Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/02810

 

 

 

 

 

     2020       10          19                                          183/ШШ2020/02810

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.А нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: М.Э холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 3.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, хариуцагч М.Э, нарийн бичгийн дарга н.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.А миний бие 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.Этэй худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун Фабрик 4 дүгээр хэсгийн 6 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тэрээр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орон сууцанд нүүж орон, орон сууцны урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөгийг төлсөн. Ингээд худалдах, худалдан авах гэрээгээ бичгээр байгуулж, орон сууцны үлдэгдэл төлбөр төлөхийг М.Эд мэдэгдэж байсан боловч тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байрыг худалдаж авахаа болилоо гээд нүүгээд явсан. М.Э нь урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн ба би 10.000.000 төгрөгийг төлж барагдуулж байна. М.Э нь намайг илтэд хууран мэхэлж миний орон сууцыг худалдан авна гэж хэлээд үнэ төлбөргүй 13 сар миний орон сууцанд амьдарсан. Иймд би гэрээнээс учирсан хохирол буюу хэрэв би уг орон сууцыг бусдад түрээслэсэн бол 1 сарыг 250.000 төгрөгөөр тооцон, 3.250.000 төгрөгийг олох ёстой байсан тул учирсан хохиролд 3.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Агийн орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөгийг төлж, уг орон сууцанд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд амьдарсан нь үнэн. С.А нь 10.000.000 төгрөгийн урьдчилгаа авчаад үлдэгдэл мөнгөө байнга нэхдэг байсан ба тухайн үед миний бие жирэмсний амралттай байсан бөгөөд ажилдаа удахгүй ороод орон сууцны үлдэгдэл төлбөрийг өгье гэхэд зөвшөөрөхгүй өөр хүнд зарна гээд худалдахаа больсон. Ингээд С.А нь урьдчилгаа төлбөрт авсан 10 сая төгрөгийн 5.500.000 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 4.500.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулсан. С.Агээс орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болохоос байрыг нь түрээслэнэ гэж тохироогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Агийн нэхэмжлэлтэй, М.Эд холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 3.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

М.Э, С.А нар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, “С.А нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Туул тосгон 24 айлын орон сууцны 6 дугаар байрны 8 тоот байршилтай, орон сууцны зориулалттай 34 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр М.Эд худалдахаар” аман хэлцэл байгуулсан талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч тал “...М.Э нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцанд амьдарсан...” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч талын “...би уг орон сууцанд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд амьдарсан” гэсэн тайлбарыг үндэслэсэн болно.

 

Уг гэрээний дагуу худалдагч С.А нь өөрийн өмчлөлийн орон сууцыг биет байдлаар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр худалдан авагч М.Эгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, худалдан авагч нь орон сууцны үнэ болох 35.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг худалдагчид төлсөн, үлдэгдэл төлбөр болох 25.000.000 төгрөгийг төлж чадаагүйн улмаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр талууд гэрээнээс татгалзаж, худалдан авагч орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орон сууцыг буцаан өгсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

            Дээрх үйл баримтаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “худалдах-худалдан авах гэрээ”-ний худалдан авагч тал болох М.Э нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох “орон сууцны үлдэгдэл төлбөр 25.000.000 төгрөгийг төлөх үүргээ зөрсөн”-ний улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдагч тал болох С.А нь гэрээнээс татгалзсан болох нь нотлогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасны дагуу “Илтгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 44-02 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Туул тосгон 24 айлын орон сууцны 6 дугаар байрны 8 тоот байршилтай, орон сууцыг түрээслэх зах зээлийн үнэлгээ нь нэг сарын 252.300 төгрөг” гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “...нэг сарын орон сууц хөлслөх үнэ 250.000 төгрөг”-ийг “уг орон сууцыг М.Э нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласан” 12 сараар тооцон, 3.000.000 төгрөгийн хохирол нэхэмжлэгч С.Ад учирсан байна гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч М.Эгээс худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч М.Эгээс гэрээнээс учирсан хохиролд 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 66.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД