Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02941

 

2020 оны 10 сарын 30 өдөр                       Дугаар183/ШШ2020/00594                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 хороо, 00 байр, 00 тоотод түр оршин суух хаягтай Д овогт, Д.Ч, /РД:0000/.

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 хороо, 00 байр, 00 тоот хаягтай Б овогтой Б.Э /РД:0000/ гэв.

 

            Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас суллахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 16,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ө, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 08 сарын 03-ны өдөр нагац эгчийн зөвшөөрөлтэйгөөр  итгэмжлэл үйлдэж байрыг барьцаалан хувь хүнээс 20.000.000 төгрөгийг зээлж авсан. Мөн би 23.000.000 төгрөгийг төлсөн боловч үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг барьцаанаас суллаж өгөөгүй. Гэхдээ би хариуцагчид зээлийн хүү болгож 16.080.000 төгрөг, үндсэн зээлд 23.000.000 төгрөг нийтдээ 39.080.000 төгрөгийг өгсөн байдаг. 2020 оны 12 сарын 06-ны өдөр нотариат дээр очиж хариуцагчтай тохиролцохдоо барьцаа хөрөнгийг суллаж өгнө гэж хэлсэн. Мөн хариуцагч тухайн өдөр цаг товлон уулзахаар болсон ч хоёр цаг орчим настай хүн болон намайг хүлээлгэсний эцэст ирсэн боловч барьцаа хөрөнгийн гэрчилггээг суллаж өгөөгүй. Тийм учир байрны гэрчилгээг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанаар зөвхөн 20.000.000 төгрөгийн тухай хэлэлцэж байж нэхэмжлэгч нь бусад зээлсэн төлбөртэй хольж яриад байна. Нэхэмжлэгч 23.000.000 төгрөг төлсөн үнэн, гэхдээ түүний өмнөх зээлсэн 13.000.000 төгрөгийн төлбөр байдаг. Эхний зээлийн тухайд төлөлт гэж нэг жилийн хугацаанд 7.000.000 төгрөгийг төлсөн, харин 5 сарын хүүний төлбөрийг төлөөгүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 12 сарын 06-ны өдөр 23.000.000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр нь барьцаагүй зээл болох 13.000.000 төгрөгийн зээлийг нь надад өгсөн 23.000.000 төгрөгөөс хасаж бодож барьцаа хөрөнгөтэй зээлийн үлдэгдэлд 10.000.000 төгрөг үлдсэн юм. Мөн гэрээт хугацааны төлөгдөөгүй төлбөр нь хүүгийн хамт 16.900.000 төгрөг болж байгаа юм гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Анхны зээл нь 2018 оны 03 сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг нотариатаар батлуулан зээлж авсан. Энэ зээлийн төлөлтийг хийлгүй явж байгаад 2018 оны 04 сарын 02-ны өдөр сунгалт хийлгэсэн байдаг. Хоёр дахь зээлийн гэрээ нь 2018 оны 08 сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөгийг зээлж авсан. Энэ зээлийн гэрээ нь нэг жилийн хугацаатай байгуулж хүүд 7.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 5.000.000 төгрөг нь төлөгдөөгүй. Түүний дараагаар 2019 оны 04 сарын 11-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээ байгуулахдаа Герман улсаас эмч нар ирж эмчилгээ хийх болсон учир мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 7.850.000 төгрөг болон өмнө төлөгдөөгүй хүүгийн алданги гэж 150.000 төгрөг, 20.000.000 төгрөгийн зээлийн 2 болон 4 сарын хүү нэмэгдэж нийт 13.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж байсан. Энэ нэг жилийн хугацаатай байгуулагдсан зээлд 2 сарын хүүгийн төлбөр төлөлт хийсэн. Түүний дараагаар 2019 оны 12 сар хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын сүүлээр өөрийн эзэмшлийн байрыг н.Баттулга гэх хүнд 99.500.000 төгрөгөөр зарсан байдаг. Нэхэмжлэгч байраа зараад надад 23.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. Уг 23.000.000 төгрөгийн төлөлтөөс барьцаагүй 13.000.000 төгрөгийн төлбөрийг хасаж бодсоноор барьцаат зээлд нь 10.000.000 төгрөгийг үлдэгдэлтэй болсон. Ингэснээр үлдэгдэл 10.000.000 төгрөг болон 13.000.000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй хүү болох 3.900.000 төгрөг, барьцаат зээлийн төлөгдөөгүй хүү 3.000.000 төгрөг нийтдээ 16.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Хэрэв нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд бидний зүгээс байрыг чөлөөлж өгөх бүрэн боломжтой юм. Мөн бид төлөгдөөгүй зээлийн төлбөрт огт алданги тооцолгүй нотариатаар баталгаажуулсан зээлийн төлөгдөөгүй төлбөрийг сөрөг нэхэмжлэл болгон нэхэмжилж байна гэв.

 

            Нэхэмжлэгч Д.Ч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбарлахдаа: Анх 2018 оны 03 сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн бэр дүүтэй хамт хариуцагчаас 10% хүүтэй нэг жилийн хугацаатай гэрээ хийж авсан. Түүнээс 1.000.000 төгрөгийг өөрийн бэр дүүдээ мөнгө бүтээж өгсөн гэж дансанд нь шилжүүлж, үлдсэн 2.000.000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн юм. Уг зээлийн гэрээг өөрийн нэр дээр хариуцаж авсан болохоор сар бүрийн хүү болох 300.000 төгрөгийг тасралтгүй 12 сар буюу нийт 3.600.000 төгрөгийг төлж үндсэн зээл болох 3.000.000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний хугацаа дуусмагц гэрээ сунгах гэрээ хийсэн юм. 2019 оны 04 сарын 11-ний өдөр эмчилгээ хийлгэх болоод харилцан тохиролцож 7.850.000 төгрөгийг зээлж авсан. Би энэ зээлсэн мөнгө нь 20.000.000 төгрөгийн зээлээс тусдаа гэж ойлгосон гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.Ч-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Эгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б.Эд холбогдох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцох эрхийг Д.Ч-д олгосон 2020.07.06-ны өдрийн итгэмжлэлийн дагуу Д.Ч нь хариуцагчаас зээлж авсан мөнгийг төлсөн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 42-44 тоот байрны Ү-2206000113 дугаартай  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанаас суллахыг хүссэн, харин хариуцагч тал эс зөвшөөрч зээл, зээлийн барьцааны гэрээний үлдэгдэл 16,900,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

  Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд Б.Э, Д.Ч нарын хооронд 2018.03.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, 3,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар  10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн хүү алданги тооцохоор тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн хүүд 3,600,000 төгрөгийг төлсөн, үндсэн зээл 3,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

 Д.Ч үндсэн зээл 3,000,000 төгрөгийг төлөөгүй тул талууд 2019.04.02-ны өдөр дахин 3,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн мэтээр гэрээ байгуулсан байх боловч энэ хэлцэл нь хуульд нийцээгүй, зээлийн гэрээний хугацааг сунгагдсан гэж шүүх үзээгүй тул үндсэн зээл 3,000,000 төгрөгийг Д.Ч төлөх үүрэгтэй болно.

 

 Мөн Б.Э, Д.Ч нарын хооронд 2018.08.03-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан, 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар, сарын 5 хувийн хүүтэй, алданги тооцохоор тохирсон, мөн өдрийн барьцааны гэрээний дагуу  Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 тоот байрны 0000 дугаартай  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий орон сууцыг барьцаалсан байх бөгөөд үндсэн зээлд 23,000,000 төгрөг-/15,000,000 төгрөгийг дансаар, 8,000,000 төгрөгийг бэлнээр/-ийг төлсөн, зээлийн хүүнд 9,980,000 төгрөгийг төлсөн гэж Д.Ч тайлбарлажээ.

   

Дээрх гэрээний барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгч нь Б.П болохыг нотолсон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн  уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг 1 жилийн хугацаагаар Д.Ч-д олгосон 2018.06.21-ний өдрийн итгэмжлэл  хэрэгт авагдсан байна.

 

Д.Ч нь 2019.04.11-ний өдөр дахин 7,850,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, 5 хувийн хүүтэй Б.Э-аас зээлсэн гэх боловч талуудын хооронд 2019.04.11-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа /өмнөх 20,000,000 төгрөгний зээлийн гэрээний 2, 4 дүгээр сарын төлөгдөөгүй хүү 2,000,000 төгрөг, 2018.03.26-ны өдрийн үндсэн зээл төлөгдөөгүй 3,000,000 төгрөг, 2019.04.11-нд зээлсэн 7,850,000 төгрөг, алданги 150,000 төгрөг/-ийг тус тус нэмж  гэрээний дүнг 13,000,000 төгрөг болгож, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, алданги тооцохоор гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд 2019.04.11-ний өдөр 13,000,000 төгрөг бодитоор шилжээгүй, бусад зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл тооцоог нэгтгэж нэг зээлийн хүүг дахин давхардуулан тооцсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ.

 

Д.Ч нь энэ зээлийн гэрээний дагуу сар бүр 650,000 төгрөгийг зээлийн хүүнд төлж байсан, нийтдээ 1,300,000 төгрөг зээлийн хүүд төлөгдсөн, харин үндсэн зээл 7,850,000 төгрөг төлөгдөөгүй гэж тайлбарладаг бөгөөд  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үндсэн зээл 7,850,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

 

Дээрх байдлаас үзэхэд  Д.Ч нь нийтдээ 3 удаа /3,000,000, 20,000,000, 7,850,000 төгрөг/-ийг тус тус зээлж авсан, зөвхөн 20,000,000 төгрөгийн зээлд үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, мөн 7,850,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулаагүй байна.

    

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд   байгуулсан 2018.08.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,000,000 төгрөг нийтдээ 32,000,000 төгрөгийг Д.Ч төлөх үүрэгтэй байсан, Хаан банкны дансны хуулгаар нийтдээ 30,980,000 төгрөг /23,000,000+7,980,000/ төлөгдсөн байх тул үлдэх 2,980,000 төгрөгийг Д.Ч төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болох тул Д.Чаас 2018.08.03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,980,000 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 42-44 тоот байрны Ү-2206000113 дугаартай  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанаас суллахыг хариуцагч Б.Эд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд  2018.03.26-ны өдөр зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөг, 2019.04.11-ний өдөр ззэлж авсан 7,850,000 төгрөг нийтдээ 10,850,000 төгрөгийг Д.Чаас гаргуулж Б.Эд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 73  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт зааснаар Д.Ч-с 2018.08.03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,980,000 төгрөг гаргуулж Б.Эд олгож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 42-44 тоот байрны Ү-2206000113 дугаартай  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанаас суллахыг хариуцагч Б.Эд даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-с 2018.03.26-ны, 2019.04.11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 10,850,000 төгрөг /3,000,000+7,850,000/-ийг гаргуулж Б.Э-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Б.Э-с 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, сөрөг нэхэмжлэлийн тухайд Д.Ч-с 227,100 төгрөгийг гаргуулж Б.Э-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ