Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунбат /ҮД:1991/,

хохирогч А.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Сд холбогдох эрүүгийн 2209000002352 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 23-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ............ ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум ......... дугаар баг,......... хотхон, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц-ын С /РД: ............./,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.С нь Монгол Улсын багшийн их сургуулийн харъяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн цэцэрлэгийн багш мэргэжлээр 1999 оноос 2001 онд суралцаж төгсөөгүй байж тухайн сургуулийг төгссөн гэх D200100409 дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон “Боловсролын Бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай захирамжаар Сүмбэр сумын .........дугаар цэцэрлэгт ...........  ажилд орж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашиглаж, 145.560.223 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000002352 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний бие 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр сумын төрөх газарт төрсөн. 1980-1988 онд Сүмбэр сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд суралцаж, 1988-1990 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр сургуулийг багш сонгоны ангид суралцан төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1990-1992 онд цэцэрлэгийн  багшийн сургуулийг суралцан төгсөөд 1992-1997 онд Улаанбаатар төмөр зам дахь .......... цэцэрлэгт багшаар, 1997 оноос хойш одоог хүртэл Сүмбэр сумын .......... дугаар цэцэрлэгт ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжил дээшлүүлэхээр 1,5 жилийн МУБИСургуулийн сургуулийн өмнөх боловсролд мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэн суралцсан. Би анх ажилд орохдоо 1992 онд цэцэрлэгийн бгашийн сургуулийг төгсөөд тусгай дунд боловсрол эзэмшин ажилд орсон. 1997 онд Сүмбэр сумын ......... дугаар цэцэрлэгт орохдоо мөн адил тусгай дунд боловсролтой байсан. Дээрх цэцэрлэгүүдэд орохдоо цэцэрлэгийн багшийн сургуулийн тусгай дунд боловсролын дипломыг ашиглан ажилд орсон. Би 1992 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөөд энэ мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Дунд нь буюу 1999-2001 оны хооронд 1,5 жилийн хугацаагаар мэргэжил дээшүүлэхээр МУБИСургуулийн сургуулийн өмнөх боловролын сургуульд орж төгссөн. Миний боловсролыг нотлох бичиг баримтууд хуурамч биш... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/

2. Хохирогч А.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2010 онд Говьсүмбэр аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар томилогдон ирэхэд Ц.С ......... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Ц.С нь удирдах арга чадвар, байгууллагын менежментийг сайжруулсан, хөрөнгө орлогыг нэмэгдүүлсэн, хамрах сургалтыг 98%-д хүргэсэн, хүүхдийн хөгжлийн үнэлгээгээр байгууллага нь улсад 4-т үнэлэгдсэн чадварлаг удирдагч байгаа юм. Цэцэрлэгийн багшийн бакалаврын дипломыг болосролын чиглэлийн кредит хөтөлбөртэй сургуулийн 120 кредит цуглуулж, боловсролын менежмент, багшлах арга зүй, сургалтын хөтөлбөр, сэтгэл судлал гэх мэт хичээлийг судалсан байх шаардалагтай байдаг, өдрийн анги болон эчнээ хэлбэрээр 4 жилээр суралцаж байж бакалаврын дипломыг авах эрх нь нээгддэг. Ц.Сгийн одоо томилогдон ажиллаж байгаа цэцэрлэгийн багшийн албан тушаалд цэцэрлэгийн багш мэргэжилтэй, боловсролын хувьд бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй цэцэрлэгийн багшаар 5-8 жил ажилласан байхыг шаарддаг. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана гэж заасан байдаг. 2003 онд цэцэрлэгт багшаар болон эрхлэгчээр ажиллахад заавал бакалаврын дипломтой байхыг шаарддаггүй байсан бөгөөд дипломын дээд боловсролтой буюу тухайн үедээ багшийн коллежийг төгссөн багш мэргэжилтэй /сурган хүмүүжүүлэгч/ дипломтой бол багшлах бүрэн эрхтэй байсан. Энэ нь тухайн үеийн ажлын байрны тодорхойлолтод болон тухайн үед хэрэгжиж байсан хуулинд заасан байдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дүгээр хуудас/,

3. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2022 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. БШУЯ-наас багш нарын диплом бичиг баримтад шалгалт хийсэн талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал байхгүй. Манай байгууллага нь БШУЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Миний бие БШУЯ-ыг төлөөлж яг гомдолтой нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга удирдлага болон Боловсролын яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал, хүсэлт, гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Боловсролын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго үр дагаврын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Манай яамнаас одоогоор хуурамч диплом гаргуулан авч ажилд орсон багш нартай холбоотойгоор тооцож тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110-115 дугаар хуудас/,

4. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2019 оны 04 сараас БШУЯ-ны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны 10 сараас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажиллаж байна... БШУЯ-ны сайд Л.Э-гийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, СӨБ, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан...

 ...2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж, мэдээллийг цэгцлэх цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Боловсролын салбарын мэдээллийн системийг хэзээнээс эхлэн ашигласныг сайн мэдэхгүй байна...

...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэг. Хувь хүнээс санаатайгаар, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс, буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их, дээд сургуулийн нэр зөрүүтэй төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон. /Өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм. Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн зөрчилтэй дипломууд нь дээрх бүх зөрчил давхардсан гэж ойлгож болохгүй. Дээрх зөрчлүүдийн аль нэг нь гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа илтэд хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гарган явуулсан юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

5. Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу БШУЯ-ны СӨБ-ын байгууллага, ЕБС-ийн багш удирдах ажилтны хяналт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэлд тулгалт хийж ажилласан...

...Нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний 2 ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан тамга, тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. БШУЯ-наас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн. ДБ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь МУИС, МУБИС-ийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/, боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

6. Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2005 оноос Дорнод аймгийн МХГ-т боловсролын хяналтын улсын байцаагчаар 2017 оныг хүртэл ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу шилжээд одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Э-гийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг шалгалтын ажлын хэсэгт Я.Н, Б.Д, Н.Батхангай, Б.С нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх...

...Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу БШУЯ-наас тодруулах нь зүйтэй байх. Шалгалттай холбогдон тухайн багшийн бичиг баримтыг эх хувиар нь шалгаагүй. Тухайн их сургуулийн мэдээлэлтэй тулгалт огт хийгээгүй. Эс эс бүртгэл хийгдсэн эсэх. Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх. Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу Д.Б маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө тав ангилсан бөгөөд нэгийн нэг, нэгийн 2, нэгийн 3, нэгийн 4, нэгийн тав гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа нэгийн нэг дипломын дугаар давхацсан бусдын дипломын дугаарыг ашигласан. Нэгийн 2 дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй илтэд хуурамчаар үйлдсэн нэгийн 3.Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон. Нэгийн 4 дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон. Нэгийн тав дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрсэн тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс нэгийн нэг нэгийн 2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-48 дугаар хуудас/,  

7. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...БШУЯ-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Э тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, БШУЯ-ны бүтэц чиг үүргийг заасан ЗГ-ын тогтоолын дагуу тус тус хяналт шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...

...Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон их сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдөө архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-52 дугаар хуудас/,

8. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. Манай салбарын сайд Л.Э 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан.

...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Д-аас авч болно... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-57 дугаар хуудас/,

9. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оноос одоог хүртэл БШУЯ-ны цахим бодлого статистикийн хэлтэст СӨБ, ЕБС-ийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг нь салбарын статистик мэдээг нэгтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй байдаг. Манай салбарын сайд Л.Э 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан...

...Боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. БСШУС-ын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж, мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн HEMIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их дээд сургууль хариуцахаар сайдын тушаал Статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ESIS систем бол боловсролын салбарын сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем HEMIS буюу их дээд сургуулиудын хөдөлгөөн, статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь их дээд сургууль төгсөгчдийн статистикийн мэдээний тайлан юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Д-аас авч болно. HEMIS буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлэхэд ашигладаг БШУЯ-ны сайдын тушаалыг хүлээлгэн өгье. Нийт 13 хуудас цаасан материал байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-63 дугаар хуудас/,

10. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Манай байгууллагын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8и-2/8668 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэд нь манай сургуулийг суралцаж төгссөн гэх нийт 400 орчим хүний мэдээлэл ирсэн бөгөөд түүний дагуу манай сургууль дээр ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн суралцаж төгссөн нь үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна. Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа бөгөөд элсэлт төгсөлтийн тушаал давхацсан хүмүүсийг манай сургуулийг төгссөн гэж үзэж байгаа бөгөөд бусад иргэд нь төгсөлт болон элсэлтийн тушаал бусад мэдээлэл огт байхгүй байна. Манай сургуульд шилжин ирсэн хүмүүс дээрх нэр бүхий 400 иргэн дундаас одоогийн байдлаар хайлт хийсэн байгаа 196 хүн бол ямар нэгэн байдлаар шилжилт хийж ирээгүй хүмүүс байна. Бидний зүгээс элсэлт, төгсөлтийн тушаалыг үндэслэж манай сургуульд суралцаж төгссөн гэж яриад байгаа, тэрнээс биш бусад баримтад шүүлт хийж үзээгүй байна. Харин шаардлагатай тохиолдолд манай сургуулийг төгсөлт хийсэн иргэдийн төлбөрийн мэдээлэл, төгсөлтийн шалгалтын материал, дүнгийн нэгтгэл зэргийг шүүж нэмэлтээр мэдээлэл хийж өгч болно. Ерөнхийдөө үлдэгдэл иргэдийн шаардлагатай нэмэлт материалуудыг цуглуулж байгаа. Бүгд удахгүй шүүлт хийж дуусах байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/,

...Багш бэлтгэх бүх хөтөлбөр 4 жил агуулгаар хамгийн багадаа 120 кредит байдаг. Энэ шаардлагыг хангаж байвал диплом олгоно. Багш болон сургуулийн өмнөх боловсрол олгох багшийн орон тоо маш их байдаг. Манайх хөрвөх, эчнээ ангид оюутнууд авдаг. Хөрвөх анги бол өдрөөр 1 жил байдаг. Энэ нь өмнө багш мэргэжилтэй хүмүүс байдаг. Хөрвөх дотроо өдөр, эчнээ гэж байдаг. Хөрвөх ангийн эчнээ анги нь 1,5 жил суралцаж төгсдөг. Цэцэрлэгийн багш болох сургалт хичээлүүдийг судалдаг. Нийт 120 кредит сургалт эрхэлдэг тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан байдаг. ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 133-134 дугаар хуудас/,

11. Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Цэвээндоржийн Ө манай ээж байгаа юм. 1981 онд цэцэрлэгийн багшийн техникум төгсөөд 1981-1988 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр цэцэрлэгт ажиллаж байгаад 1988 онд манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжиж ирээд 1988-2002 оны хооронд Улаанбаатар хотын 22 дугаар цэцэрлэгт багшаар ажилласан. Багшаар ажиллаж байх хугацаанд нь цэцэрлэгийн багш нарыг дээд боловсролтой байх ёстой гэсэн шаардлага тавигдаад ажиллаж байх хугацаандаа буюу 1999 онд Улсын багшийн их сургуулийн цэцэрлэгийн багшийн коллежид орж суралцаад 2001 онд цэцэрлэгийн багш, арга зүйчээр төгссөн. Тэгээд 22 дугаар цэцэрлэгтээ ажиллаж байгаад 2002 онд АНУ-руу яваад тэндээ одоог хүртэл ажиллаж байгаа. Манай ээжтэй хамт С гэх хүн хамт  суралцаж байсан талаар би мэдэхгүй гэхдээ монтажин дээрх зураг дээр нь Ц.С гэх хүн байхгүй байсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 75 дугаар хуудас/

12. Улсын багшийн их сургуулийн харъяа цэцэрлэгийн багшийн коллежийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 5-ны өприйн 85 дугаартай тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 08 дугаар 22-ны өдрийн Б-138 дугаартай тушаалын хуулбар, Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын даргын 1997 оны 06 дугаар 09-ний өдрийн Б-145 дугаартай тушаалын хуулбар, Говьсүмбэр аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, улсын багшийн их сургуулийн харъяа цэцэрлэгийн багшийн коллежийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар, Улсын багшийн их сургуулийн ректорын 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаартай тушаалын хуулбар, Улсын багшийн их сургуулийн ректорын 2002 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5/46 дугаартай захирамжийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/53 дугаартай захирамжийн хуулбар /1 дүгээр хх-ийн 137, 13, 139, 145, 172-174, 175-177, 178-179, 226, 227 дүгээр хуудас/,

            13. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 134/ШШ2016/00053 дугаартай шийдвэр, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай магадлал, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316 дугаартай шийдвэр /1-р хх-ийн 232-242, 243-245 дугаар хуудас/

14. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 цэцэрлэгээс Ц.Сд олгосон цалингийн тооцоо /2 дугаар хх-ийн 45-50 дугаар хуудас/,

15. Ц.Сгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /2 дугаар хх-ийн 36-41 дугаар хуудас/,

16. Баримт бичигт үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 77-78 дугаар хуудас/

          17. Говьсүмбэр аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ГСА-2023-22/03-31  дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.С нь Монгол Улсын багшийн их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр 1999 оноос 2001 онд суралцаж төгсөөгүй байж тухайн сургуулийг төгссөн гэх  D200100409 дугаартай тусгай зөвшөөрөл эрх олгосон боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай захирамжаар Сүмбэр сумын...........дугаар цэцэрлэгт эрхлэгч багшаар мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/53 дугаартай захирамжаар Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр тус тус ажилд орж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашиглаж 145,560,223 төгрөгийн орлого олсон гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал:  Мөрдөн шалгах болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан үйл баримт бодит байдлыг сэргээн тогтоох хангалттай, нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.С нь Боловсролын тухай хуулийг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Үүнийг нотолсон хохирогч А.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гомдол, санал, нэхэмжлэл зүйл байхгүй гэх мэдүүлэг өгсөн байна. Хохирогч Г.О, Ч.Э, Я.Н, Э.Т, Б.Д нар Боловсролын сайдын тушаалаар шалгалт хийж түүнтэй холбогдуулж илэрсэн зөрчлийг гаргасан талаарх дүгнэлтүүдийг гэрчийн мэдүүлгээр өгөгдсөн. Цэдэвсүрэнгийн мэдүүлгээр 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэнээс 12 хүн сургууль төгссөн нь үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд манай сургуульд огт элсэж орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна  гэсэн мэдүүлгийг өгсөн. Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод хяналт шалгалтын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Ц.С нийт 145,560,223 төгрөгийн цалин хөлсийг гартаа авч гэх танилцуулга зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөрдөн байцаалт, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ц.С  гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгч Ц.Сгийн  үйлдсэн гэмт хэрэг  эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс улсад 145,560,223 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ төлбөр төлөгдөөгүй байгаа” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Сгийн өмгөөлөгч Б.Чулуунбат гэм буруугийн шүүх хуралдаанд “Нэгдүгээрт: Боловсрол шинжлэх, ухааны  сургуулийн боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн П гэдэг хүний мэдүүлэг дээр 2003 онд цэцэрлэгийн эрхлэгч багш гэх албан тушаал байгаагүй бөгөөд эрхлэгч багш гэдэг нь хоёр тусдаа албан тушаал юм. Цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн үед аймаг, сумын Засаг дарга нар шууд томилдог байсан ба 2003 онд ямар шалгуур шаардлагаар томилдог байсан талаар баримт бичиг Боловсрол шинжлэх, ухааны яамны архиваас олдохгүй байгаа. Мөн тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт боловсролын яамны архиваас олдохгүй байгаа учир ямар шалгуур шаардлагаар томилогддог байсан талаар хэлж мэдэхгүй байна. 2003 онд ажиллаж байсан хүмүүсээс тодруулахаар мэргэжлийн дунд зэргийн дипломтой хүнийг эрхлэгчийн албан тушаалд томилж байсан. Ажиллаж байх хугацаандаа боловсролын зэрэг ахиулан суралцах шаардлага тавьж байсан. Ийм учраас тухайн дипломоор буюу 1992 онд боловсрол эзэмшсэн, багшийн мэргэжлийг эзэмшсэн дипломоор цэцэрлэгийн эрхлэгчтэй адилтгах боломжтой гэж үзэж болно гэсэн байдаг. Хоёрдугаарт: Бакалаврын зэргийн диплом D200620936 дугаартай Ц С  2004-өөс 2006 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн тул төгсөлтийн шалгалтын комиссын 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгов.  2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  /бүртгэлийн дугаар 1574/, Магистрын диплом Е-20102613 Монгол улсын иргэн Ц-ын С магистрын зэрэг хамгаалах зөвлөлийн 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр  Боловсрол судлалын ухааны магистрын зэрэг олгов. Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2010 оны 12 сарын 21-ний өдөр /бүртгэлийн дугаар 2647/. Эдгээрийг хамтад нь хэлж байгаа нь энэ хүн тавигдсан шаардлагын дагуу өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авсан байна гэдэг нь харагдаж байна. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15/38/25 гэсэн хариу хүргүүлэх тухай Боловсрол шинжлэх, ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Мягмар гэдэг хүний албан бичиг Боловсрол шинжлэх, ухааны яаманд хандан ирүүлсэн 2003 оны 04 дүгээр сард цэцэрлэгийн эрхлэгч багш гэх албан тушаал байсан эсэх, ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаардлага, дүрэм журам, нотлох баримт тухай албан бичигтэй танилцаж дараах хариу хүргүүлж байна. Шинжлэх ухаан, Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны А/227  А/194 дүгээр тушаал хоёрдугаар хавсралтаар баталсан. Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа үйлчилгээний ажилтны орон тооны жишиг норматив батлах. Ердийн ажиллагаатай бие даасан цэцэрлэгт нэг эрхлэгч байна гэж заасан. Иймд эрхлэгч багш гэсэн албан тушаал байгаагүй. Дээрх тушаал Шинжлэх ухаан соёлын сайдын 2018 оны А/817/227 тушаалаар хүчингүй болсон гэсэн. 2015 оны Эрүүгийн хууль шинэчлэн найруулсан энэ 2017 оны 07 сарын 01-нд хэрэгжиж эхэлсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэсэн байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйл хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах 233.1 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол гээд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. Хуурамч бичиг баримтад алийг нь үзэх вэ? гээд. Тэгээд 2010 онд Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоол гараад хуурамч бичиг баримт буюу хувиргасан бичиг баримтад алийг оруулах вэ? хуурамч гэж  алийг нь үзэх вэ? гэдэг дээр тайлбар гаргасан байдаг. 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн 15  дугаар тогтоол үүний 4-т  Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн бусад баримт бичиг мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан хувийн бусад баримт бичиг гэдэгт хүний хувийн байдлыг тодруулсан гэрчилсэн эдийн болон эдийн бус байдлыг эзэмших, ашиглах, захиран зарцуулагдахыг тодорхойлсон бүхий л төрлийн төлбөр тооцоо хийснийг баталсан зэрэг зориулалт нь тухайн хүний эрх үүрэгт салшгүй холбоотой албан ёсны бичвэр баримтыг хамруулан үзнэ гэж байгаа. Энэ дээр диплом гэж ерөөсөө байхгүй. 2015 оны хууль дээр  харин оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2015 оны хууль болон 2002 оны Эрүүгийн хуулийг үзэх юм бол Дээд шүүхийн 15 дугаар тогтоолын миний хэлсэн томьёоллыг Эрүүгийн хуулийг 23.2 дугаар зүйлд оруулж өгсөн байна. Эрүүгийн хуулийг  төсөөтэй хэрэглэхгүй. Хуулийн асуудал дээр үндсэндээ хуулийн нэр, томьёо, ухагдахууны тайлбартаа Монгол Улсын хууль Монгол Улсын хуулиар соёрхон батлагдсан нэгдэн орсон үүргийн хэм хэмжээг баримтална гэж зааж байгаа. Энэ хуулийн нэр, томьёо, ухагдахууны тайлбарт захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэж байгаа. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийг үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулгүй шинж чанар, гэмт хэрэг, стресс, хэмжээ, гэм буруугын хэлбэрт тохирсон байна. Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол гэм буруутай хүн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэмт хэрэг үйлчлээд өөрийн үзэл эсэргүүцлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй хэргийн нөхцөл байдлыг угсрах боломжгүй байсан. Учирч болох нийгэмд таарах оршихыг урьдчилан хэр мэдэх боломжгүй мэдэх ёсгүй байсан бол хоргүй шууд гэм буруугүйгээр учруулсан гэж үзэж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Тухайн үед үйлчилж байсан хуулиар өөрөөр хэлбэл 2003 онд Эрүүгийн хууль ямар үйлчлэл байсан юм Эрүүгийн хуульд юу гэж заасан байсан тэрийг үзэх ёстой байсан. Тэгвэл 2003 онд л 2002 оны Эрүүгийн хуульд үйлчилж байсан 2015 оны хуулийг буцааж хэрэглэж болохгүй. Хууль буцаан хэрэглэх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Хөөн хэлэлцэх асуудал байгаа. Ц.Сгийн хувьд тэр хуурамч диплом ашигласан гээд байгаа бол хөөн хэлэлцэх хугацаагаар үзэх юм бол дууссан. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана. Мөн хуулийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 2002 оны хуульд дипломыг хуурамчаар үйлдэх дипломыг ашиглах гэдэг ерөөсөө юм байхгүй. Энэ бол гэмт хэрэг биш. Ингээд үзэхээр Ц.Сгийн хувьд 2003 онд одоо буруутгах гээд байгаа юм нь нотлогдоогүй. Хуурамч бичиг баримт, хуурамч диплом нотлогдоогүй, ирсэн, өгсөн гэрчийн мэдүүлэг бүгд эргэлзээтэй. Тэгээд 2023 оны 11 сард Ц.С өөрөө яваад тэр хамгийн сүүлд оруулсан байгаа бичиг баримт аваад ирэнгүүт өмнөх өгсөн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байсан. Нотлох баримтууд бүгд худлаа болж таарсан. Сг сургуульд ороогүй байна, ямар ч мэдээлэл байхгүй гэсэн боловч төгсөөд бүүр Чойрын цэцэрлэгт томилоод хуваарилаад явуулчихсан байсан. Ө төгссөн байна гэсэн. Тэр тушаалынх нь хавсралт дээр нэр нь байгаа тэр тушаал нь дугаар ч байхгүй ямар ч баталгаажилт байхгүй тамга, тэмдэг ч байхгүй нэг хуудас оруулж ирээд тавьчихдаг. Хүний хувь заяаг ганц монтажаар шийдэхгүй. С тухайн үед өөрөө ажиллаж байсан очоод шалгалтаа өгөөд явж байсан. Өтай холбоотой асуудал эргэлзээ төрүүлж байгаа. Яагаад гэвэл тэр хүн диплом авангуутаа шууд Америк явчихсан юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн заалтыг хэрэгжүүлж чадаагүй. Мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэж байгаа...

Цэцэрлэгийн багш эрхлэгч гэдэг албан тушаалыг тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн байдлаас шалтгаалаад аймгийн Засаг дарга өөрөө гаргасан. Засаг даргын захирамж 2001 оны 05 дугаар сарын 03-ны Боловсролын соёлын төвийн үйл ажиллагаа эрхлэх арга хэмжээний талаар  үүнтэй холбоотой гарсан тушаалууд 2003 оны 04 сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга дахиад захирамж гаргасан. Нэрийг өөрчлөөд Сүмбэр сумын 10-н жилийн дунд сургууль, 5 дугаар цэцэрлэгийн ерөнхий боловсролын түшиц гэсний тодотголыг хасаж Сүмбэр сумын 10-н жилийн 1 дүгээр дунд сургууль, ....... дугаар цэцэрлэг гэж нэрлэсүгэй гээд.Энэ бүтэц зохион байгуулалтын тушаалаар бүгдийг нь халсан байна. 2003 оны 04 сарын 23-ний өдөр халагдсан байсан хүмүүсийг буцааж томилж байхдаа Ц.Сг У-ийн оронд нь томилчихсон. Ингэхдээ цэцэрлэгийн эрхлэгч багшаар томилсон байгаа. Өнөөдөр маргаан яриад байгаа юм чинь эрхлэгч гээд маргаад байгаа. Гэмт хэрэгт ерөөсөө ямар ч хамааралгүй. Ийм маягаар энэ хүн томилогдоод 21 жил энэ албан тушаалд тасралтгүй ажилласан дундуур нь энэ хүнийг аягүй олон удаа оролдсон цагдаа прокурорынхон. Ажлаас нь ямар ч үндэслэлгүй халаад 2 жил гаруй явчхаад буцаагаад томилсон...

Энэ зүйлүүдээс шүүхийг үндсэндээ харгалзаж үзээд цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ц.С нь Монгол Улсын багшийн их сургуулийн харъяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр 1999 оноос 2001 онд суралцаж төгсөөгүй байж тухайн сургуулийг төгссөн гэх D200100409 дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон “Боловсролын Бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 41 дугаартай захирамжаар Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр  ажилд орж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашиглаж, 145.560.223 төгрөгийн орлого олсон үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.С нь боловсролын үнэмлэх, диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хуурамч баримт бичиг гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлах) өөрчлөхийг хэлнэ.

Түүнчлэн шүүгдэгч Ц.С нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх Боловсролын сургуулийн D200100409 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О, Б.З, Б.Б, А.З, гэрч Я.Н, А.Та, Б.Д, Б.Ц, нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна. “Хуурамч бичиг баримт үйлдсэн” гэмт хэрэг нь хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд төгсдөг.

“Хуурамч баримт ашиглах” гэдэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой. Ашиглах үйлдэл тодорхой үр дүнд хүрсэн 1 удаагийн үйлдэл эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийг агуулж байдаг, уг баримт бичгийг ашиглах хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Ц.Сг хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Ц.С нь Монгол улсын боловсролын их сургуулийн өмнөх боловсролын сургуулийг багш мэргэжлээр 1999-2001 онд суралцан төгсөөгүй, тухайн сургуулийг төгссөн гэх D200100409 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг  мэдсээр байж 2003 оны 04 дүгээр сарын 23-наас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хүртэл ажиллаж 145.560.223 төгрөгийн орлого олсон гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, шүүгдэгчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн зүйл анги тохирсон байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай Эрүүгийн хуулийн 233.1 дэх тайлбарт “...хувийн бусад баримт болон” гэдэгт түүний хувийн байдлыг тодруулсан гэрчилсэн... зэрэг тухайн хүний эрх үүрэгтэй холбоотой албан ёсны эсхүл эх бичвэр баримтыг хамааруулна гэжээ. Үүнд 2015 оны хуулийн нарийвчилсан заалтанд дипломыг оруулан ойлгох нь зүйтэй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 233.2-д “үлэмж хэмжээний хохирол учруулсан бол 1-5 жил хорих ял оногдуулахаар заасан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг шүүгдэгчид ашигтайгаар улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “гэмт үйлдэл эс үйлдэхүй тодорхой хугацаагаар үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна” гэж заасан. Шүүгдэгч Ц.С нь  боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна  төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Хохирол төлбөр буюу хууль бусаар олсон орлого болох 145.560.233 /нэг зуун дөчин таван сая таван зуун жаран мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгнөөс Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4 дэх хэсэг заасан “...цалин хөлс авах эрхтэй” гэж заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож:

 2003 онд 240 000 /хоёр зуун дөчин мянга/,

           2004 оны 460 500 /дөрвөн зуун жаран мянга таван зуу/,

           2005 онд 495 000 /дөрвөн зуун ерэн таван мянга/,

           2006 онд 625 500 /зургаан зуун хорин таван мянга таван зуу/,

           2007 онд 891 000 /найман зуун ерэн нэгэн мянга/,

           2008 онд 1 296 000 /нэг сая хоёр зуун ерэн зургаан мянга/,

           2009 онд 1 296 000 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянга/,

           2010 онд 1 296 000 /нэг сая хоёр зуун ерэн зургаан мянга/,

           2011 онд 1 587 600 /нэг сая таван наян долоон мянга зургаан зуу/,

           2012 онд 1 684 800 /нэг сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуу/,

           2013 онд 1 891 200 /нэг сая найман зуун ерэн нэгэн мянга хоёр зуу/

           2014 онд 2 304 000 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга/,

           2015 онд 2 304 000 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга/,

           2016 онд 2 304 000 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга/,

           2017 онд 2 880 000 /хоёр сая найман зуун наян мянга/,

           2018 онд 2 880 000 /хоёр сая найман зуун наян мянга/,

           2019 онд 3 840 000 /гурван сая найман зуун дөчин мянга/,

            2020 онд 5 040 000 /таван сая дөчин мянга/,

            2021 онд 5 040 000 /таван сая дөчин мянга/,

            2022 онд 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/

Нийт 40.445.100 /дөчин сая дөрвөн зуун дөчин таван мянга нэг зуу/ төгрөгийг /амьдралын наад захын хэрэгцээ хангах/ яллагдагчаар татах прокурорын тогтоол гарсан үеэс  тасалбар болгон хасч 105.105.123 /нэг зуун таван сая нэг зуун таван мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сгаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.                       

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Сгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.С эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Шүүгдэгч Ц.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруу дээрээ маргасан, гэмт хэргийн улмаас 105 105 123 төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүх шийдвэрлэсэн зэрэг байдлыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт  зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд  гаргаж, мөн гэмт хэргийн улмаас учруулсан 105 105 123 төгрөгийг улсын орлогод оруулах саналыг шүүхэд  гаргаж байна.  Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хүн байхгүй, С хэрэг шалгагдах явцдаа цагдан хоригдсон хоног байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл баримт бичиг байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,  шүүгдэгч Ц.С нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Сгийн өмгөөлөгч Б.Чулуунбат нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Гэм буруугүй хүнийг та нар яллалаа” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Сгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

            Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                             

                                                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

       4. Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Сгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 105 105 123 /нэг зуун таван сая нэг зуун таван мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ