| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
2024 01 29 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0036/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт**************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** РД:******* ,******* -ны өдөр******* суманд төрсөн,******* , эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой жилгүй, ганцаараа******* сумын тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,******* сумын тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн -ний өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шбнилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 04 цагийн үед******* сумынийн нутаг дэвсгэрт байрлах давхарт хувийн маргааны улмаас иргэн өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шилбэний тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000005 дугаартай хэргээс:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8, 9 дэх тал/,
Хохирогчын мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 10, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гадуур хувийн ажил амжуулж байгаад 2023 оны 12 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед******* сумын байрны гэртээ очсон. Ингээд гэртээ унтаж байхад манай эхнэр архи уулаа гэж хэлээд уурлаад байхаар нь би ямар ядаргаатай үглэдэг юм бэ гэж хэлэхэд надад уурлаад 2023 оны 12 дугаар сарын 06-ний үүрээр 04 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг төв цагдаагийн газар руу авч явсан. Ингээд би төв үүдний хэсэгт сууж бай гэж хэлсэн болохоор нь үүд хэсэгт орж ирэхэд үл таних хоёр залуу үүд хэсэгт байрлах сандал дээр сууж байсан. Тухайн үед******* гэх нэртэй залуу над руу муухай хараад байсан болохоор миний дургүй хүрээд чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ гэж хэлэхэд уг залуу миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний зүүн хөлийн шилбэ хэсэг нэлээн өвдөөд байсан болохоор миний дургүй хүрээд уг залуу руу дөхөж очоод ташаа хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Ингээд би 2023 оны 12 дугар сарын 06-ны өглөө 08 цагийн үед цагдаагийн газраас гараад гэр рүүгээ алхаж байхад миний зүүн хөл өвдөөд байсан болохоор би өөрийнхөө эхнэр Буянжаргалыг дуудаж болсон асуудлын талаар хэлсэн. ...Миний зүүн хөлийн тахилзуур яс хугарсан.
...Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаад учирсан хохирол байхгүй тул үнэлүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд эмчилгээний зардалтай холбоотой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч ****** мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Тус хэргийн хохирогч нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн амбулаториор тусламж үйлчилгээ S90.8 оношоор 65,000 төгрөгийн эмчилгээ авсан. Иймд уг мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул 65,000 төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 05-нй орой 21 цаг өнгөрч байхад манай нөхөр болох Уламбаяр гэртээ архи уусан байдалтай согтуу орж ирээд унтаж амарсан ба шөнө 04 цагт сэрээд надтай хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед би түүнийг унт гэсэн боловч миний үгэнд орохгүй байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгч бариулсан. Тэгтэл 12 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн үед манай нөхөр над руу хүний гар утсаар залгаад миний хөл гэмтсэн бололтой байна. Яс шаржигнаж дуугараад өвдөөд байна. Ирээд аваач гэхээр нь би түүний найз болох дуудаж нөхрөө нэртэй эмийн сангийн хажуугаас тосож аваад Нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн чинь маргааш ирж зургаа авхуул гэсэн. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр очиж хөлийнхөө зургийг авхуулсан чинь хугарсан байна гэж хэлээд шохойдсон. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Нөхөр надад хэлэхдээ цагдаагийн үүдэнд намайг сууж байхад согтуу залуу ирээд миний хөл рүү өшиглөөд хугалсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай төрсөн ах болох намайг утсаар гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь эхнэрийнхээ хамт ахын гэрт очсон чинь ах надад хандаж чи миний машиныг хэд хоног унаж хэрэглэж болно гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед ахын гэрт******* гэх садангийн ах байсан ба******* , ах нарын хамт архи хувааж уусан. Тэгээд жаахан согтож ирээд би ахтай жаахан хэрүүл маргаан хийсэн чинь хажуугийн айлын хүн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд******* ах бид хоёрыг цагдаагийн газар дээр авчирсан. Тэгээд******* ах бид хоёрыг доор зааланд суулгаж үлдээсэн ба гаднаас бас нэг согтуу ах орж ирээд хажууханд суусан. Миний хувьд тэнд ямар нэгэн үйлдэл хийгээгүй сууж байхад******* ах гаднаас орж ирсэн танихгүй залуутай маргалдаад эхэлсэн. Тэгснээ******* ах тэр залуугийн хөл рүү нэг удаа өшиглөөд буцаж ирээд сандал дээр суухад араас нь нөгөө залуу ирээд******* ахын ташааны орчим нэг удаа өшиглөсөн. Энэ үед үүдний цагдаа байхгүй, цаашаа орсон байсан. Тэгснээ тэд нарын шуугилдахыг сонсоод нөгөө цагдаа гарч ирээд хол зайтай суулгасан. Тухайн үед миний нойр хүрээд хэсэг зүүрмэглэх зуур******* ах гараад явсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
*******ын мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Галсүмбэр бид хоёр 1 давхарт үүд хэсэгт байрлах сандал дээр сууж байхад гаднаас 50 орчим насны эрэгтэй согтуу хүн орж ирсэн бөгөөд тухайн үед уг хүн намайг ямар муухай хардаг юм бэ гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд уг хүнийг төв хаалганы зүүн талын сандал дээр сууж байхаар нь дөхөж очоод баруун хөлөөрөө уг хүний зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөх үйлдэл хийсэн. Ингээд би буцаад сандал дээр сууж байхад уг хүн миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 47 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай: “...ын биед зүүн шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33 дахь тал/,
*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 53 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогчын эрүүл мэндэд учирсан зүүн шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг******* сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт**************ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялын бүсийг******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР