Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч Б.Э,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А У холбогдох эрүүгийн 2317000350107 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Д аймгийн Э..суманд төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ... хамт Г... аймгийн С.. сумын ...дугаар баг, ... дугаар байрны ... дугаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт А У /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.У нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг нийгмийн ажилтан сэтгэл зүйч мэргэжлээр төгсөөгүй атлаа 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D9801806 дугаартай “Ниймгийн ажилтан-Сэтгэл зүйч бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Г.. аймгийн засаг д.. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар Боржигон өв музейн захирлаар томилогдон ажиллаж 82 316 024 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.. аймгийн Боржигон өв музейн захирлаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Засаг дарга санал тавьж түр томилогдож байсан. 2017 оны сүүлээр шалгалт зарлагдаад материалаа өгөөд тэнцээд 2018 оны 01 дүгээр сард Засаг даргын захирамжаар жинхэлж томилогдсон. 2015 онд цахим дээр диплом гаргана гэсэн зар байсны дагуу холбогдоод бүртгэлтэй, шаардлага хангасан гэхээр нь авсан. Тухайн үед хуурамч гэдгийг нь мэдээгүй. Ямар нэгэн зүйлд ашиглах, төрд ажиллая гэсэн бодол байгаагүй. Төлбөрөө төлөх юм бол диплом авч болно гэдэг ойлголтыг надад өгсөн. Нэгэнт энэ дипломыг хуурамч гэдгийг мэдсэн учраас миний буруу. Богинохон цагаар сурсан, эсвэл төлбөрөө төлөөд сургуульдаа очихгүйгээр диплом авсан гэсэн хүмүүсийн яриаг сонсож байсан. Би өөрөө удаа дараа найдвартай юу гэж асуухад ямар ч асуудалгүй гэж байсан. Мөн ажилд орохын өмнө Авилгатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлд материал хүргүүлж байхад материал хуурамч гэсэн зүйлийг огт хэлж байгаагүй болохоор бүртгэлтэй үнэн диплом юм байна гэж бодсон. Тухайн дипломыг утсаар ярьж байгаад танихгүй эрэгтэй хүнээс Сансарын колонк дээр очиж авч байсан. Би хуурамч диплом ашигласан гэм буруугаа хүлээж, уучлалт гуймаар байна. Би улсад тасралтгүй 32 жил ажилласан. 2017 оноос хойш Боржигон өв музейн захирлын албанд үнэнчээр зүтгэсэн. 2017 оноос хойш Засаг даргатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу гэрээ байгуулж ажилласан хугацаандаа А буюу онц үнэлгээг байнга авсан. Мөн соёлын салбарын аварга байгууллага, 2020 оны аймгийн аварга байгууллага болтлоо байгууллага хамт олноо удирдан манлайлж ажилласан. Төрийг хуурах, муу ажиллах, ажил таслах гэдэг зүйлийг огт хийж байгаагүй шударгаар ажиллаж ирсэн гэв.

2. Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд соёлын өвийн мэргэжилтэн Б.Лнь дараах 3 үндэслэлээр өргөдөл гаргасан. Үүнд: Боржигон өв музейн захирал Угийн ёс зүйн харилцааны тухай, мэргэжлийн ур чадварын тухай, албаны санхүүгийн мөнгийг өөртөө завшдаг байж болзошгүй тухай байсан. Би дээрх өргөдлийг үндэслээд аймгийн дотоод хяналтын тэргүүн салбар зөвлөлд өгөх хэрэгтэй гэж үзээд хүргүүлсэн. Мөн Угийн хувийн хэрэгтэй танилцаад эргэлзээ төрсөн учраас дипломыг шалгаж үзэхэд гарч ирээгүй. Цааш нь шалгаж үзэх гэхэд миний эрх хэмжээнээс давсан байсан учраас холбогдох байгууллагаар нь шалгуулсан нь зүйтэй байх гэж үзэж Цагдаагийн байгууллагад хандсан гэв.

3. Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2016 оноос одоог хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын ажлыг гүйцэтгэж байна. Мөн төрийн албаны салбар зөвлөлийн даргын ажлыг давхар хашдаг. Салбар зөвлөлөөс 5-7 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс гарч сонгон шалгаруулалтыг явуулж зөвлөлийн хуралд танилцуулдаг. Уг комиссын саналын дагуу салбар зөвлөлөөс шийдвэр бүхий тогтоолыг гаргаж би тогтоолыг албажуулан тус албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг. Тухайн 5-7 хүн ажлын байрны тодорхойлолтод заагдсан тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж шалгалтад орох эрх олгоно. У нь 2017 онд батлагдсан Боржигон өв музейн захирлын ажлын байрны тодорхойлолтод бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагыг хангаж байгаа эсэхийг юуг үндэслэн тогтоосныг тухайн үед ажилласан комисс эрх үүргийнхээ хүрээнд шалгаж тогтоосон байх. Би энэ талаар сайн мэдэхгүй. 2017 онд батлагдсан Боржигон өв музейн захирлын ажлын байрны тодорхойлолтод бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байхыг шаардлагыг тавьж байсан. Харин Боржигон өв музейн захирлаар томилсны дараа 2020 онд батлагдсан Боржигон өв музейн захирлын ажлын байрыг тодорхойлолтод магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байхыг шаардах болсон. Тухайн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөний улмаас заагдсан шаардлагыг хангаагүй болсон тохиолдолд тус хүнийг мэргэших боломжоор хангана. Түүнээс биш тухайн хүнийг тус ажлын байрнаас шууд халах солих үндэслэл болохгүй гэсэн зөвлөмж ирүүлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 35-36 хуудас/,

4. Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Боржигон өв музейн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын даргаар нь ажилласан. Тухайн үед комисс шалгуулахаар бүртгүүлсэн иргэдийн боловсролын диплом, бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тулгаж хардаггүй байсан. Харин бүртгэлийн ажлыг төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хянаж комисст бүртгүүлсэн иргэдийн материалыг танилцуулснаар тогтоосон хугацаанд шалгалтыг авах ажиллагааг комисс зохион байгуулдаг. Шалгалтын комисс бүртгэлийн ажил хийдэггүй шалгалтыг зохион байгуулдаг байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 38 хуудас/,

5. Гэрч М.А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга байсан учир Төрийн албаны зөвлөлийн Г.. аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 05 сар хүртэл ажилласан. Журмын хүрээнд Төрийн албаны удирдах албан тушаалд ажиллахаар материалаа ирүүлж бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, шалгалтыг төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн шалгалтын материалын дагуу авч сонгон шалгаруулалт явуулаад тайланг хэлэлцүүлж шаардлага хангасан иргэдийг албан тушаалд томилуулах саналыг Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн хуралд танилцуулж хэлэлцүүлдэг байсан. Би тухайн үед хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орсон байсан учир тухайн хуралд оролцож тэмдэглэл хөтөлсөн. Тус хурлаар Говьсүмбэр аймгийн Боржигон өв музейн захирлаар А.Уг томилуулахаар нэр дэвшүүлж тогтоолыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Сонгон шалгаруулах комисс хурлын тайлангаа танилцуулахдаа А.Уг Боржигон өв музейн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа, сонгон шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан учир нэр дэвшүүлж байгаа гэсэн. Сонгон шалгаруулалтад А.Угийн МУБИС-ийн D9801806 дугаартай Нийгмийн ажилтан-Сэтгэл зүйчийн бакалаврын зэрэг олгосон дипломыг шалгалтын материалд хавсаргасан байгаа учир үүнийг үндэслэж үнэлгээг өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 40 хуудас/,

6. Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 1994 онд улсын багшийн их сургуулийн харьяа биеийн тамирын дээд сургуульд суралцаж 1998 онд төгсөж дипломоо гардан авч байсан бөгөөд О надтай хамт төгссөн. О ямар дугаарын дипломтой төгсөж байсныг би мэдэхгүй. О нь цэцэрлэгийн хүүхдүүдэд хөдөлгөөнт дасгал заадаг, уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер цолтой. Гэхдээ О нээх удаан цэцэрлэгийн багшаар ажиллаагүй. 2016 онд О Америк руу гэр бүлээрээ ажил хөдөлмөр эрхлэхээр явсан. О биеийн тамирын дипломтой төгссөн. 1998 онд сэтгэл зүйч чиглэлээр манай сургуулийг оюунтан төгсөж байгаагүй. 1999 онд сэтгэл зүйч мэргэжлээр анх элсэлт авч байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 69 хуудас/,

7. Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Отай би 2005 онд Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар цэцэрлэгт цуг ажиллаж байсан. О биеийн тамирын багшаар ажилладаг байсан. О ямар ч байсан Боловсролын их сургуулийг төгссөн байсан. 2014 онд би  Хатан манцуй нэртэй цэцэрлэгт эрхлэгчээр ажилд орсон. 2015 онд Од хамт ажиллах санал тавихад О ч миний саналыг зөвшөөрч манай цэцэрлэгт ажилд орохоор холбогдох бичиг баримт, их сургууль төгссөн 9801806 дугаартай диплом авч ирж өгсөн. Гэвч Огийн диплом миний шүүгээнд байж байгаад алга болсон. О манай цэцэрлэгт 2 сар гаран ажиллаж байгаад гэр бүлээрээ 2016 онд Америк явсан. Огийн 9801806 дугаартай дипломыг одоо хүртэл олоогүй. О одоо хүртэл Америкт байгаа. Тухайн диплом биеийн тамирын багшийн мэргэжлийн диплом байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 74-76 хуудас/,  

8. Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ГСА-2023-22/02-24, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГСА-2023-22/03-27 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р х.х-ийн 172-174, 223-227 хуудас/

 

9. Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн Говьсүмбэр аймгийн Боржигин өв музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан холбогдох баримтууд /1-р х.х-ийн 41-65 хуудас/,

10. А.Угийн Улсын багшийн их сургуулийн 1994-1998 онд D9801806 дугаартай Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн гэх бакалаврын дипломын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай захирамж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай захирамж /1-р х.х-ийн 90-109 хуудас/,

11. Монгол Улсын Их сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/387 дугаартай албан бичиг, Улсын багшийн их сургуулийн ректорын 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 199 дугаартай тушаалын хуулбар, дипломын хавсралтын хуулбар, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/5366 дугаартай албан бичиг /1-р х.х-ийн 129-132, 139, 143 хуудас/,

12. А.Угийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодохойлолт, цалин картын хуулбар /1-р х.х-ийн 155-166, 180-219 хуудас/,

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р х.х-ийн 12 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.У нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D9801806 дугаартай “Ниймгийн ажилтан-Сэтгэл зүйч” бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Говьсүмбэр аймгийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай захирамжаар Говьсүмбэр аймгийн “Боржигин өв” музейн захирлаар томилогдон ажиллаж 82 316 150 төгрөгийн орлого олсон үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч А.У нь боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч А.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Э, Д.С, Д.С, М.А, Б.Ч, Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шинжээчийн дүгнэлт, А.Угийн Улсын багшийн их сургуулийн 1994-1998 онд D9801806 дугаартай Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн гэх бакалаврын дипломын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай захирамж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай захирамж, Монгол Улсын Их сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/387 дугаартай албан бичиг, Улсын багшийн их сургуулийн ректорын 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 199 дугаартай тушаалын хуулбар, дипломын хавсралтын хуулбар, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/5366 дугаартай албан бичгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч А.Уд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч А.У нь мөрдөн шалгах ажиллагаанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Ч.Атарболд нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч А.У нь хуурамч дипломыг ашиглан албан тушаалд томилогдох гэсэн сэдлээс үүдэлтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч А.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. Мөн А.Угийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дуруураа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөг торгох ял оногдуулах гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Үүнтэй холбоотойгоор хамгийн хөнгөн шийтгэл буюу 450 нэгжээр торгож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч А.Уг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч А.У нь боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бакалаврын мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом авсан бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнуудаас давуу байдлыг өөртөө бий болгож илүү цалин хөлс авч хууль бус үйлдэл гаргасан тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нь хурааж, улсын төсөвт эргэн төлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасантай нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч А.У нь Говьсүмбэр аймгийн “Боржигин өв” музейн захирлаар ажилласан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба хүний албан тушаал эрхэлсний төлөө авсан цалинг бүхэлд нь гаргуулж, улсын төсөвт оруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө болох “... цалин хөлс авах” эрхийг зөрчихөөр байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГСА-2023-22/03-27 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч А.У нь 2017 оны  05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдах хүртэл хугацаанд нийт 82 316 150 төгрөгийн цалин хөлсийг гарт авсан болох нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.У нь хуурамч диплом ашиглан Говьсүмбэр аймгийн “Боржигин өв” музейн захирлаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацаанд авсан нийт  82 316 150 төгрөгийн цалингаас тухайн жилүүдэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ харгалзан тооцон нийт 29 260 000 төгрөгийг хасаж, зөрүү    53 056 150 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Угаас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:        

            1. Шүүгдэгч Ш овогт А Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Угаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 53 056 150 /тавин гурван сая тавин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

     6. Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.       

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА