Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч Т.Өнөболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэннасангийн Өнөболдод холбогдох эрүүгийн 201626030581 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловоролтой, ам бүл 2, эмэг эхийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга 7-147 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 36-20 тоотод түр оршин суух, “Базилико” ХХК-нд тогооч ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:УИ91110371/  Боржигон овогт Түмэннасангийн Өнөболд нь:

- 2016 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв Цэнгэлдэх хүрээлэнд болсон “Sunrise” шоу тоглолтон дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Б.Баярбатыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хавирч унагаасны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүуд  / хх 7-10 /,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 12-15 /,

Хохирогч Б.Баярбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 05-нд буюу 5 дахь өдөр “Sunrise” шоу болсон. 23 цаг өнгөрч байхад би бие засах гээд Цэнгэлдэх хүрээлэн дотроос гарах гээд урагшаа явсан. Т.Өнөболд өөдөөс ирсэн ба эвгүй хараад байсан учир түүнээс зугтах гээд холдож явсан. Тэгтэл тэр хурдан алхаж ирээд миний зүүн мөрийг өөрийнхөө зүүн талын мөрөөр мөрлөсөн, тэгэхэд нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд “чи муу юу гэнээ” гээд миний духны зүүн тал руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд заамдаж аваад цементэн шалан дээр ар дагзаар хавирч унагаасан. Газар унасан хойно миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Ойр орчимд байсан хүмүүс болиоч гэж хашгирч байсан...” гэжээ. / хх 19-20, 21, 87-89, 90 /,

Гэрч Б.Есү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэр өдөр найз Б.Баярбат бид хоёр орой 23 цагийн үед Цэнгэлдэхийн гадаа уулзсан. Тэгээд шоу үзэх гэж дотогшоо орсон юм. Дотор ороод Б.Баярбат бид нар бүжиглээд байж байтал Б.Баярбат 00 цагийн үед “бие засчихаад ирье” гээд ганцаараа гарсан. Б.Баярбат ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Маргааш нь Б.Баярбат руу залгасан чинь шоун дээр хүнд зодуулсан эмнэлгээр явж байна гэсэн...” гэжээ. / хх 25-26 /,

Гэрч М.Шинэтөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би найз Т.Өнөболдын хамт Цэнгэлдэх хүрээлэнд болсон “Sunrise” шоу тоглолт үзэхээр орой 21 цагт очсон. Тэнд очоод бид хоёр пиво уугаад шоу үзэж сонирхож байгаад 00-ний өрөө орчихоод буцаад Цэнгэлдэх хүрээлэн дотор найзуудаа хайгаад явж байгаад эргээд харсан чинь Т.Өнөболд алга болчихсон байсан. Тэгээд эргээд явтал 1 залуутай муудалцчихсан нөгөө  залуу нь газарт уначихсан Т.Өнөболд хажууд нь маргалдсан шинжтэй яриад зогсож байсан. Тэгээд би Т.Өнөболдыг салгаад аваад явсан...” гэжээ. / хх 31-32/,

Шинжээч эмч М.Отгонбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Баярбатын биед үүссэн гэмтлээс духны зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Түүнээс бусад дагзны ясны зүүн талын салалт, тархи доргилт, дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, хий хуралт зэрэг гэмтэл нь мөн адил нэг цаг хугацаанд 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хавсарч цементэн шалан дээр унагаах үед үүсэх боломжтой...” гэжээ. / хх 38-39 /,

Гэрч Д.Энхтүвшин мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 25 настай Б.Баярбат гэх хүнийг үзэж урьдчилсан байдлаар тархины доргилт гэж толгойн хуйх хэсгийн язарсан шарх гэж бичиж шарханд нь энтивитек тархины цусан хангамж сайжруулах эм хэвтрийн дэглэм сахих зөвлөгөө өгсөн бэйна. Рентген зурганд шугман болон жижиг хугарал харагдахгүй маш муу байдаг...” гэжээ. / хх 97-98 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10973 тоот дүгнэлтэнд:

1.Б.Баярбатын биед дагз яс зүүн талын заадсын салалт, тархи доргилт, дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, хий хуралт, духанд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 35 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “ Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний180 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.Б.Баярбатын биед тухайн үед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хий хуралт, духны зөөлийн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарницулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. / хх 111-112 /,

Шинжээч эмч Б.Ариунсул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Компьютер томографийн зураг дээр гавлын ясны хугаралыг хугаралтай, хугаралгүй хэмээн зөрүүтэй уншсанаас дүгнэлтийн зөрүү гараад байгаа юм. Манай комисс компьютер томографийн зургийг эрүүл мэндийн яамны дүрс оншилгооны мэргэжлийн салбар зөвлөлөөр уншуулж дүгнэлт гаргасан гавал ясны хугарал нь батлагдаагүй учир хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэлт гаргасан...” гэжээ. / хх 115-116 /,

Шүүгдэгч Т.Өнөболдыг 2016.09.14-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 49/,  2016.10.19-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 51-52 /,

Шүүгдэгч Т.Өнөболдын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 54 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Өнөболд мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэнд бичигдсэн мэдүүлэг үнэн зөв байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Баярбатад баримтаар 700.000 төгрөг, сүүлд 1.300.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг өгсөн. Хохирогч Б.Баярбатаас уучлалт гуйсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.  Дахин ийм хэрэг хийхгүй гэв.

Шүүгдэгч Т.Өнөболд нь -2016 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв Цэнгэлдэх хүрээлэнд болсон “Sunrise” шоу тоглолтон дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Б.Баярбатыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хавирч унагаасны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүуд  / хх 7-10 /,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 12-15 /,

- “...2016 оны 8 дугаар сарын 5-нд “Sunrise” шоу болсон. Тэр өдөр 23 цаг өнгөрч байхад би бие засах гээд Цэнгэлдэх хүрээлэн дотроос гарах гээд урагшаа явсан. Т.Өнөболд миний зүүн мөрийг өөрийнхөө зүүн талын мөрөөр мөрлөсөн, тэгэхэд нь  “чи яаж байгаа юм бэ” гэхэд “чи муу юу гэнээ” гээд миний духны зүүн тал руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд заамдаж аваад цементэн шалан дээр ар дагзаар хавирч унагаасан. Газар унасан хойно миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Баярбатын мэдүүлэг / хх 87-89, 90 /,

- “...Найз Б.Баярбат бид хоёр орой 23 цагийн үед Цэнгэлдэхийн гадаа уулзсан. Тэгээд шоу үзэх гэж дотогшоо орсон.  Б.Баярбат 00 цагийн үед бие засчихаад ирье гээд ганцаараа гарсан. Тэгээд Б.Баярбат орж ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Маргааш нь Б.Баярбат руу залгасан чинь шоун дээр хүнд зодуулсан эмнэлгээр явж байна гэсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Есүгийн мэдүүлэг / хх 25-26 /,

- “...Цэнгэлдэх хүрээлэн дотор найзуудаа хайгаад явж байгаад эргээд харсан чинь Т.Өнөболд алга болчихсон байсан. Тэгтэл 1 залуутай муудалцчихсан нөгөө  залуу нь газарт уначихсан Т.Өнөболд хажууд нь маргалдсан шинжтэй зогсож байсан. Тэгээд би очоод Т.Өнөболдыг салгаад аваад явсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Шинэтөрийн мэдүүлэг/ хх 31-32/,

-  “... Баярбатын биед үүссэн гэмтлээс духны зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Түүнээс бусад дагзны ясны зүүн талын салалт, тархи доргилт, дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, хий хуралт зэрэг гэмтэл нь мөн адил нэг цаг хугацаанд 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хавсарч цементэн шалан дээр унагаах үед үүсэх боломжтой...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч М.Отгонбаатарын мэдүүлэг / хх 38-39 /,

- “...Б.Баярбат гэх хүнийг үзэж урьдчилсан байдлаар тархины доргилт гэж толгойн хуйх хэсгийн язарсан шарх гэж бичиж шарханд нь энтивитек тархины цусан хангамж сайжруулах эм хэвтрийн дэглэм сахих зөвлөгөө өгсөн байна. Рентген зурганд шугаман болон жижиг хугарал харагдахгүй маш муу байдаг...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Энхтүвшингийн мэдүүлэг / хх 97-98 /,

- “...Б.Баярбатын биед дагз яс зүүн талын заадсын салалт, тархи доргилт, дагзны шарх,  зөөлөн эдийн няцрал, хий хуралт, духанд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой...” гэсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт / хх 35 /,

-“ ... Б.Баярбатын биед тухайн үед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хий хуралт, духны зөөлийн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарницулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “ Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний180 тоот шинжээчийн дүгнэлт / хх 111-112/,

-  “...Компьютер томографийн зураг дээр гавлын ясны хугаралыг хугаралтай, хугаралгүй хэмээн зөрүүтэй уншсанаас дүгнэлтийн зөрүү гараад байгаа юм. Манай комисс компьютер томографийн зургийг эрүүл мэндийн яамны дүрс оншилгооны мэргэжлийн салбар зөвлөлөөр уншуулж дүгнэлт гаргасан гавал ясны хугарал нь батлагдаагүй учир хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэлт гаргасан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Б.Ариунсулын мэдүүлэг / хх 115-116 / зэрэг болно.

Шүүгдэгч Т.Өнөболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Т.Өнөболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тархины томографийн 2 ширхэг зургийг хохирогч Б.Баярбатад, улаан өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн шорт 1 ширхэг, цагаан өнгийн кет 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг шүүгдэгч Т.Өнөболдод тус тус буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Түмэннасангийн Өнөболдыг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өнөболдыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өнөболдод оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тархины томографийн 2 ширхэг зургийг хохирогч Б.Баярбатад, улаан өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн шорт 1ширхэг, цагаан өнгийн кет 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг шүүгдэгч Т.Өнөболдод тус тус буцаан олгосугай.

5. Т.Өнөболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Өнөболдод оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Өнөболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД