Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01161

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03219 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дүгээр магадлалтай,

 *******ийн нэхэмжлэлтэй

Ж.Чинбат,******* нарт холбогдох

 Өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох 30,633,035 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардалд 26,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч бөгөөд хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Сонинбайгаль, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч *******өөс*******,******* нарт холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох 30,633,035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардалд 26,950,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03219 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 34б байр 75 тоот хаягт байршилтай 12 м.кв, нэг өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003062 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч*******,******* нарын өмчлөлд үлдээж, хариуцагч нараас 22,974,777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,658,258 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2.4-т зааснаар нэхэмжлэгч *******өд холбогдох 26,950,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч*******,******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 381,320 төгрөг, хариуцагч*******,******* нарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 292,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 272,823 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Г.Жаргалдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,942 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардалд нэхэмжлэгч *******өөс 148,500 төгрөг, хариуцагч*******,******* нараас 445,500 төгрөг гаргуулж үүнээс шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-д 80,000 төгрөг, Лэнд ХХК-д 264,000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д 250,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч*******,******* нараас 15,762,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,870,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...272,823 төгрөг гэснийг ...236,762 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцаа зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 346 байрны 75 тоот 1 өрөө орон сууцны үнийг Итгэлт эстимэйт" ХХК 2018.04.13-ны өдрийн байдлаар 46,613,000 төгрөг, Лэндс ХХК 2018.06.18-ны өдрийн байдлаар 45,949,553 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2019.09.19-ний өдрийн байдлаар 31,525,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна.

Анхан шатны шүүх Лэндс ХХК-ийн 2018.006.18-ны өдрийн байдлаар тогтоосон үнээр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заасанд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцны үнийг цаг хугацааны хувьд хамгийн сүүлд гарсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019.09.19-ний өдрийн үнэлгээ 31,525,000 төгрөгийг бодит үнэ гэж үзнэ гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгч орон сууцны үнэлгээг гаргуулахаар 2 удаа шинжээч томилсон бөгөөд Лэндс ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт 45 сая, Итгэлт эстимэйт ХХК 46 саяаар тус тус үнэлсэн. Дээрх 2 дүгнэлтээс харахад орон сууцны дундаж үнэ 45-46 сая төгрөг байгаа нь харагдана.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээ нь Улаанбаатар хотын нэгдүгээр хороололд байршилтай хуучны угсармал хийцтэй 9 давхар орон сууцны 1 давхрын 1 өрөө орон сууцны 1 м.кв-ын зах зээлийн үнэ цэнийг гаргасан, маргаж буй орон сууцны үнэлгээ биш юм.

Маргаж буй орон сууцны биш тухайн орчмын 1 м.кв талбайн зах зээлийн үнэ цэнэ гаргасан үнэлгээг давж заалдах шатны шүүх үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Хариуцагч бөгөөд хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны магадлалын тогтоох хэсгийн 1-д*******,******* нараас 15,762,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх *******өд 15,762,499 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийн материаллаг ба процессын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч тал нас барагчдын асуудлаар шүүхэд худал, зөрүүтэй тайлбар өгсөнд үндэслэн шийдвэрээ гаргасанд гомдолтой байгаа юм.

5.1. Нэхэмжлэгч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлон шүүхэд мэдүүлэхдээ Г.Жаргалдаваа нь тухайн байрны өвлөгч биш, ...зөвхөн 2015 оноос хойш амьдарч байгаа гэж тайлбар өгсөн атлаа, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хариу тайлбар гаргахдаа тухайн орон сууцыг Г.Жаргалдаваа өвлүүлэгч нарыг нас барснаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа... Г. Жаргалдаваа нар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж бодит байдалд нийцэхгүй, зөрүүтэй байдлаар тайлбар өгдөг. ******* нь өнөөдөр өөртөө хувьдаа ногдох хэсэг мөнгийг аль болох илүүгээр гаргуулж авахын тулд төрөл бүрийн худал тайлбар өгч, нас барагчдын амьдралын тулд төрөл бүрийн худал тайлбар өгч, нас барагчдын амьдралын үнэнг үнэн биш болгосныг шүүх анхаарал дутаж, албажуулсан гэж ойлгож байна.

Нотлох баримт: - 2009.05.05-ны өдрийн Орон сууц ашиглалтын картын ам бүлийн гишүүд хэсэгт Г.Жаргалдаваа бичигдсэн, - түүнчлэн /х-1-53/ Хорооны засаг даргын тодорхойлолтод Г.Жаргалдаваа 1999 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа болохыг үнэн зөвөөр тодорхойлсон нотлох баримтууд.

Эдгээр баримтаар Г.Жаргалдаваа нь хүүхэд ахуй цагаасаа нас барагчдын хамт амьдарч байсан, түүний ганц бие эх Гүндэгмаа нь 2016 онд нас барах хүртлээ Г.Жаргалдавааг өвөө, эмээгийнх нь асрамжинд өсгөж байсан бодит байдал нотлогддог.

Харин сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө тухайн орон сууцыг Г.Жаргалдаа өвлүүлэгч нарыг нас барснаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа, өөрөө эзэмшиж ашиглаж байгаагүй гэдэг Д. Батмөнх нь Өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 528.3-т зааснаар өвийг хүлээн авахаас татгалзсаныхаа дараа 14 жилийн дараа буюу 2018 онд нотариатчаас авахдаа, тухайн орон сууцанд өөрийгөө амьдардаг гэх худал тайлбарыг хэлж гэрчилгээг гаргуулан авсан нь нотариатчийн өгсөн гэрчийн мэдүүлгээс харагддаг.

Гэтэл магадлал /хуудас 6, догол мөр 3/-д Өвлүүлэгч Р.Дамдинсүрэнг нас барснаас хойш тухайн орон сууцад хариуцагч нарын эх, нас барагч 3.Долгорсүрэн амьдарч, түүнийг нас барснаас хойш гуравдагч этгээд Г.Жаргалдаваагийн эзэмшил, ашиглалтад байгаа гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй, үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй шийдвэр гаргахад хүргэсэн. Энэ нь уг хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүйг илэрхийлэх бөгөөд энэхүү буруу дүгнэлтэд үндэслэн цаашид хийгдсэн эрх зүйн дүгнэлтүүд хууль хэрэглээний алдаатай болсон.

5.2. Давж заалдах шатны шүүх /хуудас 5, догол мөр 3/-д ...нас барагч Р.Дамдинсүрэнгийн өвлөгч нь түүний хүү *******, эхнэр 3.Долгорсүрэн нар гэж үзнэ. Мөн хариуцагч*******,******* нарыг талийгаач 3.Долгорсүрэнгийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн атлаа ...нэхэмжлэгч нь уг орон сууцнаас өөрт ногдох 10,508,333 төгрөг, талийгаач Р.Дамдинсүрэнгийн өвлөгдөх 5,254,166 төгрөг, нийт 15,762,499 төгрөгийг хариуцагч*******,*******ээс шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 529 дүгээр зүйл /Өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрх шилжих/-д 529.1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ. гэж заасныг зөрчсөн дүгнэлт болсон.

Өөрөөр хэлбэл, Р.Дамдинсүрэнгийн өвийг ******* хүлээн авах үйл ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй, харин өвлөгч З.Долгорсүрэн нь өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн удирдаж байсны хувьд хуулийн 529.1 дэх хэсэгт заасны заасны дагуу талийгаач Р.Дамдинсүрэнгийн өвлөгдөх 5,254,166 төгрөг-т 3.Долгорсүрэнгийн өвлөгч нар болох*******,******* нар хүлээн авсан гэж дүгнэх нь хуулийн хүчин төгөлдөр зохицуулалттай нийцэхээр байна.

Р.Дамдинсүрэнгийн өвийг түүнийг нас барсны дараа эхнэр 3.Долгорсүрэн нь хүлээж авсан, түүгээр дамжуулан*******,******* нарт шилжин өвлөгдөх болохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн атлаа Р.Дамдинсүрэнгийн өвийг ******* мөн адил хүлээн авсан гэж давхардуулан дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон. Учир нь бусдын хууль ёсоор хүлээн авсан өвийг өөр өвлөгч давхардуулан хүлээн авах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, 3. Долгорсүрэн нас барагчийг Р.Дамдинсүрэнгийн өвийг хүлээн аваагүй эсхүл хүлээн авах эрхгүй этгээд гэсэн буруу дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн өгсөн эрх зүйн үнэлэлтийн үр дагавар бий болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэдийгээр нотариатч *******өд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон боловч нотариатч шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө, өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Д. Батмөнх тухайн үед тус орон сууцанд амьдарч байгаа гэж ойлгосон болохоо тодорхой илэрхийлээд энэ талаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэх шаардлагатай гэж мэдүүлсэн.

Тодруулбал, ******* нь маргаж буй өвлөгдөх эд хөрөнгийн тухайд өвлүүлэгч Р.Дамдинсүрэнг нас бар барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй, мөн өв нээгдсэнээс хойших нэг жилийн хугацааны дотор өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн удирдаж байгаагүй, зохих байгууллага этгээдэд өвийг хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул Иргэний хуулийн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан байгаа юм. /Энэ талаар Г.Жаргалдаваа ******* үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү2201003062 дугаартай өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг мөн адил гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан/.

5.3. Сөрөг нэхэмжлэлийг эд хөрөнгийг хамгаалах зардал бус, хэрэгцээ ашиглалттай холбоотой үүссэн зардал үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь сууц өмчлөгчид хуулиар хүлээлгэсэн үүрэг, үүргийг зөрчсөн тохиолдолд өмчлөх эрхээ алдах зохицуулалттай харшилсан. Уг хэргийн нэхэмжлэгч тал маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо шүүхэд удаа дараа мэдүүлж, илэрхийлдэг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгчийн хувьд тэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасан орон сууц өмчлөгч бөгөөд мөн хуульд орон сууц өмчлөгчийн хүлээх үүргийг дараах байдлаар тодорхой заажээ:

148 дугаар зүйл. Орон сууц өмчлөгчийн эрх, үүрэг 148.2.орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ:

148.2.3.дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;

148.2.6.дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах;

148.3.Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

149 дүгээр зүйл. Орон сууц өмчлөгчдийн шаардах эрх:

149.1.Дараах зөрчил гаргасан сууц өмчлөгчийг бусад өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй:

149.1.1.энэ хуулийн 148.2.1, 148.2.2, 148.2.6-д заасан үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж, түүнд холбооноос бичгээр сануулсаар байхад гурван сарын дотор уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ аваагүй бол; 149.1.2.энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл;

149.1.3.хуульд заасан бусад үндэслэл.

149.2.Энэ хуулийн 149.1-т заасан шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлэхгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлээр шаардсан 26,950,000 төгрөгт хамаарч буй СӨХ, дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой төлбөрүүдийг хариуцагч тал төлөөгүй байсан бол ******* нь орон сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх үүрэг хүлээх бодит эрсдэлтэй байхад, дээрх төлбөрийг эд хөрөнгийг хамгаалахад гаргасан зардал гэж үзэхгүй гэсэн нь мөн учир дутагдалтай.

Өмч хөрөнгөтэй холбоотой зайлшгүй гарах зардал, төлбөрийн үүргээс олон жилийн турш чөлөөлөгдсөнийхөө дараагаар хожим хойно нь хэргийн бодит үнэнийг хэлж мэдүүлж чадах хөгшин настай ахмад хүмүүс бүгд бурхан болсны дараагаар гэнэт ирээд, өвлөгдөх хөрөнгийн үр шимийг-үүрэг хариуцлага хүлээхгүйгээр хүртэнэ гэж хандаж байгааг зөвшөөрөхгүй байна. /Хууль хэрэглээний алдаа гарсантай холбогдуулж уг үндэслэлийг дурдав/

5.4.*******,******* бид маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байхад, Иргэний хуулийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч гэж дүгнэсэн нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл /эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх/ шаардлага, улсын бүртгэл хөтлөх дараалал, түүнчлэн Иргэний хуулийн 110.1-д заасныг зөрчиж, өмчлөгч хэмээн үзэж мөнгөн төлбөрийн үүрэг хүлээлгэсэн нь хууль хэрэглээний зөв шийдэл болоогүй.

Шүүхийн шийдвэрт хариуцагч нарын өмчлөлд үлдээж, *******өд мөнгө олгох-ыг шийдвэрлэж тогтоосныг магадлалаар хэвээр үлдээсэн нь өөрөө эрх зүйн ноцтой зөрчилтэй. Одоогийн улсын бүртгэлээр ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа бөгөөд уг шийдвэрээр *******ийг өмчлөгчөөс хасаагүй.

5.5. Хэрэгт эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр татагдан оролцож буй Г.Жаргалдаваа нь, нэхэмжлэгч ******* 3/2 хэсэг нь өөрийн өмчлөлд хамаарахаар шүүхэд мэдүүлж, Г. Жаргалдаваа нь тухайн байрны өвлөгч биш, ... зөвхөн 2015 оноос хойш амьдарч байгаа гэж бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр тайлбар өгч байсныг эсэргүүцэж, хэрэгт шууд хамааралтай, зайлшгүй хамтатган шийдвэрлэвэл зохих асуудлаар дараах хоёр бие даасан шаардлагыг гаргасан.

Г.Жаргалдаваагийн гаргасан нэгдүгээр шаардлагын агуулга: Өвлүүлэгч Р.Дамдинсүрэн 2004.04.15-ны өдөр нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд өвлүүлэгчийн асрамжинд байсан 12 настай, 1991.05.06-ны өдөр төрсөн хөдөлмөрийн чадваргүй иргэний хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйл /Хууль ёсны өвлөгч/-ийн 520.3-т Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү2201003062 дугаартай өвлөгдөх эд хөрөнгийн хувьд бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох,

Г.Жаргалдаваагийн гаргасан хоёрдугаар шаардлагын агуулга: ******* нь маргаж буй өвлөгдөх эд хөрөнгийн тухайд өвлүүлэгч Р.Дамдинсүрэнг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй, мөн өв нээгдсэнээс хойших нэг жилийн хугацааны дотор өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн удирдаж байгаагүй, зохих байгууллага этгээдэд өвийг хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул Иргэний хуулийн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан байгаа юм. Иймд ******* эрхийн улсын бүртгэлийн Ү2201003062 дугаартай өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг тус тус гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахгүй, өөр журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал хэмээн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байсан. Гэтэл уг шаардлагуудын талаар гаргасан хариуцагч талаас гомдлын үндэслэлийг давж заалдах шатны шүүх хянаагүй, магадлалдаа огт дурдаагүй орхигдуулсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-д*******,******* нараас 15,762,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нарын эзэмшилд байдаг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 75 тоот орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох болон эцэг Дамдинсүрэнгээс өвлөгдөх хэсгийг гаргуулна... гэж тайлбарласан,

 Хариуцагч*******,******* нар: ...маргаж буй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд *******ийн нэр байгаагүй, Дамдинсүрэнгийн дүү болох цагдаагийн байгууллагад ажилладаг хүн орон сууцыг хувьчлах явцад эздээс нь зөвшөөрөл авалгүй дур мэдэн *******ийн нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан, ******* нь өөрийн эцгээсээ зохих өв хөрөнгийг өвлөн авсан, ...тэрээр эцэг Дамдинсүрэнг өвчтэй, хэвтэрт олон жил байхад нь согтуу хөлчүү ирж, хоёр хөгшнийг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлдэг байсан. Түүний эцэг Дамдинсүрэн 2004 онд, бидний эх Долгорсүрэн 2015 онд тус тус нас барсан. ...байранд З.Долгорсүрэнгийн зээгийн хүүхэд Г.Жаргалдаваа нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж,

 Дамдинсүрэнг нас барахад түүний асрамжид байсан Г.Жаргалдаваа 12 настай байсан, 2004-2020 он хүртэл өвлүүлэгчийн орон сууцыг харж хамгаалан, засвар үйлчилгээ хийж, СӨХ-ны төлбөр, ашиглалтын зардлыг төлж, нийт 26,950,000 төгрөгийн зардал гаргасан тул *******өөс энэ зардлыг нэхэмжилнэ гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Нэхэмжлэгч *******: ...сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талийгаачийг нас барснаас хойш тус орон сууцыг Г.Жаргалдаваа эзэмшиж, ашиглаж байгаа,*******,******* нар байрны зардлыг төлсөн бол Г.Жаргалдаваагаас нэхэмжлэх учиртай... гэж маргажээ.

 8. Анхан шатны шүүх хариуцагч нараас 22,974,777 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,658,258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хариуцагч нараас 15,762,499 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 9. Хэрэгт цугларсан баримтаар маргаж буй Сонгинохайрхан дүүргийн17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байр, 75 тоот 12 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Дамдинсүрэн, З.Долгорсүрэн, ******* нар бүртгэгдсэн, Р.Дамдинсүрэн, З.Долгорсүрэн нар 1973 онд гэр бүл болж, 1977 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, нэхэмжлэгч ******* нь Р.Дамдиндоржийн төрсөн хүү, хариуцагч*******,******* нар нь З.Долгорсүрэнгийн төрсөн хүүхдүүд, Р.Дамдинсүрэн 2004 онд, З.Долгорсүрэн 2015 онд тус тус нас барсан, орон сууцанд З.Долгорсүрэнгийн зээ хүү Г.Жаргалдаваа эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон байна.

 10. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Р.Дамдинсүрэнгийн хууль ёсны өвлөгч нь түүний хүү *******, эхнэр З.Долгорсүрэн байна, орон сууцны үнийг Итгэлт эстимэйт ХХК 2018.04.13-ны өдрийн байдлаар 46,613,000 төгрөгөөр, Лэндс ХХК 2018.06.18-ны өдрийн байдлаар 45,949,553 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2019.09.19-ний өдрийн байдлаар 31,525,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, анхан шатны шүүх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийгдсэн гэх үндэслэлээр Лэндс ХХК-ийн үнэлгээг сонгож, тус үнийн дүнгээс нэхэмжлэгчид ногдох хэсгийг тодорхойлсон бол давж заалдах шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг магадлалын үндэслэл болгожээ.

 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК орон сууцыг 2019 оны байдлаар үнэлсэн нь маргаж буй цаг хугацаатай илүү ойрхон гэх үндэслэлээр сонгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 11. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

 Иймд орон сууцны үнэ 31,525,000 төгрөгийг өмчлөгч 3 хүнд хувааж /31,525,000:3/, нэг хүнд буюу өвлүүлэгч Р.Дамдинсүрэнд ногдох /10,508,333/ хэсгээс өвлөгч *******, З.Долгорсүрэн хоёрт ногдох хэсгийг тодорхойлбол /10,508,333:2/ 5,254,166 төгрөг болж байх тул нэхэмжлэгч *******өд ногдох /10,508,333+5,254,166/ 15,762,499 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна, энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 12. Нэхэмжлэгч нь өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн аваагүй тул өвлөгдсөн эд хөрөнгийг хамгаалахад гаргасан зардлыг нэхэмжлэгч төлөх үүрэггүй гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Дээрд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч бөгөөд хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалиас 2021.02.09-ний өдөр төлсөн 130,346 төгрөгийг, хариуцагч*******аас 2021.01.31-ний өдөр төлсөн 236,763 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧИД           Г.БАНЗРАГЧ

                                           П.ЗОЛЗАЯА

                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                  Х.ЭРДЭНЭСУВД