Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж           Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Т.Ёндонжамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Ёндонжамцад холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эмээгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Найрамдлын хэсэг 4-101 тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Сартуул овогтой Тогтохбаярын Ёндонжамц /регистрийн дугаар: ИЭ96030416/

 Шүүгдэгч  Т.Ёндонжамц нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Цэцэрлэг хэсгийн 105 тоотод хашаанд байх иргэн Д.Ганболдын гэрт согтуугаар  хохирогч Ц.Оюунцэцэгийг “манай найзыг хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн бугалганы гадна дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд нь зүүн бугалганы гадна дээд хэсэгт шарх, шархны эргэн тойронд цус хуралт бүхий  хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                             

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Ц.Оюунцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:            

Шүүгдэгч Сартуул овогтой Тогтохбаярын Ёндонжамц нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Цэцэрлэг хэсгийн 105 тоотод хашаанд байх иргэн Д.Ганболдын гэрт согтуугаар  хохирогч Ц.Оюунцэцэгийг “манай найзыг хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн бугалганы гадна дээд хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Т.Ёндонжамцад хутгалуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.Оюунцэцэгийн “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ёндонжамц гэх залуу манай нөхрийн дүү Нямбаяр нар хамт архи уучихсан орж ирсэн. Тэгэхээр нь би Нямбаярт яагаад айлд согтуу орж ирж байгаа юм гэж хэлсэн чинь Нямбаяр намайг “чамд ямар хамаатай юм танай гэрт орж ирж байгаа биш пизда минь” гэж хэлсэн. Тэгсэн Нямбаярын найз гэх Ёндонжамц шууд над дээр ирээд миний зүүн гарын булчин хэсэгт нэг удаа хутгаар хутгалсан. Тухайн хэрэг учрал нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, Цэцэрлэг хэсгийн 105 тоотод байх Ганболдын гэр дотор нь болсон. ...Тухайн хутгыг Ёндонжамц өөрөө гутлынхаа түрүүнээс гаргаж ирж байсан. Тухайн хутга нь бор иштэй жижигхэн хутга байсан...” гэсэн мэдүүлгээр,

Т.Ёндонжамцад хутгалуулснаа Ц.Оюунцэцэг өөрт нь хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч О.Баяндоржийн “... би гэр лүүгээ ороод унтчихсан. Тэгсэн намайг унтаж байх үед Ганболд ах намайг манай гэрт орж ирж сэрээгээд “Баяндоржоо танай эхнэр хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр би сэрээд Ганболдын гэрт яваад ортол манай хамтран амьдрагч Оюунцэцэг гэрийн зүүн талд газар суучихсан зүүн гарын булчин хэсгээс цус гарч байсан. Тэгэхээр нь би Оюунцэцэгээс юу болсон талаар асуухад Оюунцэцэг надад “Ёндонжамц хутгалчихлаа” гэж хэлсэн мөн Ганболд ах  “Ёндонжамц хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Т.Ёндонжамц Ц.Оюунцэцэгийг хутгалсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Г.Баярхүүгийн “... Оюунцэцэг Нямбаярыг “Чи ахыгаа аваад зайл, одоо аваад яв” гэж хэлээд Оюунцэцэг, Нямбаяр нар маргалдсан. Тэгсэн Ёндонжамц босож ирээд Оюунцэцэгийг “Чи яахаараа миний найз нарыг хөөдөг юм” гэж хэлээд гутлынхаа түрүүнээс хутга гаргаж ирээд үүдээр тойрч очоод Оюунцэцэгийн гар луу нь нэг удаа хутгалчихсан. Тэгээд манай нөхөр Пүрэвдорж очоод Ёндонжамцын хоёр гараас нь бариад “Одоо боль чи наад хутгаа надад өгчих” гэж хэлсэн Ёндонжамц хутгаа өгөхгүй байсан. Тэгээд Ёндонжамц гараад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Ёндонжамцын “...намайг нэг ухаан орсон чинь Бямбадорж Оюунцэцэг эгчийн гарыг бүсээр боогоод тэнд байсан хүмүүс Ёндко гарыг нь зүсчихлээ гэж хэлээд бужигналдаад байсан. Миний гутлын түрийнд бор модон иштэй дунд зэргийн хутга байсан. Тухайн хутга одоо надад байхгүй, хаана байгааг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ёндонжамцын үйлдлийн улмаас хохирогч Ц.Оюунцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000000012 дугаартай “...1.Ц.Оюунцэцэгийн биед зүүн бугалганы гадна дээд хэсэгт шарх, шархны эргэн тойронд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 12 дугаар зүйлийн 01-нд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Ц.Оюунцэцэгийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг хутгалахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.Ёндонжамц хохирогч Ц.Оюунцэцэгийн зүүн бугалганы гадна хэсэгт хутгалсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Т.Ёндонжамц нь хохирогчийг хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Т.Ёндонжамц нь хохирогч Ц.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай хутгалсан үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул Т.Ёндонжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн хохирогч Ц.Оюунцэцэгийн эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал нийт 213,000 төгрөгийн нэхэмжилсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийг эмчлэхэд нийт 213,000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийг хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд авагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн жагсаалт, баримтууд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 213,000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ёндонжамц шүүх хуралдааны явцад  эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Т.Ёндонжамц нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх  зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

Шүүгдэгч Т.Ёндонжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.   Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж  шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж  2 сарын хугацаанд Завхан аймгийн Улиастай сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Шүүгдэгч Сартуул овогтой Тогтохбаярын Ёндонжамцыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ёндонжамцыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ёндонжамцыг 2 сарын хугацаагаар Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс  гадагш явахыг  хориглож шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий  байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух  газраа өөрчлөх зорчих үүргийг  2 сарын  хугацаагаар хүлээлгэж түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ёндонжамц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.     

5. Шүүгдэгчид Т.Ёндонжамцад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Ёндонжамцаас 213,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч хохирогч Ц.Оюунцэцэгт төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай. 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.НАНДИНЦЭЦЭГ