. Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 160-161 дэх тал/ зэргийг,
24. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас: Шүүх шинжилгээний шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэх хуудас, багын Засаг даргын тодорхойлолт, иргэний бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэргийг,
25. Хохирогчийн өмгөөлөгч С.А-гаас: Хавтаст хэргийн 123-132 дахь талд авагдсан хохиролтой холбоотой хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
26. Шүүгдэгч Б.Б-, хохирогч С.Ө- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
27.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
28. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
17. Шүүгдэгч Б.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....дугаар ..... багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Б-н эзэмшлийн хашаанд хохирогч С.Ө-ийг зодож биед нь тархины доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, доод уруулын цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
18. Хохирогч С.Ө-ээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
19. Хохирогч С.Ө-ээс гаргасан өргөдөл, холбогдох баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-15 дахь тал/,
20. Тус аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 664 дугаартай “С.Ө-ийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
21. Тус аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 666 дугаартай “...Ө.Ф-ийн биед духны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
22. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
23. Хохирогч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Уг хэрэг учрал болсон гэх өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байсан юм. Тус өдөр эхнэр Х.Н-ийн хамт хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар очиход манай хүүхдийн гадуур хувцас нь байгаагүй. Тэгээд тэрүүгээр хэсэг хайгаад олдохгүй байхаар нь за маргааш олдох байлгүй дээ гэж гэр лүүгээ буцаад явж байхад яг манай хүүхдийн гадуур хувцастай адилхан хувцсыг өмссөн нэг жоохон хүүхэд хажуудаа бас нэг хүүхдийн хамт нэг хашаа руу орохоор нь араас машинтай орсон чинь яг манай хүүхдийн хувцас байсан. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо ”...өө энэ хүүхэд андуураад өмсөөд явсан юм байх даа” гэж яриад, эхнэр машинаас буугаад нөгөө хүмүүстэй уулзаж байсан. Би болохоор машин дотор утсаа оролдоод сууж байсан юм. Ингээд машин дотроос хальт нэг харсан чинь манай эхнэр хүүхдүүдийн хувцсыг тайлж байгаа бололтой харагдсан. Тухайн үед манай эхнэр нөгөө гадуур хувцас нь олдоогүй хүүхдийг маань гартаа өргөсөн явж байсан юм. Тэгээд би утсаа оролдоод байж байхад эхнэр машины хаалгыг нээгээд дөнгөж суух гэж байхад нөгөө нэг хувцас андуурч өмсөж явсан хүүхдийн эцгийг Х.Б- гэдэг юм байна лээ. Тэгсэн түүний хажууд зогсож байсан нэг эрэгтэй нэрийг нь тухайн үед мэдэхгүй байсан сүүлд сураглахад Б.Б- гэх залуу байсан. Тэр манай эхнэрт хандаад “шаачихмаар, бөгсийг нь ярмаар авгай” бэ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр юу гээд хүнийг доромжилж байгаа юм бэ, хүүхдээ цэцэрлэгээс өөрсдөө очоод авахад яадаг юм бэ гэж хэлээд урдаас нь очсон чинь нөгөө нэг Б.Б- манай эхнэрийг хоолойноос нь боож арагшаа шахсаар байгаад машины миний талын хаалга руу шахаад зогсож байснаа 1-2 удаа цохиж авсан. Эхнэр сүүлд хэлэхдээ 1 удаа цохиход миний цээжний хэсэг рүү дараагийн удаа цохиход хүүхдийн толгойн хэсгийг оносон гэж хэлсэн. Тэгээд байж байхад Б.Б-ийн эхнэр нь байсан байх бас нэг машин дотор сууж байсан эмэгтэй бууж ирсэн. Хажууд нь байсан Х.Б- нар салгах гэж байх хооронд би машинаас буусан юм. Ингээд машинаас буухдаа зэрэгцэн Х.Б- нь Б.Б-т хандан чи эмэгтэй хүн зодохоо болиоч ээ гэж хэлсэн чинь нөгөө Б.Б- над руу дайрч тэгвэл нөхрийг нь зодно гээд намайг барьж аваад толгойны хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэгэхэд хажууд байсан Х.Б-, Б.Б-ийн эхнэр нь байх тэр эмэгтэй хоёр бид хоёрыг салгах гэж үзсэн. Тухайн Б.Б- нь миний нүүрний хэсэг, уруул гээд бүхэлдээ толгой, нүүрний хэсэг рүү гараараа хэд хэдэн цохиж авсан. Би өөрөө цус багадалттай, түүнээс жоохон биетэй болохоор хөдөлж чадаагүй юм. Энэ зуур манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэр хүмүүс ирж бид хэдийг хэсэг рүү авч явсан. Б.Б- миний хамрын хэсэг рүү гараараа цохиход би манарсан байсан юм. Тэнд цагдаагаас хүн иртэл бараг 20-30 орчим минут Б.Б- намайг зодсон. Анхандаа Х.Б- бид хоёрыг салгаж явж байсан, сүүлдээ над руу бас дайраад байсан. Гэхдээ миний биед учирсан гэмтлийг Б.Б- үүсгэсэн. Х.Б-н зүгээс намайг цохиогүй. Харин цээж рүү түлхсэн, үүнээс болж миний биед гэмтэл үүсгээгүй...”, “...Б.Б-ийн зүгээс манай эхнэр түүний цамцыг урсан гэж байгаа бол эхнэрийн маань гар утсанд байгаа гэрэл зураг болохоор үйл явдал болж дуусаад миний хамраас цус гараад бид хэд салж, холдсон байх үеийн гэрэл зураг байгаа. Тус гэрэл зурагт Б.Б-ийн цамцанд үүссэн ямар нэгэн урагдалгүй байсан. Энэ хэргийн улмаас надад нийт 1,268,000 төгрөгийн хохирол учирсан ба түүнийг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 54 дэх тал/,
24. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг хэрэг учрал болсон гэх өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байсан юм. Тус өдөр нөхөр С.Ө-ийн хамт хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар очиход манай хүүхдийн гадуур хувцас нь байгаагүй. Тэгээд тэрүүгээр хэсэг хайгаад олдохгүй байхаар нь за маргааш олдох байлгүй дээ гэж бодоод гэр лүүгээ буцаад явж байхад яг манай хүүхдийн гадуур хувцастай адилхан хувцсыг өмссөн нэг жоохон хүүхэд хажуудаа бас нэг хүүхдийн хамт нэг хашаа руу орохоор нь араас машинтай орсон чинь яг манай хүүхдийн хувцас байсан. Тэгээд нөхөр бид хоёр хоорондоо “...өө энэ хүүхэд андуураад өмсөөд явсан юм байх даа” гэж яриад би гадуур хувцасгүй байсан хүүхдээ гартаа бариад машинаас буусан. Машинаас буухад тэр хашаан дотор 2 эрэгтэй хүн байхаар нь би мэндлээд “та нар хүүхдээ өөрсдөө очоод цэцэрлэгээс нь авахад яадаг юм бэ, манай хүүхэд ханиад хүрсэн байгаа, би сая цэцэрлэгээс нь гадуур хувцасгүй авч ирлээ, танай хүүхэд манай хүүхдийн хувцсыг андуураад өмсөөд явсан байна шүү дээ” гэсэн чинь Х.Б- гэх хүн сая хөрш айлын хүүхдээр хүүхдээ авхуулсан юм, танай хүүхдийн хувцсыг өмсгөөд ирсэн байна гэснээ хүүхдийн өмсөж байсан малгай, гадуурх курткыг нь тайлаад надад өгснөө гутлын чи өөрөө тайлаад авчих би сая идшээ гаргасан, гар минь бохир байна гэж хэлсэн. Тухайн үед тэр хүний гар нь цустай байсан. Тэгэхээр нь гартаа байсан хүүхдээ газарт буулгаад куртка, малгай хоёрыг нь хүүхдэдээ өгөөд нөгөө нэг Х.Б- гэх хүний хүүхдийг өвөртөө суулгаад гутлын тайлж аваад Х.Б- гэх хүнд өгсөн. Тэгээд газарт зогсож байсан хүүхдээ болон хувцсыг нь гартаа бариад хүүхдээ өргөөд машин руу алхаад суух гэж байхад Х.Б-гийн хажууд зогсож байсан Б.Б- гэх залуу чи яахлаараа хүүхдийн хувцсыг тайлж авдаг юм бэ “өгзгийг чинь ярмаар авгай байна даа” гэхээр нь би эргэж хараад урдаас нь хэсэг алхаад та өөрийнхөө эмэгтэй дүү шиг хүнд хандаад юу гээд байгаа юм бэ гэсэн чинь Б.Б- миний хүзүүнээс боогоод машин руу шахсанаа чамайг харин “бавмаар, шаамаар авгай байна” гэснээ миний цээжний хэсэг рүү нэг цохиж авсан. Тэгснээ ахиад цохиход гарт маань байсан хүүхдийн маань толгойны хэсэг рүү гар нь хүрсэн. Яг ингэж байхад манай нөхөр машинаас бууж ирээд энд юу болж байна гэж хэлсэн. Тэр агшинд Х.Б-, Б.Б-т хандаад чи эмэгтэй хүнд гар хүргэхээ болиочээ гэсэн чинь Б.Б- тэгвэл нөхрийн зодно гээд манай нөхрийг барьж аваад хамар, нүүрний хэсэг рүү хэд хэдэн цохиж авсан. Тэгсэн тэр хашаанд байсан цагаан өнгийн машин дотроос Б.Б- гэх хүний эхнэр нь юм шиг байна лээ бууж ирээд нөхрөө салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгэхээр нь би гартаа байсан хүүхдээ машинд үлдээгээд утсаа аваад, нөгөө Б.Б- гэгчийг салгах гэсэн боловч дийлээгүй юм. Б.Б-ийг Х.Б-, Б.Б-ийн эхнэр бид гурав гурвуулаа салгах гэж дийлээгүй юм. Тэгэхээр нь би цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гээд цагдаагийн газарт дуудлага өгч байгаа газраа зааж өгөөд, тухайн үед нөхрийн маань хамраас цус гарсан байхаар нь айгаад янз бүр болчихвол яах юм бэ гэж бодоод гар утсаараа бичлэг хийгээд зогсож байхад Х.Б- миний гарт байсан гар утсыг шүүрч авснаа, цээж рүү минь түлхэж хаячхаад, нөгөө утсыг газарт шидчихсэн. Ингээд байж байхад цагдаа нар ирсэн. Нөхрийг маань яг цагдаа нар ирэхээс өмнө Б.Б- тавьсан ба бид хэд зугтаах гэсэн боловч машин дотор хүүхдүүд маань байсан мөн машины түлхүүрийг Х.Б- авчихсан болохоор явж чадаагүй юм. Цагдаагаас хүмүүс ирэхэд Х.Б- хармаандаа байсан машины түлхүүрийг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 59 дэх тал/,
25. Гэрч У.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр түүнд хандаад чи чинь ямар даварсан авгай вэ, хандыг чинь хага дарах хүүхэн байна даа гэж хэлсэн. Тэгсэн нөгөөх нь манай нөхөр лүү дайраад нөхрийн дээгүүрээ өмссөн байсан хувцсыг нь татаж чангаагаад зууралдаж байх хойгуур машинаас түүний нөхөр бололтой нэг залуу бууж ирснээ чи авгайг минь юу гээд байгаа юм бэ гэж манай нөхөртэй барилцаж авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад бие биетэйгээ маргаад байж байхад нэг харахад лав нөгөө залуугийн хамраас нь цус гарсан байсан. Би анхандаа машинаас буугаагүй юм, сүүлдээ нөхрийгөө явъя гэж хэлэх гээд салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
26. Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг эмэгтэй хүн гарцаараа бууж ирснээ надад хандаад манай хүүхдийн хувцсыг танай хүүхэд андуураад өмсөөд явсан байна гэхээр нь аан за тэгвэл солиод авчихна биз дээ гэж хэлсэн. Яг ингээд юм ярьж байх хооронд манай хүүхэд гэрээс өөрөө гүйгээд гараад ирсэн юм. Тэгэхээр нь түүнийг дуудаад нөгөө эмэгтэйд хандаад миний гар бохир байгаад байна, чи өөрөө тайлаад авчих гэж хэлсэн чинь тэр эмэгтэй манай хүүхдийг татаж, зулгаагаад тэгснээ энэ ямар бохир заваан хүүхэд вэ хүүхдийн хувцсыг завааруулсан байна гэж хэлсэн. Тэгэхэд хүүхдийн амнаас юм уу, хамраас нь нус юм уу шүлс гоожиж тогтсон байсан. Тэрийг харчихаад заваан хүүхэд байна гэж хэлсэн. Түүнийг хүүхдийг минь татаж, зулгааж хувцсыг нь тайлахаар нь би тэр эмэгтэйд хандаад зүгээр тайлж аваач гэж байсан чинь хажуугаас Б.Б- гарч ирснээ чи ч гэсэн хүүхэдтэй хүн, яаж тайлаад байгаа юм, бэ гэж хэлсэн тэгсэн нөгөө эмэгтэй Б.Б-т хандаад архи гударч, шүлсээ гоожуулж байхаар хүүхдээ цэцэрлэгээс нь очиж авахад яадаг юм бэ гэж хэлсэн чинь хариуд нь Б.Б- түүнд хандаад чамайг ч “шаагаад хаямаар авгай” байна даа гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй уурлаад шууд Б.Б- рүү дайраад түүний өмссөн байсан цамцыг энгэр хэсгээс нь татаад ураад хаясан. Ингэж байх хооронд би хүүхдээ Б.Б-ийн машинд оруулж суулгасан юм. Учир нь манай гэрт хүн байгаагүй, ингэж байх хооронд машинаас тэр эмэгтэй хүний нөхөр нь бололтой нэг залуу гарч ирснээ Б.Б- рүү чи манай эхнэр лүү дайрдаг хэн юм бэ гэж хэлээд дайрч эхэлсэн, тэр хоёр зууралдаад яваад байсан, нэг харсан чинь нөгөө эмэгтэйн нөхөр гэж Өнербек гэх залуугийн хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
27. Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг эмэгтэй хүн бууж ирснээ миний хүүхдийн хувцсыг яагаад хүүхдэдээ өмсүүлсэн бэ гэж орилж байсан тэгснээ Х.Б-н хүүхдийн өмссөн хувцсыг татаж, зулгааж тайлж авсан юм. Тэгсэн Б.Б- тэр эмэгтэйд хандаад чи ч гэсэн хүүхэдтэй биз дээ ямар учраас ингэж хүүхэдтэй зүй бус харьцаж байгаа бэ гэсэн чинь нөгөө эмэгтэй “архиа гударч явахаар хүүхдэдээ яагаад зөв хувцас өмсгөдөггүй юм бэ, миний хүүхдийн хувцсыг ийм хүүхэд өмсөх болоогүй” гэж хэлэхэд Б.Б- түүнд хандаад “шаагаад хаячихмаар авгай байна даа” гэсэн чинь нөгөө авгай шууд Б.Б- рүү дайраад 2 удаа хацар тус газарт нь алгадаж аваад түүний өмссөн байсан цамцны захаас нь бариад би жирэмсэн хүн, хүүхдийг минь зулбуул гээд орилж дайраад байсан. Тэгж байгаад Б.Б-ийн дээгүүрээ өмссөн байсан цамцны захыг ураад хаясан. Тэгсэн машин дотор сууж байсан залуу машинаас бууж ирээд Б.Б- руу хандаад чи яахлаараа манай эхнэрийг зоддог юм бэ гээд тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тухайн үед машинаас буугаагүй болохоор нарийн юмыг нь хараагүй. Б.Б- лав тэр залууд хандаад авгай чинь ирээд алгаддаг, чи ирээд намайг цохидог та нар хэн бэ гэж хэлээд нөгөө залуугийн хамар тус газарт нь цохиж авсан чинь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
28. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БӨА-23-0271 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 75-79 дэх тал/,
29. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 749 дугаартай “...К.Н-ийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
30. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 748 дугаартай “...Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
31. Хохирогч С.Ө-ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 121-132 дахь тал/,
32. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, орчуулга хийсэн тэмдэглэл /хх- ийн 133, 135 дахь тал/,
33. К.Н-ээс хэрэгт хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 137-143 дахь тал/,
34. Прокурорын зөвшөөрлөөр эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 145-151 дэх тал/,
35. Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тус өдөр болохоор 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байсан юм. Найз болох Х.Б- над руу утсаар залгаад ирээд идэшний үхэр гаргахад туслаач гэж хэлсэн. Ингээд би цагийн хувьд 15 цагийн орчимд байх Х.Б-н гэрт очсон. Тэднийд очоод идэшний үхрийг гаргаад байж байхад Х.Б-н хүүхдийг цэцэрлэгээс авах цаг нь болсон гээд бид хоёр үхрийг гаргаж байсан болохоор хөрш айлын бас нэг сургуулийн насны жоохон хүүхдийг цэцэрлэг рүү явуулсан. Тэгээд байж байхад Х.Б-н хүүхдийг нөгөө нэг хүүхэд дагуулаад хүрээд ирсэн ба Х.Б-н хүүхэд гэр лүүгээ орох гэж явж байхад тэдний хашаанд машинтай хүмүүс орж ирээд зогссон. Тэгсэн тэр дотроос нэлээн ууртай нэг эмэгтэй хүн бууж ирснээ хулгайчуудаа, пязда нар минь та нар яахлаараа миний хүүхдийн хувцсыг хүүхдэдээ өмсүүлээд явдаг юм бэ гэсэн. Тэгсэн Х.Б- нээх юм дуугарсангүй гэр лүүгээ орж байсан хүүхдээ дуудаад, нөгөө эмэгтэйд хандаад тэгвэл наад хувцсыг чи өөрөө тайлаад ав гэж хэлсэн. Тэгэхэд Х.Б-гийн хүүхдийн хамраас бага зэрэг нус гоожсон байсан ба тэр эмэгтэй Х.Б-н хүүхдэд хандаад ийм заваан хүүхэд харсангүй гээд дээгүүрээ өмссөн байсан хувцсыг нь татаж чангааж, нөгөө хүүхдийг бүр татаж, зулгаагаад хувцсыг нь тайлж авахаар нь би тэсэлгүй тэр эмэгтэйд хандаад миний дүү чи ч гэсэн ийм хүүхэдтэй байх, яагаад ингэж харьцаж, хүүхдийг татаж чангааж байгаа юм бэ гэхэд тэр надад хандаад чи архиа гударч явахаар хүүхдэдээ цэцэрлэгээс нь очиж авахад яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд түүнд хандаад чиний хандыг чинь хага дармаар авгай юу гэж хэлсэн. Тэр эмэгтэй шууд над руу дайраад намайг алгадаж авсан. Тэгснээ би жирэмсэн хүн алив намайг цохь энэ тэр гээд миний цамцны зах хэсгээс бариад татаад байхаар нь би гэнэт бодоод нэрээ жирэмсэн бол болохгүй юм байна гэж бодоод хоёр гараа гадуур хувцасны кармаанд хийгээд зогсож байсан. Нөгөө хүүхэн надтай зууралдаад л байж байснаа миний өмсөж байсан цамцны захаас татаж байхад цамцны зах хэсэг нь урагдаад түүний гар нь мултраад арагшаа бөгсөөрөө машины урд хэсэгт суучихсан. Тэгсэн машинаас түүний нөхөр гэх залуу бууж ирснээ манай эхнэрийг зоддог хэн юм бэ чи гээд намайг цохиж авсан. Тэгэхээр нь би бас зөрүүлж түүнийг цохисон. Тэнд үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Ингээд нөгөө залуу надаас салахгүй зууралдаад байсан. Тухайн үед Х.Б- болон машинаар намайг авахаар ирсэн эхнэр маань тэр залууг салгаад яваад байсан. Х.Б- бүр тэр залууд хандаж за чи явчих гэж зөөндөө хэлсэн боловч зууралдаад яваад байсан. Бид хэдийг ингээд зууралдаад байж байхад нөгөө эмэгтэй цагдаад дуудлага өгнө гэхэд манай эхнэр түүнд хандаад дуудвал дууд гэж хэлээд, хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирж бид хэдийг авч явсан. Миний толгой болон цээж, хэвлийн хэсэгт гараараа хэд хэдэн цохисон. Тухайн үед миний биед зулгаралт үүссэн боловч уг асуудлыг ингэж явахгүй байх гэж бодоод шүүх шинжилгээний байгууллагад хандаагүй юм. Тухайн өдөр Х.Б-н гэрт найз Т.Д-ын хамт очсон юм. Т.Д-, Х.Б- бид гурав 0.5 литрийн архийг хувааж уусан. Ер нь тэнд нээх согтуу хүн байгаагүй. Т.Д- миний машин дотор сууж байсан. Тэр уг асуудлыг болоход машинаас бууж ирээгүй. Нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тухайн үед түүний хамраас жоохон цус гарсан ба тэрийгээ гараараа арчихад хацрын хэсэгт нь тарж тогтсон байсан. Тухайн үед ноосон майкаа, гадуур өмссөн ноосон цамцны зах хэсэг нь урагдсан. Уг майкаа болон цамцыг нийтэд нь 2022 онд 200,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо хүртэл манай гэрт байгаа. Тэр эмэгтэй хүүхэдтэй зүй бусаар харьцсан болохоор нь хамгаалах үүднээс уг асуудлыг үүсгэсэн юм..., ...Би хувьдаа бодохдоо хүүхдийн эрхийг хангах үүднээс тэр хүмүүстэй маргасан, хоёрдугаарт намайг түрүүлж тэд нар цохисон болохоор би өөрийгөө хамгаалж түүнийг цохисон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 160-161 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
36. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
37. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
38. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
39. Шүүгдэгч Б.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
40. Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч С.Ө-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
41. Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
42. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус үйлдэл болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
43. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
44. Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч С.Ө- нь 1.268.000 төгрөг нэхэмжилжээ.
45. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 531,600 төгрөг гаргуулан хохирогч С.Ө-т олгож, илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн хөлс гэж нэхэмжилсэн 500.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 236,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, хохирогч С.Ө-ийн өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 500.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно. Хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.
47. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгал гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Заавал даатгах даатгал, сайн дурын даатгал” гэж ангилах ба Даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасан тул эрүүл мэндийн даатгалын мөнгө болох 236.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.
48. Харин энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авахад гарсан хохирол болох 531.600 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
49. Хохирогч С.Ө- нь “Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагатай” гэж байх тул цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
50. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
51. Хохирогчийн өмгөөлөгч С.А-гаас “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Хохирол төлөхөө илэрхийлээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед 3 хүний биед халдсан. Хүүхдийн болон эхнэрийнх нь биед гэмтэл учирсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна” гэх саналыг ,
52. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “Шүүгдэгчийн үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шинэ санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Мөн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн зүй бус үйлдэл байгаа болох нь тогтоогдсон. Улсын яллагчийн санал болгож байгаа торгох ялыг хуульд зааснаар оногдуулах боловч шүүгдэгч нь мужааны цэгийн үйл ажиллагааг улирлын чанартай гүйцэтгэдэг. Мужааны ажил нь өвлийн улиралд зогсонгуй байдалтай, хаврын улирлаас эхэлж ажлаа тогтмол хийдэг. Торгох ялыг оногдуулсан нөхцөлд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
53. Шүүгдэгч Б.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
54. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
55. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
56. Шүүгдэгч Б.Б- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
57. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
58. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 800 нэгж нь 800.000 төгрөгтэй тэнцэх юм.
59. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
60. Шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
61. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Б.Б- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
62. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ноосон майк 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
63. Шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.р овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 531.600 /таван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан хохирогч С.Ө-т олгож, илүү нэхэмжилсэн 736.400 /долоон зуун гучин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Ө- нь эрүүл мэндээ цаашид эмчлүүлэхэд гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ноосон майк 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК