| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03103/И |
| Дугаар | 183/ШШ2020/02287 |
| Огноо | 2020-08-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2020/02287
2020 08 31 183/ШШ2020/02287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, А овогтой Б.А /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 мянгат, 00 байр, 00 тоотод оршин суух, Ч овогтой Г.Х /РД:0000/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.Х, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Аминий бие 2004 онд Г.Х-тай танилцаж 2011 онд Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний охид И, А нар нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд. Бид 2015 оноос хойш салж тус тусдаа амьдрах болсон бөгөөд зан харилцааны тааламжгүй байдлаас болж тусдаа амьдрах болсон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнөх эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж 2 охиныг эхийнх нь асрамжид үлдээж, миний өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны 00 мянгат, 00 байрны, 00 тоот байрыг Г.Х-д шилжүүлж, мөн сар бүр хүүхдийн тэтгэмж нийт 1 сая төгрөгийг миний бие Г.Х-д гаргаж өгөхөөр тохиролцсон тул дээрх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А нь хамт амьдарч байсан байраа хүлээлгэн өгсөн. Тухайн байр нь бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байр жилийн дотор ноцтой гомдоосон тохиолдолд буцааж авна гэсэн нөхцөлтэй гэрээ байсан. Хоёр хүүхдийн тэтгэлэгт сар бүр 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнийгээ цааш үргэлжлүүлэн биелүүлж чадна гэвэл гэрлэлт цуцлуулахаас татгалзах зүйлгүй” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Х-д холбогдуулан гаргажээ.
Хэргийн баримтаас үзэхэд Б.А, Г.Х нар нь 2011.02.24-ний өдөр гэр бүл болсныг 2011.02.28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2013.03.22-ны өдөр ихэр охин А.А, А.И нар төрсөн болох нь 0000, 0000 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.
Гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарсан байх бөгөөд хойшид хамт амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин хүссэн, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй, охин А.И, А.И нарыг эхийн асрамжид үлдээх, хүүхдүүдийн тэтгэлэгт нийтдээ 1,000,000 төгрөгийг сар бүр 18 нас хүртэл нь өгч байхаар, мөн Б.А-ийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны 00 мянгат, 00 байрны, 00 тоот байрыг Г.Х-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, дээрх орон сууцны талаар ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэж талууд тохиролцсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.
Эвлэрүүлэн зуучлалын 2020.08.10-ны өдрийн 192 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд талууд гэрлэлтээ шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн учир тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон гэж үзэж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.А, Г.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013.03.22-ны өдөр төрсөн ихэр охин А.А, А.И нарыг эх Г.Х-гийн асрамжид үлдээж, талуудын тохиролцсоноор хүүхдийн тэтгэлгийг нийтдээ 1,000,000 төгрөгөөр тогтоож, А.А, А.И нарыг 18 нас хүртэл сар бүр Б.А-с гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгө /Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны 00 мянгат, 00 байрны, 00 тоот байр/-ийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ