| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2020/03200/и |
| Дугаар | 3298 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 3298
2020 10 29 184/ШШ2020/03298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг, __________ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ____ дугаар хороо, Нуурын __________ тоотод оршин суух, _____________ холбогдох
Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 36,352,886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Анхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, иргэдийн төлөөлөгч Ж.Нархажид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч _____________ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Б.Анхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ______________ нь 2017 оны 07 сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 сарын 25-ны хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Хавчиргана” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологид 18.352.886 төгрөгийн хохирол учруулсан тул түүнийг 2017 оны 12 сарын 12-нд ... “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж байгаль, экологид учруулсан 18.352.886 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдсан байна. Хариуцагчийн учруулсан хохиролын талаар шинжээчийн 01 тоот дүгнэлтээр тогтоосон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт зааснаар “Газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-ээр тооцож, нөхөн төлбөр болох 36,705,772 төгрөгийг хариуцагч _______________ гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний өмгөөлөч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 12 сарын 12-нд Сэлэнгэ аймшийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хохирлын үнгэлгээгээр гарсан төлбөр буюу байгаль экологид учруулсан хохиролд 18,352,886 төгрөг нөхөн сэргээлтийн зардалд 1,167,560 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн заалтыг баримтлан 36,705,772 төгрөгийг нэхэмжлэгч талаас баримтгүйгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэгт үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй хохирогчоор н.Батсайхан гэх хүн тогтоогдсон байсан. Сэлэнгэ аймгийн Прокурорын газар төрийн байгууллагын хүсэлтээр оролцох ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь _____________ холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 36,705.772 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч нь байгаль экологид учруулсан хохиролд 18,352,886 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1,167,560 төгрөгийг тус тус төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дараах байдал тогтоогдож байна.
______________ нь 2017 оны 7 сарын 10-аас 25-ны хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Хавчиргана” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологид 18.352.886 төгрөгийн хохирол учруулсан тул түүнийг “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 12 ны өдрийн 180 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулж, нөхөн сэргээлтийн зардал 1,167,560 төгрөгийг гаргуулан байгаль орчны уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн: Сэлэнгэ аймгийн прокурорын газар, эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн гэх дардацтай шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шинжээчийн дүгнэлт, экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан, төлбөр төлсөн тухай банкны гүйлгээний баримтууд мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Тодруулбал шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хариуцагч __________ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсан буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.5-д зааснаар хариуцагчаас нөхөн сэргээлтийн зардал 1,167,560 төгрөг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулж, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.11 “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;
мөн зүйлийн 2.12-д ”Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг ойлгоно гэж заасны дагуу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдох бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ”-ний тайлангаар тогтоогдсон хохирол болох 18,352.886 төгрөгийг хариуцагч нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд хариуцагч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн байх тул энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Нөгөө талаар эрүүгийн хэрэгт хохирогчоор О.Батсайхан тогтоогдсон боловч хариуцагч нь хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын санд төлөгдсөн, тухайн эрүүгийн хэрэгт төрийн байгууллага хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нэхэмжлэл гаргасан боловч хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд дурдсан асуудлаас гадна төрийн ашиг сонирхол хэрхэн, ямар байдлаар зөрчигдсөн, энэ талаар прокурорын байгууллагад төрийн ямар байгууллага хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Ч.НЯМСҮРЭН