| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03106/И |
| Дугаар | 183/ШШ2020/02519 |
| Огноо | 2020-09-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2020/02519
б
2020 оны 09 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2020/ Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 хороо, Алтан өлгий 00 гудамж, 00 тоотод оршин суух, Б овогт О.А /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягтай С овогт Ю.Х /РД:0000/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, хариуцагч Ю.Х, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ю.Х-той 2010 онд анх танилцаж улмаар 2010 оны 08 сараас хойш хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2011 оны 01 сарын 08-ны өдөр том хүү Х.Б, 2013 оны 10 сарын 18-ны өдөр дунд хүү Х.Т, 2015 оны 09 сарын 14-ний өдөр бага хүү Х.Ч нар төрсөн. Бид хоёр ээж, ааваасаа тусдаа гэр барьж амьдардаг байсан. Бидний хооронд 2018 оны 02 сард маргаан үүсэж түүнээс хойш нийлэлгүй тусдаа амьдарсан.
Одоо миний гурван хүү эрүүл саруул миний асрамжид өсөж байгаа. Иймд хүүхдүүд болох Х.Б, Х.Т, Х.Ч нарт тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Ю.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад салах бодол байхгүй. Би нэхэмжлэгчийн ээж, аавтай нь таарамж муу байдаг. Тусдаа өөр газар хамтдаа амьдаръя гэхэд нэхэмжлэгч тоодоггүй, зөвшөөрдөггүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.А-ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О.А, Ю.Х нар нь 2010 онд танилцсан, мөн үеэс хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2011 оны 01 сарын 08-нд Х.Б, 2013 оны 10 сарын 18-нд Х.Т, 2015 оны 09 сарын 14-нд Х.Ч нар төрсөн, хүүхдүүд эцгийн нэрийг авсан болох нь Х.Б 0000, Х.Т 0000, Х.Чингүүн 0000 дугаартай төрсний гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар 2011.01.08-ны өдөр төрсөн хүү Х.Б, 2013.10.18-ны өдөр төрсөн хүү А.Т, 2015.09.14-ний өдөр төрсөн хүү Х.Чингүүн, эцэг Ю.Х, эх О.А-н хооронд эрх, үүрэг үүснэ.
Ю.Х, О.Анар 2018 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд болох Х.Б, Х.Т, Х.Ч нар нь эхийн асрамжид байсан ба хариуцагч Ю.Х хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 201.01.08-ны өдөр төрсөн хүү Х.Б, 2013.10.18-ны өдөр төрсөн хүү Х.Т, 2015.09.14-ний өдөр төрсөн хүү Х.Ч нарыг эх О.ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2011.01.08-ны өдөр төрсөн хүү Х.Б, 2013.10.18-ны өдөр төрсөн хүү Х.Т, 2015.09.14-ний өдөр төрсөн хүү Х.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүр тэтгэлэг тогтоож, сар бүр Ю.Х-оос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ю.Х-оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ