| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б М холбогдох эрүүгийн 2317000000122 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Б М /РД:/, А аймгийн Х суманд ...оны .. дүгээр сарын..-ний өдөр төрсөн,..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт А.. аймгийн Э.. сумын 1 дүгээр баг, Ц..... тоотод оршин суух бүртгэлтэй, У..., С... дүүргийн ... дугаар хороо, Б... ... дугаар гудамж... тоотод оршин суудаг, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны орой Г..аймгийн Баянтал сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын 3 дугаар анги, 2 дугаар хэсэг Замчдын 03 дугаартай байрны гадна талд байсан Ц.Д эзэмшлийн улсын дугааргүй хар өнгийн “Haojiu-W” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би Замын-Үүдэд барилгын ажил хийж байгаад хот руу явах замын унаанд 50 000 төгрөгөөр суусан. Наашаа гарахдаа ажлынхантайгаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Жолоочтойгоо маргалдсан чинь намайг буу гээд чирч буулгаад яваад өгсөн. Согтуудаа алдаа гаргасан. Тухайн мотоцикл намайг буулгасан газрын ойролцоо байсан бөгөөд яаж авснаа сайн санахгүй, бүдэг бадаг л мэдэж байгаа. Багахангай хүртэл унаж яваад буудалд ороод унтсан. 50 000 төгрөгөөр тэр мотоциклийг зараад буудалд 20 000 төгргийн өгсөн. Тухайн мотоциклийг эзэнд нь өгөөд хохиролгүй болгосон. Хийсэн алдаандаа гэмшиж байна. Ахиж ийм алдаа гаргахгүй гэв.
2. Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны орой хүүгийнхээ гэрт хонохдоо Haojiu маркийн хар өнгийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон унаж очоод байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан. Тэр үед мотоциклийн толгойноос нь түлхүүрээ зоолттой орхиод хүүгийнхээ гэрт орсон. Маргааш өглөө нь гэрээс гараад мотоциклоо байгаа эсэхийг шалгахад ор сураггүй алга болсон байсан. Зөрлөгийн ойр орчмоор хайгаад ч олоогүй. Би мотоциклоо 2021 оны 06 сард Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвөөс 2 600 000 төгрөгөөр худалдан авсан. Одоо 2 жил гаран эзэмшиж байна. Миний мотоцикл 1 500 000 төгрөгний үнэтэй байгаа гэж бодож байна. Мотоциклоо буцааж авбал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Haojiu маркийн улсын дугааргүй мотоциклийг 50 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед хямдхан мотоциклтой боллоо гэж бодоод худалдан авсан. Тухайн 50 000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/
4. Гэрч Ч.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”Би 21 цагийн үед ажлаасаа буугаад Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатар төмөр замын 3 дугаар ангийн 2 хэсэг, 16 дугаар зөрлөгт байрлах замчдын байранд ирсэн. Гэрт орохын өмнө манай зөрлөгийн хэсгийн байрны гадаа цагаан өнгийн суудлын машин зогссон хүмүүс нь хоорондоо маргалдаад байгаа харагдсан. Тэр хүмүүс 1 залууг үлдээгээд яваад өгсөн. Тэр залуу согтуу бололтой өртөөний байрны гадна талаар явж харагдсан. Тэр залуу малгайтай цамц, жижиг саравчтай малгайтай, намхан махлаг биетэй, өтгөн хөмсөгтэй, онигор нүдтэй, бор царайтай, 30 орчим насны хүн байсан. Маргааш өглөө нь Д ахтай уулзахад зогсоол дээр байсан мотоцикл алга болсон байна, харсан уу, ажилчдаас хүн унаад явсан юм болов уу гэж асуухаар нь шөнө 1 залуу яваад байсан тэр авч явсан юм болов уу гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
5. Гэрч Б.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Аривжих зоогийн газарт манай эхнэр ажилладаг учраас 2023 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажлаасаа буугаад эхнэрээ авахаар очсон. 2 давхарт байдаг буудлаас үл таних эрэгтэй хүн надтай уулзаад буудлын мөнгөгүй байна, чи надаас мотоцикл авах уу гэхээр нь би үзэж харж байгаад авч болно, чиний мотоцикл хулгайн биш биз гэхэд үгүй энэ миний өөрийн мотоцикл, надад 2 мотоцикл байдаг, мөнгөгүй болоод зарах гэж байна гэсэн. Надад үнэ хэлэхдээ 200 000 төгрөг зарна гэхээр нь би 100 000 төгрөгөөр авна гэж тохиролцоод буудлын 50 000 төлөөд үлдсэн 50 000 төгрөгийг тэр хүнд өгсөн. Мотоцикл зарсан хүн одоо энэ хамт явж байгаа хүн мөн байна. Тэр мотоциклийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хулгайлж авч ирээд надад зарсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
6. Шүүгдэгчийн хувийн байдлыг талаар мэдүүлсэн гэрч Б.Д.., Б.Т... нарын мэдүүлэг /х.х-ийн 37-39 хуудас/
7. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-923/8412 дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 41-43 хуудас/
8. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 2-7, 8-10, 13 хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 67-79 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатар төмөр замын 3 дугаар ангийн 2 дугаар хэсгийн Замчдын 3 дугаартай байрны гадна талын зогсоол дээр байсан Ц.Дөмчлөлийн улсын дугааргүй хар өнгийн “Haojiu-W” маркийн 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хулгайлсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Ммөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Д, гэрч Ч.П, гэрч Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-923/8412 дугаартай дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.Мд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Нансалмаа: Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөртөө дүгнэлт хийсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг шүүхэд гаргаж байна. Учир нь нийтэд тустай ажил хийлгэх нь хувь хүнийх нь хувьд ойлголт өгөх, хүмүүжүүлэх арга хэмжээ юм. Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах санал гаргаж байна. Энэ ялын хувьд тодорхой оршин суух хаягтай, тэр газраасаа гарахгүй байх шаардлага тавигддаг. Шүүгдэгчийн хувьд түр оршин суух хаягийн тодорхойлолтыг гаргасан нь тодорхой, тогтвортой оршин суух хаяг гэж үзэхгүй байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хажуугаар ажлаа хийгээд явах боломжтой гэсэн саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Б.Мхувьд урьд нэг удаа ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч маргахгүй байгааг үзэхэд өөртөө дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Өмгөөлөгчийн зүгээс тогтоосон хязгаар, бүсийн хэмжээнд ажил хөдөлмөр эрхлээд өрх гэртээ санхүүгийн хувьд туслалцаа үзүүлээд явах боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын доод хугацаа буюу 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Б.М нь боловсролгүй, мэргэжилгүй боловч хар бор ажил хийж өрх гэртээ тус дэм болдог талаар нь дүү __, эх ___ нар нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах юм бол тодорхой хэмжээгээр ажил хөдөлмөр хийх боломжийг нь хязгаарлана гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцалага хүлээлгэх саналыг хүлээн авч нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй хар өнгийн “Haojiu-W” маркийн мотоцикл хулгайлагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухай хулгайлагдсан мотоциклийг худалдан авсан этгээдийг олж тогтоон хохирогч Ц.Дад мотоциклийг буцаан олгосон ба мотоциклийг худалдан авсан иргэний нэхэмжлэгч Б.Днь нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээрээ илэрхийлсэн учир шүүгдэгч Б.Мбусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б М..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА