Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0428

 

2019 оны 07 сарын 08 өдөр Дугаар 128/ШШ2019/0428 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ЭИ ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагч ЭИ ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Н ЭИ ХХК-ийг иргэдэд борлуулсан орон сууцны байрны борлуулалтын орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын анхан шатны баримт болох Е-баримт хэвлэж өгөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж компанид 1,500,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан билээ. Иймээс 2018/03 тоот Шийтгэлийн хуудас-тай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр танилцаад эс зөвшөөрч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд шууд харьяалуулан зохицуулсан байх тул Хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан гэсэн ангиллын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Шийтгэлийн хуудас нь илт утга, агуулгын алдаатай, Шийдвэрлэх нь хэсгийн 1, 2 дахь заалтууд зөрүүтэй байгаа тухайд: Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Н-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 тоот шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтаар ЭИ ХХК-д 1,500,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан боловч шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1-д Холбогдогч ЭИ ХХК-ийн гаргасан зөрчилд арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулсугай хэмээн буруу нэгж зааж шийтгэл оногдуулсан зэргээр утга агуулгын илэрхий алдаатай шийтгэх хуудсыг гаргасан байдаг.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн мөн зүйлийн гуравт Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасны дагуу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах зөрчлийн хувьд 6 сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар заасныг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч Т.Н нь анхаараагүй.

Татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шийтгэлийн хуудас нь хуульд заасантай нийцэхгүй байгаа болох нь: 3.1. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь үндэслэлгүй тухайд: Татварын улсын байцаагч холбогдогч ЭИ ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шалгах шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл татварын улсын байцаагчийн шалгасан асуудлаар мөн зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа төдийгүй, холбогдогч ЭИ ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, ба Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэх талаар, иргэдээс гаргасан гомдол нь үндэслэлтэй эсэх талаар холбогдох баримт материалыг цуглуулах, зөрчлийн хэрэг нээж холбогдогчоос мэдүүлэг авах, хохирогчоос мэдүүлэг авах зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

3.2.3өрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд албаны сонирхолтой этгээдийг гэрчээр оролцуулсан тухайд: Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд гэрч оролцуулах гэсэн хуулийн зохицуулалт байхгүй ба түүнчлэн тухайн ажиллагаандаа албаны сонирхолтой этгээд болох Татварын улсын байцаагч Ц.О-ийг оролцуулан тэмдэглэл хөтөлсөн нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэж байна.

3.3. Татварын улсын байцаагчийн гаргасан шийтгэх хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3, 7.2 дугаар зүйлийн 2-д заасан шаардлагыг хангахгүй хууль бус шийдвэр болох нь: Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх-ийг тогтоож байж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэсний дагуу шийтгэлийн хуудсаа гаргах ёстой.

Гэтэл Татварын улсын байцаагчаас Шийтгэлийн хуудас гаргахдаа ЭИ ХХК Зөрчлийн тухай хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн талаар огт дурдаагүй байдаг. Түүнчлэн иргэдээс гаргасан гомдлын дагуу холбогдогч нь тухайн зөрчлийг гаргасан эсэх талаар, хуульд заасантай нийцэж байгаа эсэхийг тогтоогоогүй, зөрчил гаргаагүй байхад торгох шийтгэл ногдуулсан нь татварын улсын байцаагчийн шийтгэх хуудас нь хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр гарсныг харуулж байна.

ЭИ ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын анхан шатны баримт болох Е-баримт иргэдэд олгох үндэслэлгүй болох тухайд: Татварын улсын байцаагч нь бодит нөхцөлд байдалд тал бүрээс нь дүгнэлт хийгээгүй, гомдол гаргасан иргэдийн гэрээ, хэлцлийг нарийвчлан шалгаж, ялгалгүйгээр дүгнэж үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулжээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагаас гаргаж өгсөн дараах тайлбарыг харгалзан үзэж, тал бүрээс нь асуудалд бодитой хандаагүй байна.

Тухайлбал гомдол гаргасан иргэдээс Г.Н, Ж.Н, С.Э нар нь манай компанитай Орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ хийгдсэн иргэдийн хувьд төлбөр нь гүйцэд төлөгдөж дуусаагүй, өмчлөх эрх үүсээгүй буюу улсын бүртгэлийн гэрчилгээ иргэдийн нэр дээр гараагүй байхад аж ахуйн нэгжийг буруутгаж уг иргэдийн эрхийг хязгаарласан гэх нь учир дутагдалтай юм. Мөн Т.О гэх хүн нь ЭИ ХХК-тай аливаа гэрээ хэлцэл хийгээгүй байхад түүний гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Харин татварын улсын байцаагч нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэж бичжээ. Манай компани нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан баримтыг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтөлдөг бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр заалтад зааснаар төлбөрийн баримт-ыг олгодог болно. Харин иргэн Г.Д, П.Б, Б.Л, Г.Б нарын хувьд дараах нөхцөл байдлаас шалтгаалж Е-баримт олгоогүй болно. Иргэдэд компанийн зүгээс зохих бэлэн мөнгөний хөнгөлөлт, урамшууллыг олгож зах зээлийн үнээс доогуур байдлаар орон сууцыг хямдруулж, төлөх төлбөрөөс НӨАТ-ыг хассан болохыг талуудад тайлбарлаж гэрээ байгуулсан байтал иргэдэд НӨАТ-ын баримт хэвлэж өгөх үндэслэл байхгүй байсан. Учир нь Орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ хийгдсэн иргэдийн хувьд төлбөр нь гүйцэд төлөгдөж дуусаагүй, өмчлөх эрх, улсын бүртгэлийн гэрчилгээ иргэдэд шилжээгүй бөгөөд уг зээлийн нөхцөлөөр орон сууц борлуулах асуудлыг дөнгөж, зах зээлд шинээр зарлаж байгаа төдийгүй иргэд 1 , 2 дугаар сарын дараа гэрээ цуцлах асуудал гарч байгаа тул хоорондын гэрээгээр нарийвчлан зохицуулж, бүртгэл тооцооны асуудлыг зохих байгууллагаас зөвлөгөө авч, хэрхэн бүртгэх эрсдэл тооцох асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ иргэд зөвхөн 30%-ийн төлбөрөө төлчхөөд 100%-ийн борлуулалт хүлээн зөвшөөрүүлэх нь компанийн татварын өрөнд оруулж, үйл ажиллагааг нь зогсоох тул компанийн зүгээс төлбөрийн баримтыг хэвлэж өгөх боломжгүй байсан. Мөн худалдан авагч иргэдтэй байгуулсан гэрээний 1.6 дахь хэсэгт гэрээний үнэд НӨАТ тооцогдоогүй тухай зохицуулсан, гэрээ байгуулах үеийн тэмдэглэлд мөн төлбөрийн баримт өгөх боломжгүй бөгөөд НӨАТ-ын үнийн дүнг нэмж төлсөн тохиолдолд төлбөрийн баримт олгогдох тухай тодорхой заасныг талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Энэ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байтал татварын улсын байцаагчийн зүгээс яагаад төлбөрийн баримт олгоогүй талаар баримт материалыг шалгаж, нотлох баримтыг цуцлуулах ажиллагаа хийлгүйгээр, иргэдийн ирүүлсэн гомдлоос ЭИ ХХК төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдож байна гэж үзэж хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд Эрин хорооллын зарим орон сууцны орж ирсэн орлого, бүрэн гүйцэтгэсэн байрны захиалгыг үндэслэн борлуулалтын орлого данс, авлага дансны бичилт хийсэн. Өөрөөр хэлбэл манай компани нь иргэдэд орон сууцыг өртөг үнээр буюу НӨАТ-гүй үнээр худалдсан ба Хэрэв эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан тайлагнаагүй байсан бол иргэдэд өртөг үнээр биш НӨАТ-тай илүү өндөр үнээр борлуулагдаж байсан. Энэ нөхцөл байдлыг анхнаасаа мэдэж иргэд гэрээгээ байгуулсан. Гол нь худалдан авсан үнэн дээрээ нэмж 10 хувийг төлөөд түүнээсээ НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг авсан нь ашигтай юу эсхүл шууд байрны үнээ 10 хувиар бага буюу НӨАТ-гүй үнээр авсан нь ашигтай юу гэдэг тооцооллыг хийж үзвэл иргэдэд хамаагүй ашигтай нөхцөлөөр орон сууцыг борлуулсан байгааг ойлгох болно. Бодит байдал дээрээ иргэд хожсон гэхээс хохирсон зүйл огт байхгүй юм. Татварын хөнгөлөлт эдлэх нэрийдлээр хөнгөлөгдөөгүй татварыг улсад хүүтэй төлж буй байдал нь хууль тогтоомжийн гажуудал бөгөөд үүнийг шинэчилсэн найруулан хэлэлцүүлж байгаа Татварын багц хуулиудад иргэдэд ашигтайгаар өөрчилсөн нь үнэхээр хуулийн хувьд буруу байсан гэдгийг харуулж байна.

Иймээс Татварын улсын байцаагчийн зүгээс талуудаас гаргаж өгсөн баримтыг шалгаж, гомдолд заасан зөрчил бүрэн нотлогдож байсан эсэхийг бүрэн тогтоож, шалгалгүйгээр иргэдийн гомдлыг зөвхөн үндэслэж, яагаад төлбөрийн баримт олгоогүй эсэх асуудлыг шалгаж тогтоолгүйгээр, төлбөрийн баримт олгоогүй байна хэмээн шууд үзэж шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Татварын улсын байцаагч анх Г.Д, П.Б, Б.Л, Г.Б, Г.Н, Ж.Н, С.Э, Т.О гэх 8 хүн гомдол гаргасан гэж тухайн иргэдтэй холбогдох гэрээ, материалыг аж ахуйн нэгжээс шаардаж авсан байтал 12 иргэний гомдлыг шалгасан гэж шийтгэлийн хуудас-д дурдсан нь хэт нэг талыг барьсан бөгөөд үлдсэн дөрвөн иргэдтэй холбогдох тайлбарыг компаниас аваагүй нь татвар төлөгч өөрт нь холбогдуулан гаргасан гомдолтой танилцаж, холбогдох баримтыг гаргаж өгөх, тайлбар өгөх эрхийг зөрчсөн үйлдэл юм. Мөн Татварын улсын байцаагч иргэдийн өргөдлийг шалгахдаа ЭИ ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг харгалзан үзээгүй бөгөөд зөвхөн баримт өгөөгүй гэж буруутгаснаас бодит нөхцөл байдлыг судлан үзэж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэхийг эрмэлзсэнгүй.

ЭИ ХХК бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зохих татваруудыг хууль тогтоомжийн дагуу төлсөөр ирсэн бөгөөд 2005-2014 онуудад гаалийн тусгай бүсэд нийт 1,080,600,000,000 /нэг их наяд 80 тэрбум 600 сая/ төгрөгийн гадаад худалдааны бараанд гаалийн хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хийж, гаалийн бүрдүүлэлтээр 167,45 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, 2016 онд манай компани 1.7 тэрбум төгрөг, 2017 онд 1.3 тэрбум төгрөгийн ААНОАТ-ыг татварыг тус тус улсад төлсөн татвар төлөгч төдийгүй одоогоор 1 тэрбум гаруй төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлттэй Татварын ерөнхий газар харьяалагддаг томоохон татвар төлөгч билээ.

Иймд Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Н-ийн гаргасан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хоёр: Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Тус компани 12 иргэнд 1,180,800,500.0 төгрөгийн төлбөрийг төлсөн баримтад төлбөрийн баримт олгоогүй зөрчил илэрсэн. 2017 онд Орон сууц захиалгын гэрээ болон Орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ хийж орон сууц худалдан авсан иргэд гэрээний дагуу төлбөрийг сар бүр төлж барагдуулж байхад төлбөр төлсөн тухай бүрд нь татвар төлөгчдөд Е-баримт хэвлэж өгөөгүй байгаа нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 17.3.1-д албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд тус компанид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заасныг үндэслэн: 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар бүхий Шийтгэлийн хуудсаар 1,500,000.0 төгрөгийн торгуулийн шийтгэлийг оногдуулсан болно. Энэхүү Шийтгэлийн хуудасны хуулийн заалтын тайлбарыг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр прокурорт хянуулан хүргүүлсэн болно. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь гомдол гаргагч татвар төлөгчдийн өргөдөл, тэдний орон сууц захиалгын гэрээ, орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээний хуулбарууд, тэдний мөнгө төлсөн баримтууд, гомдол гаргасан татвар төлөгчдийг татварын албанд дуудан ирүүлж ярилцлагын тэмдэглэл хөтөлсөн тэмдэглэл зэргээр зөрчил нь нотлогдож байгаа билээ.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Орон сууц худалдан авагч нартай хийсэн гэрээ нь 2017 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд байгаа учир Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-д энэ зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлийн 3-т энэ зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасан байгаа тул зөрчил гаргасан хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байгаа болно. Иймд Татварын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв тогтоогдсон гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч ЭИ ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н д холбогдуулан гаргасан Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н н 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нь ЭИХХК нь иргэдэд борлуулсан орон сууцны байрны борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу Е-баримт хэвлэж өгөөгүй гэж дүгнэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаартай шийтгэлийн хуудсаар ЭИ ХХК-ийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. 

Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нь ... Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлэхгүй зөрчилд хуулийн этгээдийг нэг мянга, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгосон гэж тайлбарладаг боловч гомдол гаргагч нь гомдол гаргагч нэр бүхий 8 иргэн нь манай компанитай ... орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ байгуулсан бөгөөд төлбөр нь гүйцэд төлөгдөж дуусаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ тухайн иргэдийн нэр дээр гаргаагүй байхад иргэдийн эрхийг хязгаарласан гэж улсын байцаагч дүгнэсэн нь буруу гэж мэтгэлцдэг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүрэгтэй байна.

Хэдийгээр ЭИ ХХК-иас нэр бүхий 12 иргэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын Е-баримтыг олгоогүй гэх зөрчлийн хэрэгт авагдсан Татварын үйлчилгээний төвд болон Улсын төсвийн орлого хяналтын газарт ирүүлсэн иргэдийн өргөдөл, 2017 онд орон сууц захиалгын гэрээ болон орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байх боловч Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байхад хариуцагч нь шийтгэлийн хуудсыг гаргахдаа үндэслэсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн аль зүйл заалтыг хэрэглэх нь зохимжтойг дахин хянаж үзэх шаардлагатай байна.

ЭИ ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татварын Е-баримтыг олгоогүй гэх зөрчлийн хэрэгт нэр бүхий 12 иргэн гомдол гаргасан хэдий ч 8 гомдол гаргагчийг асууж тэмдэглэл үйлдсэн, үлдэх 4 гомдол гаргагчийн нөхцөл байдлыг тодруулаагүй, гомдол гаргагч нартай орон сууц захиалгын гэрээ хийгдсэн эсэхийг нягтлах, мөн үнийн дүнгийн хэдэн хувь төлөгдсөн болохыг, түүнд ногдох Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тодруулах нь шаардлагатай болно.

Хариуцагч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заасныг үндэслэснээс үзэхэд холбогдогч тухайн нэр бүхий 12 иргэнд Е-баримт олгоогүй, эсхүл огт Е-баримт хэвлэх төхөөрөмж хэрэглээгүй болохыг тогтоосон зүйлгүй байна.

Мөн улсын байцаагчийн 2018/03 тоот шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх хэсгийн 1 дүгээр заалтад ... гаргасан зөрчилд арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулсугай, 2 дугаар заалтад ...Оногдуулсан шийтгэлийн 1,500,000.0 төгрөгийг, ... нийт 1,500,000.0 төгрөгийг бэлнээр ... сайн дураараа биелүүлэхийг даалгасугай гэж дурдсан нь нэгжийн хэмжээ, төгрөгийн хэмжээ зөрүүтэй байх тул Улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд зөрчлийг арилгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Учир нь холбогдогч ЭИ ХХК нь нэр бүхий 12 иргэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын Е-баримт олгоогүй зөрчлийг нотлох үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтанд байгаа бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх үзэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч ЭИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ОЮУМАА