| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 186/2020/0020/Э |
| Дугаар | 608 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 608
О.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч О.М,
хохирогч Э.Оюунтуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Мд холбогдох эрүүгийн 1906068270264 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
/;
О.М нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” зочид буудалд иргэн Э.Оюунтуяаг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас:
О.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Мд оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Оюунтуяа нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Хохирогч Э.Оюунтуяа нь давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдал болон үйл баримтаар О.М нь миний биед гэмтэл ганцаараа учруулаагүй. Тухайн үед хамт явсан нэг залуу зодоонд оролцож миний биед бүлэглэж гэмтэл учруулсан байхад хамт зодоонд оролцсон залууг яллагдагчаар таталгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн камерын бичлэг болон хохирогч миний “...улмаар би салгах гээд бууж очиход 2 залуу намайг нүүр нүд рүү цохиж миний зүүн нүд хавдсан...” гэсэн мэдүүлэг зэрэг байна. О.М нь миний нүд рүү цохиход нөгөө залуу нь миний толгойруу болон биеийн бусад хэсэг рүү цохиж байсан намайг газар унагаж зодсон би туслаарай гэж хашихарч тусламж дуудсан юм. Энэ талаар мэдүүлэг өгөхдөө удаа дараа хэлж тусгуулсан байдаг. Гэтэл прокуророос хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ миний мэдүүлгийн энэ хэсгийг оруулаагүй зөвхөн О.Мг ганцаараа зодсон талаар баримтууд тусгасан байсан. Хохирол төлбөрийн хувьд миний гомдлыг барагдуулаагүй нэг удаа 150,000 төгрөг төлөөд төлж дууссан гэж ярьж байгаа нь маш ёс суртахуунгүй санагдсан. Миний нүүрэнд гэмтэл учирсан учраас би хүний нүүр харах боломжгүй байсан тул гэмтлийг эдгэх хүртэл хугацаанд гэртээ байж ямар ч өдрийн орлогогүй байсан юм. О.М нь надад хохирол төлнө гэж байсан боловч төлөөгүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж, О.Мтэй бүлэглэж гэмтэл учруулсан залууг /нэрийг нь мэдэхгүй/ яллагдагчаар татаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийг цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
О.М нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” зочид буудалд иргэн Э.Оюунтуяаг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Э.Оюунтуяагийн: “...тус 5 залуу хамгаалагчтай муудалцаад байсан ба дээрээс зохион байгуулагч бууж ирээд “залуучууд аа, больцгоо, юу болоод байгаа юм бэ, караоке ажиллахгүй” гэж хэлэхэд зохион байгуулагчтай муудалцаж байсан ногоон куртиктэй залуу нь зохион байгуулагчийн хамар хэсэгт цохиж, цус гаргасан. Улмаар би бууж очоод салгах гээд очиход 2 залуу нь намайг нүүр, нүд рүү цохиж миний зүүн нүд хавдсан ба манай дүү Б.Нандин-Эрдэнэ салгах гээд ирэхэд мөн адил зодсон. Машинтай явж байсан залуучууд хараад бууж ирээд салгаж би цагдаа дуудсан. /хх 5/, ..Уг гэмтлүүдийг хэрэг болсон өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайга” зочид буудлын шатан дээр ногоон өнгийн куртиктэй, махлаг, шар царайтай /О.М/ залуу миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед хар өнгийн куртиктэй залуу нь надтай зууралцаад тавихгүй байсан учраас хоеулаа нийлж зодсон гэж мэдүүлэг өгсөн. Түүнээс тэр залуу нь намайг цохиогүй. ...” /хх 66-67/,
гэрч Б.Жамбалсанжидын: “...хэсэг хугацааны дараа ресепшн эгч “ёо ёо” гэж орилохоор нь буугаад харсан чинь ресепшн эгч хэрүүл хийж байсан 5 залуугийн нэгэнд нь цохиулсан гэсэн, зүүн нүд нь тагларсан хэрнээ үйлчлэгч эгчтэй хамт хамгийн намхан нуруутай залууг нь зуураад цагдаад өгнө гээд бариад явсан. ...” /хх 21-23/,
гэрч Б.Нандин-Эрдэнийн: “...Тухайн үед Оюунтуяаг ногоон өнгийн куртиктэй, дунд зэргийн нуруутай, махлаг шар залуу /О.М/ 1, 2 дугаар давхрын шатны голд зогсож байхдаа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, гадаа гараад зууралцаж байхдаа толгой, нүүр хэсэгт нь цохиод байсан. ...” /хх 71-72/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13795 дугаартай: “1. Э.Оюунтуяагийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 30/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч О.Мгийн хохирогч Э.Оюунтуяаг зодож, түүний эрүүл мэндэд “...зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.Мд холбогдох 1906068270264 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх О.Мгийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулсан нь хуульд нийцжээ.
Хохирогч Э.Оюунтуяа “...О.М нь миний биед гэмтэл ганцаараа учруулаагүй. Тухайн үед хамт явсан нэг залуу зодоонд оролцон бүлэглэж гэмтэл учруулсан байхад хамт зодоонд оролцсон залууг яллагдагчаар таталгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч Э.Оюунтуяагийн биед учирсан “...зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” гэсэн гэмтлийг О.Мгээс өөр хэн нэгэн учруулсан, О.М бусадтай бүлэглэж уг гэмтлийг учруулсан гэж үзэхээр нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг үзэхэд хохирогч Э.Оюунтуяагийн биед гэмтэл учруулахаар бүлэглэн цохисон, цохиж байсан байдал тогтоогдсонгүй.
Мөн хохирогч Э.Оюунтуяа нь хохирлын талаар нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй ба 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлэгтээ “...эмнэлгээр такси барьж явахад ойролцоогоор 50,000 төгрөг гарсан. Би түүнээс 100,000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 67/ гэжээ. Шүүгдэгч О.М нь хохирогчийн 5064815469 тоот дансанд 150,000 төгрөгийг хохиролд шилжүүлсэн тухай баримт /хх 104/ байна.
Анхан шатны шүүхийн хохирогч Э.Оюунтуяагийн ажилгүй байсан хугацааны цалин зэрэг гэм хорын хохирлын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ