Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/02978

 


 

2020         11          03                                        183/ШШ2020/02978

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.831.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь “С” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15/70 тоот “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ОSМА фирмийн бохир усны ф160*3000 урттай 23 ширхэг буюу 69 м, ф160*5000 м урттай 41 ширхэг буюу 205 м труба, ф160 муфть 5 ширхэг материалыг худалдахаар тохиролцсон. Гэрээгээр худалдсан бараа материалын нэг бүрийн үнийг гэрээний хавсралтаар тохиролцсон ба нийт үнэ 4.987.100 төгрөг болсон. Гэрээ байгуулж, захиалсан бараагаа хүлээн авах үедээ худалдан авагч 3.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1.987.100 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлнө гэж гэрээний 2.3-т тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3 метрийн урттай, ф160 голчтой 20 ширхэг трубаг 1.234.000 төгрөгөөр худалдсан ба өмнө авсан барааны үлдэгдэл төлбөр 1.987.100 төгрөгийн хамт 3.221.100 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Ингээд уг төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг хаягандаа байдаггүй гэж үзэн шүүхээс нэхэмжлэлийг буцааж, улмаар шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 3.221.100 төгрөг, алданги 1.610.550 төгрөг, нийт 4.831.650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.831.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

“С” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/70 дугаар “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч “А” ХХК нь 4.987.100 төгрөгийн үнэ бүхий ОSМА фирмийн бохир усны ф160*3000 урттай 23 ширхэг буюу 69 м, ф160*5000 м урттай 41 ширхэг буюу 205 м труба, ф160 муфть 5 ширхэг материалыг, мөн 1.234.000 төгрөгийн үнэ бүхий Ф160*3000 урттай 20 ширхэг материалыг худалдан авагч “С” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь урьдчилгаа 3.000.000 төгрөгийг төлж, үлдэх 3.221.100 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон, талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу худалдагч “А” ХХК нь 4.987.100 төгрөгийн үнэ бүхий ОSМА фирмийн бохир усны ф160*3000 урттай 23 ширхэг буюу 69 м, ф160*5000 м урттай 41 ширхэг буюу 205 м труба, ф160 муфть 5 ширхэг материалыг, мөн 1.234.000 төгрөгийн үнэ бүхий Ф160*3000 урттай 20 ширхэг материалыг худалдан авагч “С” ХХК-д шилжүүлсэн, худалдан авагч “С” ХХК нь урьдчилгаа 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэх төлбөр болох 3.221.100 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зарлагын падаан, худалдах-худалдан авах гэрээ, түүний хавсралт гэсэн баримтаар нотлогджээ.

 

Иймд хариуцагч “С” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэгдэл төлбөр болох 3.221.100 төгрөгийг, мөн гэрээний 4.2-т “худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд бараа материалын үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг худалдагч тал төлнө” гэж заасны дагуу алдангид 1.610.550 төгрөгийг, нийт 4.831.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.831.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 92.256 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 92.256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-Д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.СЭМЖИД