| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2020/03695/И |
| Дугаар | 183/ШШ2020/02961 |
| Огноо | 2020-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2020/02961
2020 11 02 183/ШШ2020/02961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 23 тоот, Соло молл худалдааны төвд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011011065, регистрийн дугаар 2724456/
Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь, Буянт-Ухаа 24-15А тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011308123, регистрийн дугаар 5518997/
Гэрээг цуцлах, үлдэх төлбөрт 16.486.697.31 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Н” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Соло молл худалдааны төвийн 5 дугаар давхрын 233 м.кв талбайг 1м.кв-г нь 23.000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр болсон юм. Мөн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан, 18.2 м.кв талбайг нэмж түрээслүүлэн, 2018 оныг дуустал түрээсийн төлбөр тооцохгүй байхаар тохиролцон, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн 18.2м.кв талбайг түрээслэхээ больсон. Ингээд 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг 100 хувь хөнгөлж, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр тооцож эхэлсэн. Түрээсийн төлбөр тооцож эхэлсэн хугацаанаас манай байгууллага нь хариуцагч талд 2018 оны 06 дугаар сард 100 хувь, 2018 оны 7, 8 дугаар саруудад 50 хувь, 2018 оны 8-12 дугаар сар хүртэл 80 хувь, 2019 оны 01 дүгээр сард 100 хувь, 2019 оны 02-04 дүгээр саруудад 50 хувь, 2020 оны 5-10 дугаар сар хүртэл 1 м.кв талбайг 15.000 төгрөгөөр тооцох хөнгөлөлтүүдийг тус тус үзүүлсэн. Хариуцагч нь түрээсийн гэрээний 6.1-т заасан түрээсийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээ удаа зөрчсөнтэй холбогдуулан гэрээг цуцлахыг албан ёсоор мэдэгдсэн. Хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 22.728.226 төгрөг төлөхөөс барьцаа болох 5.000.000 төгрөг, “Н” ХХК-ийн Монгол зоогийн газраас урьдчилан авсан барьцаа 1.241.529 төгрөгийг тус тус суутган үлдэх 16.486.697 төгрөгийг гаргуулан, түрээсийн гэрээг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д Э Т ХХК нь манай компанитай 2018 оны 04 сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Соло молл худалдааны төвийн 5 дугаар давхарт 233 м кв талбай түрээслэхээр болсон. Уг талбайг түрээслэхэд түрээсийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр болсон бөгөөд 1 м.кв талбайн түрээсийн үнийг 23.000 төгрөгөөр тооцож, 5.359.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Улмаар дараагийн сараас 18 м.кв талбай нэмж түрээсэлсэн бөгөөд нийт түрээсийн талбай 251 м.кв болсон ба төлбөр сарын 5.773.000 төгрөг болсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөнгөлөлт эдэлсэн. Энэхүү хөнгөлөөд байгаа шалтгаан бол агааржуулалт байхгүй, хүн үйлчлүүлэхгүй байсан тул хөнгөлөлт эдэлж байсан. 2019 оны 11 дүгээр сараас 18 м.кв талбайг буцаан хүлээлгэн өгч үндсэн 233 м.кв талбайг түрээслэхээр болсон тул түрээсийн төлбөр сарын 5.359.000 төгрөг болсон . Гэтэл коронна вирус өндөржүүлсэн бэлэн байдалд орсноос ямар ч үйлчилгээ явагдах боломжгүй болсон бөгөөд түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн болно. Түрээсийн төлбөр нь нийт 59.057.049 төгрөг бөгөөд үүнээс төлсөн нь 38.233.975 төгрөг бөгөөд үлдэх 20.823.174 төгрөг байна. Түрээслэгч тал барьцаа төлбөрт 5.000.000 төгрөг мөн Монгол зоогийн газраас урьдчилгаа төлбөр 1.950.000 төгрөг нийт 6.950.000 төгрөг авсан бөгөөд одоо үлдэх төлбөр болох 13.873.174 төгрөг төлөх ёстой юм. Мөн менежер н.Энхмаа түрээсийн төлбөр 1.000.000 төгрөгийг Хаан банкны дансаараа авсан тул одоо 12.873.174 төгрөг төлөхөөр байгаа боловч бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улмаар манай компанийн өмчлөлийн 120 сая төгрөгийн эд зүйлийг төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар надад мэдэгдэлгүйгээр намайг байлцуулахгүйгээр хураан авсан бөгөөд энэхүү бараа бүтээгдэхүүн дотор хурдан муудах бүтээгдэхүүн хүртэл байсан тул энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь
“Д Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох, гэрээг цуцлах, 16.486.697.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Н” ХХК, “Д Э Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Т-18/16 дугаар “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “Д Э Т” ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Соло Молл худалдааны төвийн 5 давхрын 512 тоот, 233 м.кв талбайтай павилионыг түрээслэгч “Н” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шилжүүлэх, түрээслэгч нь уг эд хөрөнгийг ашигласны хөлсөнд нэг сарын “1 м.кв талбайг 23.000 төгрөгөөр тооцон” 5.359.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан хүчин төгөлдөр “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” талуудын хооронд байгуулагдсан байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу хөлслүүлэгч “Д Э Т” ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгарт байрлах, Соло Молл худалдааны төвийн 5 давхарын 512 тоот, 233 м.кв талбайтай павилионыг хөлслөгч “Д Э Т” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд шилжүүлсэн, мөн нэмэлтээр 18.2 м.кв талбайг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарйн 01-ний өдөр хүртэл хугацаанд шилжүүлсэн, хөлслөгч “Н” ХХК нь эд хөрөнгө ашигласны төлбөрт нийт 38.233.975 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй болно.
Дээрх үйл баримт болон талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “Д Э Т” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл”, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Албан шаардлага хүргүүлэх тухай” баримтаар “...түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний 15.2-т зааснаар гэрээг цуцлахыг мэдэгдэж байна” гэсэн, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” баримтаар “...түрээсийн төлбөр төлөх хугацааг удаа дараа хэтрүүлэн, үүргээ зөрчиж байх тул түрээсийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цуцлаж байгааг мэдэгдэж байна...” гэсэн нотлох баримтаар Түрээсийн гэрээний 15.2, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.4, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 296 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Т-18/16 дугаар “Түрээсийн гэрээ” нь хөлслөгчийн санаачилгаар 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цуцлагдаж, дуусгавар болсон болох нь нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Т-18/25 дугаар “Түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Т-18/68 дугаар “Түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Т-19/038 дугаар “Түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Т-19/070 дугаар “Түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний дагуу эд хөрөнгө хөлслүүлэгч “Д Э Т” ХХК нь эд хөрөнгө ашигласны хөлс болох 2018 оны 6 дугаар сарын төлбөрийг 100 хувь, 2018 оны 7, 8 дугаар сарын төлбөрийг 50 хувь, 2018 оны 8-12 дугаар сарын төлбөрийг 80 хувь, 2019 оны 01 дүгээр сарын төлбөрийг 100 хувь, 2019 оны 02-4 дүгээр сарын төлбөрийг 50 хувь, 2019 оны 5-10 дугаар сарын төлбөрийг 1 м.кв талбайг 15.000 төгрөгөөр тооцох, 2020 оны 01 дүгээр сарын төлбөрийн 5 хоног болон 2020 оны 02 дугаар сарын төлбөрийг 100 хувь тус тус чөлөөлж, хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон байх бөгөөд дээрх гэрээний дагуу хөлслөгч “Н” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд эд хөрөнгө ашигласны хөлсөнд нийт 59.057.049 төгрөг төлөхөөс 38.233.975 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 20.823.074 төгрөгөөс гэрээний 7.1-д “Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож 6.990.000 төгрөгийн барьцааг түрээслүүлэгчид шилжүүлнэ. Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирол, төлбөрийг барьцаа мөнгөнөөс суутган авна” гэж заасны дагуу хариуцагчийн “...барьцаа 5.000.000 төгрөг, зоогийн газрын урьдчилгаа 1.950.000 төгрөгийг хасаж тооцно уу” гэсэн тайлбарыг үндэслэн 20.823.074 төгрөгөөс 6.950.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 13.873.074 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Д Э Т” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.3, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.5, 289 дугаар зүйлийн 289.1.2-т заасантай нийцэж байна.
Мөн гэрээний 6.7-д “түрээслэгч нь цахилгаан, ус, газны төлбөрийг хэрэглээнийхээ тоолуурын заалтаар төлнө” гэж заасны дагуу хариуцагч “Н” ХХК нь эд хөрөнгө ашигласан 2018 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дугаар сарын цахилгааны төлбөрт 1.905.152 төгрөгийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан УБЦТС ХК-ийн 3200221000206 дугаар “Төлбөрийн нэхэмжлэл”, Түрээслэгч “Н” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын цахилгааны төлбөрийн задаргаа, Тооцооны дэлгэрэнгүй тайлан гэсэн баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар нэмэлт зардлын төлбөр болох /цахилгааны төлбөр/ 1.905.152 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.
Хариуцагчийн “...түрээслүүлэгч байгууллагын менежер н.Энхмаад түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөгийг төлсөн, бидний хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр “Н” ХХК, “Д Э Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Т-18/16 дугаар “Түрээсийн гэрээ”-г цуцлаж, дуусгавар болгон хариуцагч “Н” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны эд хөрөнгө ашигласны үлдэгдэл хөлс 13.873.074 төгрөг, нэмэлт зардал 1.905.152 төгрөг, нийт 15.778.226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д Э Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 708.471 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь.
1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 296 дүгээр зүйлийн 294.2.1-д заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Т-18/16 дугаар “Түрээсийн гэрээ”-г цуцлаж, дуусгавар болгон, хариуцагч “Н” ХХК-иас 15.778.226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д Э Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 708.471 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д Э Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 240.384 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 236.841 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД