| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Г-эд холбогдох эрүүгийн 2313003840004 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 17 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19........оны ..... дүгээр сарын .........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн. 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ........... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ........ дугаар ......... багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Б-ын Г-, регистрийн дугаар БЛ..............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын .......... дугаар багийн нутагт хохирогч С.Б-ын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, зүүн нүд, баруун зүүн хацар орчим цус хуралт, хаван хавдартай, хамрын нуруунд шархтай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 179,600 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Тухайн мөнгийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн. Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан гэж үзэж түүнээс гаргуулах хохирол төлбөргүй” гэв.
2. Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч хүргэн ах маань байсан. Өмнө нь хүргэн ах маань гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Эгчийг маань хөөж, зоддог байсан. Тухайн өдөр би согтуу байсан. Хохирогч намайг хэл амаар доромжилсон тул хэрүүл маргаан гарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313003840004 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Иргэн С.Б-оос 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
4. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09, 11 дэх тал/
5. Гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
6. Гэрч Ж.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 734 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
8. Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
9. Шүүгдэгч Б.Г-ээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
10.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
11. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-эд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
12. Шүүгдэгч Б.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын ....... дугаар .......... багийн нутагт хохирогч С.Б-ын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, зүүн нүд, баруун зүүн хацар орчим цус хуралт, хаван хавдартай, хамрын нуруунд шархтай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
13. Иргэн С.Б-оос 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
14. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Ц- сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн “Миний” гэсэн дэлгүүрт худалдаа наймаа хийж байхад манай сумын иргэн болох Б-ын Г- гэгч согтуу миний хажууд ирээд мэндэлсэн. Тэгээд би уг залууд сайн уу, юу байна хаанаас ирсэн, юу хийж явж байгаа юм гэж асуухад Б.Г- миний хаанаас явж байгаа, юу хийж явж байгааг чи мэдэх юм уу гэж хэлээд наадыг шууд заамдаж авч гараараа цохих гэтэл би цохиулаагүй ба тэр залууг барьж авч тайвшруулж байсан. Гэтэл дахиж намайг заамдаж авсан ба гараараа хамгаалж цохиулаагүй ба гарыг нь тавьчихсан. Тэр үед би анхааралгүй зогсож байх үед үсэрч ирж толгойгоор миний хоёр нүдний дунд хэсгээр 2 удаа мөргөж унагаасан. Тэр үед миний хамарнаас цус гарч толгой эргэж ухаан алдаж унасан. ...Б.Г- намайг зодсоны улмаас би аймгийн төв рүү 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирэхдээ өөрийн УАЗ-22069 загварын тээврийн хэрэгсэлд 30 литр бензин нэг литрийг нь 2860 төгрөгөөр нийтдээ 85.800 төгрөг, аймгийн шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймагт ирэхдээ мөн 30 литр бензинийг нэг литрийг 2860 төгрөг, нийт 85.800 төгрөг нийтдээ 179.600 төгрөгийн зардал гарсан байна. Дээрх зардалд гаргаж өгөх баримт байхгүй, би энэ мөнгийг нэхэмжилж байна. Б.Г- нь миний хохиролд ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй болно. Надад учирсан хохирол болох 179.600 төгрөгийг барагдуулахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09, 11 дэх тал/,
15. Гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өдрийн 17 цагийн орчим манай дэлгүүрийн гадна нэг согтуу хүний дуу чимээ гарсан ба манай нөхөртэй маргалдаж байсан. Тэгээд би тэр залуу болох Б.Г-т та хоёр юундаа маргалдаад байна вэ болиорой гэж хэлсэн. Тэгэхэд тэр Б.Г- нь С.Б-оос салахгүй зууралдаад байсан ба зодолдох шинжтэй байхаар нь сумын цагдаагийн тасаг руу дуудлага өгөхөөр явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч буцаад дэлгүүрийн гадна ирсэн чинь манай нөхрийн толгой тус газар болон хамарнаас нь цус гарчихсан байсан. Яасан бэ гэж асуухад Б.Г- надыг мөргөж унагааж зодчихоод яваад өгсөн гэж сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
16. Гэрч Ж.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Ц- сумын төв гудамжинд С.Б- гэх хүний дэлгүүрийн урд машинтайгаа зогсоолд байсан. Гэтэл оройхон 17 цагийн орчимд байх манай сумын залуу болох Б.Г- гэдэг согтуу С.Б-ын дэлгүүрийн гадна ирж тэр хоёр хоорондоо ярьж зогссон. Гэтэл Б.Г- нь С.Б-той маргалдаж улмаар зодолдох шинжтэй байхаар нь очиж болиулсан ба 2 удаа салгасан. Б.Г- нь хүнтэй юм ярьж зогсож байгаад С.Б-ыг анхаарахгүй байхад мөргөж гараараа цохиж унагааж зодсон. Тэгээд салгаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
17. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 734 дугаартай “...Иргэн С.Б-ын биед хамрын таславчийн мурийлт, зүүн нүд, баруун зүүн хацар орчим цус хуралт, хаван хавдартай, хамрын нуруунд шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
18. Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...С.Б-ын нүүр хэсэгт нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
21. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
22. Шүүгдэгч Б.Г- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
23. Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч С.Өнербекийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
24. Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
25. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус үйлдэл болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
26. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
27. Шүүгдэгч Б.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч С.Б- нь 179.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь ХААН банкны гүйлгээгээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
28. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
29. Шүүгдэгчээс: Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
30. Шүүгдэгч Б.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
32. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
33. Шүүгдэгч Б.Г- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
34. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.
36. Шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
37. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Б.Г- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
38. Шүүгдэгч Б.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Г- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК