Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 291

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0357 дугаар магадлалтай, Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 дугаар шийдвэрээр: 1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Б-г өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгаж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0357 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 357 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргах нь.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлхээр буцаасан магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүх бүрэн гүйцэт цуглуулсан ба түүнийгээ үндэслэл бүхий байдлаар анхан шатны шүүх дүгнэсэн.

2. Давж заалдах шатны шүүх нь гомдолд дурдсан үндэслэлээс хальж буюу гомдолд  дурдагдаагүй  асуудлаар  дүгнэлт  хийсэн  нь  хуулийг  буруу хэрэглэсэн асуудал болж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нэмэлт тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны 357 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолд дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ба хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм.

2. Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүхээс бүрэн гүйцэт цуглуулсан. Өөрөөр хэлбэл нэмж цуглуулсан нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх эсхүл нотлоход ач холбогдолгүй тул анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцэх шаардлага байхгүй юм. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол түүнд холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т хуульчилсан байх бөгөөд уг эрхийг нь хүчээр эдлүүлэх гэж шийдвэрийг хүчингүй болгох нь буруу бөгөөд шаардлагатай нотлох баримтыг шүүх цуглуулсан болно.

3. Давж заалдах шатны шүүх нь гомдолд дурдсан үндэслэлээс хальж буюу гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба” гэдгийг зөрчиж, хуулийг буруу хэрэглэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/90 дүгээр тушаалаар тус газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар Д.Бг томилсон, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус баримтлан “...Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байгуулж байгаа” гэх үндэслэлээр Д.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “... шинэ бүтцээр ажлын байр, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, орон тоо хэвээр хадгалагдаж байхад ... ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “... хэлтсүүдийг нэгтгэж, орон тоо байхгүй болсон” гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтыг шинэчлэн баталсан, ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар” гэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ажиллахаар, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/653 дугаар захирамжаар “... дүүргүүдийн ... Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулах”-аар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/11 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог “нийт 78”-аар, үүний дотор хэлтсийн дарга-1 байхаар тус тус тогтоосон байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “...төрийн байгууллага татан буугдсан ... шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан...” гэх зохицуулалтын агуулга нь тухайн ажлын байр, албан тушаалын чиг үүрэг бүрмөсөн байхгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд тухайн тохиолдолд, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байгуулагдсанаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг цаашид байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй,  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл, 2 хэлтэс нэгдэж 1 болсон, энэ тохиолдолд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар тусгайлан журамласан байхад хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Д.Бг шууд ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй, хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

  Түүнчлэн, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга” болон шинэ бүтцээр бий болсон “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга”-ын албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан “албан тушаалын зэрэглэл ТЗ-7”, ажлын байранд тавигдах шаардлага “дээд боловсролтой, багш эсхүл хуульч /эрх зүйч/, нийгмийн ажилтан”, “улсад 10-с доошгүй жил ажилласан”  гэх ерөнхий болон тусгай шаардлагууд нь ижил байхад “орон тоо байхгүй болсон” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй гэж үзнэ.

            Анхан шатны шүүх эдгээр маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зөрчсөн байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан нь үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн  боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталвал зохих  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлаагүй, “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт”-уудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

            Түүнчлэн, нэхэмжлэгчээс анх “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан, анхан шатны шүүх хуралдаан дээр “...эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа “...Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодруулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “бүхэлд нь хангаж” шийдвэрлэхдээ “өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн нь мөн буруу болно.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг зөв тодорхойлсон хэдий ч “нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх буруу дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт хийж, уг актын “хууль бус”  байдлыг тогтоож, хүчингүй болгосон, үүний улмаас үүсэх үр дагавар “ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй талаар зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт “өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож...” гэж, алдаатай заасан, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “...шүүх нэхэмжлэлийн ...шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол ... /шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах/”-аар заасан үндэслэлд хамаарахгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах замаар уг алдааг засах боломжтой байсан гэж үзлээ.

            Түүнчлэн, хариуцагчаас “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга”-ын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй талаар шүүхэд мэдүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс “... сонгон шалгаруулалтад оролцох өөр албан хаагч байгаа эсэх .../-ийг тодруулах/, ... хуучин дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг нь өөрчлөн байгуулагдсан хэлтсийн Нийгмийн халамжийн албанд ... шилжсэн байх магадлалтай” гэх зэргээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ба хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь ... үндэслэлгүй, ... нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх эсхүл нотлоход ач холбогдолгүй /нотлох баримтуудыг цуглуулахаар шүүх дүгнэсэн/” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.          

            Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Б.Мөнхбаярыг ... Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/108 дугаар тушаалыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч энэ нь хариуцагчийн маргаан бүхий 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, уг тушаал нь маргаан бүхий актын “хууль зөрчсөн” байдлыг зөвтгөхгүй гэж шүүх үзлээ.    

            Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүхийн энэхүү шийдвэр нь томилох эрх бүхий этгээдээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмын дагуу “...албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг ... шалгаруулж авах”-аар заасан томилох эрх бүхий этгээдийн эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0357 дугаар магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т” гэж, “...өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил, албан тушаалд” гэснийг “...Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА