Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0627

 

 

М.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: М.Гэ

          Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

          Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

          Гуравдагч этгээд: Б.Э, Г.Д

          Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/117 тоот захирамжийн хавсралтын 27 дугаарт буюу Б. Эт холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 0*-ны өдрийн А/*** тоот захирамжийн хавсралтын * дугаарт буюу Г.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0*28 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө

          Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

          Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д

          Гуравдагч этгээд Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

          Хэргийн индекс: 128/2024/0940/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч нь М.Гэ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/117 тоот захирамжийн хавсралтын 27 дугаарт буюу Б. Эт холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 0*-ны өдрийн А/*** тоот захирамжийн хавсралтын * дугаарт буюу Г.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 0* дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0*28 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 3* дугаар зүйлийн 3*.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

              2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...6.3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтийг талууд гаргасан эсэх, хуульд заасан бүрдүүлэх баримтын шаардлага хангасан эсэх, шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэрэг хуульд тодорхойлон заасан хэлбэрийн шаардлагыг нягтлах үүрэгтэй...6.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, газрын гэрчилгээг шилжүүлэх тухай талуудын хүсэлт авагдсан...Тухайн тохиолдолд...шаардагдах баримтуудыг үндэслэн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Б. Эт хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн нь гэж заасанд тус тус нийцсэн байна. 6.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газрын албанд гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл түүний гарын үсэгтэй тохирохгүй болох нь шинжээчийн ЕГ012*/13*3 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон боловч талуудын гаргасан оргодол, хүсэлтийн үнэн, зөвийг захиргааны байгууллага мэдэх, тодорхойлох боломжгүй тул... хариуцагч байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй. 6.7... сонсох ажиллагааны гол зорилго нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, - тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, ингэснээр захиргаа үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгддэг 6.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориг түүний гуравдагч этгээд Б. Этай байгуулсан гэрээгээр илэрхийлэгдэх тул захиргаа сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй....захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө энэ талаар заавал мэдэгдэж, тайлбар авах үүргийг хүлээхгүй.... 6.10. Дээрхээс үзвэл, хариуцагч талуудын хүсэлт, тэдгээрийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээг үндэслэн маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул... хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна... Үүнээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага хуулийн дээрх зохицуулалтын дагуу талуудын хүсэлт, хавсаргасан баримтуудыг үндэслэн маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Б.Эаас Г.Дд шилжүүлсэн ...холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. ...Иймд дээрх ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь:

2.1.1 Гуравдагч этгээд Б.Э нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарладаг хэрэгт газрын төлбөр төлсөн талаарх баримт авагдаагүй. Гэтэл гуравдагч этгээдийн энэхүү тайлбар болон хууль бус (газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт) баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрын эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Б.Эт шилжүүлэх хүсэлтийг гарын үсэг зурж, биечлэн газрын албанд өгөөгүй. Тухайн хүсэлтийг Б.Э нь газрын албанд биечлэн өгсөн талаараа тайлбарлаж, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.

Газрын тухай хуулийн 38.2-т "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана" гэж заасныг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гуравдагч этгээд Б.Э нь тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, нэхэмжлэгч М.Гэ нь эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл талуудын аль ч эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй байдаг. Харин гаргасан гэх хүсэлт хуурамч болох нь шинжээчийн ЕГ0125/1353 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Үүнээс үзэхэд хууль бус баримтад үндэслэж гаргасан захиргааны акт хууль бус бөгөөд хууль бус эзэмшилд үндэслэж хийгдсэн дараагийн шилжилт хөдөлгөөн нь хууль бус юм. Гэтэл анхан шатны шүүхээс “хүсэлтийн үнэн, зөвийг захиргааны байгууллага мэдэх, тодорхойлох боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан уу гэдгийг тодруулалгүйгээр газрын эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн захиргааны байгууллагын буруутай үйлдэл нь хууль бус захиргааны акт гаргахад шууд нөлөөлсөн гэж үзэх бөгөөд хууль бус болох нь тогтоогдсон баримтыг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд авч үнэлсэн нь үндэслэлгүй байна. Мөн “газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориг... гэрээгээр илэрхийлэгдэх тул захиргаа сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28.1-т “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:" гэж заасан. Гэвч энэхүү анхан шатны шүүхийн дүгнэж буй уг үндэслэл нь хуулиар зохицуулагдаагүй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус юм.

3.1.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна" гэж заасан байна. Анхан шатны шүүх хуралдаан 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болсон. Гэтэл шүүхээс шийдвэрийг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бичгээр үйлдэж гаргасан нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчиж байна.

Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 0* дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш2026/0*28 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

          2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/117 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтын 27 дугаар /гуравдагч этгээд Б.Э/-т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 0*-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтын * дугаарт холбогдох хэсэг /гуравдагч этгээд Г.Дд холбогдох хэсэг/-ийг хүчингүй болгуулах гэж өөрчилж, эцсийн байдлаар тодорхойлсон байх бөгөөд шүүх тэрхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

          4. Энэхүү маргааны тухайд Газрын тухай хууль, түүний газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой 38 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэнэ. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж тус тус заажээ.

          *. Энэ тохиолдолд “... газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэсэн шаардлага хангагдсан байх бөгөөд хуульд заасан холбогдох гэрээ, хүсэлт, хураамж зэрэг хавсралт материалуудыг бүрэн өгч мэдүүлэг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

          6. Нэхэмжлэгчээс “...газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл олгоогүй байхад надад мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн нь хууль бус, захиргааны байгууллагаас энэ талаар сонсох ажиллагаа хийгээгүй, анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр хуурамч болох нь тогтоогдсон нотлох баримтыг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй” зэргээр маргадаг.

          7. Иргэний хувьд “хуулиар хориглосноос бусад нь чөлөөтэй” харин төрийн албан хаагч /Засаг дарга/-ын хувьд “хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориотой”.  Энэ зарчим нь ардчилсан эрх зүйт төрийн үндсэн суурь зарчим юм. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад салбар эрх зүйд энэхүү хэм хэмжээ тодорхой тусгагдсан байдаг. Иймээс төрийн байгууллага, албан тушаалтан нь хуульд заагдсан чиг үүргийг л хэрэгжүүлнэ.

          7.1 Тодруулбал, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх зөвшөөрөл олгох Засаг даргын шалгалтын цар хүрээ нь гагцхүү хуульд урьдаас тогтоож өгсөн урьдчилсан нөхцөл болох дээрх шаардлагаар хязгаарлагдана. Хуулиар заагдаагүй илүү баримт шаардах, шалгах боломжгүй.

          7.2 Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтийг талууд гаргасан эсэх, хуульд заасан бүрдүүлэх баримтын шаардлага хангасан эсэх, шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэрэг хуульд тодорхойлон заасан хэлбэрийн шаардлагыг нягтлах үүрэгтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

          7.3 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “хүсэлтийн үнэн зөвийг захиргааны байгууллага мэдэх, тодорхойлох боломжгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж маргаж буйг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

          8.  Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч М.Гэ, гуравдагч этгээд Б.Э нарын хооронд маргаан бүхий 700 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлэгдсэн байна. Энэхүү гэрээг үндэслэл болгон газрын эрх шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй.

          9. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан бөгөөд энэхүү сонсох ажиллагааны гол зорилго нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, ингэснээр захиргаа үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгддэг.

          Нэгэнт талууд харилцан хүсэл сонирхлоо илэрхийлсэн буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориг түүний гуравдагч этгээд Б.Этай байгуулсан гэрээгээр илэрхийлэгдсэн байна. Нөгөө талаар уг харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэсэн зохицуулалтад хамаарч байх тул захиргаа сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй.  Учир нь газар шилжүүлэн авахыг хүссэн этгээд хүсэл зорилгоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

          Талууд тус гэрээгээр газар эзэмших эрх гуравдагч этгээдэд шилжихийг мэдэж байсан, үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө энэ талаар заавал мэдэгдэж, тайлбар авах үүргийг хүлээхгүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ШҮҮГЧ                                            Н.ДОЛГОРСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР