| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 120/2026/0042/З |
| Дугаар | 221/МА2026/0635 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0635
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “П” ХХК
Хариуцагч: Ханбогд сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: “Г” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. н
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.
Хэргийн индекс: 120/2026/0042/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/275 дугаартай мэдэгдлээр "Г" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай "Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх" тендер шалгаруулалтыг дахин зарлахыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад даалгах, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга болон "Г" ХХК- ийн хооронд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажил гүйцэтгэх гэрээ"-г хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч болон өмгөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
“...Нэгдүгээрт: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа гуравдагч этгээд “Г” ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүнийг дүйцэхүйц гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, захиалагч үнэлгээг дахин бие даан хийх үүрэггүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй хэмээн тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ нь шүүх нотлох үүргийг буруу хуваарилсан, хэрэгт авагдсан баримтыг бүрэн, бодитой тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зарим заалтыг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т нэхэмжлэгч “..ямар нэгэн техникийн шинжилгээний дүгнэлт, эсхүл үнэлгээний хорооны дүгнэлтийг үгүйсгэхүйц бодит нотлох баримт ирүүлээгүй.." гэж нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй мэтээр дурджээ. Гэтэл шүүхийн өөрийн эшилсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.8-д “Энэ хуулийн 12.5-д зааснаар ‘эсхүл түүнтэй дүйцэх’ гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ” гэж заасан.
Тиймээс хуулиар заасан нотлох дараалал нь өөр бараа санал болгосон гуравдагч этгээд “Г” ХХК нь техникийн дүйцлийг тендер ирүүлэх үедээ нотлох; Үнэлгээний хороо нотолгоог техникийн шаардлага тус бүртэй тулган хянах; захиалагч Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих; шүүх эдгээр ажиллагаа болон тэдгээрт үндэслэсэн баримт хуульд нийцсэн эсэхийг шалгах гэсэн дараалалтай байна. Нэхэмжлэгч өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг шинээр шинжлүүлж, захиргааны байгууллагын дүгнэлтийг “няцаах” үүргийг хуулиар хүлээгээгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гуравдагч этгээд “Г” ХХК нь тендер шалгаруулалтын зааварчилгаа болон ажлын даалгаварт тусгасан шаардлага, техникийн нөхцөлийг бүрэн хангаагүй байхад түүнийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус, үндэслэлгүй хэмээн тодорхойлсон. Харин гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбартаа болон анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо ч тэр өөрийн санал болгосон бүтээгдэхүүн нь шаардлага хангасныг нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэж няцааж чадаагүй байдаг.
Дүйцэхийг нотлох баримт нь заавал шинжээчийн дүгнэлт байх шаардлагагүй. Гэвч тухайн бүтээгдэхүүний загвар, иж бүрдэл, техникийн үзүүлэлт, стандартын хамрах хүрээ болон гэрчилгээний хүчинтэй байдлыг бодитой шалгаж тогтоох боломжтой, эх сурвалж нь тодорхой баримт байх ёстой. Гэтэл гуравдагч этгээдийн тендерт эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас олгосон стандартын нийцлийн буюу тохирлын гэрчилгээ, туршилтын тайлан, эсхүл үйлдвэрлэгчээс гаргасан албан ёсны техникийн тодорхойлолт, нийцлийн мэдэгдэл зэрэг баталгаажуулах албан ёсны баримт огт хавсаргагдаагүй байдаг. Харин өөрийн компанийн албан бичгийн хэвлэмэл хуудсанд санал болгосон бүтээгдэхүүнээ техникийн шаардлага хангасан гэж нэг талын байдлаар мэдэгдсэн баримтыг л ирүүлсэн байдаг. Ийм мэдэгдэл нь эх сурвалж, анхдагч нотлох баримтаар баталгаажаагүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүний дүйцэх байдлыг дангаараа нотолж чадахгүй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасны дагуу оролцогч өөрийн ирүүлсэн баримт бичиг, мэдэгдлийн үнэн зөвтэй холбоотой эрсдэл, хариуцлагыг өөрөө хүлээхийг тогтоосон болохоос түүний баталгаажаагүй, нэг талын мэдэгдлийг нотлогдсон үнэн зөв баримт гэж үзэх үндэслэл биш болно.
Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.8-д өөр бараа санал болгосон оролцогч тухайн бараа техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг тус хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон тохиолдолд л техникийн тодорхойлолтыг хангасанд тооцохоор зохицуулсан. Иймд “Г” ХХК санал болгосон бүтээгдэхүүнийхээ дүйцэх байдлыг тендер ирүүлэх үедээ шалгаж тогтоох боломжтой, эх сурвалж нь тодорхой баримтаар нотлох үүрэгтэй байсан бөгөөд өөрийн гаргасан баталгаажаагүй мэдэгдлээр энэ үүргээ биелүүлсэнд тооцох боломжгүй. Нөгөө талаас үүнийг нэхэмжлэгчээр өрсөлдөгчийн бүтээгдэхүүнд нь шинжилгээ хийлгүүлж, түүний нэг талын мэдэгдлийг няцаах баримт гаргуулах замаар нөхөх ёсгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “ямар нэгэн техникийн шинжилгээний дүгнэлт, эсхүл үнэлгээний хорооны дүгнэлтийг үгүйсгэхүйц бодит нотлох баримт ирүүлээгүй” гэж буруутгасан нь бүтээгдэхүүний дүйцэх байдлыг тогтооход техникийн тусгай мэдлэг шаардлагатай гэж үзсэнтэй агуулгын хувьд адил байна. Хэрэв шүүх уг асуудлыг зөвхөн техникийн тусгай мэдлэгийн үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, тус хуулийн 40.1-д зааснаар өөрийн санаачилгаар шинжээч томилох боломжтой байсан.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.6-д худалдан авах ажиллагааны маргаанд цахим системд байршуулсан баримт бичгээс бусад нотлох баримтыг гаргуулах. эсхүл цахим систем дэх баримт бичгийн үнэн зөвийг нотлох нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор тусгайлан зохицуулсан.
Гэтэл анхан шатны шүүх дээрх ажиллагааны алийг ч хэрэгжүүлээгүй атлаа шинжээчийн дүгнэлт байхгүйгээс үүсэх сөрөг үр дагаврыг зөвхөн нэхэмжлэгчид хариуцуулж буй нь шударга бус, хэт нэг талыг барьсан үйлдэл болно. Ингэснээр өөр бараа санал болгосон оролцогч дүйцэх байдлыг нотлох ёстой хуулийн дарааллыг урвуулж, гуравдагч этгээдийн биелүүлэх ёстой нотлох үүргийг нэхэмжлэгчид шилжүүлээд зогсохгүй, захиргааны хэргийн шүүх өөрийн нотлох баримт цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй.
Дүйцэх байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт дутуу байсан нь шүүхийн шийдвэрийн шийдэл, үр дүнд шууд нөлөөлөхүйц нөхцөл байдал мөн. Гэтэл шүүх шаардлагатай ажиллагаа хийгээгүй атлаа шинжээчийн дүгнэлт байхгүйг зөвхөн нэхэмжлэгчийн эсрэг ашигласан нь нотлох үүргийн тэнцвэрийг алдагдуулсан гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т заасан “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” үндэслэлд хамаарч байна.
Хоёрдугаарт: Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д EN 136, EN 137, DIN 58610 стандарт, NOISH-ийн баталгаажуулалтын “гэрчилгээ”, хуралдааны тэмдэглэл, харьцуулалтын хүснэгт болон гэрчилгээний хуулбарыг дурдаж, эдгээрт тулгуурлан “Г” ХХК-ийн бүтээгдэхүүнийг дүйцэхүйц гэж үзсэнийг үндэслэлтэй мэтээр ерөнхийлөн дүгнэсэн. Гэвч аль гэрчилгээний дугаар, олгосон байгууллага, итгэмжлэлийн хүрээ, хүчинтэй хугацаа, гэрчилгээ эзэмшигч, үйлдвэрлэгч, бүтээгдэхүүний яг аль загвар болон аль бүрэлдэхүүн хэсэгт хамаарсан, ямар шалгуурыг ямар үзүүлэлтээр хангасан зэргийг шийдвэрт тогтоогоогүй, орхигдуулсанд гомдолтой байна.
Тухайлбал, EN 136 нь нүүрний баг, EN 137 нь шахсан агаартай амьсгалын бие даасан төхөөрөмжийн өөр өөр хамрах хүрээтэй тул нэг баримтаар бүх иж бүрдлийн нийцлийг таамаглах боломжгүй. NOISH -ийн баталгаажуулалт болон DIN 58610 стандартын нийцэл нь мөн адил тухайн үйлдвэрлэгчийн тодорхой загвар, хувилбар, бүрэлдэхүүнтэй холбогдох ёстой.
Харьцуулалтын хүснэгт болон нийлүүлэгчийн өөрийн тайлбар нь эх сурвалж болсон баримтыг тодорхой заасан тохиолдолд түүнийг хянан үзэхэд туслах баримт байж болохоос үйлдвэрлэгчийн албан ёсны техникийн үзүүлэлт, эрх бүхий байгууллагын тохирлын гэрчилгээг орлохгүй. Үйлдвэрлэгчийн буюу борлуулагчийн зөвшөөрөл нь барааг борлуулах эрхийг нотолж болох боловч тухайн бараа шаардсан техникийн үзүүлэлт бүрийг хангаж байгааг дангаараа нотлохгүй.
Иймд техникийн шаардлагыг зөвхөн харьцуулалтын хүснэгтэд тулгуурлан хангасан гэж үзэх боломжгүй. Үзүүлэлт тус бүрийг холбогдох нотлох баримттай тулган хянах ёстой бөгөөд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь техникийн нийцлийг дангаараа нотлохгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.4-т “Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно” гэж, 12.5-д “Техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ хуулийн 12.4-т заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд ‘эсхүл түүнтэй дүйцэх’ гэсэн тодотгол хэрэглэнэ" гэж тус тус заасан. Иймд уг тодотголын зорилго нь тодорхой брэнд, үйлдвэрлэгч, загвараар өрсөлдөөнийг хязгаарлахгүйгээр техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг адил түвшинд хангах бусад бараа санал болгох боломжийг нээхэд оршино. “Дүйцэхүйц” гэх үгийн утга нь техникийн тодорхойлолтод заасан заавал хангах үзүүлэлт, стандарт, чанар болон аюулгүй ажиллагааны “хамгийн доод шаардлага” болохоос түүнийг бууруулж болно гэх зохицуулалт биш юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.8-ын шууд утгаар өөр бараа санал болгосон оролцогч тухайн бараа техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг тус хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон тохиолдолд л техникийн тодорхойлолтыг хангасанд тооцно. •унийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасантай системчлэн ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, “эсхүл” гэх сонголт нь барааны брэнд, үйлдвэрлэгч, загварт хамаарахаас бус техникийн шаардлагыг хангах эсэхэд хамаарахгүй. Харин “дүйцэх” гэдэг нь өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтын заавал хангах шаардлага бүрийн хүрээнд жишиг бараатай адил буюу түүнээс доргүй түвшний нийцлийг нотолсон байхыг шаардсан хууль зүйн босго байх ёстой.
Гэтэл хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчид аль аль нь шүүх хуралдаанд “дүйцэхүйц байж болно” гэсэн хуулийн томьёоллыг “дүйцэхгүй ч байж болно” гэж тайлбарласан. Энэ нь нотлогдсон дүйцлийг шаардсан хуулийн заавал биелүүлэх нөхцөлийг захиргааны байгууллагын үзэмжээр хэрэглэх сонголт болгон гуйвуулсан тайлбар юм.
Ийнхүү “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотголыг техникийн шаардлагаас чөлөөлөх үндэслэл мэт тайлбарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.4, 12.5, 26.8, 26.9-ийн үгчилсэн болон системчилсэн утгад нийцэхгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчим болон худалдан авах ажиллагааны бодит зорилгод тус тус харшилна. Ялангуяа хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зориулалттай тоног төхөөрөмжийн хувьд “дүйцэх” нөхцөлийг сулруулан тайлбарлах нь техникийн тодорхойлолтод заасан стандарт, чанар болон аюулгүй ажиллагааны доод түвшнийг утгагүй болгож, шаардлага хангаагүй барааг хамгийн сайн тендерээр шалгаруулах хууль бус үр дагаварт хүргэнэ.
Тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хуулиар тогтоосон дараалалтай. Нэгдүгээрт, санал болгосон бараа техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.2, 26.8, 26.9-д зааснаар тогтооно. Хоёрдугаарт, зөвхөн шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д заасан үнэлгээний үндсэн шалгуураар үнэлнэ. Гуравдугаарт, үнэлгээний үр дүнд хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1-д зааснаар гэрээ байгуулах эрх олгож, харин шаардлагад нийцээгүй тендерээс тус хуулийн 28.1.3-т зааснаар татгалзах ёстой. Иймд хамгийн бага үнэ нь техникийн нийцлийг орлохгүй бөгөөд шаардлага хангаагүй тендерийг үнэлгээний шатанд оруулах хууль зүйн үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 4-6-д техникийн тодорхойлолтоор Drager РSS 5000 загвартай дүйцэх, EN 136, EN 137, DIN 58610 стандарт болон NOISH-ийн баталгаажуулалтын түвшнийг шаардсан гэж тогтоосон. Гэвч “Г” ХХК-ийн ирүүлсэн яг аль баримт ямар бүтээгдэхүүний загвар, иж бүрдэлд хамаарч, дээрх шаардлага тус бүрийг ямар үзүүлэлтээр хангасныг тогтоолгүйгээр тус компанийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, улмаар хамгийн бага үнийг гэрээ байгуулах эрх олгох үндэслэл болгожээ. Энэ нь эхлээд техникийн нийцлийг тогтоож, дараа нь шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх ёстой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9, 27.1. 28.1-д заасан дарааллыг урвуулсан.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.7-д захиалагч тендерийг хянан үзэхдээ зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзахаар, 26.7.1-д уг зөрүү нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, 26.7.3-т захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн байхыг тус тус шаардсан. Гал түймэр, хорт хий, утаатай орчинд хүний амь насыг хамгаалах зориулалттай нүүрний баг болон амьсгалын аппаратын стандартын зөрүү нь хэлбэрийн буюу үл ялиг зөрүү бус, бүтээгдэхүүний чанар, гүйцэтгэл, найдвартай байдал болон аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөх материаллаг зөрүү юм.
Иймд “Г” ХХК-ийн тендер техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг хуульд заасан нотлох баримтаар бодитой тогтоолгүйгээр үнийн үнэлгээнд оруулж, хамгийн сайн тендерээр шалгаруулсан ажиллагааг хууль ёсны гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үр дүнд шууд нөлөөлсөн.
Гуравдугаарт: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.2-т Үнэлгээний хороо тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, 50.2.3-т захиалагчид тус хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй гэж заасан. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3-т захиалагч Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4-т тус хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах үүрэгтэйг тогтоожээ. Иймд Үнэлгээний хорооны зөвлөмж нь захиалагчийн эцсийн шийдвэрийг орлох, заавал дагаж мөрдөх акт бус, харин захиалагч хуульд нийцсэн эсэхийг хянасны үндсэн дээр эцсийн шийдвэр гаргах урьдчилсан санал юм.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.3-т захиалагчийг төлөөлөх этгээд хуулиар олгогдсон эрх, үүргээ тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шууд заасан. Өөрөөр хэлбэл, тендерийг хянан үзэх, үнэлэх чиг үүргийг Үнэлгээний хороо хэрэгжүүлсэн нь захиалагчийг зөвлөмжийн хууль зүйн үндэслэл болон түүнд тулгуурлан гаргасан эцсийн шийдвэрийнхээ төлөө хүлээх хариуцлагаас чөлөөлөхгүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д захиалагчийн дээрх хяналтын үүргийг “Үнэлгээний хорооны гишүүдийн гүйцэтгэсэн мэргэжлийн, техникийн шинжтэй үнэлгээг захиалагч өөрөө дахин бие даан гүйцэтгэх, эсхүл шинээр хийх үүрэг биш" гэж тайлбарлаж, захиалагч дахин үнэлгээ хийх нь Үнэлгээний хороог тусгайлан байгуулсан зохион байгуулалтын зарчимтай зөрчилдөнө гэж дүгнэсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлаж, хууль тогтоогчдын бичсэн үндсэн агуулга, төрийн худалдан авалтын хяналтын механизмыг алдагдуулсан шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч захиалагчийг Үнэлгээний хорооны оронд шинэ техникийн үнэлгээ бие даан хийх ёстой байсан гэж маргаагүй. Харин Үнэлгээний хорооны зөвлөмж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.2-т заасан санал болгосон бараа техникийн тодорхойлолтод нийцсэн байх шаардлага, 26.8-д заасан өөр барааны дүйцэх байдлыг нотлох шаардлага, 26.9-д заасан тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх нөхцөлд бодитоор тулгуурласан эсэхэд захиалагч хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж маргасан. Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй “захиалагч техникийн үнэлгээг шинээр хийх ёстой” гэх асуудалд хариулсан атлаа нэхэмжлэлийн бодит үндэслэл болох “захиалагч зөвлөмжийн хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянасан уу” гэсэн асуудлыг шийдвэрлээгүй нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан гэж үзэж гомдолтой байна.
Захиалагчийн хяналтын үүрэг нь Үнэлгээний хорооны техникийн тооцоо, харьцуулалтыг бүхэлд нь дахин гүйцэтгэхийг шаардахгүй. Харин дор хаяж Үнэлгээний хорооны дүгнэлт тендерт анх ирүүлсэн бодит нотлох баримтад тулгуурласан эсэх, санал болгосон бүтээгдэхүүний загвар болон иж бүрдэл тодорхой эсэх, шаардсан стандарт, гэрчилгээ тухайн бүтээгдэхүүнд хамаарах эсэх, өөр бараа санал болгосон оролцогч дүйцэх байдлаа хуульд заасан хэлбэрээр нотолсон эсэх, зөвлөмжийн дүгнэлт нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг шалгахыг шаарддаг. Энэ нь техникийн үнэлгээг давтан хийх бус, техникийн үнэлгээ хуульд заасан шалгуур, нотлох баримтад тулгуурласан эсэхэд тавих хууль ёсны хяналт юм.
Тухайн тохиолдолд “Г” ХХК-ийн тендерт санал болгосон бүтээгдэхүүн EN 136 болон бусад заавал шаардах стандартыг хангасныг нотлох эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээ, туршилтын тайлан, эсхүл үйлдвэрлэгчийн албан ёсны техникийн баримт байгаагүй. Харин тухайн компани өөрийн албан бичгийн хэвлэмэл хуудсанд бүтээгдэхүүнээ шаардлага хангасан гэж мэдэгдсэн баримтад тулгуурлан Үнэлгээний хороо дүйцэхүйц гэж үзсэн. Захиалагч уг дүгнэлт ямар анхдагч баримтад тулгуурласан, хуульд заасан дүйцлийг бодитоор нотолсон эсэхийг шалгалгүйгээр зөвлөмжийг шууд дагаж, “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 01/275 дугаар мэдэгдлийг гаргасан байна.
Шүүхийн хийсэн дүгнэлт, тайлбарын дагуу захиалагч Үнэлгээний хорооны зөвлөмж техникийн асуудалтай холбоотой л бол түүний хууль зүйн үндэслэл, нотлох баримтын хүрэлцээ болон тендерийн заавал хангах шаардлагад нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй болж байна. Ийм тайлбар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3-т тусгайлан тогтоосон хяналтын үүргийг бодит агуулгагүй болгож, Үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчийн заавал дагаж мөрдөх эцсийн шийдвэртэй адилтгасан үр дагаварт хүргэнэ. Түүнчлэн ийм тайлбар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.3-т заасан захиалагчийн хариуцлагыг үгүйсгэнэ.
Иймд анхан шатны шүүх захиалагчийн хяналтын үүргийг Үнэлгээний хорооны техникийн үнэлгээг дахин хийх эсэх асуудалтай үндэслэлгүйгээр адилтгаж, нэхэмжлэгчийн маргасан бодит асуудалд дүгнэлт өгөөгүй. Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3, 48.3-ын агуулгыг хэт явцууруулан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийн шийдэл, үр дүнд шууд нөлөөлсөн байна.
Дөрөвдүгээрт: Шүүх хуралдааны тэмдэглэлийн 5-6 дугаар талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Захиргааны акт агуулгын болон хэлбэрийн шаардлага хангаагүй” гэж тодорхой маргасан. Төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”,
4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим; 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох; 24.2-т заасан шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулах, үнэлэх; 24.4-т заасан хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүрэг; 37.6-д заасан “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэх тодорхойлолт; 40.2.3-т заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.3-т заасан захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл, заалтыг тодорхой заах; 40.4-т заасан захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах шаардлагыг тус үндэслэл болгосон. Улмаар 01/275 дугаар мэдэгдэлд “Г” ХХК-ийн бүтээгдэхүүнийг яагаад техникийн шаардлагад нийцсэн гэж үзсэн, дүйцэх байдлыг ямар баримтаар тогтоосон, санал болгосон барааны үзүүлэлт болон шаардсан стандартын зөрүүг хэрхэн үнэлсэн, гэрээ байгуулах эрхийг хуулийн ямар тодорхой зүйл, заалтад үндэслэн олгосныг бүрэн тайлбарлаагүй гэж үндэслэлээ дэлгэрүүлсэн. Энэхүү тайлбарыг шүүх шийдвэрийнхээ Тодорхойлох хэсэгт тэмдэглэсэн атлаа Үндэслэх хэсэгт шийдвэрлээгүй.
Энэ нь техникийн нийцлийн талаар гаргасан материаллаг маргааныг давтсан тайлбар бус, 01/275 дугаар бичгээр гаргасан захиргааны акт өөрөө агуулга, хэлбэр болон үндэслэлийн заавал хангах шаардлагад нийцсэн эсэх тухай бие даасан хууль зүйн үндэслэл юм. Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх; 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.3-т захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл, заалтыг тодорхой заах; 40.4-т тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заахыг тус шаардсан. Эдгээр үндэслэл нь шийдвэр гарах үеийн актад туссан байх учиртай бөгөөд хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд хожим гаргасан тайлбар, баримтын нэршлээр актад анх байгаагүй үндэслэлийг нөхөн бий болгож болохгүй.
Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-12-т 01/275 дугаар мэдэгдэл дээрх шаардлага бүрийг хангасан эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 40.5-д заасан 40.4 дэх хэсгийн шаардлагаас чөлөөлөх нөхцөл хэрэглэгдэх эсэх, уг зөрчил нь Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д заасан хууль бус захиргааны актын шинжийг үүсгэсэн эсэхэд нэг ч дүгнэлт өгөөгүй. Актын материаллаг үр дүнг зөв гэж үзсэн нь актын агуулга, хэлбэрийн бие даасан зөрчлийг автоматаар арилгахгүй. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийдвэрийн Тодорхойлох хэсэгт хүртэл туссан маргааны үндэслэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх‘‘ 107.4-т заасан Үндэслэх хэсэгт захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэснээ тусгах шаардлагыг зөрчсөн. Энэ зөрчил нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.3-т заасан анхан шатны шүүх тус хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн үндэслэлд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны '2 дугаар сарын 05-ны өдрийн А/485 дугаар тушаалаар баталсан “Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм” нь тендерийн зориулалт, ашиглалтын бодит орчин, аюулгүй ажиллагааны түвшнийг тогтооход ач холбогдолтой салбарын албан ёсны баримт бичиг мөн. Уг баримт бичгийн эрх зүйн ангиллаас үл хамааран маргаан бүхий төхөөрөмжийн хэрэглээ, нийцлийн асуудалд ямар ач холбогдолтойг шүүх үнэлэх ёстой байсан боловч шийдвэрт нэрлээгүй, үнэлээгүй бөгөөд үгүйсгэсэн үндэслэл ч бичээгүй байна.
Маргаан бүхий захиргааны актыг шийдвэрт зөрүүтэй тодорхойлсон. Тодорхойлох хэсгийн 2, 6-д болон 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/Ш32026/0246 дугаар захирамжид “Г” ХХК-д эрх олгосон мэдэгдлийг 01/272 дугаар мэдэгдэл гэж, харин нэхэмжлэлийн агуулга болон Тогтоох хэсэгт 01/275 дугаар мэдэгдэл гэж бичсэн. Эдгээр нь нэг тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотой боловч өөр оролцогчид хүргүүлсэн хоёр мэдэгдэл үү, эсхүл өөр захиргааны акт уу гэдгийг болон шүүх яг аль актыг хянаж шийдвэрлэснээ тодруулаагүй. Маргааны зүйлийг ийнхүү зөрүүтэй тогтоосон нь шийдвэрийн биелэлт болон хяналтын боломжид эргэлзээ үүсгэнэ.
Худалдан авах гэрээний тухайд шүүх зөвхөн бараа захиалсан, төлбөр шилжүүлсэн, 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нийлүүлэхээр тохирсон баримтыг дурдсан. Гэрээний гүйцэтгэл эхэлсэн нь гэрээг анх байгуулахад гарсан хууль зөрчсөн байдлыг арилгах үндэслэл биш. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” бол худалдан авах гэрээ илт хууль бус байхаар зохицуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.7-д шүүх худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлээд гэрээ илт хууль бус болохыг тогтоосон боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтоохоор тусгайлан зохицуулсан. Шүүх эдгээр заалтыг хэрэглээгүй бөгөөд гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн акт хууль ёсны гэсэн тойрог дүгнэлтээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Тавдугаарт: Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 7-д нэхэмжлэлийн үндэслэлийг эшлэхдээ “П” ХХК тендерийн саналаа хууль ёсоор, тэгш, шударгаар үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой бөгөөд дүйцэл тогтоогдоогүй тендерт гэрээ байгуулах эрх олгосноор энэ эрх зөрчигдсөн гэж тодорхой дурдсан. Үүнд:
Шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дугаар тал: “...материалаа өгөөд ном журмынх нь дагуу үнэлээд дахиад оролцох эрх маань нээгдэнэ. Ингэж зөрчигдсөн эрх маань сэргэнэ. Бид... манайхыг шууд ав гэж шийдвэр гаргуулна гэдэг зүйлийг огт яриагүй.”
Шүүх хуралдааны тэмдэглэлийн 18 дугаар тал: “...гэрээ байгуулах эрх олгож байгаа компанийн тендерийг үнэлсэн нь өөрөө тендерт шударгаар оролцох бид нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. ”
Иймд төлөөлөгч өөрийн тайлбарын нэг хэсэгт эрхийн асуудлыг давтан хэлээгүй байсан ч бичгээр гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлд энэ асуудал тодорхой тусаж, талууд мэтгэлцсэн. Аль нэг оролцогч талын төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбарыг бүхэлд нь тухайн талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдмэл байр суурь гэж үзэх тул эрхийн үндэслэлээс татгалзсан, эсхүл түүнийг орхигдуулсан гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгчийн хамгаалуулах эрх нь гэрээг заавал өөртөө олгуулах баталгаа биш; нийтэд зарласан шалгуур болон хуульд нийцүүлэн тендерээ тэгш, ил тод, бодит баримтаар үнэлүүлэх. өөр бараа санал болгосон оролцогчид ижил нотлох босго хэрэглэх, хууль ёсны өрсөлдөөний үр дүнд бодитоор өрсөлдөх боломж юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил. үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үс ашигтай. хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар; 59.1-д оролцогч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд гаргах боломжтой байхаар; 60.1-д “Сонирхогч этгээд эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж тус заасан нь оролцогчийн ийм ашиг сонирхлыг хамгаалсан тогтолцоо бүрдүүлсэн. Нэхэмжлэгч өөрийгөө шууд шалгаруулахыг бус, хуульд нийцсэн сонгон шалгаруулалт хийхийг хүссэн болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т акт, гэрээ “хуульд нийцсэн” учраас эрх хөндөгдөөгүй гэжээ. Энэ нь эхлээд актын хууль ёсны байдлыг дээр дурдсан алдаатай дүгнэлтээр зөвтгөж, дараа нь тэр дүгнэлтээ эрх хөндөгдөөгүй гэх үндэслэл болгон шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ захиргааны актын хууль бус байдал болон түүнээс үүдсэн эрхийн зөрчлийг тус тусад нь бодитой, нэг бүрчлэн шалган тогтоох ёстой байсан боловч уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.
Иймд дээр дурдсан үндэслэл бүрийг нэг бүрчлэн хянан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 сарын 03-ны өдрийн 120/ШШ2026/0034 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/275 дугаартай мэдэгдлээр "Г" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
-ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай "Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх" тендер шалгаруулалтыг дахин зарлахыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад даалгах,
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга болон "Г" ХХК- ийн хооронд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажил гүйцэтгэх гэрээ"-г хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Маргаан бүхий 01/275 дугаар албан бичиг /мэдэгдэл/-ээр “... Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх” ӨМАХБСЗДТГ/20260102026 дугаартай тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасан эрэмбийн 4-д эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад “Г” ХХК-д шалгарсан дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон...” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
4. Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээг дахин хийлгэхээр гаргасан гомдолд Сангийн яам нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4386 дүгээр албан бичгээр “Тендер шалгаруулалтын баримт бичигт “Амьсгалын бие даасан төхөөрөмжийн баллон, нурууны тулгуур ба хэлхээ, нүүрний маск” нь Drager PSS5000, РSS5000 - SСВА бараатай дүйцэхүйц байж болно” гэж заасан буюу дүйцэхүйц байх гэж тухайлан заагаагүй, мөн Европын Холбооны ЕN 136 СL3+, ЕN36:1998, ЕN 137 ТҮРЕ 2, DIN 58610 (МНК), NOISH стандартын шаардлага хангасан болохыг нотлох баримт ирүүлэхгүй шаардаагүй, түүнчлэн гомдолд “Г” ХчХК тендерт санал болгосон амьсгалын бие даасан төхөөрөмжийн баллон, нурууны тулгуур ба хэлхээ, нүүрний маск нь захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй талаар тодорхой үндэслэл дурдаагүй байх тул тус компанийн санал болгосон Наncom lifecare INC (Sancheong)” компанийн амьсгалын бие даасан төхөөрөмж нь техникийн тодорхойлолтод заасан “Draeger” брэндийн бүтээгдэхүүнтэй дүйцэхгүй буюу холбогдох олон улсын стандартын шаардлага хангахгүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд тус тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлнэ үү...” гэжээ.
5. Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг шалгаруулсан...” гэж, хариуцагчаас “...Тендерийн баримт бичигт амьсгалын бие даасан төхөөрөмжийг Drager PSS5000-тай дүйцэхүйц байх шаардлага тавьсан бөгөөд тодорхой үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг заавал нийлүүлэх нөхцөл нөхцөл тусгагдаагүй. Иймд өөр үйлдвэрлэгчийн бараа санал болгосон гэх үндэслэлээр тендерээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй. ... Нэхэмжлэгчийн тайлбар нь өөрийн санал болгосон барааг илүү давуу гэж үзсэн субъектив байр суурь бөгөөд үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг нотлох хангалттай баримт биш...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
6. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг“... нэхэмжлэгч “Г” ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүн стандартад бодитоор нийцээгүй гэж маргадаг боловч, энэ талаар шүүхэд ямар нэгэн техникийн шинжилгээний дүгнэлт, эсхүл үнэлгээний хорооны дүгнэлтийг үгүйсгэхүйц бодит нотлох баримт ирүүлээгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 26 дугаар зүйлийн 26.8-д ... зааснаар тендерийн техникийн тодорхойлолтод "Drager PSS5000" загварын амьсгалын аппараттай дүйцэхүйц байхыг (EN136, EN137 стандарт, NIOSH-ийн баталгаажуулалт, DIN58610 стандарт) шаардсан бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн "эсхүл түүнтэй дүйцэх" гэж тусгагдсан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан, өрсөлдөөнийг хязгаарлаагүй техникийн тодорхойлолт байх тул дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн санал болгосон “Г” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. ... Иймд, шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон тендерүүдийн дундаас хамгийн бага харьцуулах үнэ бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн, Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн үед шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн ажлын даалгавар”-т Drager PSS5000, РSS5000 – SСВА, Drager PSS5000-Back plate and Harness-тай дүйцэхүйц байж болно, мөн Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн Өгөгдлийн хүснэгт (ӨХ)-ийн ТШЗ 20.1-д “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: “Тийм”
Оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл: “Шаардахгүй”” гэж тус тус зааснаас үзвэл Drager PSS5000-тай дүйцэхүйц байж болно” гэж заасан.
7. Дээрхээс үзвэл захиалагч нь санал болгох барааг тухайн загвартай “дүйцэхүйц байх” шаардлагыг тавьснаас бус тодорхой нэгэн үйлдвэрлэгч, брэндийн стандартыг тухайлан нарийвчлан зааж шаардаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь заасан техникийн тодорхойлолтод “дүйцэхүйц” тоног төхөөрөмж санал болгож, нэхэмжлэгч “П” ХХК нь Герман улсад төвтэй үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Drager Safety AG & Co. KGaA компанийн албан ёсны борлуулалт болон үйлчилгээ үзүүлэх түнш мөн талаарх баримт, гуравдагч этгээд “Г” ХХК нь Hancom lifecare inc-ийн албан ёсны дистрибьютээр ажиллаж ирсэн тухай баримт, Үйлдвэрлэгч/дахин борлуулагчийн зөвшөөрлийг тус тус ирүүлсэн, харин стандартын болон тохирлын гэрчилгээ, туршилтын тайлан зэрэг баримтыг тус тус ирүүлээгүй байна.
Үнэлгээний хороо нь энэхүү ижил нөхцөл байдалтай нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн материалыг техникийн шаардлага хангасан гэж тус тус дүгнэн, шаардлагад нийцсэн тендерүүдээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Г” ХХК-ийг шалгаруулж, захиалагч түүнд гэрээ байгуулах эрх олгосныг тэгш байдлыг хангаагүй, давуу байдал олгосон, хууль зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн “...гуравдагч этгээд нь тендерт эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас олгосон стандартын болон тохирлын гэрчилгээ, туршилтын тайлан, эсхүл үйлдвэрлэгчийн албан ёсны техникийн тодорхойлолт, нийцлийн мэдэгдэл зэрэг баталгаажуулах баримтыг хавсаргаагүй, зөвхөн өөрийн компанийн албан бичгийн хэвлэмэл хуудсанд техникийн шаардлага хангасан гэх нэг талын мэдэгдлийг ирүүлсэн нь дүйцэх байдлыг нотолж чадахгүй...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2026/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ