| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0141/З |
| Дугаар | 221/МА2026/0311 |
| Огноо | 2026-05-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0311
"О" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0213 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд "С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: "О" ХХК
Хариуцагч: Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл
Гуравдагч этгээд: "С" ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0141/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0213 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 603 дугаар зүйлийн 603.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "О" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "С" ХХК-ийн 120 м.кв газрыг "О" ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн холбогдох хэсгийг "С" ХХК-ийн гомдлоор хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. "С" ХХК нь 2024 оны 9 сар хүртэл нэг гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь Л.С би ганцаар байсан /одоо бол итгэмжлэгдсэн төлөөлөгч/ бөгөөд миний бие өнөөдөр 73 настай 2020, 2021, 2022, 2023 онуудад нурууны хагалгаанд орж хэвтрийн эмнэлгийн хяналтад байсан, мөн зүрхний титэм судасны хагалгаанд орж эмнэлгийн хяналтад байсан болох эмнэлгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх газар эзэмших эрхийг шилжүүлснийг хэзээ мэдээд хэзээ гомдол гаргаад байгааг огт дүгнэлгүй, харин эсрэгээрээ “мэдэх боломжгүй байсан нөхцөл тогтоогдоогүй” гэж ганц өгүүлбэр бичиж дүгнэсэн.
2.2. Нийслэлийн засаг даргын 2014 оны А/497 дугаар захирамж бол "С" ХХК-ийн хувьд “компанийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн эрхтэй байхад эрхгүй болгосон, ашиг сонирхлыг нь зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм”, ийм учир Газрын эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх О-н хувьд эерэг захиргааны акт байна, "С" ХХК гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж илт нэг талыг баримталж хуулийг буруу хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
2.3. Түүнчлэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8- д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэрэглэж шийдвэрлэсэн тохиолдолд "С" ХХК-иас газар эзэмших эрхээ огт шилжүүлж өгөөгүй, газрын тухай хуулийн 38.1, 38.2-д заасан гэрээ хийгээгүй байхад газрын эрхийг бусдад алдаж эрх ашиг сонирхол нь хохирсон этгээд болох "С" ХХК-ийн итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх ёстой байхад хууль бусаар газар эзэмших эрхийг шилжүүлж авсан "О" ХХК газар дээр хөрөнгө гаргаж барилга барьсан байхад түүний хууль ёсны итгэлийг хамгаална гэж хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг баримталж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.4. Газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх, мөн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт байхыг хууль тогтоогч шаардаж Газрын тухай хуулийн 38.2.1, 38.2.2-д хэм хэмжээ тогтоосон байна. Нийслэлийн засаг даргаас 2014 оны А/497 дугаар захирамж гаргахдаа хуулийн энэ хэм хэмжээг баримталж үндэслэх ёстой, захирамжид бичсэн байсан ч бодит баримтад тулгуурлаж хуулийн дагуу хийгдсэн хэлцэл, баримт бичгийг шаардаж, шалгасны үндсэн дээр шилжүүлж бүртгэх үүрэгтэй. Гэтэл "С" ХХК-ийн газрыг "О" ХХК-д шилжүүлэхэд ийм гэрээ баримт огт байхгүй байхад шилжүүлж бүртгэж байгаа нь анхнаасаа захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй гэж үзнэ.
2.5. Газар эзэмших эрхийг шилжүүлэх тохиолдолд баримтлах газрын тухай хуулийг үндэслэж баримт бичгийг хүлээн авч, шийдвэрлэх ёстой байсан гэж Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах комисс зөв дүгнэсэн, гэтэл газрын тухай хуулийг үндэслэж газрын гэрээгүй, хүсэлтгүй шилжүүлсэн газрын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэр гаргасан байхад шүүх хуулийг баримтлаагүй, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тохиолдолд 47.1.6 дахь хэсгийг хэрэглэнэ гэж буруу тайлбарласан байна. Хэрэв хуулийн 47.1.6 дахь заалтыг шүүх зөв тайлбарласан бол Захиргааны ерөнхий хуулийн 47.4-д зааснаар гуравдагч этгээд гомдол гаргах эрхтэй гэж зөв тогтоож, Нийслэлийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхгүй байсан. Гэтэл эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж, 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.6. Түүнчлэн, хэрвээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах комисс шийдвэрийн хуулийн үндэслэлээ буруу бичсэн гэж үзэж байгаа бол нэгдүгээрт, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн хуулийн этгээд болох гомдол гаргагч "С" ХХК нь төрийн байгууллагад эрхээ хамгаалуулахаар гомдол гаргахдаа заавал хуулийн зүйл заалтыг тодорхой бичих шаардлагыг хууль тогтоогч тогтоогоогүй, бичсэн байсан ч алдсан байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ гомдол гаргагч "С" ХХК гомдолдоо юунд гомдож, ямар асуудал хууль зөрчсөн байсан болохыг маш тодорхой бичсэн байдаг, Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах комиссын хурал ч яг гол асуудлыг олж, баримтуудыг цуглуулж хэлэлцсэн байдаг. Газрын эрхийн маргаан таслах комисс бол шүүх биш, тэнд тал талаас томилогдсон газрын эрхийн мэргэшсэн мэргэжилтнүүд үйл баримтыг шалгаж ажилладаг болохоос мэргэшсэн хуульч нар ажилладаггүй, магадгүй зүйл заалтын хувьд зөрүүтэй, техникийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй ч зарчим, агуулга нь хуульд нийцсэн шударга байдлыг тогтоож шийдвэрлэсэн нь өөрөө зөв юм, техникийн алдаа байна гэж үзэхэд хүрвэл харин ч энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан гуравдагч этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх ёстой гэж үзэж байна.
2.7. Иймд, дээрх үндэслэл нотлох баримтыг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0213 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч "О" ХХК-иас Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “... "С" ХХК-ийн 120 м.кв газрыг "О" ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн холбогдох хэсгийг "С" ХХК-ийн гомдлоор хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 71 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах ...” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
3.1. Маргаанд хамаарах 120 м.кв газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар захирамжаар "С" ХХК-д нэгж талбарын 3011/0120 дугаартайгаар 5 жилийн хугацаагаар сургалт үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 481 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан.
3.2. Анх гуравдагч этгээд "С" ХХК нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо "О" ХХК-ийн зүүн талд байрлалтай, нэгж талбарын 3011/0120 дугаартай 120 м.кв газар дээрээ оффис, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих ажлыг хамтарч хэрэгжүүлэхээр"А"ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаар “Хамтарч хөрөнгө оруулалт хийх болон эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан.
3.3. Харин 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч "О" ХХК, гуравдагч этгээд "С" ХХК, иргэн Б.Ч С.М нар нь өөрсдийн эзэмшлийн зэрэгцээ орших газар дээр түр сургалт, үйлчилгээ, оффис, зочид буудал, рестораны зориулалттай 5 давхар барилгыг хамтран хөрөнгө оруулж ажиллах гэрээг байгуулсан байна.
3.4. Энэхүү гэрээгээр "С" ХХК, иргэн Б.Ч С.М нар нь эзэмших эрх бүхий газраараа, "О" ХХК нь барилга барихтай холбоотой хөрөнгийг гаргаж, хамтран ажиллахаар тохиролцжээ.
3.5. Ийнхүү "О" ХХК-иас нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.М /80 м.кв/, Б.Ч /72 м.кв/, "С" ХХК-ийн /120 м.кв/ газрыг тус тус "О" ХХК-ийн нэр дээр нэгтгэн шилжүүлэх хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/947 дугаар захирамжаар "О" ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын хэмжээ 1126 м.кв болсон байна.
3.6. Улмаар "С" ХХК-иас газрын төлбөрийг 2020 он хүртэл тогтмол төлсөн, газрын төлбөрийг төлөхөөр очихдоо газрыг бусдад шилжсэнийг мэдэж, холбогдох байгууллагуудад өргөдөл, гомдол гарган 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 017/25 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн "С" ХХК-ийн 120 м.кв газрын эзэмших эрхийг "О" ХХК-д шилжүүлсэн хэсгийг илт хууль бус тул хүчингүй болгуулах агуулгаар Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
3.7. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дүгээр дүгнэлтээр нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн "С" ХХК-ийн 120 м.кв газрыг "О" ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэснээр энэхүү маргаан үүссэн байна.
4. Энэ талаар анхан шатны шүүх “...газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг илт хууль бус тул хүчингүй болгуулах гэх 2 өөр агуулга, үндэслэл, үр дагавар бүхий "С" ХХК-ийн гомдлыг шийдвэрлэхдээ цуглуулсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцсэнгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
4.1. Учир нь гуравдагч этгээд "С" ХХК-иас газрыг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт” гэж тус тус зааснаар материалын бүрдэл дутуу, хүсэлт өгөөгүй байхад шилжүүлсэн нь хууль бус гэх агуулгаар Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд нийслэлийн Засаг даргын А/947 дугаар захирамжийг “илт хууль бус тул хүчингүй болгуулах” гэх хоёр өөр агуулга, үр дагавар бүхий гомдлыг гаргасан.
4.2. Улмаар хариуцагч захиргааны байгууллага дээрх гомдлыг шийдвэрлэхдээ гомдлын шаардлагыг тодруулалгүйгээр буюу маргаж буй захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох эсхүл хүчингүй болгуулахын аль нь болохыг тодорхойлолгүйгээр шийдвэрлэсэн байна. Гэтэл энэхүү гомдлын шаардлагаас хамаарч харилцан адилгүй өөр өөр үр дагавар бүхий шийдвэр гарах боломжтой байхад үүнийг анхааралгүйгээр маргаан бүхий дүгнэлтийг гаргажээ.
4.3. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алиных нь газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс өөрийн эзэмшиж байсан газрыг бусдад шилжүүлэх хүсэлт өгөөгүй, энэ талаар мэдээгүй, улмаар төлбөрийг тогтмол төлж байсан гэх атлаа газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй байна.
4.4. Мөн хариуцагчаас маргаан бүхий газрын байршлыг хөдөлбөргүй тодорхойлоогүй байх бөгөөд тухайн газрын эзэмших эрх хүчин төгөлдөр эсэх, тийм бол хэний эзэмшилд байгаа болох, дээр дурдсанаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа нэгэнт дууссан байгаа энэ тохиолдолд маргаан таслах зөвлөлийн шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын А/947 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээд "С" ХХК-ийн эрх сэргэх боломжтой эсэх талаар дүгнэх шаардлагатай байна.
4.5. Нэхэмжлэгч "О" ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын хэмжээ 1018 м.кв, гуравдагч этгээд "С" ХХК 120 м.кв, иргэн Б.Ч 72 м.кв, С.М 80 м.кв газрыг тус тус эзэмшиж байсан. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 захирамжаар дээрх газруудын эзэмших эрхийг нэгтгэн "О" ХХК-д олгосон гэх атал нийт 1126 м.кв хэмжээтэйгээр эзэмшүүлсэн байна. Эдгээр 4 газрыг бүгдийг нэгтгэж шилжүүлсэн талаар Нийслэлийн засаг даргын 2020 оны А/947 дугаар захирамжийн хавсралтад дурдсан. Хэрэв нэгтгэж шилжүүлсэн тохиолдолд нийт газрын хэмжээ 1290 м.кв байх бөгөөд үүний зөрүүг гаргаж, дээрх нэр бүхий этгээдүүдийн эзэмшиж байсан нэгж талбар бүрийн байршлыг хөдөлбөргүй тогтоох, цаашлаад "С" ХХК-ийн эзэмшиж байсан газар нэхэмжлэгчийн эзэмшиж буй 1126 м.кв газарт багтаж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна.
4.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас энэхүү магадлалын 4.5-д заасанчлан маргаан бүхий газрын байршлыг тодорхойлох, тухайн газрын эзэмших эрх хүчин төгөлдөр эсэх, тийм бол хэний эзэмшилд байгаа болох, нийслэлийн Засаг даргын А/947 дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болсноор гуравдагч этгээдийн эрх сэргэх боломжтой эсэх талаар зайлшгүй тодруулах нь зүйтэй.
4.7. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 5.4-т “Маргаан таслах зөвлөлийн ажлын алба энэ журмын 5.1-д заасан үйл ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 5.4.1-д гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг оролцогч талууд болон холбогдох бусад этгээдээс гаргуулж авах, 5.4.2-т “маргааны оролцогч талуудыг сонсох, тайлбар гаргуулах”, 5.4.3-д “гомдол, хүсэлт хянан шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт нотлох баримтыг шаардах”, 5.4.4-д “шаардлагатай тохиолдолд шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулах”, 5.4.5-д гомдол, хүсэлттэй холбоотой бусад байгууллагын шийдвэртэй танилцах, хуулбарлаж авах” гэж тус тус заажээ.
4.8. Гуравдагч этгээд "С" ХХК-ийн"А"ХХК-тай байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаар “Хамтарч хөрөнгө оруулалт хийх болон эрх шилжүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн б-д “...газар эзэмших эрхийн 50 хувийг"А"ХХК-д шилжүүлэн эзэмших эрхийн гэрчилгээний хамт өгнө” гэж заасан байх бөгөөд уг гэрээ болон 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч "О" ХХК, гуравдагч этгээд "С" ХХК, иргэн Б.Ч С.М нарын байгуулсан гэрээтэй тус тус холбоотойгоор талуудыг байлцуулан дээрх журамд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн, маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.
5. Ийнхүү хариуцагч нь гуравдагч этгээд "С" ХХК-ийн гомдлыг шийдвэрлэсэн байх боловч маргаанд холбогдох нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, тэдгээр нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, энэ ажиллагааг хийх бүрэн эрх нь Газрын тухай хууль, холбогдох журмаар хариуцагч захиргааны байгууллагад хамаарч байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0213 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 71 тоот дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч шийдвэр гаргахдаа энэхүү магадлалын хянавал хэсгийн 4.2, 4.4, 4.5, 4.8-д заасан ажиллагааг хийх шаардлагатай болохыг дурдсугай.”, “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 71 тоот дүгнэлт хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2, 3 дахь заалтыг ТОГТООХ хэсэгт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА