| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г-ийн Бд холбогдох эрүүгийн 2417000000001 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ........... аймгийн .......... сумын ........ дүгээр баг, ......... гэх газар оршин суух,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Г-ийн Б /РД:........./,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цэрдгэр гэх газар иргэн С.Аийн гэрт мах идэж байхдаа О.Тын баруун хөх орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр 0,5 литрийн архи хоёрыг, 2,5 литрийн пиво нэгийг тавуулаа уугаад их согтсон байсан
Хохирогч О.Ттай нэг галын уяачид байгаа юм, нөхөрлөөд 10 гаран жил болж байна. Муудаж маргасан зүйл бол байхгүй. Бид хоёр хоёр биеэ явуулж тоглож байгаад ишээр нь цохилоо гэсэн чинь үзүүрээр нь цохиод ийм зүйл болсон.
Миний буруу хүлээн зөвшөөрч байгаа гэв.
2. Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г.Б нь манай найз байгаа юм. Бид 2 найзалж нөхөрлөөд 10 гаран жил болж байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим Б, А, Х, Б бид 5 Аийн гэрт ирсэн. Аийн гэр Баянтал сумын зүүн хойно 3-4 км-ын зайтай хөдөө байдаг юм. Тухайн явдлаас өмнө би Бгийн хамт Хын гэрээр орж 1 шил архи уугаад мөн Баянталаас архи авах гээд явж байхдаа Атай дэлгүүрийн гадаа тааралдаад гэрт нь хамт ирсэн. Тэгээд бид нар Аийн гэрт ирээд хойморт нь байх ширээг тойрч суугаад архи хувааж ууцгаасан. Мөн голдоо савтай мах тавиад хутгаар идэж байсан. Тухайн үед бид нар нүүдэл суудал яриад сууж байтал Б уусан архиндаа согтсон бололтой жоохон агсраад байсан. Гэтэл гэнэт л ямар нэгэн шалтгаангүй Б миний өөдөөс хараад сууж байгаад миний баруун хөхний орчим гараараа цохиод авах шиг болсон. Тухайн үед би Бг намайг цохиод авлаа гэж бодоод ёооё яаж байна чи гэж хэлсэн. Тэгээд байж байтал миний цээж хэсгээр жирвэгнээд өвдөөд шингэн зүйл гараад байх шиг байхаар нь гараа энгэр лүү явуулж үзтэл цус гарч байсан. Тэгээд л би Бг хутгалчихлаа гэж мэдсэн...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон О.Тыг аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нийт 330 000 төгрөгийн зардал гарсан байна. Тус 330 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 дугаар хуудас/
4. Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Т Б 2 өөд өөдөөсөө хараад сууж байсан. Гэтэл Б гэнэт л Тын цээж рүү гараараа цохих шиг болсон ба түг гээд дуу гарсан. Би бодохдоо Тыг цохичихлоо гэж бодсон. Хутгаар хатгасныг нь мэдээгүй. Т ямар нэг юм хэлээгүй цээжээ дараад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 дугаар хуудас/
5. Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэнд:
О.Тын биед баруун хөхний орчимд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр 2023.12.07-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 52-53 хуудас/
6. Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 009/001 дугаар дүгнэлтэнд:
- Шинжилгээнд ирүүлсэн 25 ширхэг хутга шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй.
- Гарын мөр илрээгүй тул цаашид шинжилгээ хийх боломжгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах ахлагч Э.Билгүүн гэжээ. /х.х-ийн 58-59 хуудас/
7. Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 261 дугаар дүгнэлтэнд:
- Шинжилгээнд 3,5 гэж хаяглан ирүүлсэн 2 ширхэг хутган дээр цусны ул мөр илэрсэн.
- Шинжилгээнд 5 гэж хаяглан ирүүлсэн хутганаас илэрсэн цусны мөр нь хүний цус байна. Уг хутганаас илэрсэн цусны мөр бүлгийн харъяаллыг тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна.
- Шинжилгээнд 3 гэж хаяглан ирүүлсэн хутганаас илэрсэн цусны ул мөр нь хүний цус биш байна. Дүгнэлт гаргасан: биологийн шинжилгээний лаборторын шинжээч, цагдаагийн дэслэгч П.Ундрах гэжээ. /х.х-ийн 66-67 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 94 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цэрдгэр гэх газар иргэн С.Аийн гэрт мах идэж байхдаа О.Тын баруун хөх орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Г.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бгийн өгсөн мэдүүлэг, хохирогч О.Т, гэрч Ц.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч Г.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 1 200 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Г.Бгийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 200 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Харин хохирогч О.Тын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалсангаас 330 000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Бгаас 330 000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2411000000001 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ишний урд хэсгээр цэнхэр өнгийн лент ороосон, ишний урт 11 ссм, ажлын хэсгийн урт 6,5 см, нийт 17.5 см урттай хутга 1 ширхэг, бор өнгийн иштэй, ишний урт 10,5 см, ажлын хэсгийн урт 13 см, нийт урт 23,5 см урттай хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон марль 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч О.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Г-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 1200 /мянга хоёр зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1200 /мянга хоёр зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2- т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ишний урд хэсгээр цэнхэр өнгийн лент ороосон, ишний урт 11 ссм, ажлын хэсгийн урт 6,5 см, нийт 17.5 см урттай хутга 1 ширхэг, бор өнгийн иштэй, ишний урт 10,5 см, ажлын хэсгийн урт 13 см, нийт урт 23,5 см урттай хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон марль 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх зааснаар шүүгдэгч Г.Бгаас 330 000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ