Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж /0747/,

Шүүгдэгч С.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүхээгийн Наранхүүд холбогдох эрүүгийн 201626030581 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, эгч, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14б гудамж, 03 тоотод оршин суух, “Геодез” ХХК-д туслах ажилтай,  Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 91 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 111 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШГ76012771 / Боржигон овогт Сүхээгийн Наранхүү нь:

- 2016 оны 04 дүгээр сарын 09-ний 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10 дугаар гудамжинд иргэн С.Болдбаатартай “би Зүүн хараагийн хорих ангид ял эдэлж байгаагүй, Багануурын хорих ангид ял эдэлж байсан” гэж маргалдсаны улмаас С.Болдбаатарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Болдбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Архиа аваад дэлгүүрээс гартал Ганбаагийн таньдаг С.Наранхүү гэдэг залуу таарсан. Миний мэдэхийн архи ууж байхдаа С.Наранхүү бид хоёр шоронгийн талаар яриад маргаад байх шиг санагдаж байна. Яг юу гэж хэлж ярьснаа би санахгүй байна. Тэр архийг ууж дуусаад би Ганбаад хандаад “Явлаа шүү” гэхэд С.Наранхүү хажуунаас “ганц юм” гээд шал шал гээд байхаар нь би түүнийг “чи цаашаа бай” гэж хэлээд нэг цохичихоод гүйгээд явчихсан. Тэгтэл миний араас С.Наранхүү гүйж ирээд татсан. Тэр үед нь би эргээд хартал миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед би манараад газар уначихсан. Унасан хойно С.Наранхүү намайг нүүр нүдгүй цохиж, өшиглөж зодсон. Ганбаа ирж салгасан. Тухайн үед миний хамарнаас цус гарч байсан. Мөн зүүн талын хөмсөг язарч цус гарсан. Мөн гар хөхөрсөн байсан...” гэжээ./ хх 31-32 /,

Гэрч Ш.Ганболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Уугаад сууж байтал С.Наранхүү, С.Болдбаатар хоёр хоорондоо шоронд байсан талаараа ярьж байснаа муудалцсан. Тэгтэл С.Болдбаатар С.Наранхүүг эхлээд шанаа руу нь гараараа цохичихоод зугатаачихсан. Араас нь С.Наранхүү гүйгээд явсан. Намайг очтол С.Наранхүү С.Болдбаатарын толгой руу нь өвдөглөчихсөн. Би салгасан...” гэжээ. / хх 40 /,

Гэрч Д.Эрдэнэбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Алхаад явж байтал С.Наранхүү, С.Болдбаатар хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд гэнэт хоорондоо барьцалдаад авсан. С.Болдбаатар С.Наранхүүгийн шанаа руу нь гараараа цохиод зугтаачихсан. Тэгтэл С.Наранхүү "чи муу яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд араас нь хөөсөн. Намайг очиход С.Наранхүү, С.Болдбаатар хоёр хоорондоо зодолдсон, Ганболд салгасан байдалтай зогсож байсан. С.Болдбаатарын биед гэмтэл учирсан бол С.Наранхүү учруулсан. С.Наранхүүгийн биед гэмтэл учирсан бол С.Болдбаатар учруулсан. Яагаад гэвэл тэр хоёр хоорондоо зодолдсон...” гэжээ. / хх 45 /,

Гэрч Д.Эрдэнэтөгс мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Миний бие дуудлаган дээр очиход Болд гэгч нь бусдад зодуулсан байдалтай байсан. Хажууд нь хамт архи уусан гэх 2 залуу, эхнэр нь гэх хүн байсан. “Яасан юу болсон" талаар нь асуухад Наранхүү гэдэг залуу хамт архи ууж байгаад маргалдаж зодчихоод яваад өглөө” гэж Болд гэгч хүн хэлж байсан....” гэжээ. / хх 47 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5190 тоот актын дүгнэлтэнд:

1. С.Болдбаатарын биед баруун талын гайморийн хөндийн ар хажуү болон урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн доод зовхинд зулгаралт, зуүн хавирганы нуманд цус хугаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. / хх 52 /,

Шинжээч М.Энхтайван мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "...Хамар ясны 2 хажуу хана цөмөрсөн хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. Энэ талаар дүгнэлтийн хэсэгт тухайн үед тусгагдаагүй орхигдсон байна. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Баруун талын гайморийн хөндийн ар хажуу болон урд ханын хугарал /хүний хамрын хоншоор хэсгийн яс/ нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн нүдний алимны салстны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн доод зовхины зулгаралт, зүүн хавирганы нумны цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх 55 /,

Шүүгдэгч С.Наранхүүг 2017.01.07-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 62-64 /,  2017.01.08-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 66-67 /,

Шүүгдэгч С.Наранхүүгийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 75 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Наранхүү мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 09-ний 23 цагийн үед гэртээ харихаар явж байгаад замдаа С.Болдбаатар, Ганбаа Эрка гуравтай гудамжны үзүүрт таарч нэг шил архи хувааж уусан. Ууж дуусаад С.Болдбаатартай маргалдсан. С.Болдбаатар намайг “ Зүүн хараагийн шоронд байсан” гэхээр нь би “үгүй Багануурын шоронд ял эдэлсэн” гэж хэрэлдсэн. Би хойд талд нь явж байтал С.Болдбаатар эргэж хараад намайг цохиод авсан. Зугтаахаар нь би араас нь хөөж очиж барьж аваад нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгээд би гэр рүүгээ явсан. С.Болдбаатарын биед учирсан гэмтлийг би учруулсан. Хохирогчийн хамар болон дээд зовхиноос нь цус гарчихсан байсан. Хохирогч С.Болдбаатарт хохиролд 1.000.000 сая төгрөг өгсөн. Хэрэг болох үед архи хэрэглэсэн байсан. Болсон асуудлаа санаж байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг дээр маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Наранхүү нь -2016 оны 04 дүгээр сарын 09-ний 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10 дугаар гудамжинд иргэн С. Болдбаатартай “би Зүүн хараагийн хорих ангид ял эдэлж байгаагүй, Багануурын хорих ангид ял эдэлж байсан” гэж маргалдсны улмаас С.Болдбаатарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “...С.Наранхүү бид хоёр шоронгийн талаар яриад маргаад байх шиг санагдаж байна. Яг юу гэж хэлж ярьсанаа би санахгүй байна. С.Наранхүү “ганц юм” гээд шал шал хийгээд байхаар нь би түүнийг “чи цаашаа бай” гэж хэлээд нэг цохичихоод гүйгээд явчихсан. Тэгтэл миний араас С.Наранхүу гүйж ирээд татсан. Би эргээд хартал миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. С.Наранхүү намайг нүүр нүдгүй цохиж өшиглөж зодсон. Миний хамарнаас цус гарч байсан. Мөн зүүн талын хөмсөг язарч цус гарсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Болдбаатарын мэдүүлэг / хх 31-32 /,

- “...С.Болдбаатар С.Наранхүүг эхлээд шанаа руу нь гараараа цохичихоод зугатаачихсан. Араас нь С.Наранхүү С.Болдбаатарын толгой руу нь өвдөглөчихсөн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ш.Ганболдын мэдүүлэг / хх 40 /,

- “...С.Наранхүү, С.Болдбаатар хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд гэнэт хоорондоо барьцалдаад авсан. С.Болдбаатар С.Наранхүүгийн шанаа руу нь гараараа цохиод зугтаачихсан. Тэр хоёр хоорондоо зодолдсон. С.Болдбаатарын биед гэмтэл учирсан бол С.Наранхүү учруулсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэбатын мэдүүлэг / хх 45 /,

- “...Миний бие дуудлаган дээр очиход Болд гэгч нь бусдад зодуулсан байдалтай байсан. “Яасан юу болсон" талаар нь асуухад Наранхүү гэдэг залуу хамт архи ууж байгаад маргалдаж зодчихоод яваад өглөө” гэж Болд гэгч хүн хэлж байсан....” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэтөгсийн мэдүүлэг / хх 47 /,

- “…Хохирогч С.Болдбаатарын биед баруун талын гайморийн хөндийн ар хажуү болон урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хавирганы нуманд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5190 тоот шинжээчийн дүгнэлт ...” / хх 52 /,

- “...Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Баруун талын гайморийн хөндййн ар хажуу болон урд ханын хугарал /хүний хамрын хоншоор хэсгийн яс/ нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн нүдний алимны салстны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн доод зовхины зулгаралт, зүүн хавирганы нумны цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч М.Энхтайваны мэдүүлэг /хх 55 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч С.Наранхүүг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч С.Наранхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Сүхээгийн Наранхүүг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Наранхүүг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Наранхүүд оногдуулсан 1 /нэг/  жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй,  С.Наранхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Наранхүүд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж,  1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Наранхүүд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД