| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/04114/и |
| Дугаар | 183/ШШ2020/02968 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/02968
2020 11 03 183/ШШ2020/02968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Д-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Н.М-тэй танилцаж, 2013.11 сараас хамтран амьдарсан. Бид 2014.10.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн .......... дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү Д.А 2015.8.21-ний өдөр төрсөн. Бид зан харилцааны болон бусад таарамжгүй байдлын улмаас 2018.01 сараас тусдаа амьдарсан бөгөөд 2019, 2020 онд эвлэрүүлэн зуучлах газар хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Н.М-тэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү Д.А-ыг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Д-той 2012 онд танилцсан бөгөөд 2013 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 10 сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байдаг. Бидний дундаас 2015 оны 8 сарын 21-ны өдөр хүү Д.А төрсөн. Хүүгээ төрсөн үеэс эхлээд бид хоёр маргалдах болсон. 2019 оны 1 дүгээр сард цайны цагаараа гэртээ иртэл А.Д нь маш олон эмэгтэйчүүдтэй фейсбүүк чатаар харилцаж байсан бөгөөд тэр үед маргалдаад тусдаа амьдарч эхэлсэн. А.Д-ийн салах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ өөрийнхөө асрамжинд авах бөгөөд хүүхдийн тэтгэлгийг авахгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Н.М-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
А.Д, Н.М нар 2012 онд танилцаж, гэр бүл болж 2014 оны 10 дугааар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Д.А-ын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-8/
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Д.А-г Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эх Н.М-н асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх Н.М хүү Д.А-ыг эцэг А.Д-той уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахгүй, хариуцагч Н.М нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Д, Н.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Д.А-ыг эх Н.М-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг А.Д-ийг хүүхдүүдтэй нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.М-т даалгасугай.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ