| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2020/03775/И |
| Дугаар | 183/ШШ2020/02962 |
| Огноо | 2020-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2020/02962
2020 11 02 183/ШШ2020/02962
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Р холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагч Э.Р, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Б нь.Рэгзэндоржийн 956 УН улсын дугаартай HRV маркийн автомашиныг мөргөж, түүнд 3.220.000 төгрөгийн хохирол учруулсан. Ингээд Э.Рид 3.220.000 төгрөгийг зээлийн уг хохирлыг төлөхийн тулд 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Уг гэрээ нь надад хэт их хохиролтой, мөн хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 95-65 УНА улсын дугаартай тээвврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Авто сургуулиас, Толгойт хүрэх зүүнээс баруун чиглэлд зорчиж байхад, иргэн О.Б нь Тоёота Приус маркийн авто машинтай яваж байгаад мөргөж, зам тээврийн зөрчил гарган миний эд хөрөнгө болон эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан. Тухайн үедээ иргэн О.Билгүүдэй нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан ба улмаар хөндлөнгийн мэргэшсэн үнэлгээчин автомашины хохирлыг 3.220.000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээ хийлгэхэд гарсан ажлын хөлс 150.000 төгрөг, надтай хамт зорчиж явсан 2 иргэний эрүүл мэндийн хохирол 6006000 төгрөг, мөн сэтгэл санаа болон бусад хохиролд 600.000 төгрөг байсан. Тэгээд уг хохирлыг О.Б нь төлж чадаагүй тул 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах саналыг өөрөө гаргаж, бид гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь
О.Бгийн нэхэмжлэлтэй, Э.Рид холбогдох, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Э.Р, О.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0516 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Э.Р нь 6.000.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдэгч О.Бд зээлдүүлэхээр тохиролцжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Э.Р нь 6.000.000 төгрөгийг зээлдэгч О.Бд шилжүүлээгүй, зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг төлж барагуулахаар талууд уг зээлийн гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй болно.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0516 дугаар “Зээлийн гэрээ”-ээр Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 6.000.000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан 6.000.000 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх хүсэл зоригийг агуулаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхээр байна.
Дээр дурдсан үндэслэлээр Э.Р, О.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0516 дугаар “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Э.Р, О.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0516 дугаар “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Роос улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД